ДЭЛХИЙНийгмийн

“Ида” хар салхины улмаас Миссисипи голын урсгал өөрчлөгджээ

Америкийн Шинэ Орлеан мужид Миссисипи голын урсгал эсрэг чиглэлд 1,5 м/с-ийн хурдтайгаар өөрчлөгдсөн талаар АНУ-ын Геологийн Албанаас мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын өмнөд хэсэгт орших Миссисипи голын урсац өнгөрсөн ням гараг /2021.08.30/-т Луизиана мужийн эрэгт дэгдсэн “Ида” хар салхины улмаас чиглэлээ өөрчилжээ.

АНУ-ын зүүн эргийн цагаар үдээс хойш Луизиана мужийн Персийн булангийн эргийн дагуу дөрөвдүгээр зэрэглэлийн хар шуурга дайрчээ. Хар салхитай хамт их хэмжээний далайн давалгаа түрж, үүний үр дүнд Миссисипи голын усны түвшин хамгийн багадаа 2,1 м-ээр нэмэгдсэн байна. Хүчтэй салхины улмаас мөн үер усны аюул нүүрлэж болзошгүй байгааг шинжээчид онцлов.

Америкийн Геологийн Албаны хэвлэлийн төлөөлөгч Скотт Перьенийн хэлснээр, Миссисипи голын урсгал өөрчлөгдсөн нь ер бусын үзэгдэл гэв.

Америкийн телевизийн компаниудын оруулсан бичлэгээс үзэхэд “Ида” хар салхи аль хэдийн сүйрэл нүүрлэсэн аж. Хүчтэй салхи моддыг үндсээр нь булгалж, байшингийн дээврийг хуулж, цахилгааны шугам хүртэл тасарсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Луизиана мужид 450 мянга орчим оршин суугч тог цахилгаангүй болсон байна. Цахилгаан эрчим хүчний оператор компаниас Луизианад сэргээн засварлах ажлыг хэдэн долоо хоног үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ.

Луизиана мужийн амбан захирагч Жон Бел Эдвардс өнгөрсөн бямба гараг /2021.08.29/-т тус муж сүүлийн хагас зуун жилд тохиогүй байгалийн гамшиг болж байгаа гэв.

Хар салхины хурд 58 м/с хүрч, баруун хойд зүгт 16 км/цаг хурдтай байсан аж. Хохирсон болон шархадсан хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

2005 оны наймдугаар сард АНУ-ын зүүн өмнөд хэсэгт “Катрина” хар салхи дэгдэх үед Луизиана болон түүний хамгийн их хүн амтай хот болох Нью Орлеан мөн л шуурганд өртсөн. Энэ нь хагас зуун жилийн дараах байгалийн гамшгийн эхлэл байсан гэж шинжээчид дүгнэсэн. Албан ёсны мэдээллээр гамшгийн улмаас 1,8 мянга гаруй хүн амиа алджээ. Үүний дараа Нью Орлеанд хамгийн их хохирол учирсан бөгөөд хотын нийт нутгийн 80 орчим хувь нь усанд автсан.

“Катрина” хар салхи АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйрлийн нэгт зүй ёсоор орох болсон. Гамшгийн хохирол 108 тэрбум гаруй доллараар хэмжигдэж байна.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button