НИЙГЭМ

ӨНЦӨГ: Дуулианаас дуулиан хооронд “нисэж”, хөндүүр сэдвүүд мартагддаг сошиал сүлжээ

“Миний Монголын нийгэм, сенсацын нийгэм юм даа”. Ийм үг гагц сошиалд ч гэлтгүй бидний дунд өөр зуур хэлэгддэг болжээ. Үнэхээр л долоо хоног бүр шинэ сенсац дэгдэнэ, хуучин нь хуучирч амжилгүй тэгээд л дарагдана. Бид өөрийн ч мэдэлгүй дараагийн сенсацыг сошиал дахь олон нийт хүлээж, анаж суудаг болж уу гэвэл сум хол очиж унахгүй.

Мэдээж хүний нийгэм оршин тогтнож, цахим сүлжээ улам бүр хүчээ авсаар буй энэ цаг үед сенсацгүй, дуулиан шуугиангүй байна гэж үгүй. Ардчилалд шилжсэнээс хойш хамгийн өндөр борлуулалттай сонин үргэлж шар хэвлэлүүд байсаар ирсний адил, аль ч цаг үед дуулиан шуугиан хүний сонирхох халуун сэдэв болсоор л байх болно.

Харин яг үүн дээр дөрөөлж, олон нийт рүү зориуд шинэ сенсац шидэж өмнөх сэдвийг “мартуулдаг” аргачлал хэрэгжээд байна уу гэж хардах үндэс байдаг. Яг улс төр, эдийн засгийн жинтэй мэдээлэл хэлэлцэгдэх үеэр нэг сенсац дэгддэг зүй тогтол ч ажиглагддаг.

Гол нь олон нийт өөрсдөө ч таг мартчихдаг. Ярих, хэлэлцэх, асуудал дэвшүүлэх ёстой сэдвүүдийг сошиал дуулианд дарагдуулаад мартчихдаг байж таарахгүй гэдгийг энэ сенсац шуурган дунд санаж байвал хэрсүү иргэд төлөвшихөд нэмэртэй.

Ийм онигоо ч сошиалд яригдаж байна.

-Сүнээ яалаа?
-Ямар?
-Яагаа вэ, нөгөө Баачка, Сэрчмаа хоёрыг мартуулдаг?
-Ямар Баачка?
-Яагаа вэ, Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёрыг мартуулдаг?
-Ямар Тү...
-Яагаа вэ,  нөгөө загвар өмсөгч залуу, комедиан Амараа хоёрыг мартуулдаг?
-Ямар Амараа?
-Яагаа вэ, Шадар сайд С.Амарсайхан, эхнэр Ч.Ичинхорлоо хоёрыг мартуулдаг?
-...

Өчигдөрхөн нийгэмд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын асуудал дахин сөхөгдлөө. Яг энэ үес Шадар сайд С.Амарсайханд холбогдох дуулиан үргэлжилж байна.

Гэвч энэ хооронд вакцины татан авалт хэзээ хийгдэх вэ, хөл хориог хэрхэх вэ, халдварын дэгдэлтийг хумьж чадах уу. Долдугаар сарын 1-нээс иргэд, ААН-үүд зээлээ төлж эхлэхээр хэрхэх вэ, НДШ нэмэгдэхэд бэлэн үү зэрэг чухал асуудлууд мартагдаж, бүдгэрч байж болохгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 17:04

Та нарт карантин шоу та�##�агдаж байна уу

иргэн
иргэн
2021-04-21 19:08

Гарамжав бас яасан бэ??? Хэрэгт дурлая. Хэлээд өгөх хүн байна уу??? плийз

Холбоотой мэдээ

Back to top button