ШУУД | “Алтан Өлгий” дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулахаар хөдөллөө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр /2025.01.24/ сүүлчийн замд нь үдэж байна.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 10.10 цаг
-Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг “Алтан Өлгий” дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулахаар хөдөллөө-
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр эцсийн замд нь үдэх төрийн хүндэтгэлийн ёслол болсны дараа Төрийн ордноос “Алтан Өлгий” дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулахаар хөдөллөө.
Дөрвөн байршилд замын хөдөлгөөнийг дунджаар 20 минут хязгаарлаж байгаа тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна.
НЭМЭЛТ: 08.10 цаг
ФОТО: Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна
Пунсалмаагийн Очирбат агсныг таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх зэргээр бүтэн өдрийн турш гашуудал зарлаад байгаа юм.
НЭМЭЛТ: 07.40 цаг
У.Хүрэлсүх: Амаргүй бөгөөд хариуцлагатай үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Ерөнхийлөгч байлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, Чингис хааны ордонт, монголын ард түмний эрхэм хүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат тантай монгол төр, ард түмэн гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна. Эрхэм хүмүүн таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. П.Очирбат та өрх гэрийнхээ өмөг түшиг, ачлалт эцэг, халамжит хань, итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа. Эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, өөрийн ухамсарт амьдралаа зориулсан юм.
Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан та түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжүүлэх, эрхзүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.
Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.
Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно".
НЭМЭЛТ: 07.30 цаг
-Төрийн гурван өндөрлөг оролцож байна-

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ажиллагаа Төрийн ордны их танхимд болж байна. Төрийн хүндэт харуулын 10 цэргийн алба хаагч болон ар гэр, комиссын гишүүдийн төлөөлөл талийгаачийн шарилыг Төрийн ордны Их Монгол танхимын хойморт хүндэтгэн заллаа.
Төрийн гурван өндөрлөг, ар гэр, ардын их хурлын депутатууд, Засгий газрын гишүүд, УИХ-ын гишүүд оролцож байна.
ЭХЛЭЛ: 07.10 цаг
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэж байна-

Өнөөдөр өглөөний 06.00 цагт талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явлаа.
Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч залав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум маани бад мэ хум. Тэнгэр Бурхан ивээлдээ авах болтугай.
Амаргүй