Унаачгүй уралдааны морь барианд ирэх эрсдэл буюу хүүхдийн эрх

Хуулиараа тавдугаар сарын 1-нээс эхлэн хаврын морин уралдаан зохион байгуулах нь нээлттэй. Үүнтэй зэрэгцэж өнцөг булан бүрд морьдын уралдаан зохион байгуулагдаж, хүүхдүүд гэмтсэн гэх мэдээлэл ар араасаа гарах болов.
Жишээлбэл, Багануур дүүрэгт дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 01-ний өдөр морин уралдаан зохион байгуулж, их насны морь унаж уралдаанд оролцсон зургаан настай эрэгтэй хүүхэд унаж гэмтсэн.
Тодруулбал, "Багануур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ" гэх дуудлага мэдээлэл тухайн өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хүүхдийн биеийн байдлын хувьд "таталт өгсөн, тархинд цус хуралттай, харилцан ярилцах чадвартай" гэж оношлогдсон. Одоогоор биеийн байдал тогтворжоод буй.
Харин уяачийг цагдаагийн байгууллагаас "уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй" гэх үндэслэлээр шалгаж байна.
Ингээд харвал болзошгүй эрсдэл учрахад унаач хүүхэд, уяач хоёул хохирч байна. Үүний ард тэдний гэр бүл бий. Гэсэн хэдий ч хамгийн их эрсдэл үүрч, амь насаараа дэнчин тавьж байгаа нь унаач хүүхдүүд. Тэд мориндоо чирэгдэж, гишгүүлж, муугаар бодоход амь үрэгдлээ гэхэд хариуцлага хүлээх хүн ховор. Ийм кэйс ч олон бий.
Өв уламжлал, ёс заншил, ондоошил гээд ойлгогдох хэчнээн шалтгаан байлаа ч хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдал, болзошгүй эрсдэлийг асуудлын нэгдүгээрт эрэмбэлдэг байх зайлшгүй нөхцөл бий болоод удаж байна. Хууль бий ч хуулийн гадуур уяачдын "том толгой" асуудлын голыг үүсгэдэг тал бас байна.
Удахгүй аймаг, сумд, улсын баяр наадмууд эхэлж морьдын уралдаан намрыг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд ямар ч эрсдэл гарч, асуудлууд хөвөрч мэднэ. Тиймээс хориглоогүй, нээлттэй гэж санаа амарч, анхаарлаа сулруулалгүй уяач, унаач, эцэг эх, албаны гээд хамааралтай бүх хүний хяналттай байх цаг ирлээ.
Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд уралдаан зохион байгуулагчид, эцэг эх, уяач хэрхэн анхаарах вэ
Үүнд,
- Хурдан морины бэлтгэл, уралдаан, наадамд уралдаанч хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсгөж оролцуулах,
- Уралдаан, наадмыг аюулгүй, зохистой зам талбайд явуулах,
- Уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын жилийн даатгалд заавал хамруулах,
- Уралдаан, наадмыг цаг агаарын тохиромжтой нөхцөлд зохион байгуулах,
- Мөн хүүхдийн сурлага, хичээл сургуулиас хоцрохгүй байхад анхаарахыг зөвлөж байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХИЧНЭЭН ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГААН ТААНУУД ЭЛДЭВ МУУСАЙН УЯАЧ НАР ЯМАР ОЛОН ЕН ГУДАМЖНЫ БАГИЙН СУМЫН АЙМГИЙН УЛСЫН ГЭЭД ЯВЖ ӨГӨХ ЮМАА.ЗЭРЛЭГ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСЭЭР НААДАЖ ЗУГААГАА ГАРГАН ДУР ТАВЬДАГ ЮМ УУ? ХААШАА ЮМ ЭЦЭГ ӨВГӨДӨӨС УЛАМЖЛАН ИРСЭН ЭНЭ АРИУН ЁСЫГ МӨНГӨТЭЙ ХУТГАЖ ХАЯЧИХААД НЭГ УЛААН ДААВУУ УНЖУУЛСАН МАЛГАЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХИЧНЭЭН ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ОЛЖ АВДАГ ЮМ ӨӨРСДӨӨ ТӨМСӨГӨӨ САНЖИГНУУЛААД УРАЛДААЧ АЦНУУДАА
Хүүхэдгүй морь уралдуулах болсон. Хиймэл хүнээр унуулж, хиймэл оюун ухаанаар удирдсан дээр.