Мөнгө угаахтай тэмцэх хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Улмаар УИХ-ын гишүүдийн 64.3 хувийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны аравдугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдсэн. Ингээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм.
Монгол Улс уг жагсаалтаас гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн чухлыг Сангийн сайд онцлон тайлбарлав. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулсан байна.
Уг ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө”-нд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар заасан. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор дээрх төслүүдийг боловсруулжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.