Хонконг хотод тэргэнцэртэй залуу өндөр цамхаг руу авирчээ

Өнгөрсөн бямба гарагт Лай Чи-Вай нугасны гэмтэлтэй өвчтөнүүдэд хандив босгохоор Хонконг хотын “Nina” цамхаг руу арван цагийн турш авирч 250 метрийн өндөрт хүрсэн байна. 37 настай тэрбээр арван жилийн өмнө машины осолд орсны улмаас бие нь бүсэлхийнээс доош мэдээгүй болсон юм.

Хэдийгээр 300 метр өндөр “Nina” цамхгийн оргилд хүрч чадаагүй ч тэрбээр 670,639 ам.долларын хандив босгожээ. Тус цамхаг руу авирсан мэдрэмжээ Лай “Надад их айдас төрсөн. Уул руу авирч байхдаа чулуу эсвэл жижиг нүхнээс барьж болно, харин шилэн цамхаг руу авирахад зөвхөн атгаж буй олсондоо л найдах хэрэгтэй” хэмээсэн юм.
Лай 2011 оноос өмнө хадан авиралтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа ялж, дэлхийд чансаагаараа наймд бичигдэж байсан аж. Тэрбээр осолд орсныхоо дараа ууланд авирахаа зогсоолгүй тэргэнцрээ өөртэйгөө бэхлээд авирч эхэлсэн байна. Таван жилийн өмнө Лай Хонконг дахь 495 метр өндөр “Lion Rock” нэртэй уулын оргил дээр гарч чадсан юм. Эцэст нь Лай хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн тод гэрэлтэж, итгэл найдвар, гэрэл гэгээг авчирж чадна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.