О.Батнайрамдал: “Онтрэ” компанийн хоёр ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж, шилжих ямар ч боломжгүй

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Хянан шалгах түр хороо Оюутолгойн зээлийн хүү, "Онтрэ" компанийн лиценз гэсэн хоёр асуудал дээр ажиллаж байна-
-Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах түр хороог танаар ахлууллаа. Түр хороо дөрвөн намын төлөөлөл болсон УИХ-ын 11 гишүүнтэйгээр өнгөрсөн сард байгуулагдсан. Танай хорооны ажлын явц ямар байгаа вэ?
-УИХ-ын Хянан шалгах тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдсан. Үүгээр бид Оюутолгойн асуудал дээр хянан шалгах түр хороо байгуулах боломжтой болсон. УИХ-ын үндсэн хоёр чиг үүрэг бий. Нэг нь хууль баталж хэрэгжүүлэх, нөгөө нь баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавих. Энэ дагуу шинэ парламент болон Хянан шалгах хуулийн шинэчлэлийн дараах анхны түр хороо Оюутолгой дээр байгуулагдсан. УИХ-аас долдугаар сарын 2-нд тогтоол нь гарсан. Энэ хорооны гол даалгавар нь Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих. Энэ үүргийн дагуу анхаарах хоёр асуудал бий.
Нэгдүгээрт, “Онтрэ” компанийн асуудал. “Онтрэ” бол Оюутолгойн бүлэг ордны ашиглалтын хил хязгаарт орсон Канадын хөрөнгө оруулалттай компани. Уг компанийн эзэмшилд “Жавхлант”, “Шивээ толгой” гэх хоёр тусгай зөвшөөрөл байдаг. Тиймд лиценз эзэмшигчтэй Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойтой адилхан гэрээ хийж, төрийн хувь эзэмшлийг тогтоол зайлшгүй шаардлагатай. Үүнийг бид хянаж, хангуулан ажиллана.
Хоёрдугаарт, Оюутолгойн төслийн хүрээндХөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж хоёр үндсэн гэрээ хийсэн. Өнөөдөр ноогдол ашиг авахгүй, хойшлоод байгаа шалтгааны үндсэн асуудал нь тус хоёр гэрээний нэг болох Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой. Оюутолгойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд маш их өрийг Хувь нийлүүлэгчдийн гэрээ хийж авсан. Оюутолгойн дард уурхайн бүтээн байгуулалтын төсөл нийт 26 тэрбум доллароор хийгдсэн. Үүний 20 тэрбум доллар нь зээл. Уг зээлийн 11.3 тэрбум доллар нь хувь нийлэгчдийн зээл буюу толгой компани болох “Рио тинто”-гоос Оюутолгой гэх охин компанидаа өгсөн санхүүжилт.
Үндсэн зээл нь 6.1 тэрбум доллар харин зээлийн хүү нь 11.1 хувь. Энэ маш өндөр дүн. Зөвхөн зээлийн хүүгийн хүүд нь 18 тэрбум доллар төлнө. Өөрөөр хэлбэл бид “Рио тинто”-гоос авсан зээлийнхээ хүүд жил бүр V цахилгаан станц барих мөнгө буюу 1.3 тэрбум доллар, өдөр бүр 10 тэрбум төгрөг төлнө гэсэн үг.
Гэхдээ энэ зээлийн хүүг дахин авч хэлэлцэх эрх монголын талд байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.3-ын Ё-д заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг тооцоолох заалтад “долоон жил тутам нэг удаа дахин авч хэлэлцэх боломжтой” гэсэн байгаа юм. Гэрээгээр заасан энэ эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусна. Хэрэв энэ хугацаанд зээлийг хүүг ярьж амжихгүй бол бид дахин 2032 он хүртэл зээлийн хүүгийн талаар ярих эрхгүй болно.
Тиймээс үлдсэн маш богино хугацаандаа уг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Манай түр хороо уг асуудал дээр ажиллаж байгаа. Дээрх хоёр асуудлыг бид энэ жил дуусахаас өмнө эцэслэх ёстой. Үүнийг хийх бүрэн боломжтой.

-Та өнгөрсөн зургаадугаар сараас “Онтрэ” компанийн асуудлаар тууштай явсан. УИХ-ын зүгээр уг асуудалд дэмжлэг үзүүлэн тогтоолын төсөл баталсан. Харин Засгийн газар уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Түр хорооны ажлыг дэмжиж байна уу?
-“Онтрэ” компанийн асуудал Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө ч яригдаж байсан зүйл. Дээд түвшиндээ өндөр авч гаргаж ирж байгаагүй сэдэв. Гэхдээ өнөөдөр бол ярихаас өөр гарцгүй болсон. Учир нь тус компанийн лиценз эзэмшиж буй талбай стратегийн ордын хил хязгаарт албан ёсоор орсон. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын олборлолт “Онтрэ” компанийн хил хязгаар дээр очоод гацах байдал үүссэн. Тиймээс уг компанийн лицензийн асуудал дээр цаг хугацаа алдалгүй шинэчилсэн гэрээ байгуулж Оюутолгойг тус компанийн талбайд олборлолт хийх боломжийг хангаж, давхар Монгол Улсын эрх ашгийг ч хангах хэрэгтэй.
Миний санаачилсан Хянан шалгах түр хороо байгуулах төслийг 126 гишүүнээс 89 нь дэмжиж гарын үсэг зурсан. Нам бүрээс олон гишүүн нэгдсэн. Энэ асуудал дээр парламент нэгдсэн байр суурьтай байна гэж дүгнэж байгаа. Харин Засгийн газар хувьд яг одоогоор Оюутолгойтой хэлэлцээрт орж байгаа гэж ойлгож байгаа.
Нэгэнт бид Монгол Улсын эрх ашгийг төлөөлөх, хангуулах нэг зорилготой тул хамтран туслалцаад явах байх. Хамгийн гол нь бид хугацаатай. Өмнөх асуудлууд шиг хоёр гурван жилийн дараа шийдэх асуудал биш. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулсан. Бидний хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 2-нд дуусна. Энэнээс өмнө намрыг ашиглаж арванхоёрдугаар сарын 31 гэхэд хүү бууруулсан хэлэлцээг зүйлшгүй хийх ёстой. Засгийн газар уг асуудал дээр ажлын хэсгээ шинэчлэн ажиллаж байгаа гэж би ойлгосон. Гол нь бид бүгд хурдан ажиллах шаардлагатай байна.
-"Онтрэ" компанийн лиценз шилжүүлэх асуудалд Монголын Засгийн газар ямар байр суурь илэрхийлэх нь тодорхойгүй нэлээд хугацаа өнгөрүүлсэн. Энэ хооронд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тодорхой хэсэг бүрэн зогссон, шүүхийн маргаан нэмж үүссэн шүү дээ. Цаашид Засгийн газар хугацаа алдсан хэвээр байвал лиценз, хүүгийн асуудалд манайх хохирч үлдэх эрсдэл бий юу?
-Цаг хугацаа алдах тусам бид олон зүйл алдаж байна. Эдгээрийн нөлөө ч манай улс, Оюутолгойн ордод шууд мэдрэгдэж байгаа. Гэхдээ эцэстээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу уг асуудал “Онтре” компанийн талд шийдвэрлэгдэх боломжгүй. Канадын лиценз эзэмшигч “Онтрэ” гэдэг компани “Рио тинто” группийг хамтарсан гэрээнд гарын үсэг зурсангүй гэж шүүхэд гурван жилээр өгсөн байдаг. Арбитрын шийдвэр гэрээгээ байгуул, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн лицензээ шилжүүл гэж гарсан. Уг лиценз шилжүүлэх асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх шилжих бүрд УИХ-ын бүрэн эрхийн дагуу асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ” гээд тодорхой заачихсан байгаа. Тиймд ямар ч нөхцөлд дээрх хуульд заасан бүрэн эрхийг давж “Онтрэ” компанийн хоёр лиценз шилжих боломжгүй.
Үүнийг албан ёсоор хэлье “Онтрэ” компанийн эзэмшиж байгаа “Жавхлант”, “Шивээ толгой” гэсэн стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж, Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг зөрчин шилжиж болохгүй.
Арбитрын шийдвэрт “тухайн улсын хууль тогтоомжид нийцүүлэн” гээд заачихсан байгаа. Тиймээс бид хуулиа хэрэгжүүлэх ёстой. “Онтрэ” компанийн хоёр лиценз хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа л шилжих боломжтой.

-Зээлийн хүүгийн асуудлаар "Рио тинто" групп хэлцэл хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Засгийн газар яаралтай хэлцэл хийх хэрэгтэй-
-“Онтре”, Оюутолгойн асуудал яригдаад баггүй хугацаа өнгөрлөө. Зээлийн хүү болон лицензийн асуудлаар нөгөө тал болох “Онтрэ” компани, “Рио тинто” группийн зүгээс хариу өгсөн үү?
-Би өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайдад асуулга тавьж, нэлээд дэлгэрэнгүй хариулт авсан. Хариултаас “Рио тинто” компани Оюутолгойн зээлийн хүүгийн асуудлаар хэлцэл хийх боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм байна гэж ойлгосон. “Рио тинто” боломжтой гэж байгаа бол Засгийн газар яаралтай хэлцлийн ширээнд сууж энэ асуудлыг эцэслэх ёстой. Энэ дээр хянан шалгах түр хороо мөн анхаарч ажиллана. Ирэх арванхоёрдугаар Оюутолгойн гүний уурхайн зээлийн хүүгийн асуудлаар эцэслэн шийдвэрлэж байж дараагийн 15 жилд Монгол Улс хэдэн тэрбум доллар хэмнэнэ.
-"Рио Тинто" групп Монголын Засгийн газартай “Онтре”-гийн асуудлыг хэлэлцэх гүйцэтгэх захирлаар Саймон Троттыг томилсон. Шинэ захирал уг асуудалд ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?
-Яг энэ асуудалтай холбоотойгоор “Рио тинто”-гийн Лондонд төвтэй толгой компанийнх нь гүйцэтгэх захирал солигдсон. Тэд дотроосоо хүн томилоод байгаа. Монгол Улсын хувьд мөн хэлцэл хийх Засгийн газрын тэргүүн нь солигдож шинэ Ерөнхий сайдтай болсон. Энэ хоёр лидерийн хувьд "Оюутолгой", “Онтрэ”-гийн асуудлыг ахиулах болов уу л гэсэн хүлээлт байна. Саймон Троттыг ямар байр суурьтай байгаа тал дээр надад мэдээлэл байхгүй байна.
-Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах түр хороо цаашид ямар ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна вэ?
-УИХ-ын тухай хууль, Хянан шалгах хуулийн дагуу бид нотлох баримтаа цуглуулах ажлыг хийж байгаа. Төрийн хамаарал бүхий бүх байгууллагуудаас нотлох баримт цуглуулж дуусаад сонсгол хийнэ. Олон нийтийг мэдээллээр хангана. Үүний дараа сонсголын тайланг танилцуулж, УИХ-аар Засгийн газарт чиглэсэн тогтоол гаргуулах байдлаар ажиллана. Эдгээрийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэхээр олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар нар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ ингэж ач холбогдол өгч байгаа нь ёстой зөв, иргэдийг төлөөлж байгаа биз дээ. Энийг дэмжихгүй монгол хүн лав байхгүй шүү. Наадуулаа хараад байгаарай. Яах нь. Засаг нь хөдлөөч тэгээд одоо. Үхсэнээ хийгээд байдийн. Монголын төлөө ажиллацагаа!
hud gar
Маш зөв,гэхдээ гадны хөрөнгө оруул�##�ттай компани Тусгай зөвшөөрлийг 100%эзэмшдэг энэ байдлыг шинээр Тусгай зөвшөөрөл олгохдоо шуурхай засахгүй бол иймэрхүү маргаан, тодорхойгүй байд�##� үргэлжилсээр байх болно.Амжилт
Delhii. Deerhi. Hamgiin ih. Avilgalaar. Butsen. Hogiin. Geree l gedeg. ENE bhdaa..huugiin. Huund n l gehed. Aluuljiinashdee...