Улсын начин Ө.Батзул агсны эхнэр: Үнэн зөвийг шударгаар тогтоолгож түүнийгээ амгалан оршоолгохыг л хүсэж байв
Улсын начин Ө.Батзул агсны эхнэр дараах мэдэгдлийг гаргажээ.
Тэрбээр, "Монгол улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ө. Батзул агсны эхнэр Т. Оюунбаяр би 2024.07.30-ны өдөр болсон зам тээврийн ослын хэргийн талаар олон нийт болон сэтгүүлчид, сайтуудын ихээр сонирхон мэдээлэл авах гэсэн байнгын хүсэлтийн дагуу осолтой холбоотой мэдээллийг ил тодоор хүргэж байна. 2024.07.30-ны өдөр бусдын болгоомжгүй буруутай үйлдлээс болж “Эрдэнэтийнхээ ойд түрүүлчихээд ирнэ ээ” гээд одсон хайрт хань минь харамсалтайгаар амь насаа зуурдаар алдсан юм. Энэ зам тээврийн ослын хэргийг шүүх процесс нэг жил хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд эсрэг талын удаа дараагийн хүсэлтээр хойшлогдон, нийтдээ долоон удаа хурал товлогдсоны эцэст шүүхийн шийдвэр үнэн зөвөөр батлагдан гарсан.
Миний бие Монгол Улсын нэрийн өмнөөс … хэмээн гарчигласан шүүхийн шийтгэх тогтоолын хуудсыг гардан авснаар хэргийн шүүх хуралдааны процесс дуусч эцэслэгдэн хаагдаж байна. 2024.07.30-ны өдөр болсон зам тээврийн осолд эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар хохирч, нэг хүний биед ноцтой гэмтэл учирсан байдаг. Тухайн осол болсон өдөр ханийг маань барилдахаар яаран маш хурдтай явсан, гүйцэж түрүүлэхээр завдсан, жолооны үнэмлэхгүй байсан гэсэн, Эрдэнэтийн зам эвдрэлтэй муу учраас осол болсон байх, эсрэг урсгалын жолооч согтуу байсан уу, гэх мэт өнөөдрийг хүртэл ам дамжсан таамаг төдий худал мэдээллүүд ихээр гарсанд тухайн өдөр ослын газарт хийгдсэн баримтжуулалт, шинжээчдийн дүгнэлт зэрэгт үндэслэсэн бодитой мэдээллийг нийтэлж байна.
- Ослын газрын хэмжилт, шинжээчдийн дүгнэлтээр эсрэг урсгалын машин нь урсгал сөрж орсон нь тогтоогдсон.
- Шүүгдэгчийн анхны мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэгт бороо ороод үзэгдэх орчин муу байсан учраас урдаас ирж байсан гэрлийг өөрийн урсгалаар ирж байна гэж бодоод зүүн тийш дарсан гэх мэдүүлэг нотлох баримтаар авагдсан.
- Цусны шинжилгээгээр хоёр талын жолооч нарт согтолтын зэрэг илрээгүй нь эрүүлээр жолоо барьж явсаныг нотлодог.
- Шүүгдэгч нь С ангиллын буюу ачаа тээврийн машин жолоодох эрхгүй байсан.
- С ангиллын эрхгүй жолоочоор ажил олгогч "Б..." компани өөрийн ажлыг гүйцэтгүүлсэн.
- Хань минь 2028 он хүртэл хүчинтэй, В ангиллийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байсан.
- Мөн тэр өдөр ширүүн бороо ихээр орсны улмаас 2 талын машины хурдыг тодорхой тогтоох боломжгүй гэж дүгнэсэн ч ачааны машин хэд хэдэн машиныг гүйцэт түрүүлээд явахад их хурдтай явдаг жолооч байна даа гэж бодсон гэх тухайн замд жолоо барьж явсан жолоочийн ам ярианаас, тухайн үед үзэгдэх орчин муу байсан учир тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан байтал ачааны тээврийн хэрэгсэл гэнэт эсрэг урсгал руугаа дараад орсон гэх ард нь явсан жолоочийн гэрчийн мэдүүлэг зэргээс хэний буруутай үйлдлээс осол болсон нь маргах ч зүйлгүй тодорхой байлтай. Мөн осол гэгээн цагаан өдрөөр, эвдрэл гэмтэлгүй, өндөр даваа гүвээ, далангүй шулуун замд болсон байсан бөгөөд нөхөр маань ч нутгийнхаа замын нөхцөл байдлыг буюу хаана ямар саад, эвдрэл байдгыг сайн мэддэг байсан.
Хамгийн гол нь манай гэр бүл өнөөдрийг хүртэл бүтэн жил гарны хугацаанд хэргийн үнэн зөвийг шударгаар тогтоолгож түүнийгээ амгаланд нь оршоолгохыг л хүсэж байв. Зам тээврийн осол аваар ихэвчлэн санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдгийг ойлгож байлаа. Гэвч хүний амь нас харамсалтайгаар хохирсон байхад осол гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, түүний ажил үүргийг хариуцагч байгууллагаас /Ачааны машины жолооч осол болох үеэр ажил үүргээ гүйцэтгэн бараа зөөж явахдаа тус ачааны машиныг жолоодох С ангиллын эрхгүй байсан юм/ өмгөөлөгчдийнх нь зүгээс ч тэр ар гэрийнхэнтэй маань холбоо барьж гэм буруутай үйлдэлдээ гэмшин эмгэнэл илэрхийлж уучлалт хүсэх зэрэг хүн ёсны наад захын үйлдэл нэг удаа ч гаргаагүй бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцох хүртэлх бүх шатны хуралд хийсэн үйлдэлдээ огт гэмшсэн шинжгүй маргалдаж, мэтгэлзсээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулан бидний гэр бүлд маш хүнлэг бус, хүндэтгэлгүй хандсаар ирсэнийг энд сануулан бичье.
Чимээгүй атлаа үйлдэл үзэл бодлоороо, дотоод сэтгэлийн хүчээрээ, үлгэр дуурайллаараа амьдралын хэцүүд бэлдсэн мэт чинийхээ үлдээсэн оршихуйд хүндэтгэн мэхийе" гэжээ.
Б.НОМТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.