НИЙГЭМНийгэм мэдээ

Хүн төрөлхтөн ургамалд суурилсан хоол руу шилжих хэрэгцээ шаардлага яагаад бий болов

Өнөөгийн хүнсний системийг тогтолцоогоор нь тун яаралтай өөрчлөх шаардлага хүн төрлөхтөнд тулгамдаад байна. Тогтолцооны өөрчлөлтийг зоригтойгоор, нэн яаралтай өөрчлөх хэрэгцээ шаардлага яагаад бий болов? Хэрэв өөрчлөхгүй бол юу болох вэ?  

Өнөөгийн хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгох, биологийн олон янз байдлын хомсдол ялангуяа газрын доройтлыг үүсгэхэд, мөн түүнчлэн нийгмийн эрүүл мэндийг аюултай хямралд оруулахад хүчтэй нөлөө үзүүлж байна.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлан зогсоох, биологийн олон янз байдлыг хомсдлоос хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн хямралаас гарахын тулд хүн төрөлхтөн яаралтай ургамалд суурилсан хүнс рүү шилжих, өнөөгийн хүнсний системийг тогтолцоогоор нь нэн яаралтай өөрчлөх шаардлага бидэнд тулгарч байгааг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхлээд байна.

‘Манай гараг ба бидний эрүүл мэнд” олон улсын итгэлцлийн сангийн дэмжлэгтэй “Мал, байгаль орчин, хүмүүс” (LIVESTOCK, ENVIRONMENT AND PEOPLE) төсөл 2017-2021 оны хооронд Их Британийн Окфордын их сургууль дээр хэрэгжиж, салбар салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд энэ төслийн дор нэгдэн өнөөгийн бидний хүнсний системийг олон талаас нь судалжээ. Өнөөгийн хүнсний систем болох мах, сүү, өндөг зэрэг амьтны гаралтай уурганд суурилсан хүнсний хэрэглээний нөлөөллийг олон талаас судалж үзээд хүнсний энэ систем нь тогтвортой бус, өөрөөр хэлбэл дэлхийг сүйрүүлэх чиг хандлагатай байгааг шинжлэх ухааны баримт нотолгоогоор батласан байна.

Судалгааны багууд нийгмийн эрүүл мэндэд тустай, эх дэлхийд ээлтэй-тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тустай хоол хүнсийг дэмжих шийдвэрийг гаргах шийдлүүдийг боловсруулахын тулд баталгаа нотолгоог төр засгийн удирдагчид шийдвэр гаргагчдад гаргаж өгөх зорилго тавьж ажилласан байна.

Бид дэлхий даяар хоол хүнсээ өөрчилж байж дэлхий хэмжээнд дэвшүүлсэн зорилтууд болох тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, сааруулах зорилтууд, биологийн олон янз байдлыг авран хамгаалах зорилтуудыг биелүүлэх боломж бүрдэнэ гэдгийг энэ төслийн үр дүн шинжлэх ухааны баталгаа нотолгоогоор баталжээ.  

-Тухайлбал, одоогийн мах, малын сүүн, өндгөнд суурилсан хоолны дэглэм нь хүлэмжийн хийн ялгарлын 26%-ийг бүрдүүлж байна ялангуяа мах, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр мал аж ахуйгаас үүдэлтэй метан хийн ялгарал хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн ялгарлын дийлэнх хувийг (32%) (Нийт метан хийн ялгарлын 60% хүний үйл ажиллагаанаас, 40% байгалийн гаралтай үйл явцаас ялгардаг байна) эзэлж байна. Үүний учир нь хивэгч мал метан хий ялгаруулдаг. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх метан хийн хор хөнөөл нь нүүрсхүчлийн хийнээс 50-100 дахин их байдаг байна.

Өөрөөр хэлбэл байгалийн гамшигт үзэгдлийг давтамж, эрчим нэмэгдэхэд метан хий онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг хурдацтай сааруулж, температурын өсөлтийг 1.5С хүртэл хязгаарлан барихад чухал хувь нэмэр оруулах, эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй стратегийн нэг юм гэдгийг НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрөөс гаргасан Дэлхийн метан хийн үнэлгээ тайланд мөн онцгойлон тэмдэглэжээ. Учир нь метан хийн агаар мандалд орших насжилт 10-12 жилийн хугацаатай. Метан хий нь агаар мандалд оршин байх хугацаа богино байгаа нь бидэнд нэг талаас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, зогсоох найдлага төрүүлж байна. Метан хийг бууруулах арга хэмжээг одоо авч хэрэгжүүлбэл 10-12 жилийн дараа үр дүн нь харагдах тул энэ нь дэлхийн дулаарлын хурдыг бууруулах бодит боломж гэсэн үг юм. Гэтэл нүүрстөрөгчийн давхар исэлийн агаар мандалд оршин насжилт 300-1000 жил байдаг байна.

-Өнөөгийн бидний ашиглаж буй хүнс үйлдвэрлэл болон хүнсний хэрэглээний тогтолцоо нь яагаад биологийн олон янз байдлын мөхлийг бий болгоод байгаа вэ?

Дэлхий дээр биологийн зүйлийн таван удаагийн масс мөхөл болж байсан. Тухайлбал, хамгийн сүүлчийнх нь 65.5 сая жилийн өмнөх динозавруудын мөхөл байсан ба энэ бол тав дахь масс мөхөл юм. Гэтэл одоо бидний амьдарч буй энэ цаг үед зургаа дахь биологийн зүйлийн масс мөхөл болж байгаа. Өмнөх масс мөхлүүд дан байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй байсан бол энэ удаагийн зургаа дахь масс мөхөл бол хүн төрөлхтний үйл ажиллагаа, тэр дундаа тогтвортой бус газар ашиглалт ба усны нөөцийн тогтвортой бус ашиглалт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж болж байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар мах, сүүн бүтээгдэхүүн нь хүний хэрэгцээт илчлэгийн ердөө 18%, уургийн 37% -ийг хангадаг хэр нь дэлхийн нийт хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй газрын талбайн дийлэнх буюу 83% -ийг ашиглаж, хөдөө аж ахуйн үйлдвэрээс ялгарсан хүлэмжийн хийн ялгарлын 60% -ийг ялгаруулж байгаа болохыг харуулжээ. Ийнхүү өнөөгийн хүнсний тогтолцоо нь тогтвортой бус байгааг мөн олон баримтаар батлан судалгааны үр дүнгээ Science сэтгүүлд хэвлүүлсэн нь бидэнд арай өөрөөр сэтгэхэд нэлээд түлхэц болсон байна.

Сүүлийн үеийн бас нэг судалгаагаар хуурай газрын хөхтөн амьтдын бодгалиудын 86% нь  мал эсвэл хүн байгааг нотолсон байна. Хамгийн бага нөлөө үзүүлдэг гэж бидний итгэдэг бэлчээрийн мал аж ахуйгаас авдаг мах, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл өндөртэй байна. Тухайлбал, бэлчээрийн мал аж ахуй нь газрын доройтол цөлжилтийг үүсгэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Бэлчээрийн мал аж ахуй нь хүнсний ногоо, үр тарианы тариалалтаас хамаагүй илүү байгаль орчинд сөрөг нөлөө учруулдаг болохыг мөн дээрх судалгаагаар батлан тогтоожээ.

Мөн газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглан газрын доройтлыг бий болгож зэрлэг амьтдын амьдрах орчныг хумигдуулж байгаа нь биологийн зүйлүүд устаж байгаагийн гол шалтгаан болж байгаа [5,6] гэдгийг олон судалгааны дүгнэлтүүд баталж байна. Энэ дүр зураг ч манай орны хувьд давтагддаг нь Олон улсын байгаль хамгаалах холбооны зүйлийн мөхлийн эрсдлийг үнэлэх Улаан дансны үнэлгээнээс харахад хөхтөн амьтдын амьдрах орчин доройтож, малын хөлд талхлагдаж, амьдрах орчин нь малын бэлчээртэй давхцаж буй байдал нь хөхтөн амьтдын популяцид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болохыг баталсан байдаг. Мөн шувуудын үүр, өндөг малын хөлд гишгэгдэх, хүлэрт намгууд болон ус намгархаг газрууд малын хөлд талхлагдаж шувуудын амьдрах орчин доройтож байгааг Монгол орны шувууны улаан дансны үнэлгээ харуулж байна.

Хүн төрөлхтөн тариалсан үр тарианыхаа гуравны нэгээс илүү хувийг өөрсдийгөө тэжээхэд бус мал тэжээхэд зориулдаг байна, шар буурцгийн тариалалтын 80-90% -ийг малын хэрэгцээнд тэжээл болгодог байна эрдэнэ шишний 61 хувийг, улаан буудайны 20 хувийг  хүний хүнсэнд бус мал тэжээхэд зориулдаг байна [7,8]. Энэ бүхнээс харахад өнөөгийн хүнсний систем нь байгаль орчны хувьд үнэхээр тогтворгүй гэдэг нь дахин батлагдаж байна.

-Нийгмийн эрүүл мэндэд өнөөгийн мах сүүнд суурилсан хүнс яаж нөлөөлж байна вэ?

Улаан мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэж байна [9]. Махан хоол хүнс, ялангуяа улаан мах болон боловсруулсан мах нь зарим хорт хавдар, зүрх судасны өвчин, чихрийн шижин (2-р төрлийн чихрийн шижин) өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг [10]. Мөн эрчимжсэн мал аж ахуй нь антибиотикийг ихээхэн ашигладаг бөгөөд антибиотикт дасалтай, эмд тэсвэртэй өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь хүмүүст халдварлах, эмд тэсвэртэй өвчин үүсгэх уурхай болж байна [11,12,13]. Энэ бол хүн төрөлхтөнд тулгамдаж буй аймшигтай аюул занал юм.

-Тэгвэл бидэнд ямар гарц байна вэ? Хүн төрөлхтөн ямар өөрчлөлтийг хийх ёстой вэ?

Бүх зүйлс хувьсаж өөрчлөгдөж байдаг нь туулийн үнэн юм. Өөрчлөгдөж чадсан нь, дасан зохицож чадсан нь тэсэж үлддэг нь байгалийн хууль юм.

Хүн төрөлхтөн ургамалд суурилсан хоолны дэглэмд шилжсэнээр хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй газар ашиглалтыг 76%-иар чөлөөлж чадна, өнөөгийн хүнс үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг 49%-ийг бууруулж чадна, хөрсний хүчиллэгжилтийг 50%, усны органик бохирдлыг 49% бууруулж чадахаас гадна, цэнгэг усыг 70%-ийг үлэмж хэмжээгээр хэмнэж чадах юм байна  [2]. Хоол хүнсээ 100 % ургамалд суурилсан хоолоор шийдэж чадвал, одоогийн болон ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндийг хамгаалж [14] бас чадахаар байна. Амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар орлуулах бүрэн боломжтой байна.

Энэ бүгдийг хүмүүс бид ухамсарлаж чадаад мах, сүү, өндгийг ургамлын гаралтай уураг, ургамлын сүү, ургамлын гаралтай өндөг орлуулагчаар сольж өөрчлөлтийг хийж чадахаас гадна, шийдвэр гаргагчид хүлэмжийн хий бага ялгаруулж буй эх дэлхийд, нийгмийн эрүүл мэндэд тустай ургамалд суурилсан хүнс үйлдвэрлэлийг дэмжих, ургамалд суурилсан хүнсийг дэлгүүр, кафе, ресторануудад хүртээмжтэй байлгах явдал юм. Мөн эдийн засгийн орчныг өөрчлөх шаардлагатай байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр хүлэмжийн хий бага ялгаруулж буй бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд татаас дэмжлэгийг нэвтрүүлэх, өөрчлөх, замаар ургамалд суурилсан хүнсний бүтээгдэхүүний үнийг илүү хямд болгох өөрчлөхийг хэлнэ. Өнөөдөр мах, сүү, өндөг зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг дэмжиж, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, газрын доройтлыг үүсгэж байгаа хүнсний үйлдвэрийг асар их татаасаар дэмжсэн хэвээр байна. Үүнийг зоригтоогоор нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй.

Хоол хүнсний системийг хэрхэн нийгэм-эдийн засгийн хувьд, эрүүл мэндийн үр дагаврын хувьд шударга тэгш байлгах талаар эрдэмтэд мөн олон олон судалгааг хийгээд эхэлжээ. Тухайлбал, нийгэм-эдийн засгийн доод түвшинд байгаа хүмүүс жимс, хүнсний ногоо бага идэх хандлагатай байдаг гэдгийг тогтоож Их Британи улсад болон Европын зарим орнуудад жимс, ногоог хямд хүртээмжтэй болгох талаар бодого хэрэгжүүлэн анхаарч байна.

Дүгнэж хэлэхэд ургамалд суурилсан хүнсэнд шилжсэнээр бид байгаль орчны, уур амьсгалын өөрчлөлтийн, нийгмийн эрүүл мэндийн хямралуудыг бүгдийг нь цогцоор нь шийдвэрлэж чадах нь байна. Өөрөөр хэлбэл 100% ургамалд суурилсан хоол хүнс нь хамгийн эрүүл, хамгийн зөв, энэ цагийн болон ирээдүйг аврах ид шидтэй хоол хүнс юм. Та ургамалд суурилсан хоолонд шилжиснээр нь нийгмийг хамарсан халдварт бус өвчлөлөөс хүмүүс шаналахгүй, илүүдэл жингээ зохицуулахад хялбар болж, дэлхийн дулаарал саарч-тэгсэнээр байгалийн гамшигт үзэгдлийн эрчим ба давтамж буурна, газар нутаг маань цөлжилтөөс аврагдана гээд төсөөлдөө. Гайхамшигтай биз дээ.  

Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачлага ТББ-ын судлаач, биологич, экологич, байгаль хамгааллын шинжээч Жамсранжавын Жаргал

Ашигласан бүтээлүүд:

  1. EAT-Lancet Commission. Food Planet Health: Healthy Diets from Sustainable Food systems (2019).
  2. United Nations Environment Programme and Climate and Clean Air Coalition (2021). Global Methane Assessment: Benefits and Costs of Mitigating Methane Emissions. Nairobi: United Nations Environment Programme.
  3. Shindell, D., Fuglestvedt, J.S. and Collins, W.J. (2017). The Social Cost of Methane: Theory and Applications. Journal: Faraday Discussions., Vol 200, 429–451.
  4. Benton, T.G., Bieg, C., Harwatt, H., Pudasaini R., & Wellesley, L. (2021). Food system impacts on biodiversity loss. Three levers for food system transformation in support of nature. Research Paper. Energy, Environment and Resource Programme. Chatham House-The Royal Institute of International Affairs. London.
  5. Almond, R.E.A., Grooten M. & Petersen, T. (Eds). (2020) WWF Living Planet Report - Bending the curve of biodiversity loss. WWF, Gland, Switzerland.
  6. Cassidy, E.S., West, P.C., Gerber, J.S., & Foley, J.A. (2013). Redefining agricultural yields: from tones to people nourished per hectare. Environ. Res. Lett. 8 (3), 034015. https:// doi.org/10.1088/1748-9326/8/3/034015.
  7. Correia, J.E., et al (2019). Soy states: resource politics, violent environments and soybean territorialization in Paraguay. J. Peasant Stud. 46 (2), 316–336. https://doi.org/10.1080/ 03066150.2017.1384726.
  8. Clark, M.A., Springmann, M., Hill, J., & Timan, D. (2019) Multiple health and environmental impacts of foods. PNAS. Vol-116 No 46, 23357-23362. https://www.pnas.org/doi/pdf/10.1073/pnas.1906908116
  9. Gonzalez, C. A. (2006) Nutrition and cancer: The current epidemiological evidence. The British Journal of Nutrition, 96(Suppl. 1), S42–S45.
  10. Caffrey, N.P., Nóbrega, D.B., Tang, K.L., Cork, S.C., Sharma, N., Ghali, W.A., & Polachek, A.J. (2017) Restricting the use of antibiotics in food-producing animals and its associations with antibiotic resistance in food-producing animals and human beings: a sys- thematic review and meta-analysis. The Lancet Planetary Health 1 (8), e316–e327. https://doi.org/10.1016/s2542-5196(17)30141-9.
  11. Jones, B.A., Grace, D., Kock, R., Alonso, S., Rushton, J., Said, M.Y., & McKeever, D. (2013) Zoonosis emergence linked to agricultural intensification and environmental change. Proc. Natl. Acad. Sci. 110 (21), 8399–8404.
  12. Van Boeckel, T. P.  (2015) Global trends in antimicrobial use in food animals. Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 112, 5649–5654 doi: 10.1073/pnas.1503141112; pmid: 25792457
  13. Marteau, T. M, Chater, N, Garnett, E. E. (2021) Changing behaviour for net zero 2050. BMJ Journal. BMJ 2021;375:n2293 http://dx.doi.org/10.1136/bmj.n2293
  14. Garnett, E.E.,  Balmford, A., Sandbrook, C., Pilling, M. A., & Marteau, T. M., (2019) Impact of increasing vegetarian availability on meal selection and sales in cafeterias. Proceedings of the National Academy of Sciences. 116 (42) https://doi.org/10.1073/pnas.1907207116
  15. Pechey, R., Bateman, P., Cook, B., & Jebb, S,A. (2022) Impact of increasing the relative availability of meat-free options on food selection: two natural field experiments and an online randomized trial. International Journal of Behavioural Nturition and Physical Activity. 19 (9). https://doi.org/10.1186/s12966-021-01239-z
  16. Pechey, R., Hollands, G,J., Marteau, M,T. (2022) Explaining the effect on food selection of altering availability: two experimental studies on the role of relative preferences. BMC Public Health. 22:868  https://doi.org/10.1186/s12889-022-13067-2
  17. Vogel C, Crozier S, Penn-Newman D, etal. (2021) Altering product placement to create a healthier layout in supermarkets: Outcomes on store sales, customer purchasing, and diet in a prospective matched controlled cluster study. PLoS Med;18:e1003729. doi: 10.1371/journal.pmed.1003729 pmid: 34491999
  18. Garnett E, Marteau T, Sandbrook C, Pilling M, Balmford A. (2020) Order of meals at the counter and distance between options affect student cafeteria vegetarian sales. Nat Food; 1:485-8doi: 10.1038/s43016-020-0132-8.
  19. Springmann M, Mason-D’Croz D, Robinson S, et al. (2017) Mitigation potential and global health impacts from emissions pricing of food commodities. Nat Clim Chang;7:69-74doi: 10.1038/nclimate3155 .
  20. Garnett EE, Balmford A, Marteau TM, Pilling MA, Sandbrook C. (2021) Price of change: Does a small alteration to the price of meat and vegetarian options affect their sales? J Environ Psychol 2021;75:101589. doi: 10.1016/j.jenvp..101589 .
  21. Jansson T, Nordin I, Wilhelmsson F, etal. (2020) Coupled agricultural subsidies in the EU undermine climate efforts. Appl Econ Perspect Policy 00:1-17doi: 10.1002/aepp.13092 .
  22. Maguire ER, Monsivais P. (2015) Socio-economic dietary inequalities in UK adults: an updated picture of key food groups and nutrients from national surveillance data. British  Journal of  Nutrition. 113(1):181–9.
  23. Pechey, R & Jebb, S. (2022) Research project. https://www.phc.ox.ac.uk/study/dphil/graduate-research-projects/testing-the-equity-impact-of-2018nudging2019-interventions-to-encourage-healthier-food-purchasing
  24. Net Zero Strategy: Build Back Greener. (2022) https://www.gov.uk/government/publications
  25. Biodiversity Terrestrial and Freshwater Targets. (2022) Department for Environment Food and Rural Affairs. https://consult.defra.gov.uk/natural-environment-policy/consultation-on-environmental-targets/supporting_documents/Biodiversity%20terrestrial%20and%20freshwater%20targets%20%20Detailed%20evidence%20report.pdf
  26. Potter C, Pechey R, Clark M, Frie K, Bateman PA, Cook B, et al. (2002) Effects of environmental impact labels on the sustainability of food purchases: Two randomized controlle trials in an experimental online supermarket. PloS ONE 17(11).e0272800. https://doi.org/10.1371/journal.
  27. Piernas C, Cook B, Stevens R, Stewart C, Hollowell J, Scarborough P, et al. (2021) Estimating the effect of moving meat-free products to the meat aisle on sales of meat and meat-free products: A non-randomised controlled intervention study in a large UK supermarket chain. PLoS Med 18(7): e1003715. https://doi.org/ 10.1371/journal.pmed.1003715
  28. Deliens, T., Deforche, B., Annemans, L., De Bourdeaudhuij, I., & Clarys, P. (2016) Effectiveness of Pricing strategies on French fries and fruit purchases among university students: Results from an on-campus restaurant experiment. PLoS ONE, 11(11), 1–16. https://doi.org/10.1371/journal.pone.0165298
  29. Garnett, E. E. (2020) The Steaks are high: Reducing meat consumption by changing physical and economic environments to increase vegetarian sales. PhD dissertation. Department of Zoology, University of Cambridge.
  30. Pechey, R., Hollands, G., Reynolds, J, P,. Jebb, S,A., Marteau, T,M., (2022) Is altering the availability of healthier vs. less-healty options effective across socioeconomic groups? A mega-analysis. Int J Behav Nutr Phys Act 19:88 https://doi.org/10.1186/s12966-022-01315-y
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button