С.Амарсайхан: Иргэдээс татвар нэхэж, дарамт үзүүлж байгаа байцаагчдаа тат, зогсоо, хүлээ

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Татварын ерөнхий газарт цахим хуудсаараа дамжуулан анхааруулав.
Тэрбээр "Иргэд, аж ахуйн нэгжүүд бүтэн 10 сар ашиг орлогогүй, үйл ажиллагаа зогсонги байсан. Сүүлийн 3 долоо хоног хатуу хөл хорио үргэлжилсээр байна. Гэтэл ар гэрээ тэжээх цалин хөлс, хоол хүнс, утас интернетийн төлбөрөө ч төлж дийлэхгүй, гэрээсээ гарах эрхгүй байгаа иргэдээс газар, үл хөдлөх хөрөнгө, элдэв татвар нэхэж, дарамт үзүүлж байгаа байцаагчдаа тат, зогсоо, хүлээ.
Та бүхэн энэ үед дампуурч байгаа жижиг дунд бизнес, өдрийн хоолоо яая гэж байгаа иргэдээс чихийг нь тасалж, үр хүүхдийг нь булааж авдаггүй л юм бол өөрөөр тэдэнд өр зээл, татвар,хураамж төлөх тэнхэл байхгүй байна.
Ажил амьдрал, үйл ажиллагаа, зах зээл хэвийн үед тэд улс орны эдийн засгийн ачааг үүрсээр ирсэн. Цаашдаа ч үүрсээр байх болно. Одоо харин ойлго, дэмж! Тогтмол цалинтай дарга, даамал, төрөөс цалинжиж байгаа хүмүүсээс бусад нь орлоггүй өдрөөс өдөрт хүндэрсээр л байна шүү.
Иргэдээс энэ талаар асар их санал, гомдол ирж байгаа учир холбогдох байгууллагуудад нээлттэй шаардлага тавьж байна. Албаны шугамаар бас шаардах болно” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.