Бариач хавьтлаа бүрэн мэдүүлээгүйгээс жолоочийг хожуу илрүүлсэн байх эрсдэлтэй

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын жолооч коронавирусийн халдвар авсан тухай бид өмнө мэдээлсэн. Сүүлийн мэдээллээр халдвар авсан автобусны жолооч Ц нь “Рапид мед” эмнэлгийн бариач эмэгтэйн хавьтал бөгөөд бариач хавьтлаа бүрэн мэдээлээгүйн улмаас жолоочийг цаг алдаж илрүүлсэн байх эрсдэлтэй аж. Ингээд бариачаас улбаатай 20 гаруй хавьтал бүртгэгдээд байна.
Халдвар авсан иргэд хавьтлаа нуух, мартаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна.
Тухайн жолоочийг өдгөө ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тухайн баазын өглөө болон оройн ээлжинд гардаг 150 гаруй жолоочоос шинжилгээг авч байгаа аж.
Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэнд хэвлэлд өгсөн тодруулгадаа тухайн жолоочийн сууж явсан автобусны кабин нь битүү, тэрчлэн амны хаалттай байсан тус эрсдэл бага хэмээжээ.
Тухайн жолооч хамгийн сүүлд Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явсан бөгөөд Ч-58 нь “Мишээл экспо-Дүүхээ дэлгүүр” , Ч-11 нь “Хужирбулан-Монгол кино” чиглэлд явдаг аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.