Энэ жил 103 аргаль угалз агнах квот баталжээ

Гадаадын жуулчид Алтайн уулсад аргаль угалз агнасан зураг, бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан нь олны анхаарал татаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ эилд 103 аргаль угалз агнах квот баталжээ.
Бид энэ талаар БОАЖЯ-наас тодруулахад, хууль бус ан агнуур биш. Жил бүр засгийн газар энэ асуудлыг хэлэлцдэг. Долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл агнах эрх нээллттэй болдог. Аргалийг алтайн болон говийн гэсэн хоёр бүст хувааж, агнах тусгай зөвшөөрлийг гадны иргэдэд олгодог. Ингэхдээ төлбөр тооцох ба төлбөрийг тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлэх зохицуулалт үйлчилнэ гэлээ.
Энэхүү зөвшөөрлийг олгохдоо аргалийн тоо толгой өмнө онынхоос өссөн үзүүлэлттэй гарсан эсэхийг заавал харгалзан үздэг аж.
Ан агнасан бол тухайн ангаа авч явахын тулд орон нутгаас гарал үүслийн бичиг авна. Гарал үүслийн бичгээ авчирч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авна, мөн улсын тэмдэгтийн хураамж төлдөг байна.
Засгийн газар жил бүр Монгол Улсад тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо хэмжээг тогтоодог. 2026 онд угалз, тэхийн агнуурын квотыг жилийн явцад нэмэгдүүлжээ.
Тодруулбал Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тогтоолоор олзворын ангийн зориулалтаар 85 угалз, 132 тэх, 83 халиун буга агнуулахаар анх тогтоожээ.
Харин долоодугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор уг квотод өөрчлөлт оруулсан байна.
- Угалз – 85-аас 103 болж, 18-аар
- Тэх – 132-оос 159 болж, 27-оор нэмэгдсэн байна.
Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Алтайн угалзын олзворын жишиг үнийг 24,000 ам.доллар, Говийн угалзынх 14,000 ам.доллар, Алтайн тэхийнх 3,000 ам.доллар, Говийн тэхийнх 2,600 ам.доллар, халиун бугынх 1,600 ам.доллар байхаар тогтоожээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.