ХЭҮК: Хаврын морин уралдаан өв соёл гэхээс хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр
Өнөөдөр /2025-01-30/-нд өвөл, хаврын морин уралдаан, хүүхдийн эрхийн асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
Ингэхдээ "Хаврын морин уралдаан гэдэг нь өв соёл гэхээсээ илүүтэйгээр хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр юм. Тиймээс тус уралдааныг сэргээх шийдвэрийг ХЭҮК-оос эсэргүүцэж байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Дан ганц хаврын уралдаан гэхээс илүүтэйгээр зуны улиралд зохион байгуулагдаж буй уралдаанд ч хүүхдийн эрх зөрчигдөж байдаг.
Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь хүүхэд хамгаалагдах, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ахиц дэвшилтэй шийдвэр байсан.
Засгийн газраас гаргасан өчигдрийн мэдэгдэл аман байдлаар л зарлагдсан. Тус шийдвэр албажиж гараагүй гэж ойлгож байгаа. Тиймээс 2019 онд гаргасан шийдвэр одоогоор хүчин төгөлдөр үргэлжилж байна.
ХЭҮК байгуулагдсан цагаасаа хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөж ирсэн байдаг. Гурван удаагийнхаа илтгэлд энэ асуудлыг оруулсан. Ингэхдээ комиссын гишүүдийн 11 зөвлөмж зургаан шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Аймаг нийслэлийн Засаг дарга нарт болон ХГБХХ-ын дарга нарт хүргүүлсэн. Эдгээр нь хүүхдийн амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх болоод хамгаалалтыг боловсронгуй болгоход чиглэсэн болохыг мэдэгдэж байна.
Аливаа морин уралдаанд оролцохоос өмнө хамгийн багадаа нэг сарын хугацааг бэлтгэл хийж өнгөрүүлдэг учир хүүхэд хичээлээсээ чөлөө авснаар хичээл завсардах, цаашид анги дэвших үед нь хоцрогдол үүсдэг. Үүнээс гадна хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг болж байна. Эцэг эхчүүд болоод уяачид хүүхдийн хөдөлмөрөөр наймаалцаж буй.
2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирээд байна. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэж хэлж чадахгүй. Бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй.
Хурдан морины уралдаантай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж байна. Хүүхдийн эрх ямагт нэгдүгээрт байх ёстой учир ХЭҮК эрх зүйн орчин, аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллахад бэлэн байна" хэмээсэн юм.
Мөн жагсаал цуглаанд хүүхэд болоод тэжээвэр амьтныг оролцуулахыг хориглосон байдаг. Гэтэл сүүлд зохион байгуулагдсан гурван жагсаалд хүүхэд оролцуулсан нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр хэмээн ХЭҮК-оос үзэж байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд хүүхдийг морь унуулж жагсаалд оролцууллаа. Үүнийг холбогдох байгууллагуудад шалгуулахаар бид өргөдөл гарган ажиллаж буй.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.