НИЙГЭМ

С.Ариунболд: Амралтын хоёр өдөрт ахуйн осол, архидалтын дуудлага гурав дахин нэмэгдлээ

Урин дулаан цаг ирж, хөл хорио үе шаттайгаар суларсантай холбоотойгоор иргэд гадуур гарах болон зусландаа гарах нь ихэсчээ. Тодруулбал өнгөрөгч амралтын өдрүүдэд НТТТ-д ирэх дуудлага мэдээлэл 40 хувиар нэмэгдсэн байна. Баасан, бямба, ням гарагт нийт 3378 дуудлага бүртгэгдсэнээс ахуй ослын шинжтэй дуудлага 678 буюу өнгөрсөн өдрүүдээс хоёр дахин өссөн, ахуйн шинжтэй архидалттай холбоотой дуудлага 378 буюу гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн иргэд зусландаа гарах болсноор тус чиглэлд ирэх дуудлагын тоо ч дагаад өсчээ.

Бид энэ тухай Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдтой холбогдож тодрууллаа.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд НТТТ-д ирэх дуудлага мэдээлэл ихэссэн гэлээ. Ямар дуудлага ихэссэн бэ?

-Амралтын өдрүүдэд хорио суларч, давхар иргэд зуслан чиглэлд их зорчих болсонтой холбоотой ахуйн шинжтэй ослын дуудлага мэдээлэл болон архидалттай холбоотой дуудлагууд нэмэгдлээ. Энэ нь өмнөх үзүүлэлтүүдээс гурав дахин өссөн үзүүлэлт юм.

-Ахуйн осол гэдгээ тодруулбал?

-Түлэгдэлт, угаарталт, унах бэртэх зэрэг ослууд багтана. Ялангуяа гадаа дулаарах үед бага насны хүүхдийн осол, гэмтэл нэмэгддэг. Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой ослууд ихэсдэг.

-Та иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөөч?

-Коронавирусийн цар тахал идэвхитэй хэвээр байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж, түүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Иймд та бүхэнд хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодож аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадуур аль болох гарахгүй байх хэрэгтэй” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button