Ц.Нямдулам: Кино бүтээхээсээ өмнө "Энэ түүх надтай хэрхэн холбогддог вэ" гэдгийг өөрөөсөө асуу
“Европын кино наадам -2026”-г Монголд амжилттай зохион байгуулах хүсэл түүний ойрынх. Ховор, гайхам кинонуудыг кино театрын өргөн дэлгэцээр зорьж очиж үзээсэй гэдэг хүслээрээ тэр Монголд Европын 13 улсын уран бүтээлчдийн кино Уг наадмын зохион байгуулагч Ц.Нямдуламтай ярилцсаныг хүргэж байна.
-Кино уран бүтээлүүд дээр чамгүй ажиллаж байсан. Берлиний болон Каннын кино наадам руу ч явж ажиллалаа. Кино урлагаас ер холдолгүй энэ хүрчээ. Сүүлд ямар монгол кино үзэв?
-Сүүлд найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” УСК Централ сувгийн “Paradiso”-гоор гарахад нь дахин үзлээ. Өмнө Берлиний кино наадмаар үзчихээд дахиад үзэхэд ахин нэг өөр өнцгөөр олон зүйлийг олж мэдэрсэн. Залуу найруулагчийн уран бүтээлийн ур чадварыг дахин дахин нээлээ гэх үү дээ. Хотжилтын уур амьсгал болоод бөө мөргөлийн талаарх ойлголтыг нэг шугамд огтлолцуулж, их уран илэрхийлсэн санагддаг. Гол дүрийн Зэ гэх өсвөр насны хүүгээр дамжуулан ард нь өрнөх монгол хүний амьдрал, хотжилтын дундах нэг айлын ахуй, хүүгийн дотоод байдал гээд үзэх тусам өгүүлэмжүүд нь их тодордог. Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино ч өсвөр насны хүүг гол дүрээ болгож, одоогийн нийгмийн бидний заримдаа анзаардаггүй боловч өрнөсөөр байгаа амьдралыг харуулж, цаана нь их том сэдвийг хөндсөн зэргээс харвал Монголын залуу найруулагчид их сайн болж байна даа гэж бодож, нэг талдаа үзэгчийн нүдээр, нөгөө талдаа адилхан найруулагч мэргэжлээр төгссөний хувьд урам зориг авдаг.
Дотоодын залуу кино найруулагчдын маань бүтээл хэр чансаатай байгаа нь олон улсын кино наадмуудаас авсан шагналуудаас мөн харж болно. Кино наадамд ямар кино шалгардаг вэ гээд харахаал тухайн кинотой найруулагч хэр гүнзгий холбогдсон бэ гэдэг л чухал. Олон улсын "Киноны нүүдэл" гээд хөтөлбөрт хамрагдаж байхад менторууд биднээс "Энэ түүхтэй та нар яаж холбогдсон юм бэ" гэж асуудаг. Энэ асуултыг бас эхлээд өөрөөсөө асуух ёстой юм билээ. Дотор чинь юу хамгийн их багтарч, үүнийг л гаргахгүй болохгүй нь гэж тэр сэдэв дээр төвлөрч байна вэ. Сэр сэр салхи, Баавгай болохсон кинонуудаас энэ бүхэн үнэхээр мэдрэгдэж байсан. Киноны агуулга, сэдвийг нь харахад үнэхээр найруулагчийн дотор олон жил хурсан, бодогдсон, бидэнтэй ч бас холбогдож буй түүхийг нухаж гаргажээ гэж бодогдсон. Олон жил нухах, бодох, тэвчээр бас хэрэгтэй юм билээ.
Олон Улсын кино наадмууд дээр ажиглагддаг зүйл нь тэд Монголыг үнэхээр сонирхдог. Гэхдээ тэр нь шинэ дуу хоолой, бидний түүх байх ёстой. Монгол ахуйгаа харуулчихвал л бид олон улс руу явууллаа даа гэж бас харах нь ч бий. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар гэдэг хотын амьдрал бас бий шүү дээ. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн амьдралд тулгамдаж буй олон зүйл бийг олон улсад харуулснаар тэдэнд ч мөн ийм асуудал бий гэдгээрээ бид ямар нэг байдлаар холбогдож болж байна. Ингээд харвал Сэр сэр салхи дан ганц өнөөдрийн Улаанбаатарт буй хүний амьдрал гэхээсээ аль ч улсын аль ч хотод амьдарч буй Зэ-гийн туулж буйг туулах, олон талаараа ижил төсөөтэй л байгаа шүү дээ.
-Сэр сэр салхи киног үзэхэд хотжилтын гүн рүү илүү шагайж байх шиг санагдсан. Хотын иргэний амьдрал, түүний туулж буй бүхэн өөрөө энэ хотын түүх. Орчин үеийн монголчуудын ахуй байдал, амьдралд хандаж буй хандлага, сэтгэл зүй гээд их олон зүйлийг энэ киноноос ч, Баавгай болохсон киноноос ч мэдэрсэн. Мөн хоёр найруулагч дүрийн зөрчлийг хэт хурцатгахгүйгээр үзэгчдэд хүргэж байгаа нь их сэтгэл хөдөлгөсөн. Өлзий, Зэ бол бид юм гэж мэдрэгдсэн шүү?
-Яг тийм мэдрэмжүүд төрсөн. Зэ-гийн насан дээр үнэхээр л хаана жаргалтай байна тэр газраа л цагийг өнгөрүүлэх хүсдэг дээ. Найз охинтойгоо оройтоод ирэхэд аав нь цонхоороо хараад, орж ирэхэд нь юу ч гэж хэлдэггүй. Зэмлэж, загнахгүй байгаа тэр байдал нь бид бүгдэд хамгийн ойр. Хүмүүсийн харилцаанууд хэт хурцадмал биш, магадгүй их олон киноноос ялгаатай нь маш гүнзгий утга санааг их анир чимээгүйгээр илэрхийлсэн байсан нь нэг талдаа бидний уламжлалт ойлголтыг ч бас давхар харуулчихсан юм шиг санагдсан. Би ч бас багадаа гэр хороололд амьдардаг байлаа. Аав минь шахмал түлшний төслийг анх санаачилсан, эрдэм шинжилгээний ажилтан хүн. Аав минь Дамбаржаад шахмал түлшний туршилтаа хийж байна гээд л үхрийн нойтон баасыг янз бүрээр хэвлэж, хатаагаад л олон янзаар хийж үзнэ. Амьдралын нэгэн сонирхолтой үе тэнд өрнөж, эргээд монгол киногоо үзэхэд нээрээ л өөрийн чинь хэлснээр хотжилтоо бид дахиад нэг өөрөөр харсан.
-Найруулагчаар их сургуулиа төгссөн. Ихэвчлэн хүмүүс шууд л өөрийн уран бүтээл гэдэг байхад Нямдулам бусдын кино уран бүтээлд оролцож туршлага хуримтлуулсныг нь Хохирогч кинонд ажиллаж байснаар нь санаж байна?
-Би СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Гэхдээ одоо ингээд эргээд харахад би өөрийгөө найруулагч гэж хэлэх зориг хүрдэггүй юм. Би МУУГЗ, найруулагч Д.Хишигт багшийн шавь. Багш маань ч бидэнд кино гэдэг хэн хүний оролдох эд биш. Юу харуулахыг хүсэж, зориод байгаа юм гэдгээ эхлээд сайтар эргэцүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан нь үргэлж санаанд буудаг. Тийм болохоор шуудхан хувийн уран бүтээл гэж яаралгүй, туршлага хуримтлуулж, сургуулиа төгссөнөөсөө хойш урлагаас огт хөндийрөөгүй байна. Хохирогч кинонд ажилласан минь өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмсэн. Юмсыг илүү өргөн хүрээгээр харахад туслаад зогсохгүй олон боломжууд бий болсон. Жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран эгчдээ маш их талархаж явдаг.
-Найруулагчийн мэргэжлийн онолын хүрээнд их сургуульд сурах. Эргээд талбар дээр нь гарч, дотор нь орж ажиллахын ялгаа нь хэр мэдрэгдсэн бэ?
-Зарим хүмүүс, ялангуяа сошиал сүлжээнд сургуулиар яадаг юм бэ, туршлагаар олоод авчихна гэх мэт байр суурь илэрхийлдгийг би хувьдаа дэмждэггүй. Зураач хүн байлаа гэхэд төрөлхийн авьяастай байж болох ч найруулагч хүн гэдэг академик мэдлэг маш чухал. Энд дан ганц мэдлэг, боловсролын тухай ойлголтоос гадна хүрээлэл, сургуулийн орчин өөрөө их чухал. Бидний үеэс одоо үе рүү харвал практик сургалт мөн өндөр байвал яг талбар дээр гараад хүн дадлагажих шаардлагагүй шууд ажил руу гар бие оролцоод явах боломжтой санагддаг. Үүнийг би кино уран бүтээл дээр ажиллах үедээ болон гадны кино наадмууд руу явж үзэх үед бас илүүтэй мэдэрсэн. Олон улсын гоё кино наадмууд руу явж ирсний араас ямар гоё юм бэ л гээд байдаг. Бид энэ наадмууд руу дотоодоос явахын тулд маш сайн бэлдэх хэрэгтэй, олон улсын хөтөлбөрүүдэд оролцдог, хамрагддаг байх шаардлагатай юм билээ. Их сургууль бол онолын мэдлэг болон практик суурийг хослуулаад, хажуугаар нь уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү их ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Берлиний кино наадмыг сурвалжилж байсныг нь санаж байна. Тухайн үед Монголд бараг анх удаа бид тэр том кино наадам руу зорьж, өөрсдөө мэдээллийг нь бэлтгэн хүргэж байсан шүү дээ?
-Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч. Энэ бол зоригийн л асуудал байсан. Тухайн үед найруулагч Анхбаярын төслөөр Берлиний кино наадам руу явж байхдаа, энэ кино наадам руу зүгээр ч нэг явалгүй мэдээллийг нь олон нийтэд хүргэе гэж бодсон. 74 жилийн түүхтэй энэ кино наадмыг манай улс огт сурвалжилж байгаагүйг мэдээд ер нь тэндээс заавал нэг зүйл хийх ёстой гэдэг залуу насны зориг ч байж. Сар орчмын хугацаанд хөрөнгө санхүү, багаа авч явах гээд маш олон зорилго, төлөвлөгөө бодогдсон. Хүмүүс болохоор өөрөө л явчихаад ир гэсэн ч зүтгэсээр яваад нэг нэвтрүүлэгтэй ирсэн. "Бидэнд ойрхон Берлинал" нэртэй нэвтрүүлгээ хийсэн. Очоод Мөнгөн баавгай авсан найруулагч, зохион байгуулагч директороос нь ч яриа аваад, зориглосон зорилгодоо бол хүрсэн. Эндээсээ урам аваад "Наадмын ангууч" нэртэй төсөл эхлүүлэхээр зориод явж байна.
-Яг одоо ямар кино төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
-Хорвоо ертөнцийн гоё зүйлүүдээс бид хоцормооргүй байна шүү дээ. Тэр бүх мэдээллийг бид ч бас олж мэдэж, бусдадаа хүргэмээр байна. Канн руу найруулагч Б.Амарсанаагийн Жүди нэртэйгээр анх нэрлэгдсэн Зундарь гээд Соёл-Эрдэнэ хамтлагийн тухай хөгжимт кино удахгүй гарах учир, олон улс руу танилцуулъя гэдэг үүднээс явчихаад ирсэн.
Анх Берлиний кино наадам руу явахынхаа өмнө "Guru Media"-гийн Ц.Ариунаа эгч рүү залгаад "Та хэдэн үг хэлээч" гэхэд "Хүмүүсийн гаргадаг алдаа нь шууд л ажил ярих гээд байдаг. Эхлээд танилцах хэрэгтэй" гэдэг үгийг одоо ч гэсэн хэрэгжүүлдэг. Үнэхээр л кино наадмууд руу явахад олон талын бэлтгэл шаардлагатайг ойлгож л явна. Өмнө нь төсөл танилцуулж байсан бол энэ удаад нэгэнт бүтээгдсэн кинон дээр sales agent хайж явсан. Мөн өөрийн олон жил нухсан "Ахмадын кафе-1980" кино төслийнхөө богино хэмжээний киноны танилцуулгыг бас авч явлаа. Загасчны морь усгүй гэдэг шиг өөрийн уран бүтээлийг дуншуулаад л явна.
Одоо хэд хэдэн кино төсөл дээр ажиллаж байгаа. Жүжигчин, найруулагч Т.Алтантуяагийн кино төсөл дээр ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд маш дайчин, бүтээлч, шаргуу эмэгтэй. "Цагаан гоёо" бүтээл нь миний эмзэглэж явдаг сэдвийг хөндөж, гаргаж ирснээрээ маш их анхаарал татсан.
-Берлиний, Каннын гээд кино наадмууд руу очоод ирсэн Нямдулам Монголдоо "Европын кино наадам"-ыг зохион байгуулна гээд өнөөдөр явж байгаа нь мөн л том зориг. Үзэгчдийн зах зээл бага гэлгүй Улаанбаатарт зохион байгуулж байгаад нь талархалтай байна?
-"Европын кино наадам" өмнө нь Монголд нэг удаа зохион байгуулагдаж байсан. Би өөрөө энэ фестивалийг оруулж ирэхсэн гэж зориглоод санал, хүсэлт тавихад манайд дахиад зохион байгуулалгүй өнжих гэж байсан юм билээ. Тэгэхэд нь хүсэлт тавиад, өөрөө энэ ажил руу орчихсон. "Урлагийн давлагаа" ТББ-тай хамтран 5 өдрийн туршид "Европын кино наадам"-ын хүрээнд Франц, Итали, Грек, Швед, Денмарк, Австри, Польш, Болгар, Финлянд, Швейцарь, Словени, Недерланд, Герман гэсэн 13 улсын уран бүтээлчдийн кино бүтээлүүд 6-р сарын 13-17-ны хооронд Шангри Ла дахь Imax-д үзэгчдэд хүрнэ. Бидэнд олон улсын чансаатай найруулагчдын сайн бүтээлүүдпийг "Алтан өргөө", "Улаанбаатар кино наадам"-ууд хүргэж, үзэгчид нэг үеэ бодвол киног эрж хайж, дан ганц америк, холливудын киногоор үл хязгаарлагдан үздэг болсон шүү дээ. Тиймээс үзэгчдийн энэ өндөр хүсэл сонирхолд "Европын кино наадам"-ын кинонуудаар шинэ мэдрэмж өгье гэж бас хүссэн.
Ашгийн бус учраас олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр хүргэнэ. Кино театрын танхимын 129 суудал дүүрээсэй. Европын кино уран бүтээлчдийн кино юугаараа өөр юм, улс орнуудын найруулагчдын онцлог, хийц, уур амьсгал гээд олон зүйлийг бид эндээс мэдрэх боломжтой.
Бид бас дан ганц кино наадмын үзвэрүүдээр хязгаарлагдахгүйгээр кино урлагт хайртай, кинонд тоглох хүсэлтэй эсвэл мэргэжлийн жүжигчин мөртлөө мэргэжлийн сургалтаар дахиад нэг өөрийгөө түвшин ахиулъя, өөрөөр нээе, харъя гэж байгаа хүмүүст зориулж кино найруулагч, продюсер, сургагч багш Жессика Вүүдвортыг Монголд урилгаар авчирж байгаа. Бидний сайн мэдэх Хадаг УСК-ны жүжигчний зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний нөхөр уг киноны найруулагч Питерийн эхнэр бөгөөд хэтрүүлэн жүжиглэхгүйгээр жүжигчин дүрээ хэрхэн амилуулах вэ гэдгийг бүтэн таван өдрийн турш өдрийн найман цагаар мэргэжлийн сургалт орох юм. Уг сургалтад суугаад авна гэдэг кино наадмын хүрээнд зохион байгуулж байгаа хамгийн чухал ажил гэж болно. Найруулагчаар төгссөн учраас хувь хүнийхээ хувьд үргэлж сурах, ахих боломжуудаар өөрийгөө цэнэглэж байх ёстой гэж бодож, бүх л сургалтуудад хамрагдахыг хичээдэг. Тийм болохоор бусдадаа ч мөн ийм боломжийг нээж өгөхийг хүссэн.
-Хувийн уран бүтээл рүүгээ төдийд л орно доо гэсэн тов бий юу?
-Өөрийн уран бүтээлийг хийе гэж тэгтэл адгаагүй. Эхлээд өөрөө туршлага хуримтлуулъя, зах зухаас нь ойлгоё гэж л ирж. Найруулагчийн мэргэжил гэдэг их хэцүүг яагаад ч юм улам л мэдрээд байсан. Нэг өдөр найруулагч Г.Жигжидсүрэн найруулагч надад хэрэгтэй цагт, хэрэгтэй үгийг хэлж билээ. 2019 онд Black Box-ийн нэг бүтээл дээр костюм дизайнераар ажиллаж байхад надаас Г.Жигжидсүрэн найруулагч яг халз тулаад "Ямар мэргэжилтэй вэ" гэхэд нь найруулагч гээд хэлчихэж зүрхлэхгүй байж байж нэг хэлтэл "Богино киноноос эхлээд хийж үзэх хэрэгтэй. Хийж байж л сайн муугаа мэднэ шүү дээ" гэсэн нь урам болж 2020 онд дотор байгаа зүйлээ суллах өөр дээрээ эргэн ирж байгаа Arrival нэртэйгээр өөрсийн авсан дүрсүүд дээрээ монологи уншиж, ажилласан. Энэ туршилтаараа өөрийгөө илүү ойлгож, дараа нь Арт кэмп-д Expectation нэртэй үйлдлийн урлагийг харуулсан бүтээл хийж, түүнийхээ дараа "Өглөөний цай" нэртэй богино хэмжээний киногоо хийж "Алтан Өргөө"-гийн шилдэг 10-т шалгарсан. Эндээс би богино хэмжээний киногоо эхлээд хийчихээд, түүгээрээ юу хийдэг, юу харуулах гэсэн юм бэ гэдгээ продюсерт, хамтрагч гээд тал талд таниулж харуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Сайн уран бүтээл хийхийн тулд найруулагч кино сайн үздэг байх ёстой юм болов уу, сайн хийж, оролцдог байх ёстой юм болов уу?
-Нэг хэсэг залуучуудын дунд арт киноны давлагаа хүчтэй өрнөж билээ. Дан арт кино үзэж, амьсгалж явснаа гэнэтхэн л би үзэхээ зогсоочихсон. Өөрөө гүйцэд төлөвшиж амжаагүй байж, хэтэрхий олон кино үзээд л яваад байдаг. Нэг талдаа их олон зүйлийг өөр рүүгээ юүлээд ч байгаа юм шиг санагдсан. Би эхлээд хэлбэржих ёстой юм байна гэдэг бодлоор гэнэт үзэхээ больчихоод олон жилийн дараа эргээд кинонууд үзэж эхэлсэн. Тухайн үед зогсоц авсан нь буруу ч байгаагүй л байх. Одоо илүү төлөвшиж байгаа нүдээр киног үзэхэд тэр болгон руугаа автдаг нь больсон ч гэх юм уу. Эхлээд сайн кино үзэж, урам зориг авах ёстой. Сайн ном уншиж, сайн кино үзээд дунд нь нэг завсарлага авдаг ч юм уу. Дараа нь кинон дээр ажиллахад хүртэл хүн арай өөр нүдээр харахаар болчихсон байна.
-Энэ асуултыг асуусан минь дотоодын залуу найруулагчид маань ч мөн "Европын кино наадам"-ыг зориосой гэж хүссэнийх?
-Тэгэлгүй яахав. Кино наадмуудыг манай найруулагчид сайн үздэг. Энэ удаад ч бас үзээсэй. Мөн нөгөө талаараа кино наадмыг үзээд уран бүтээлч яриа өрнүүлээсэй. Бидний үеийнхэнд нэг дутагддаг зүйл нь хүрээлэл буюу хэлэлцүүлэг, яриа өрнүүлж санал бодлоо хуваалцах тал дээр жаахан дутмаг ч юм шиг санагддаг. Уран бүтээлч яриа, хэлэлцүүлэг гэдэг биднийг их олон талаас нь магадгүй ойртуулж, юу бодож санаж явдгаа ч хуваалцахад тодорхой хүрээлэл бий болгох байх. 13 киног үзээд дууссаны ард бүтээлч ярианууд хаа ч юм өрнөвөл гоё шүү дээ.
-Кино наадмын үеэр үзэгчдэд сонирхол татам хөтөлбөр бий юу?
-Кино үзвэрийн үеэр киноны костюм дизайны талаар сонирхолтой яриа өрнүүлнэ. Мөн Photo Booth ажиллах болно. Энэ нь кино үзэхээр ирсэн хэн бүхэн 18-20-р зууны үеийн хувцаснуудыг өмсөж, зураг авхуулж, цаг хугацаагаар аялах боломж олгоно.
-Кино наадмаас битгий алгасаарай хэмээн санал болгох киног нэрлээч?
-Зөндөөг хэлмээр байна. Family Therapy байна. Listen гээд сонсголын бэрхшээлтэй өсвөр насны охины тухай өгүүлэх кино байна. Заримдаа үнэхээр дүлий мэлхий шиг, чихээ таглаад урагшаа явмаар санагддаг тэр мэдрэмжээ би энэ киноноос олж мэдэрсэн. Сэтгэл их хөдөлгөсөн. How to make a killing кино бол хүн уг кинон дээрх нөхцөлд хүн очихоороо хэрхдэг вэ, хэрхэх вэ гээд ёстой л хүний моральд тулсан сонирхолтой үйл явдлыг харуулна. Кино бүр өөрийн гэсэн нэг сонирхолтой мэдрэмж, санааг үзэгчдэд өгнө. Кино үзэхэд ханьтай хүнтэйгээ, эсвэл ганцаараа ч зорьж очсон болно. Амьдралаас завсарлага авахыг хүсвэл цайны цагаараа ч болтугай "Европын кино наадам"-ыг зориорой.
-Ярилцсанд баярлалаа
Ц.ТАМИР
Кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох 13 киног танилцуулж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД-ээс авна уу





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын залуу найруулагчид дэлхийд үнэлэгдэж байгаа нь бахархалтай
Кино урлагт ийм сэтгэлтэй хүмүүс олон байгаасай
Европын кино наадмыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа нь гоё санаа байна
Сэр сэр салхи киног дахиж үзмээр санагдлаа
Кино бүтээхээс өмнө өөрөөсөө ийм асуулт асуудаг нь сонирхолтой юм
Монгол киноны шинэ үе үнэхээр хүчтэй гарч ирж байна
Залуучууддаа ийм боломж нээж өгч байгаад баяр хүргэе
Кино гэдэг зөвхөн үзвэр биш урлаг юм гэдгийг ойлгуулсан ярилцлага байна
IMAX дээр Европын кино үзнэ гэхээр сонирхол татаж байна
Zaluu nairuulagchdiig demjih heregtei
IMAX deer uzne geheer buur goy medremj avah baih
Kino urlagaar damjuulaad niigmiin asuudlaa haruulj boldog
Berlinale bolon Cannes deer ochij ajillasan ni ih turshlaga bolson baih
Mongold iim soyoliin arga hemjee olon boloosoi
Uran buteelch humuus bie bienee demjdeg baih heregtei
Uran buteelch humuus bie bienee demjdeg baih heregtei