Сурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.


М.Уранцэцэг: Тэмцээнээс ганзага хоосон ирж, монгол түмнийхээ итгэлийг алдах эрх надад байхгүй

ДАШТ–ээс алт, мөнгө, хүрэл медаль авсан Монголын анхны, дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн улсынхаа хоёр дахь (Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа) жүдоч, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй ярилцлаа.

–ДАШТ–ий иж бүрэн медальтай Монголын анхны жүдоч болж, бас нэгэн шинэ хуудас нээсэн танд баяр хүргэе. Та маргаашнаас (өнөөдөр) бэлтгэлдээ орно гэж дуулсан. Эх орондоо ирээд нэлээд хэд хонолоо. Хангалттай амарч амжив уу?

-Баярлалаа. ДАШТ-д зодоглосон Монголын жүдочид есдүгээр сарын 2-нд эх орондоо ирсэн. Ажил амжуулах гээд ирснээсээ хойш нойргүй шахам явлаа. Тухтай амрах сөхөө ер гарсангүй. За, тэгээд болох байх аа (инээв).

–Сая аав тань гавьяаттай цуг яваа харагдсан. Охиноо ДАШТ–ээс медаль хүртлээ гээд тосохоор хөдөөнөөс ирсэн бололтой.

-Тэгсэн. Аав минь Баянхонгорт мал маллаж амьдардаг. Намайг тосохоор хөдөөнөөс ирсэн юм.

–Хөдөөний ажил мундахгүй, барагдахгүй. Амжилт гаргах бүрт нь таныг тосож амждаг уу?

-Гайгүй ээ, амждаг. Ер нь завчилж байгаад охиноо тосдог. Аав миний араас сүү өргөн, хүлээгээд л суудаг юм.

–ДАШТ–ий шагналын тавцанд зогсож байхад түүхэн амжилтын эзэн боллоо гэх бахдал, өмнөх амжилтаа ахиулж, дэлхийн хошой аварга болж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрөв?

-Хүссэн тамирчин бүхэн ДАШТ-ээс медаль авч чадахгүй. Бэлтгэл, сургуулилалт сайтай, өмнө нь дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, үзүүрлэж байсан болохоор энэ удаа амжилтаа давтах, хошой аварга болохын төлөө зүтгэлээ. Харамсалтай нь, түүндээ хараахан хүрч чадсангүй. Монголын ард түмнээсээ хүлцэл өчье.

Гэхдээ юу гэж хүрэл медалиа чамлах вэ. Баяртай байна аа. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны жүдоч болчихоод зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө, төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий ааваараа их бахархлаа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Урлаг судлаач М.Амина: Хайр гэдэг чинь САЙН ДУРЫН БООЛЧЛОЛ шүү дээ

Eguur.mn ярилцлагын буландаа залуу урлаг судлаач М.Аминаг урилаа. Түүний тун удахгүй зохион байгуулах гэж буй “Синдром” арт шоуны талаар болоод, бусад сонирхолтой сэдвээр ийн хөөрөлдөв.

-Залуу урлаг судлаач хүний өдөр тутмын амьдралын хэмнэл хэрхэн өнгөрч байна вэ? Үүнээс хоёул ярилцлагаа эхэлье.

-Ер нь хүмүүс шар шувуу, болжмор гэж хоёр хуваагддаг шүү дээ. Би бол үргэлж шар шувуу байсаар ирсэн. Шөнийн цаг их таалагддаг. Хорвоо ертөнц тэр аяар унтаа байдалд оршдог учир саад болох хэн ч үгүй, аливаа ажилд төвлөрөөд суухад сайхан. Иймээс ихэвчлэн шөнө номууд уншиж, судалгааны ажлаа бичдэг. Харин өдөр нь, үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг хүн /инээв. Сурв/. Өөрийгөө яг ч зөв амьдардаг хүн гэж хэлж чадахгүй юм байна. Эрсдэл дагуулах ч байсан хамаагүй сэтгэлийн таашаал авах зүйлсийг хийх дуртай.

-Та дүрслэх урлагийн “Анима” сургуульд багшилдаг байх аа? Багшийн ажлаас гадна ойрын үед ямар ажил амжуулж явна вэ?

-Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургууль 1994 онд байгуулагдаж байсан. Аав, ээж хоёрын маань байгуулсан энэ сургууль өдгөө 25 жилийнхээ нүүрийг үзэж байна. Анима гэдэг нь эртний латин хэлээр сэтгэл, сүнс гэсэн утгатай үг. Би энэ сургуульдаа гоо зүй, дэлхийн урлагийн түүхийн хичээл ордог. Анх багшилж эхэлснээс хойш зургаан жил өнгөрсөн байна.

“Амина” сургуульд багшлахаас гадна олон нийтэд зориулсан лекц уншдаг. Лекцүүд маань ихэвчлэн “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх”, “Согтуу зураачдын сод бүтээлүүд” гэх мэт сонирхолтой нэртэй. Манай улсад оюуны боловсрол дутагддаг, тэр дундаа урлагийн боловсрол бүр ч дутмаг гэж хувь хүнийхээ хувьд хардаг юм. Ийм учир хүмүүсийн урлагийн боловсролд нэмэр дөхүү болохуйц бичил төслүүд дээр ажиллаж, лекц сургалтууд зохион байгуулдаг даа. Фэйсбүүк орчинд “Сахилгагүй Аминагийн лекцийг сонирхогчид” гэдэг групптэй. Үүгээрээ дамжуулж мөн урлагийн сэдэвтэй мэдлэг, мэдээллийг түгээдэг.

-Ойрын үед шинээр санаачилсан, зорьж төлөвлөөд буй зүйлсээсээ хуваалцаач?

-Энэ сард ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит академид магистрын зэрэг хамгаалахаар явах юм. Суралцах хоёр жилийн хугацаандаа гадаад орны хүмүүс урлагийн боловсролдоо хэрхэн анхаардаг, мэргэжлийн хүмүүс нь ямар бодлого барьдаг зэргийг судалж ирээд эх орондоо хэрэгжүүлье гэсэн бодолтой байна. Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл, явахаасаа өмнө “Синдром арт шоу”-г зохион байгуулах ажил байна даа. Урлагийн холбогдолтой лекц, үзвэрүүдийг салангид байлгахаас илүү, үзэгчдэд урлагийн “цогц” ертөнцөд орж, мэдрэхэд нь туслах зорилгоор олон урлагийн үзүүлбэрүүдийг нэгтгэж буй онцлогтой. Урлагийн түүхийн лекц, саунд-арт, модерн балет, уран зургийн үзэсгэлэн, мексик үндэстний бүжиг гэх мэт олон зүйл нэгдсэн арт шоу юм.

Урлагийн түүхийн лекцээр Сальвадор Дали, Фрида Кало, Ван Гог хэмээх зууны суутан зураачдын амьдрал, уран бүтээлийн талаар ярина.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Д.Оюунхорол гишүүн нөхрөө Хонконгийн консулаар томилуулахаар тохиролцоо хийсэн үү?

Улс төрийн хүрээнд Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга гээд чухал асуудал хэлэлцээд тун завгүй өдрүүд өрнөж буй. Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцээд улс төрийн хөшигний ард албан тушаалын тохироо хийгдэж байгаа сурагтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхрөө Хонконгийн ерөнхий консулаар томилуулахаар Ерөнхийлөгчтэй тохиролцсон гэх мэдээлэл байна.

Түүний нөхөр Г.Жаргалсайхан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрыг байгуулахад Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар гарснаас хойш Д.Оюунхорол гишүүний нөхөр Г.Жаргалсайхан нь ажлаасаа чөлөөлөгдөж, одоо Гадаадын хөрөнгө оруулалтын судалгааны төвд ажилд орохоор зэхэж байгаа гэнэ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ОХУ-ын “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д ажилладаг Цөмийн физикч З.Батсүрэнтэй ярилцлаа

ОХУ-ын Дубна хотын “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт” олон улсын байгууллагад ажиллаж буй Цөмийн физикч З.Батсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-д үндсэн мэргэжлээ эзэмшиж, Румын улсад цөмийн эрчим хүчний инженерээр магистрын зэргээ хамгаалснаас хойш салбартаа тасралтгүй ажиллаж яваа нэгэн. Хүүхэд байхаасаа л томчуудаас асуусан асуултынхаа хариултыг авч чаддаггүй байсан хүү өөрөө олж мэдэх их хүсэлдээ автсан нь шинжлэх ухааны салбарт дурлах замыг нь нээж өгчээ.

-Цөмийн физикч мэргэжлээр аль сургуулийг төгссөн бэ. Монголд мэргэжлээрээ хаана ажиллаж байв?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Их Сургуулийг цөмийн технологич мэргэжлээр төгссөн. Румын улсын Бухарестийн Политехникийн Их Сургуулийн Цөмийн эрчим хүчний инженерээр магистр хамгаалсан. Магистраа хамгаалж Монголдоо буцаж ирээд Геологийн төв лабораторид цөмийн физикийн шинжилгээний инженерээр ажиллаж байгаад Дубнад ирээд байна. Монголд ажилллаж байхдаа голчлон эрдэс чулуулгын химийн найрлагыг шинжилж судалдаг байсан бол ЦШНИ-д ирээд шинэ цөм үүсгэж бүртгэх тал дээр ажиллаж байна.

Таны мэргэжил Монголд их ховор мэргэжил үү? Яагаад цөмийн эрчим хүчний салбарт дурлаж сонгох болов?

-Дэлхий дахинаа Цөмийн физикийн салбар хөгжөөд олон жил болж байна. Манайд ч мөн тодорхой шатанд хөгжиж, урагшилж л байна. Энэ салбараас төрсөн олон эрдэмтэд бий. Залуу цөмийн физикчид ч мөн цөөнгүй. Тэгэхээр ховор мэргэжил гэхээс илүүтэй төдийлөн ил гараад байдаггүй салбар гэвэл онох юм уу. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтад олон улс орноос эрдэмтэн инженерүүд ажилладаг. Энэ дунд Монгол Улс уг байгууллагыг 1956 онд хамтран үүсгэн байгуулалцсан 12 улсын нэг гээд харахаар бид энэ салбарын түүхийг 60 жилээр ярих хэмжээний болжээ гэсэн үг. Харин энэ салбарт дурлах болсон шалтгаан олон. Ер нь багаасаа их сониуч хүүхэд байсан. Энэ нь ч байгалийн шинжлэх ухааныг түлхүү сонирхоход хүргэсэн байж болох юм. Хүүхэд байхад зарим асуултынхаа хариултыг томчуудаас авч чаддаггүй байв. Тиймээс өөрөө олж мэдэх, өөрөө судлах, унших хэрэгтэй болсон. Эндээс л шинжлэх ухааны салбар, байгалийн шинжлэх ухааны салбарыг сонирхож эхэлсэн. Мэдээж шууд л би энэ салбарын хүн болчихъё гэж бодоогүй. Аав минь энэ салбарын хүн учир миний сонголтод их нөлөөлсөн. Багаас л гэрт цөмийн физиктэй холбоотой ном товхимол дүүрэн байв. Тэндээс уншиж ойлгосноор миний мэдэхийг хүссэн олон асуултад цөмийн физикийн салбар хариулт өгч чадах юм байна гэж бодож, энэ салбарыг сонгож суралцан өнөөдөр ажиллаж байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: “Үжин” төв хаалгаа барих нь, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд хаачих вэ

Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвөөс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Биднийг Хүүхдийн эрх хамгаалал төвийн дэргэдэх Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”- ийг үүсгэн байгуулагч Д.Ундраа хүлээн авсан юм.

Уг төв нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нд анхныхаа хохирогч хүүхдийг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 32 хүүхэд уг төвд байршиж, цогц үйлчилгээг аван эргэн харьсан бол сар бүрийн давхардсан тоогоор 94 хүүхэд үйлчилгээ авч чаджээ. Үжин төвийн хувьд одоогийн нөхцөл байдал нь хүнд буюу санхүүгийн бэрхшээлд орсон учир зайлшгүй шаардлагатай байх ёстой таван хүүхдээ авч үлдэн нөхөн сэргээх эмчилгээгээ хийж байгаа гэлээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэн нийгэмд хөл нийлүүлэхэд маш их асуудалтай тулгардаг. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлж, бүрэн анхаарах явдал бага.

Үжин төвд 21 аймаг, 9 дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээр дамжиж Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн хамгаалах байранд 3-7 хоногийн үйлчилгээ авсан эрсдэлийн түвшин өндөр хохирогч хүүхдүүд ирдэг. Уг төвийн онцлог нь бага насны хохирогч хүүхдийг хүлээн авдаг гэдгээрээ онцлог. Гэвч тэд амиа хорлох оролдлого хийчихсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн гэх мэт эрсдэл өндөртэй охидыг авч олон сараар цогц үйлчилгээ үзүүлэн төвдөө байлгасаар байгаа ажээ.

Үжин төвд 15 нас 9 сартайгаасаа төрсөн эцэгтээ жилийн турш хүчирхийлүүлсэн охин байх бөгөөд тэрээр уг төвийн хамгийн том хүүхэд. Түүний хувьд хуулийн болон сэтгэл зүй, сэтгэл засал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнүүдийг бүрэн авсан. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ буюу хярзан оёулах, онгон хальс нөхүүлэх эмчилгээг хийлгэхээр хүлээж буй.

Тэрээр ээжийгээ өнгөрсний дараа ахдаа өөрийгөө хүчирхийлэлд өртөж байсан талаар хэлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан Үжин төвд ирсэн байна. Энэ хэрээрээ түүнтэй холбоотой хэрэг хурдан шийдэгдэж чадсан байна. Тэрээр би Үжин төвд ирснээр ирээдүйгээ өөдрөгөөр харж чадсан, ирээдүйд сэтгэл судлаач болно гэх мөрөөдлөө хуваалцаж байсан юм.

Үжин төвд хамгийн багадаа таван настай хүүхэд ирж байжээ. Хөвгүүд хандаж нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг хүсэж байсан уу гэх асуултад орон байрны хувьд хүрэлцээ муу учир боломжгүй байгаа. Эрэгтэй хүүхдийн зүгээс гурван удаа хүсэлт ирж байсан. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 настай хүүгээ эмчилгээнд оруулахыг хүссэн ээж. Мөн анх эрэгтэй хүний бэлгийн хүчирхийлэлд өртөж яваандаа бэлгийн чиг хандлага нь өөрийн мэдэлгүй өөрчлөгдсөн хүүгийн гэр бүлээс хүсэлт гаргаж байлаа. Түүнчлэн бид өнгөрсөн жил гарсан нэг ой 10 сартай хүүгийн ар гэрт хүсэлт тавин эмчлүүлэхийг санал болгосон ч тэдний зүгээс татгалзсан хэмээлээ.  

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


БИЧЛЭГ: Б.Баттулга дасгалжуулагчийн тохуурхал

Энэ жил УАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрх өвөртөлсөн М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийн, хэвлэлд хандсан. Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах болсныг тэд эсэргүүцсэн юм.

М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн хэвлэлийн хурлын дараа Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нартай уулзсан юм.

Энэ үеэр М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Бидэнд өгсөн эмчийн бичиг тамгагүй байсан. Хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Оригтой нь харьцуулж харья” гэсэн. Тэгэхэд Б.Баттулга дасгалжуулагч нөгөө өрөө рүү өнөөх бичгийг нь авчирахаар явав. Тэрбээр буцаж ирснээ “Олддоггүй ээ” гэхэд нь М.Пүрэвтунгалаг болон ар гэрийнхэн нь ихэд бухимдав.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ц.РАДНАА: Тэтгэвэрт гарсныхаа дараа өглөө бүр явган гүйж очоод адуугаа хураадаг байлаа

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Зайсан толгой дээр ганц ч амралгүйгээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа гуай юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн дэд аварга тэрбээр хэдхэн хоногийн өмнө Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчлэн, Монгол Улсын нэрийг дэлхийд дахин дурсгав. Монгол хүний шандсыг дэлхийд гайхуулж яваа Ц.Раднаа гуайтай ярилцлаа.

-Юуны өмнө Австралийн тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдийнх нь дээд амжилтыг эзэмших болсонд тань баяр хүргэе. Сайн явж ирэв үү, та. Замдаа хэр ядрав?

-Баярлалаа. Австралийн тэмцээн 10 хоног үргэлжилсэн, би таван төрөлд оролцсон болохоор их ядарлаа. Онгоцоор олон цаг нисэх ч бас шаггүй шүү. Дуу нь их сүрхий юм аа. Чих дөжрөөчих шахлаа (инээв). Онгоцоор 14 цаг нисэн, хоёр дамжаад өнөө өглөө 04.00 цагт (өчигдөр) эх орондоо ирлээ. Сэтгэл их хөдөлж, Монголдоо хурдан ирэх сэн гэж их яарсан. Монголчууд амжилтаар минь бахархаж байна гэж манай гэрийнхэн надад хэлсэн. Тэгсэн болоод ч тэр үү, Монгол руу дөхөх тусам догдоллоо. Дэлхийн аварга болсноосоо хойш оролцсон анхны тэмцээн минь энэ. Уг нь Налайхад болсон нэг тэмцээнд хурд сорихоор төлөвлөж байв. Яг тэр үеэр манай Өмнөговь аймгийнхан нутагтаа урьсан юм. Яалт ч үгүй давхцаад өрсөлдөж чадаагүй. Би Австралийн тэмцээнд амжилт гарган, Монгол түмнээ дахин баярлуулж, огшоох сон гэж чин сэтгэлээсээ хүссэн, бүхнээ дайчилсан. Түүндээ хүрсэндээ их баяртай байна. Тааруу амжилт гарган монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэх вий гэж санаа их зовсон. Амжилт гаргаарай, хичээгээрэй гэж дэмжсэн монгол түмний итгэл намайг ивээж, амжилтын минь замыг дардам болгосон байх. Оролцсон төрөл бүхэндээ дээд амжилт тогтоосон. Монголдоо ирэхэд онгоцны үйлчлэгч хүртэл “Та сайн явж ирэв үү. Мундаг шүү” гээд тосоход их сайхан санагдлаа. Австралийн тэмцээнд надтай хамт хоёр монгол тамирчин өрсөлдсөн. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор таван алт, нэг мөнгө, 65 настай Нараа хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 81 настай Т.Цэрэндолгор үнэхээр ясны тамирчин. Австрали ёстой нэг зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн орон юм билээ. Дүхийсэн биетэй, биерхүү тамирчин олонтой юм байна. Тэднийг илүүрхэх үнэхээр хэцүү. Ёстой Т.Цэрэндолгор тулдаа л түрүүллээ.

–Ц.Раднаа гуайг энэ жил дэлхийн аварга болоод ирэхэд хань, 80 гаруй настай хоёр дүү, гэр бүлийнхэн тань тосохыг хараад сэтгэл их хөдөлсөн. Өнөө өглөө ч бас таныг бүгдээрээ тоссон гэсэн. Өдий насандаа баярт мөчөө эрхэм хүмүүстэйгээ хуваалцана гэдэг ховор хувь заяа болов уу?

-Тийм шүү. Дэлхийн аварга болсноосоо, Австралийн  тэмцээнд бахдам амжилт гаргаснаасаа дутахгүй үүнд олзуурхаж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Би малын эмч, биеийн тамирын багш мэргэжилтэй. Манайх зургаан хүү, дөрвөн охинтой. Нэг нь ч архи ууж, тамхи татдаггүй, хүмүүжилтэй. Манай хүүхдүүд спортын дөртэй, олонх нь спорттой амьдралаа холбосон. Том хүү, хамаатны цөөнгүй дүү минь биеийн тамирын багш. Төрөө, Батсайхан нар хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан, ууган хүү Бадрах Украины биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, усанд спортын Монголын анхны мэргэжлийн дасгалжуулагч. Нэг охин минь дөрвөн төрөлтийн УАШТ-д чамлахааргүй амжилт гаргасан. Бадрах Х.Баянмөнх аварга Биеийн тамир, спортын хорооны дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан юм. Хань минь залуудаа аймаг, сумын гүйлтийн тэмцээнд оролцдог байсаан. Ууган хүү минь ОУХМ, Баяр, Төрөө хоёр спортын нэг, Батсайхан спортын гуравдугаар зэрэгтэй.

–Танайх үнэхээр спортлог гэр бүл юм байна. Хүүхдүүд тань спортод хорхойсоход, амьдралаа холбоход та их нөлөөлсөн байх.

-Магадгүй л юм. Бага байхад нь өглөө бүр дагуулан гүйдэг байлаа. Гүйсээр уулын оройд гаран, бие тавирч, амьсгаа дарагдаж байхад үүр цайдаг сан. Тэр бүхэн манай хүүхдүүд спортод дөртэй, элэгтэй болоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Спортлог гэснээс манай зарим хүүхэд морь уядаг. Том хүүгийн морь улсын наадамд түрүүлж байсан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Имартын шинэ салбар дахь ТОГЛООМЫН ТӨВӨӨС онцлох 21 тоглоом

Имарт худалдааны төв Хан-Уул дүүрэгт шинэ салбараа нээгээд удаагүй байна. Тус төвийн гуравдугаар давхарт байрлах тоглоомын шинэ төв Монголдоо нэгэн шинэ стандартыг тогтоолоо. БНСУ-ын “Play time 1250” нэртэй компаниас албан ёсны эрхтэй орж ирсэн энэ төвийн ажилтан албан хаагчид үүднээсээ эхлэн гэрэл цацруулж, инээмсэглэсээр угтах нь дотно. Тоглоомын төвд ажлын өдөр гэхэд олон хүүхэд ээж аавынхаа хамтаар бужигналдаж байна.

Тэд ийм өндөр таазтай, үйлдэл бүр дээр нь туслахаар угтах эелдэг ах эгч нартай, өмнө тоглож үзээгүй тоглоомуудтай, айдсаа ардаа гээж эр зоригоо шалгах, хөгжилдөж инээлдэх, уралдаж наадах, авирч үсрэх гээд төрөл бүрийн зориулалт бүхий тоглоомуудаар хантлаа тоглоно.

Тоглоомын төв нийт 21 тоглоомтой. Бүгдийнх материалууд хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан зөөлөвч, хамгаалалттай байна. 3-4 метрийн өндрөөс гулгаж буух вакум гулгуур, зөөлөн гудсан дээр суугаад гулгаж буух өндөрлөг, аюулгүйн бүс зүүгээд дэнжигнэсэн модон шатаар агаар дээгүүр алхах, элдэв саад бартааг туулах өндөрлөг дэх ханан хавцал, авиралтын хана, дугуйтай гутал гээд өсвөр насныханд зориулсан экстрим тоглоомууд байна. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан нам гулсуур, бөмбөлөгөн далай, олсон тоглоом, супермаркет гэх мэт нас насны ангилалд тохирсон тоглоомууд биднийг угтлаа.

Имарт худалдааны төв дэх уг тоглоомын төв өдөр бүр өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллаж, сүүлийн захиалгаа 20 цагаас авдаг бөгөөд, 20-21 цагийн хооронд богино хугацаанд буюу нэг цагийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Бид тоглоомын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Play time 1250” тоглоомын төвийн Ерөнхий менежер А.Элбэгбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ХЭРЭГ: Үйлчилгээний хөлсөө хар тамхиар авдаг өмгөөлөгчийг саатууллаа

2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 181 гэмт хэрэг гарч, 319 хүн шалгагдсан гэх мэдээллийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өгч буй. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хэрэг мөрдөлт, илрүүлэлт ч мөн адил өсөж байгаа юм.

Тэгвэл иргэдэд хуулийн зөвлөгөө мэдээлэл хүргэдэг өмгөөлөгч хар тамхины хамааралтай донтогч байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, хуулийг сурталчлах үндсэн үүрэгтэй өмгөөлөгч хүн эсрэгээрээ иргэдэд хууль бус зүйл санал болгож, өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлдэг байсан нь ноцтой зөрчил. Мөн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгаас гарч болох бүхий л үр дүнг мэдэх хуулийн ажилтан хүртэл энэ төрлийн зүйлд донтсон нь харамсалтай дүр зураг болон харагдаж байна.

Хэргийг Тодруулбал, Тухайн Өмгөөлөгч Нь 40 Орчим Насны Эрэгтэй О Гэгч Бөгөөд Өмнө Нь Хулгайн Гэмт Хэргээр Ял, Шийгтгэл Эдлэхийн Сацуу Баригдахаасаа Хэдхэн Сарын Өмнө Энэ Төрлийн Гэмт Хэрэгт Өмгөөлөл Хийж Байжээ.

Түүнийг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэргээр шалгагдаж байсан үйлчлүүлэгч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Т болон Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан А нартай өөрийн машинд хар тамхи хэрэглэж байх үед нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид үйлдэл дээр нь дайчлан баривчилжээ. 

Өмгөөлөгч О нь иргэдэд хууль, эрх зүйн зөвөлгөө өгснийхөө хөлсөнд хар тамхи авдаг байж. Ингэхдээ санхүүгийн боломжгүй, хуулийн зөвлөгөө авсан үйлчлүүлэгчдээ ажлын хөлсөнд хар тамхи авч ирэхийг санал болгодог байсан нь шалгалтаар тогтоогдсон гэх.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Хатиганд дөнгөлүүлсэн Монголын спортын анагаах ухаан

Биенд нь хатиг гарсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болсон, 18 настай тамирчин М.Пүрэвтунгалагийн асуудал Монголын спортын анагаах ухааны салбарын өнөөгийн хөгжил, эмч нарын ур чадвар ямар байгааг яруу тодоор харуулав.

Алс хол, хөдөө нутгийн буйдхан сумд амьдардаг тамирчин байсан бол аргагүй гэх сэн. Мэргэжлийн эмчгүй, юм юмнаас хол гээд ойлгох сон. Гэтэл ДАШТ-д оролцох эрх авч, үндэсний шигшээ багт бэлтгэл хийн, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарын хяналтад байсан тамирчны хатигийг эмчилж чадахгүй байсаар ийм байдалд оруулсан нь үнэхээр харамсалтай. Харамсалтай гэхээс илүү хариуцлагагүйнх.

Өнөөдөр гарсан хатигийг маргааш эмчлүүлээд тэмцээнд оролцуулмаар байна гэсэн бол өөр хэрэг. Гэтэл М.Пүрэвтунгалагийг энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэх үеэр түүний биед хатиг анх гарчээ. Тухайн үеэс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эмч нарт үзүүлж, эмчлүүлсэн ч тусыг эс олсоор өдий хүрсэн гэнэ.

Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө цагт бүхэл бүтэн гурван сар шахам хугацаанд ганц хатиг эмчилж чадахгүй явсаар өдий хүрсэн нь үнэхээр хариуцлагагүйнх.

Хатигийг хэдий хугацаанд бүрэн эмчлэх боломжтой талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Хатанбаатараас тодруулахад “Шархны том, жижгээс шалтгаалан 14-21 хоногийн дараа эдгэдэг. Хатиг бол вирусийн гаралтай өвчин. Буруу эмчилсний улмаас олон дахиж гардаг” гэв. Мэргэжлийн хүний тайлбар нэг иймэрхүү. Угаасаа хатигийг хүмүүс сайн мэднэ, элдэв тайлбар илүүц биз ээ. Түүний хэлснээр 14-21 хоногийн дараа эдгэрдэг, буруу эмчилсний улмаас дахин гардаг гэнэ. Гэтэл бүхэл бүтэн гурван их эмчтэй алба ганц муу хатиганд дарлуулаад сууж байгаа нь дэндүү хөөрхийлөлтэй. Тэгээд бүр ганц бус гурван сарын хугацаанд эмчилж чадахгүй “За, эмчилж чадсангүй. Өөр тамирчин явуулъя” гээд сууж байгаа нь дэндүү өрөвдөлтэй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Азийн хөлбөмбөгийн холбооноос онцолсон “од” хөгжөөн дэмжигчтэй ярилцлаа

Өнгөрсөн өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр тоглолт хийж, маш олон фанат нь тэднийг дэмжихээр ирсэн байв. Үүний дундаас Монголын шигшээ багийн үнэнч фанат болох н.Цэцэнбаатарыг дурдахгүй байхын аргагүй.

Тэрээр шигшээ багийнхаа тоглолтыг үзэж буй үзэгчдийг уриалан, маш идэвхтэй байдгаараа алдартай нэгэн. Азийн хөл бөмбөгийн холбооны инстаграм хуудсанд түүний зураг нийтлэгдэж, FIFA TV-ын нэвтрүүлгийн үеэр хүртэл түүнийг онцгой шүтэн бишрэгч хэмээн дурдсан байдаг. Иймд бид түүнтэй 2019.09.10-ны өдөр болсон Тажикстан Монголын багийн тоглолтын дараа хэсэг хуучиллаа.

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Шигшээ багийнхан маань хожлын дайтай сайн тоглолоо. Таны хувьд сэтгэгдэл хэр байна вэ?

–Тажикстаны хаалгач нь мундаг юм байна. Манайхан маш сайн тоглосон, үүнийг баттай хэлж байна.

-Мьянмар улстай хийсэн тоглолтын үеэр та ирээгүй байсан хаагуур байв?

-Харин тиймээ. Хүмүүс намайг үнэнч фений ажлаа тасалсан гээд ихэд сурагласан. Ах нь ажлаа тасалсан ч тусгай даалгавартай явсан юм. Өнөөдөр ч уг нь ирэх боломжгүй. Маргааш өнөөх чухал даалгавар байсан ч түүнийгээ хаяад ирсэн чинь баг маань хожигдчихлоо. Гэхдээ хэлсэн шүү дээ үнэхээр сайн тоглосон гэдгийг баттай хэлж байна. Зүгээр л сүжгээр бодоход, муу ах нь ирдэггүй байж дээ. Даалгавраа хийгээд явж байдаг байж. Тэгсэн бол өмнөх тоглолт шиг хожихгүй юу гэж бодоод өөртөө гомдож байна /уйлав. сурв/

-Нууц биш бол үнэнч фанатын ажлыг таслуулах ямар даалгавар байсан юм болдоо? Таныг ажлаа тасалсан гэж хэлсэн хүмүүст ямар хариу хэлэв?

–Би “аагт” авсан гэж хэлсэн. Ах нь бэр гуйсан юм байхгүй юу. Маргааш ч бэр гуйх байсан. Гэхдээ өнөөдөр манай баг хожсон бол ах нь 30 нас залуужих байсан байх аа. Сая ажлаа таслахад минь огт танихгүй хүмүүс хүртэл асууж сураглаад, ахаа ингээрэй тэгээрэй гэсэн, тэр бүрд нь баярласан шүү.

-Зарим тоглолтуудын дундуур “Халуун элгэн нутаг” дууг дуулж байсан. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг ч дуулсаар байдаг шүү дээ?

–Халуун элгэн нутаг чинь ганц хөлбөмбөгчдийн дуу биш, Монгол хүн бүрийн дуулах ёстой дуу. Ямар ч төрлийн спортынхон дуулж явдаг учир энэ дуугаа хөгжөөж явахыг боддог. Хожигдож, ялагдчихаад чимээгүйхэн гараад явснаас энэ дуугаа дуулаад гарах нь илүү дотно сайхан байдаг. Тийм учраас солгой хоолойтой ч гэсэн энэ дуугаа хааяа нэг хөгжөөнө шүү дээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Ж.Эрдэнэбатыг “Алтай консракшн”-ы Б.Бат-Эрдэнэд 1 саяар ЛИЦЕНЗ ХУДАЛДСАН асуудлаар АТГ шалгаж эхэлжээ

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан баримтыг бид өмнө нь дэлгэсэн.

Тодруулбал, Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-аас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг  “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авсан байдаг.

Улмаар хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин ЗУРГААН САРЫН ДАРАА /2018.07.03/  өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө НЭГ САЯ төгрөгөөр зарсан байдаг. “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ нь өөрийнхөө нэр дээр уг арилжаанд оролцохоосоо САРЫН ӨМНӨ “Бэст ланд майнинг” ХХК-аа байгуулан, уг лицензийг шилжүүлэн авсан. Энэ нь уг арилжаанд зориулж, ЗОРИУДААР КОМПАНИ БАЙГУУЛСАН гэх хардлагыг үүсгэдэг билээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

“Бидний цөөхөн Монголчууд” төсөл гурван жилийн хугацаанд Монгол улсынхаа таван аймгаар бүрэн тойрохын зэрэгцээ Япон, Өвөрмонгол, ОХУ гээд хилийн чанадад суугаа Монголчууддаа ч хүрч ажиллаж чаджээ. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж гурван жилийг ардаа орхисон энэ багийнхан саяханаас нийслэл Улаанбаатартаа ажиллахаар ирээд байна.

Бид М.Зоригттой түүний шинэхэн “гэр” машинд цаг товлон уулзлаа. Дотроо унтлагын хэсэг, гал тогоо, оффис гэсэн хэсгүүдээс бүрдэх энэ “гэр”-тэйгээ цаашид олон ч аймгаар явахаар төлөвлөжээ.

-Ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Бидний цөөхөн Монголчууд” төсөл юу амжуулсан талаар товчхон ярилцах уу?

-Төслөө эхлүүлснээс хойш гурван жилийг ардаа орхижээ. Энэ гурван жилийн хугацаанд нийлбэр дүнгээр дөрвөн сар л гэртээ байж. Бусад үед нь аялан ажиллаж байж. Хөдөө гадаагуур 15-20 хүн, хотод ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал 30 гаруй хүн манай төсөлд хамтарч, гурван машинтай, гурван чиргүүлтэй явсаар ирлээ. Энэ хугацаанд бид Монголынхоо таван аймгийг бүрэн дуусгаж, нэг аймагт 3-4 сар, нэг суманд гурван зэрэг салж ажиллахдаа 4-5 хоног ажиллаж явлаа. Одоо харин гурван аймагт ажиллаж байгаа. Сэлэнгэ 60 орчим, Хэнтий 80-90, Дорнод эхлэл төдий буюу 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн энэ хугацаанд гадаадад ажилласаар ирлээ. Япон улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн нэг сар ажиллаж, Япон “аймгийн” Токио “сумын” Монголчууд, Осака “сумын” Монголчууд гэх зэргээр ажиллаад энэ цаг үеийг нь, энэ ахуй амьдрал, аж байдлыг нь түүхчилж авсан. Мөн хөрш зэргэлдээ оршиж буй Монголчуудын төвлөрөлтэй ОХУ-ын Тува, Буриад, Өвөрбайгалийн хязгаар нутаг, Өвөрмонголын Баяннуур аймагт ажиллаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ гурван жилийн босгон дээрээс эргээд харахад Монгол хүн бүрт “Бид чинь цөөхүүлээ шүү дээ, цөөхүүлээ учир эвтэй найртай, илүү хариуцлагатай байх ёстой юм байна” гэдгээ ойлгуулж, хүргэж чадсан болов уу гэж итгэж, найдаж яваа. Төслийн нэр ч агуулга зорилгын хувьд ийм л байсан.

-Танай төсөл цар хүрээгээ тэлж олон улсын хэмжээнд хүрэх гэж байгаа гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргав? Хэрэгцээ шаардлага мэдрэгдэв үү?

-Бид олон улсад ажиллаад ирэхдээ энэ төслөө олон улсын төсөл юм гэдгийг ойлгосон. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн нэрийг бид анхны номоо хэвлүүлэхдээ орчуулах гээд орчуулж чадахгүй байсан. Махчлах уу, үгчлэх үү гээд ерөөсөө л “явж өгөөгүй”. Сүүлд нэг зүйлийг ойлгосон. “Бидний цөөхөн Монголчууд” гэдэг энэ сэтгэлд дулаан үгийг зөвхөн монголчууд бид өөрсдөө л мэдэрдэг юм байна. Өвөрмонголд байгаа Монголчууд, Орост байгаа Монголчууд л мэдэрч байна. Яаж ч мундаг орчуулаад түүнийг хятад хүн ойлгохгүй юм байна, орос хүн ойлгохгүй, америк, европ хүн ойлгохгүй. Энэ бол бидний сэтгэл юм байна. Гэвч нэгэнт олон улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тул олон улсын нэртэй болох шаардлага бий болсон. Тиймээс хамтрагч, түншүүдтэйгээ ярилцаж байгаад “Nomadic geographic” буюу “Нүүдэлчдийн газарзүй” гэдэг төсөл болж өсөн дэвжиж байна. Бидэнтэй ӨМӨЗО-ны Одон телевиз яах аргагүй хамтрагч болсон. Одоо таван хүний бүрэлдэхүүнтэй эхний баг 20 гаруй хоног хөдөө нутагт ажиллаад дуусаж байна. Удахгүй Бурхан халдун уул хайрханаасаа эхлээд Хэрлэн гол, Хэнтий, Дорнодоор ажиллаж цаашаа Өвөрмонголын нутаг Хөлөнбуйр руу орох нь байна. Бид нар хамтарч олон зүйл хийхээр ярьсан. Саяхан мөн Казакстаны Ерөнхийлөгч биднийг урьж, манай төслийн төлөөлөгч болох Саяран гуай энэ өдрүүдэд түүнтэй уулзаж байна. Ирэх жилээс цаашлаад Узбекстан, Киргизстан гээд үргэлжлэхээр боллоо.Энэ цаг мөчлөгт нэгэнт ийм өсөлт өөрчлөлт орж буй тул хотод сууж нэлээд ажиллаж, шинэ байгууллагаа байгуулах, бүртгүүлэх ажил их байна.

Бид чинь гурван жил грашт конторлосон шүү дээ. Одоо арай өсөж дэвжээд энхүүхэн энд нэг подваль руу ороод ирсэн /инээв. сурв/ Подваль боловч тун саруулхан цонхтой, дотроо 00, гал тогооны өрөөтэй гээд бидний хувьд том өсөлт болоод байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ХОХИРОГЧ Н: Аав “Хүчирхийлүүлснээ хүнд хэлбэл ах бид хоёрыг ална” гэсэн

Манай сурвалжлах баг өчигдрийн дугаартаа бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин” төвөөс сурвалжилга бэлтгэсэн. Тэгвэл уг төвд эмчлүүлж буй хохирогч хүүхдүүдийн нэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин Н-тэй ярилцлаа.

-Сайн байна уу, “Үжин” төвд анх хэзээ ирсэн бэ?

-Сайн байна уу. Би 2018 оны 12-р сард “Үжин” төвдөө ирсэн. Энд амьдраад арван сар болж байна. Энэ хугацаанд хуулийн болон сэтгэл зүй, сэтгэл засал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнүүдийг бүрэн авсан. Одоо эрүүл мэндийн үйлчилгээ буюу хярзан оёулах, онгон хальс нөхүүлэх эмчилгээг хийлгэхээр хүлээж байгаа.

-Энэ төвд ирснээр чиний хувьд өөрчлөгдсөн зүйлс хэр байна вэ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Би өөрийгөө бүрэн нээж чадсан. Ирээдүйн итгэл найдвараа олж, шинэ гэр бүлтэй болсон шүү дээ. Хэрэв төв маань энэ хэвээрээ үйл ажиллагаагаа явуулбал бидэн шиг хар бараан түүхтэй илүү олон хүүхэд амьдралаа өөрчлөх байх. Миний хувьд дарамтаас үүдэлтэй муу зуршлаа ч орхисон. Одоо хүсэл мөрөөдөлтэй болчихсон илүү сайхан байна.

-Ирээдүйд ямар хүн болно гэж хүсэж мөрөөдөж байна?

-Сэтгэл судлаач болно. Бага байхаасаа л хүмүүст тусалдаг хүн болно гэж зураг хүртэл зурж хадгалдаг байсан. Түүнийхээ дагуу сэтгэл судлалаар суралцан өөр шигээ хүнд байдалд орсон хүүхдүүдэд тусалж, сэтгэл зүйн дэмжлэг өгнө. Манай төвийнхөн намайг сургуулиа төгсөхөөр уг мэргэжлээр сурах боломжийг минь нээж өгсөн. Сургалтын төлбөр мөнгөндөө ч санаа зовохгүй учраас сайн сураад Үжин төвдөө ажиллана гэж бодож байгаа. Энд амьдрах хугацаандаа олон хүүхдүүдтэй хамт байж үзсэн. Гуравхан настай хүүхэд хүртэл ээжтэйгээ цуг ирж байсан. Надаас ганц нэг насаар дүү хүүхдүүд ч ирж байсан. Гэхдээ бидэнд цаашдаа хүнд итгэж найдах итгэл байхгүй болчихдог. Бидэнд хүчирхийлэл үйлдсэн аав, ах тэдгээр хүн шиг зан гаргах болов уу гэхээс маш их айж эмээдэг.

-“Үжин” төвд ирснээр хэрэг нь удаашралгүй хурдан шийдэгдсэн гэсэн тиймээ?

–Тиймээ. Ээж минь 2018 оны 10-р сард гэнэт хоёр удаа дараалан харвалт өгч нас барсан. Энэ үйл явдлын дараа аавдаа хүчирхийлүүлснээ өөрийн төрсөн ахдаа хэлж хууль хяналтын байгууллагаар явах болсон. Ингээд 12-р сараас эхлэн энэ төвдөө ирж, бүх талын туслалцаа авч чадсан. Анхан шатны шүүх хурал хоёрдугаар сард болж, хамгийн сүүлийн шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн.

-Хэрэгтэнд ямар ял шийтгэл өгсөн бэ? Чиний хувьд шүүх хурлуудад оролцоход хүндрэлтэй байсан байхдаа?

-Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Ер нь гадуур явж байгаад адилхан хүн харагдвал тэр өдөртөө л хямраад сэтгэл санаа эвгүйрчихдэг хэцүү. Гэхдээ дараа дараагийн хуралдаанд оролцоогүй. Манай төвийн хүүхдүүд зуны гурван сарын хугацаанд орон нутаг болон нийслэлийн гурван зусланд амарч, хичээл сургалттай явсан учир оролцоогүй. Өмгөөлөгч маань надгүйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэг эцэслэгдсэнийг мэдэгдсэн. Аавд 17 жилийн ял шийтгэл ноогдуулсан байсан. Сүүлд давж заалдаж жилээ хасуулсан гэж сонссон, гэхдээ сайн мэдэхгүй байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Жүдогийн шигшээг дасгалжуулах ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ эрхмүүд

Монголын жүдогийн холбоонд төдийгүй жүдогийн спортод шинэ салхи сэвэлзэх нь. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Бахдам олон амжилтаар монгол түмнээ баярлуулсаар ирсэн Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэв. Тэгэхээр шигшээ багийн дасгалжуулагчдыг шинээр хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Монголын жүдо бөхийн холбоо ийм сорилттой анх удаа тулгарч буй бус. Манай жүдочид 2011 оны ДАШТ-ээс ганзага хоосон ирэхэд шигшээгийн бүх дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Гэхдээ энэ удаа шигшээ багийн дасгалжуулагчид өөрсдийн хүсэлтээр ажлаа өгснийг онцлох нь зүйтэй болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч тэднийг ажлаа өг гэж шахаж, тулгасан зүйл огт байхгүй гэдгийг тодотгоё.

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг хэрхэн бүрдүүлэхээс олон зүйл шалтгаална. Мэдээж хамгийн эхний сорилт нь тэд гар нийлж ажиллаж чадах эсэх. Дараагийнх нь Токиогийн олимп. Манай жүдочид ур чадвартай, амжилтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд өрсөлддөг ч тэд “Токио-2020”-д түрүүлэх, медаль хүртэх эсэх нь дасгалжуулагчдын ур чадвараас их шалтгаална.

Жүдогийн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчаас бүрдэх учиртай.

Ахлах дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн нэг нь Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч ХАЛИУНЫ БОЛДБААТАР...

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


ҮЙЛДВЭРЛЭГЧ Ц.Цог: Талх хийж чаддаг байгаад талхан цех ажиллуулдаггүй

Үйлдвэрээс дөнгөж гарсан шинэхэн талхны үнэр ханхална. Талх гэдэг яах аргагүй бидний өдөр тутмын хэрэглээ аж.

Бид энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа эдийн засгийн мэргэжилтэй боловч өөрийн сонирхлын дагуу талх үйлдвэрлэх болсон “Вива талх” талх нарийн боовны үйлдвэрийн захирал Ц.Цогийг урилаа. Уг үйлдвэрийн гол зорилго нь нэгэн төрлийн хэвшмэл талх бус эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, хугацаа уртасгагч болон ямар нэгэн химийн бодис агуулаагүй органик талхыг Япон улсын технологиор хэрэглэгчдэд хүргэх юм.

-Үйлдвэрлэл эрхлэх болсон шалтгаан тань юу байсан тухайгаар яриагаа эхэлье

-Манайх 2016 онд “Вива талх” талх нарийн боовны цехийг байгуулж байсан. Би банк санхүүгийн чиглэлээр хөрөнгийн зах зээлд 10-аад жил ажилласан. Хувиараа юм хийж үзье гэж зориг шулуудаад өөрийн сонирхлоор талх, нарийн боов хийж эхэлсэн. Би бага байхаасаа л кекс, талх хийх сонирхолтой байлаа. Тиймээс 2016 онд ажлаасаа гараад, хувийн хөрөнгөөрөө зуух, зуурагч аваад л талхаа хийж эхэлсэндээ. Анх эхэлж байснаа бодвол хэрэгчлэгчдийн зах зээлд танигдсан бүтээгдэхүүн болж байна. Хүсэл зорилгоороо талхны цех нээж ажиллуулсан, гурван жил үйл ажиллагаа явуулахдаа ухарч биш урагшаа явах гээд зүтгэж байна.

-Мэргэжлийн хүн биш учраас хүндрэлтэй зүйл гарч байв уу? Бүтээгдэхүүний жор найрлагаа өөрөө зохиодог уу? Технологичийн мэргэжлийг хэрхэн эзэмшив?

-Үйлдвэрлэл эхлүүлэхээсээ өмнө сургалт ордог газар юу байна гэж явсан. 2016 онд Голландын засгийн газраас “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим”-аар дамжуулан иргэдэд мэргэшил олгох сургалт явуулдаг юм байна. Үүний дагуу нарийн боов хийх ганцаарчилсан сургалтанд хамрагдаад 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж сурсан. Үүнийгээ үргэлжлүүлж хөгжүүлээд зах зээлд ямар бүтээгдэхүүн илүү сайн зарагдах вэ гэдэг чиглэл рүү хөгжүүлэлт хийгээд бүтээгдэхүүнээ гаргаж байна. Мөн 2019 оны нэгдүгээр сард Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

-Зах зээлийн судалгаа сайн хийсэн гэж харлаа. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тань эрсдэлд орохоос сэргийлж, үйлдвэр амжилттай ажиллахын үндэс болсон уу?

-Талх нарийн боов гэдэг бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Манай улсад талх, нарийн боовны “Мишээл”, “Атар” зэрэг удаан хэрэглэгдсэн, хэвшмэл хэдхэн төрөл байдаг. Хүмүүст сонин содон байх үүднээс талхны төрлийг нэмээд, сонирхолтой байх үүднээс шинэ шинэлэг талх нийлүүлэхийг зорьж байна. Хүнд сурсан зүйл илүүддэггүй. Маш их хэрэг болсон.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
brenda greg
brenda greg
2019-10-23 12:45

Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид с�##�ах өргөдөл гаргаж, хожим бид с�##�ж, с�##�ахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би таар�##�дсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, [email protected] хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайрыг өдөөх. (2) с�##�ахаа болих. (3) мөнгөний зан үйлд ури�##�ах. (4) үржил шимгүй болох. (5) ХДХВ / ДОХ-ыг эмчлэх.

Холбоотой мэдээ

Back to top button