“Оюутолгой” Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал авахаар гэрээлэв

"Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг Оюу толгойн уурхайд нийлүүлэх юм. “Хос-Аз” ХХК-тай байгуулж буй энэхүү гэрээнд гарын үсэг зурахад "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат оролцсон юм.
Жилдээ ажлын 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай тус компанитай гэрээ байгуулснаар Монголд үйлдэрлэсэн анхны олон улсын стандарт хангасан шинэ бүтээгдэхүүн бий болж, ханган нийлүүлэх хугацаа богиносож, нэмүү өртөг өсөн нэмэгдэж байна.
Бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шалгуулж, холбогдох туршилт, сайжруулалтыг хийлгүүлэн олон улсын чанар стандартад нийцэж буй эсэхийг дахин нягталж шалгаж үзсэний үр дүнд ийнхүү Оюу толгойн уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боломжтой болж байна.
Өмнө нь Оюу толгойн уурхайн талбарт хэрэглэдэг байсан хөдөлмөр хамгааллын гутал нь төмөр хоншоортой байснаас удаан өмсөн ажиллахад хүндрэл учрах, онгоцны буудлын аюулгүй байдлын хяналтын цэгээр нэвтрэх үед заавал гутлаа тайлах зэрэг хүндрэлтэй учирдаг байлаа. Харин “Хос-Аз” ХХК-ийн монгол ажилчид төмөр хоншоорыг өндөр чанар бүхий хуванцраар орлуулснаар уурхайчдын тав тух, аюулгүй байдлыг зэрэг шийдэж чадсан юм.
“Хос-Аз” компанийн захирал Н.Зоригт хэлэхдээ, “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй “Монголд үйлдвэрлэв” стратегийн хүрээнд зарлагдсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, олон нөхцөл, шалгуурыг давсны үндсэн дээр монгол үхрийн арьсыг ашиглаж, монгол инженерийн ур ухаан шингэсэн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх болсондоо баяртай байна. Энэ стратегийн хүрээнд олон бүтээгдэхүүн эх оронд минь үйлдвэрлэгдэж, цаашлаад олон улсад ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэх байх гэж найдаж байна” гэж хэллээ.
Т.САНТ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.