Тураах эм амттаны эрэлтийг өөрчилж байгаа учир хүнсний компаниуд брэндийн шинэчлэл хийж байна
Сүүлийн жилүүдэд Ozempic, Wegovy нэртэй тураадаг эмийг хүмүүс хэрэглэх болсон. Тэдгээр эм нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй хормонтой ижил үйлдэлтэй. Тэрхүү хормон GLP-1 рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр жин бууруулах нөлөө үзүүлдэг юм.
Тэгвэл тураах эмийг хүмүүс хэрэглэх болсонтой холбогдуулан 2026 онд “PepsiCo” болон “Coca-Cola” зэрэг дэлхийн хүнс, ундааны томоохон компаниуд бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг цөөлөх, савлагааг нь жижигсгэхэд анхаарч байна.
Өмнө нь тэдгээр компаниуд GLP-1 төст эмийн хэрэглээг ажиглаж байсан бол одоо тэрхүү эмийн хэрэглээ нь урт хугацааны чиг хандлага гэж үзэх боллоо. Энэ жил эрүүл мэндийн салбарын бус 30 орчим компани орлогын тайлангийн хурлын үеэр GLP-1 эм болон хүмүүс жин хасаж эхэлсэн сэдвийг дурджээ. “LSEG” фирмийн мэдээллээс харвал өнгөрсөн жил эдгээрийг дурдсан 14 компани байсан бол хоёр жилийн өмнө тавхан ширхэг байсан аж.
“EY-Parthenon” фирмийн тооцооллоор GLP-1 эмийн нөлөөгөөр хүмүүсийн хоолны зуршил өөрчлөгдөж, ирэх арван жилд амттаны борлуулалт 12 тэрбум ам.доллароор буурч магадгүй байна. Энэ эмийн хэрэглээ сүүлийн нэг жилд хоёр дахин өссөн аж. “PwC”-гийн явуулсан судалгаагаар АНУ-ын таван өрх тутмын нэг нь ямар нэг байдлаар энэ эмийг хэрэглэж байна.
“Magnum” зайрмагийн компанийн захирал Питер тер Кулве хэлэхдээ, GLP-1 эмийг хэрэглэгчид амттан идэхээ болиогүй ч хяналтгүйгээр их идэх нь эрс багассан гэжээ. Өөрөөр хэлбэл хүсний компаниудын захирлууд хэрэглэгчид барааг нь хяналтгүйгээр “идэх”-гүй байгаа явдалд санаа зовж эхэлсэн аж.
Coca-Cola-ийн шинээр томилогдох захирал Хенрик Браун инновацыг хурдасгах хэрэгтэйг санууллаа. Харин “Kraft Heinz”-ийн шинэ захирал Стив Кахилэйн компаниа хуваах төлөвлөгөөгөө зогсоож, “Oscar Mayer” зэрэг махны бизнесээ сэргээхэд 600 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
GLP-1 төст эмийн хэрэглээ амттаны эрэлтийг өөрчилж байна
Тураах эмүүдийн хэрэглээ амттаны эрэлтийг өөрчилж байгаа учир компаниуд стратегиа өөрчилж эхлэв. Хүнсний томоохон компаниуд хөрөнгө оруулалтын зардлаа энэ жил нэмэгдүүлэх хандлагатай байна. Жишээлбэл өглөөний сереал, хөлдөөсөн болон лаазалсан хүнсээрээ алдартай “General Mills”-ийн зардал 23 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.

“PepsiCo” компани "Simply NKD" гэх шинэ цувралаа гаргаж, амттаныхаа найрлагыг өөрчилж байна. Мөн тус компани “Lay's” чипс болон “Gatorade” ундаанаас зохиомол будагч бодисуудыг хасах болжээ.
Мөн “Sabra” болон “Siete” брэндүүдийнхээ жижиг хэмжээтэй хоолнуудыг туршиж эхлэхээ “PepsiCo”-ийн захирал Рамон Лагуарта мэдэгдсэн байна. Тэрбээр "Ингэж өөрчлөлт хийх нь эрсдэлтэй гэхдээ бас боломж ч бий. Одоогоор боломж нь илүү их гэж би бодож байна" гэж хэлсэн юм.
“Coca-Cola” компани өнгөрсөн оны сүүлээр уургийн агууламж өндөртэй Fairlife сүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. “General Mills” компани ч өглөөний хоолны өрсөлдөөнд үлдэхийн тулд 2024 оны 12 сард уураг ихтэй Cheerios сереалыг гаргажээ.
“General Mills”-ийн захирал Жеффри Харменинг хэлэхдээ, GLP-1 болон таргалалтын эсрэг эмүүд хүнсний салбарт удаан хугацаанд нөлөөлнө гэв. Хэрэглэгчид бага порцоор идэж, уураг болон эслэг ихтэй хоол хүнсийг илүүд үзэх болно гэж тэрээр таамаглаж байна.
Шинээр судалгаа явуулж хөгжүүлэхэд анхаарч байна
“Conagra Brands” компани Slim Jim махны цуглуулга, самар болон үр тарианы бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж эхэлжээ. Тус компани тайландаа залуу үеийнхэн уураг ихтэй, тэжээллэг, хэмжээ багатай хоол хүнсийг илүү сонирхох болсон гэсэн юм.
“Portage Point Partners”-ийн захирал Питер Манган "Амттаны эрэлт өөрчлөгдөж буй чиг хандлагыг судалж, мөнгө зарцуулахгүй байгаа компани нэг ч байхгүй" гэж хэлжээ.
Жижиг бизнесүүд ч үүнийг боломж гэж харж байна. Жишээ нь, Остин хотод үйл ажиллагаа явуулдаг “Snap Kitchen” компани эслэг болон уураг ихтэй хоолнуудаа нэмэгдүүлж байна. Тус компанийн захирал Митчелл Райш "GLP-10 төст эм биднийг ажлаа хурдасгахад нөлөөлсөн" гэжээ. “Snap Kitchen” компани нь жилдээ 35 мянган хэрэглэгчдэд хоолоор үйлчилдэг байна.
“PwC” фирм тооцоолсноор GLP-1 хэрэглэгчид хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад өдөр хэрэглэдэг калори нь дунджаар 40 хувиар бага байдаг аж. Тураах эм хэрэглэдэг хүмүүс амттан идэх нь 84 хувиар, согтууруулах ундаа хэрэглэх нь 33 хувиар буурчээ. Харин шинэ жимс, ногооны хэрэглээ 70 гаруй хувиар өссөн байна. GLP-1 хэрэглэдэг айлын сарын зардал 4-6 хувиар, ганц бие хүмүүсийнх 9 хувь хүртэл багассан байна. Тус фирмийн төлөөлөгч Али Фурман хэлэхдээ "Бид энэхүү өөрчлөлтийн нөлөөг дөнгөж л мэдэрч эхэлж байна" гэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pepsi coca-cola ундаа бол хог гээд байгаа ш дээ! Нуль сахар!