ЭДИЙН ЗАСАГ

Алтны ханш дэлхийд ӨССӨН ч, Төв банкны худалдан авалт БУУРЧЭЭ

-МАНАЙ ОРНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД 20 ХУВИАР БУУРЧЭЭ-

Олон улсын үнэт металын зах зээл дэх сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээр алтны үнэ тасралтгүй өссөөр, энэ жил хамгийн өндөр дүндээ хүрчээ. Харин үүний зэрэгцээ манай орны алт худалдан авалт өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан нь харагдана. 2019 он хэдийн талдаа орчихсон яваа ч, төв банкны алт худалдан авалт жилийн төлөвлөсөн дүнгийнхээ дөнгөж 30 хувьтай тэнцэж байна.

Энэ оны долоодугаар сарын байдлаар төв банкны тушаасан алтны хэмжээ 7.5 тоннд хүрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тонноор бага дүн билээ. Зөвхөн өнгөрөгч долоодугаар сард 1.5 тонн алт худалдаж авсан нь мөн л өмнөх оныхтой харьцуулахад 649 килограммаар буурсан үзүүлэлт болж байна.

-ЭНЭ ЖИЛД 21 ТОНН АЛТ ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН Ч, ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 4.3 ТОННЫГ ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ-

Тухайлбал, өнгөрсөн сард төв банк нэг грамм алтыг дунджаар 120.6 мянган төгрөгөөр худалдан авсан. Харин Монгол Улс 2019 оны төлөвлөгөөндөө алтны экспортоос нийт 83 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан буюу 21 тонн алтны нэг унцыг дунджаар 1252 ам.доллараар худалдахаар тооцсон юм. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар ердөө 4.3 тонн алт экспортолж, 195 сая ам доллар төвлөрүүлээд байна.

Он гарснаар олон улсад алтны ханш 17 хувиар өссөн. Ханш, эргэлт ийнхүү нэмэгдсэн нь борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломж. Гэвч дээрх үзүүлэлтээр Монгол Улс жилийн төлөвлөгөөндөө хүрч чадахгүй байдалд орох магадлалтай байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button