
Баян чинээлэг хүмүүсийн амарч, зугаалах дуртай далайн эргийн амралтын газарт зүй ёсоор тооцогддог Фижи улс аравдугаар сарын 11-нээс эхлэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан аялагч, жуулчдад хилээ нээх болсноо албан ёсоор зарлав. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Фрэнк Баинимарамын мэдэгдэлд үндэслэн “ТАСС” мэдээлжээ.

“Коронавируст цар тахлын улмаас үүд хаалгаа бариад бараг хоёр жил боллоо. Энэ бүх хугацаанд бид коронавирусийн эсрэг тэмцэж байв. Одоо харин үйл ажиллагаагаа эхлүүлэн үүдээ нээхэд бэлэн болсон” гэж Ерөнхий сайд хэлэв.
Гэсэн ч коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан жуулчдыг тус улсад ирснээс нь хойш арав хоногийн турш зочид буудалд тусгаарлана.

Австрали, Их Британи, Герман, Испани, Канад, АНУ, Катар, Шинэ Зеланд, АНЭУ, БНСУ, Сингапур, Франц, Швейцарь зэрэг аяллын хорио цээрийн дэглэмгүй зорчих хөрш орнуудын иргэдэд өөрийгөө тусгаарлах шаардлага хамаарахгүй гэдгийг Баинимарама тодотгов.

Мөн тус улсад хэрэгжиж буй хязгаарлалтын ихэнх арга хэмжээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн цуцлана гэж Ерөнхий сайд нэмж ярив.
Аялагч, жуулчид тус улсын хилээр нэвтрэхээсээ 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагатай. Нэмж дурьдахад, арлын мужийн дүрмээр аялагчид Фижи арал дээр байх эхний өдрөө хорио цээрийн дэглэм сахих ёстой аж.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.