Хятадын "Чайна газ" компанийг Засгийн газрын түвшинд дэмжинэ гэх Г.Дамдинням сайдын амлалт
Энэ сарын 5-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын "Чайна газ" холдингийн Ерөнхий захирал Чан Ляньтай уулзжээ.
Уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх, түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэх, нүүрсийг гүн боловсруулах чиглэлд ажил хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалтын төслүүд тойрсон яриа өрнөсөн аж.
Хятадын "Чайна газ" компанийн удирдлагуудын ирээдүйн ашиг сонирхол нь Монголд хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Г.Дамдиннямаас хүссэн байна. Тухайлбал, эрчим хүчний хомсдолтой бүс нутгуудад орон нутгийн цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлэх, дотоодын зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор өндөр чанарын дизель түлш болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр, аж ахуй нэгжүүд байгуулах сонирхолтой байгаа талаараа хуваалцсан байна.
"Чайна газ" холдинг нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон компаниудын нэг гэгддэг. 2026 оны байдлаар тус компанийн жилийн борлуулалтын орлого 73.6 тэрбум Хонконг доллар буюу 9.4 тэрбум ам.доллароос давсан. Улсдаа 660 гаруй хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлж, ойролцоогоор 500 шатахуун түгээх станц ажиллуулж, 48.5 сая өрх, аж ахуй нэгжид цэвэр эрчим хүч нийлүүлдэг аж.
Манайд тавьсан санал нь, томоохон хэрэглэгч, үйлдвэрлэлийн байгууламжуудад зориулан 100-300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, харин эрчим хүчний хомсдолтой бүс нутгуудад 5-10 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Мөн олон улсын зах зээл дэх тогтворгүй байдлыг харгалзан тус компани дизель түлш болон шингэрүүлсэн байгалийн хийг Монгол Улсад шууд үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн хүрэн нүүрснээс метан хий олборлох сонирхол нь Монгол Улсад цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох боломжтой хэмээн найр тавьжээ.
Харин Г.Дамдинням сайд хариуд нь
"Засгийн газрын хөгжлийн бодлогын хүрээнд цогц байдлаар дэмжинэ гэдгээ илэрхийлээд зогсохгүй хөрөнгө оруулагчдад тогтвортой хууль эрх зүйн орчин, татвар, гаалийн хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлнэ" гэдэг амлалт өгсөн байна.
Уулзалтаас хамтарсан ажлын хэсэг байгуулах, техникийн мэдээлэл солилцох, туршилтын төслүүдийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаар гар барьжээ.
Өдгөө Г.Дамдинням сайд Хятадыг зорьж буй. Үүний өмнөхөн ОХУ-д очиж шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Роснефть компанийн төлөөлөлтэй уулзсан бөгөөд тэндээсээ урд хөршийг зорьж, шатахууны асуудлаар хэлэлцээ хийнэ гэв. Дотоодын шатахууны хэрэглээ, нөөцийн хямрал тохиолдсон энэ үед Хятадын хувийн компани манай улсад томоохон төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлжээ.
Монголд уг нь метан хийн төсөл бий. ТМК Энержи компани Эрчим хүчний яамтай хамтран дотооддоо олборлосон байгалийн хийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг эрэлхийлж байна.
Өөрөөр хэлбэл, бидэнд байгалийн хийнээс эрчим хүч гарган авч, одоо байгаа нүүрсний станцуудыг дэмжиж, эх үүсвэрийг төрөлжүүлэх дотоодын амбиц бий. Гэтэл Хятадын хувийн компанид Засгийн газар нь дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгнө гээд салбарын сайд нь ярьдаг энэ цаг үед зөв шийдэл мөн үү.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятдууд хэзээ ч үнэгүй юм хийдэггүй шүү. Өөрсдийн цах. машинаа монголд бүрэн оруулж ирэх арга замаа л нээж байна
Цахилгаан машин орж ирэг л дээ, яадын.