Ярилцлага

М.Зоригт: “Бидний цөөхөн Монголчууд” олон улсын “Nomadic Geographic” төсөл болон өргөжиж байна

“Бидний цөөхөн Монголчууд” төсөл гурван жилийн хугацаанд Монгол улсынхаа таван аймгаар бүрэн тойрохын зэрэгцээ Япон, Өвөрмонгол, ОХУ гээд хилийн чанадад суугаа Монголчууддаа ч хүрч ажиллаж чаджээ. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж гурван жилийг ардаа орхисон энэ багийнхан саяханаас нийслэл Улаанбаатартаа ажиллахаар ирээд байна.

Энэ удаа бид “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтоос төслийн сонин хачинг дуулахаар уулзав. Яг л гурван жилийн өмнө анхны аялалд нь гарахаас өмнө ярилцаж байсан шиг баяртайгаар уулзав. Учир нь “Бидний цөөхөн Монголчууд” төсөл Монголоосоо “хальж” олон улсын төсөл болохоор болжээ. Анхны номоо “National Geographic”-тай хамтран гаргах ховор завшаан тохиосон тэдний баяр дээр баяр нэмж, гурван ч номыг нь БНХАУ-ын төрийн хэвлэл хятад хэл дээр орчуулан гаргахаар болжээ. Үүгээр зогсохгүй “Nomadic geographic” нэртэй шинэ төсөл эхлүүлэх, олон улсын хэлээр хөтлөгдөх вебсайт, шинэ бренд бүүк, өнгө төрхөө тодорхойлж байгаа гээд олон ч сайхан мэдээнүүдээр чихийг чимэв.

Бид М.Зоригттой түүний шинэхэн “гэр” машинд цаг товлон уулзлаа. Дотроо унтлагын хэсэг, гал тогоо, оффис гэсэн хэсгүүдээс бүрдэх энэ “гэр”-тэйгээ цаашид олон ч аймгаар явахаар төлөвлөжээ.

“БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ГЭДЭГ СЭТГЭЛД ДУЛААН ҮГИЙГ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ Л МЭДЭРДЭГ ЮМ БАЙНА

-Ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Бидний цөөхөн Монголчууд” төсөл юу амжуулсан талаар товчхон ярилцах уу?

-Төслөө эхлүүлснээс хойш гурван жилийг ардаа орхижээ. Энэ гурван жилийн хугацаанд нийлбэр дүнгээр дөрвөн сар л гэртээ байж. Бусад үед нь аялан ажиллаж байж. Хөдөө гадаагуур 15-20 хүн, хотод ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал 30 гаруй хүн манай төсөлд хамтарч, гурван машинтай, гурван чиргүүлтэй явсаар ирлээ. Энэ хугацаанд бид Монголынхоо таван аймгийг бүрэн дуусгаж, нэг аймагт 3-4 сар, нэг суманд гурван зэрэг салж ажиллахдаа 4-5 хоног ажиллаж явлаа. Одоо харин гурван аймагт ажиллаж байгаа. Сэлэнгэ 60 орчим, Хэнтий 80-90, Дорнод эхлэл төдий буюу 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн энэ хугацаанд гадаадад ажилласаар ирлээ. Япон улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн нэг сар ажиллаж, Япон “аймгийн” Токио “сумын” Монголчууд, Осака “сумын” Монголчууд гэх зэргээр ажиллаад энэ цаг үеийг нь, энэ ахуй амьдрал, аж байдлыг нь түүхчилж авсан. Мөн хөрш зэргэлдээ оршиж буй Монголчуудын төвлөрөлтэй ОХУ-ын Тува, Буриад, Өвөрбайгалийн хязгаар нутаг, Өвөрмонголын Баяннуур аймагт ажиллаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ гурван жилийн босгон дээрээс эргээд харахад Монгол хүн бүрт “Бид чинь цөөхүүлээ шүү дээ, цөөхүүлээ учир эвтэй найртай, илүү хариуцлагатай байх ёстой юм байна” гэдгээ ойлгуулж, хүргэж чадсан болов уу гэж итгэж, найдаж яваа. Төслийн нэр ч агуулга зорилгын хувьд ийм л байсан.

-Танай төсөл цар хүрээгээ тэлж олон улсын хэмжээнд хүрэх гэж байгаа гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргав? Хэрэгцээ шаардлага мэдрэгдэв үү?

-Бид олон улсад ажиллаад ирэхдээ энэ төслөө олон улсын төсөл юм гэдгийг ойлгосон. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн нэрийг бид анхны номоо хэвлүүлэхдээ орчуулах гээд орчуулж чадахгүй байсан. Махчлах уу, үгчлэх үү гээд ерөөсөө л “явж өгөөгүй”. Сүүлд нэг зүйлийг ойлгосон. “Бидний цөөхөн Монголчууд” гэдэг энэ сэтгэлд дулаан үгийг зөвхөн монголчууд бид өөрсдөө л мэдэрдэг юм байна. Өвөрмонголд байгаа Монголчууд, Орост байгаа Монголчууд л мэдэрч байна. Яаж ч мундаг орчуулаад түүнийг хятад хүн ойлгохгүй юм байна, орос хүн ойлгохгүй, америк, европ хүн ойлгохгүй. Энэ бол бидний сэтгэл юм байна. Гэвч нэгэнт олон улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тул олон улсын нэртэй болох шаардлага бий болсон. Тиймээс хамтрагч, түншүүдтэйгээ ярилцаж байгаад “Nomadic geographic” буюу “Нүүдэлчдийн газарзүй” гэдэг төсөл болж өсөн дэвжиж байна. Бидэнтэй ӨМӨЗО-ны Одон телевиз яах аргагүй хамтрагч болсон. Одоо таван хүний бүрэлдэхүүнтэй эхний баг 20 гаруй хоног хөдөө нутагт ажиллаад дуусаж байна. Удахгүй Бурхан халдун уул хайрханаасаа эхлээд Хэрлэн гол, Хэнтий, Дорнодоор ажиллаж цаашаа Өвөрмонголын нутаг Хөлөнбуйр руу орох нь байна. Бид нар хамтарч олон зүйл хийхээр ярьсан. Саяхан мөн Казакстаны Ерөнхийлөгч биднийг урьж, манай төслийн төлөөлөгч болох Саяран гуай энэ өдрүүдэд түүнтэй уулзаж байна. Ирэх жилээс цаашлаад Узбекстан, Киргизстан гээд үргэлжлэхээр боллоо.Энэ цаг мөчлөгт нэгэнт ийм өсөлт өөрчлөлт орж буй тул хотод сууж нэлээд ажиллаж, шинэ байгууллагаа байгуулах, бүртгүүлэх ажил их байна.

Бид чинь гурван жил грашт конторлосон шүү дээ. Одоо арай өсөж дэвжээд энхүүхэн энд нэг подваль руу ороод ирсэн /инээв. сурв/ Подваль боловч тун саруулхан цонхтой, дотроо 00, гал тогооны өрөөтэй гээд бидний хувьд том өсөлт болоод байна.

НИЙТ ТӨСЛИЙН ХУГАЦААНД АЖИЛЛАЖ БАЙЖ Л УЛААНБААТАРЫН АРД ГАРАХ БАЙХ

-“Бидний цөөхөн Монголчууд” төсөл хөдөө орон нутаг, гадаад улс орнуудаар явсан. Одоо нийслэлдээ ажиллах боллоо. Нийслэл Монгол улсын хамгийн их хүн амтай хэсэг. Түүнийгээ дагаад олон дүртэй. Тиймээс та бүхний ажиллах онцлог арай өөр байх болов уу? Нийслэлд танай төсөл юу бүтээж, хэрхэн ажиллах вэ?

-Нийслэл Улаанбаатараасаа дүлж зугтаад байсангүй. Харин илүү туршлагажиж, илүү чадвартай болох цаг мөчлөгт орно гэж бодсон, тэр цаг үе нь ч ирж. Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллана гэдэг үнэхээр ч таны хэлж буй шиг их онцлогтой. Улаанбаатар зөвхөн бидний хайртай, бидний амьдардаг нэг хот биш. Энэ бол бүс нутгийн, олон улсын ач холбогдолтой томоохон төв. Олон улсын томоохон арга хэмжээнүүд явагддаг, дэлхийд нүүдэлчдийн соёлыг тээж яваа ард түмний нийслэл, төв хот. Монгол үндэсний соёлын үүх түүхийн төв. Тиймээс дэлхийн хот гэдэг өнцгөөс нь бид харж байна. Мэдээж улсын нийслэл буюу нийгэм, соёл, боловсрол гээд бүх салбарын гол төвүүд энд бий. Түгжирч, утаа униарт нь хахаж цацаж байгаа ч бидний л хайртай нийслэл. Тиймээс ч бид олон өнцгөөс, олон талаас нь харж ажиллана.

Улаанбаатарт ажиллаж эхлэхдээ 21-р зууны гадаад агаарын үүд хаалга болсон олон улсын нисэх онгоцны буудал гэсэн шинэ бүтээн байгуулалтаас эхэлсэн. Үүн дээр бид 10 гаруй өдөр ажиллаад одоо хот руугаа орж эхэллээ. Хотод Сүхбаатар дүүргээс буюу төвөөс зах руу чиглэх маягтай ажиллах санаа зорилготой. Өнөөдрийн байдлаар бид гурав дахь өдрөө айлуудаар явж байна. Мэдээж улсын нийслэлд монгол түмний таньдаг мэддэг, бахархал болсон, урлаг соёл спорт гээд бүхий л салбарын мундагчууд бий. Тэднийг бүгд л мэдэж байгаа тул түр хойш тавиад олонд танигдаагүй олон сайхан эгэл баатрууд, насаараа төр нийгэмдээ зүтгэчихсэн эмч, багш, мужаан зэрэг хүмүүстэй уулзана.

Өнөөдөр л гэхэд “Бумцэнд гэж хөгшин Сүхбаатар дүүрэгт амьдардаг гэнэ. Тэр хүнтэй очоод уулзаач” гэсэн саналын дагуу очиход Хөдөлмөрийн баатар хүн угтаж авах жишээтэй. Төмөр замд насаараа ажилласан тэр хүнтэй би дөнгөж сая Вагон Депод ярилцлага хийчхээд ирлээ. Үдээс хойш нийслэл хотыг олон жил удирдсан Баасанжав даргатай Сүхбаатарын талбайд уулзаж ярилцах гэж байна. Зүгээр л жирийн нэг байшин орон сууцанд СӨХ-ны дарга хийдэг, бусад байшингуудаас тэс өөр, эзэнтэй мэт байлгаж чаддаг нэг сайхан буурай байна. Гэх мэтээр хамгийн эгэл жирийн хүмүүсээс бид яриагаа эхэлсэн. Мөн залуусын үдшийн найр цэнгүүн, диско бараар хэслээ. Өчигдөр /2019.09.10/ стадион дүүрэн монголчуудыг огшуулсан хөлбөмбөгийн тэмцээн дээр ажиллаа. Ингээд л албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд л үргэлжилнэ.

Хотын захирагч Амарсайхан дарга бидэнтэй нэг биш удаа уулзаж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Бидэнд аймаг, сумдаар ажиллаж байхад тухайн сум аймгийн дарга, багийн дарга, хороон дарга нарын ийм дэмжлэг маш чухал байдаг. Хүмүүсийн онцлог, аймаг орон нутгийнхаа онцлогийг мэддэг тэд бидэнд чиглүүлэгч болж байсан. Тухайлбал, бид Сүхбаатарт дүүрэгт ирээд түм түчигнэсэн газраас хүн олно гэдэг хэцүү. Тиймээс удирдлагуудтай хамтран ажиллах их чухал.

Мөн бид нийгмийн сүлжээгээр дамжаад шууд хүмүүстэй харьцаанд ордог. “Бид хотод ажиллаад эхэллээ шүү, санаа оноо байвал хэлээрэй, гудамж талбайд зураг аваад эхэлчихсэн шүү, үс гэзгээ анхаараарай, очоод уулзах ямар онцлох байгууллага байна” гэхэд олон хүн бидэнд нэмэртэй сайхан санаанууд хэлж байна. “Батлан хамгаалахын яамны ар руу банкны байранд насаараа банкны салбарт ажилласан хоёр буурай бий, заавал очоорой” гэх мэт үнэтэй сайхан санаанууд тэднээс ирж байна. Бид нийслэлдээ гурав, дөрөв салаад л тэр болгоныг авчих юмсан гэсэн сэтгэлтэй ажиллаж эхэллээ.

-Аймаг сумдад очихоороо тухайн газрын сонин хачин үүх түүхийг мэддэг улсаас ярилцлага авдаг. Улаанбаатарынхаа хачирхалтай түүхүүдийг ямар хүмүүсээр, хаана, хэрхэн яриулах бол?

-Бид нэг аймагт 3-4 сар ажиллаж байгаа бол Улаанбаатарт 3-4 жил ажиллахаас наашгүй. Нийт төслийн хугацаанд ажиллаж байж л Улаанбаатарын ард гарах байх. Асар өндөр хурдацтай хөгжиж байгаа, асар өндөр хурдацтай тэлж байгаа хот шүү дээ. Ингэж олон жил ажиллахдаа зүгээр л нэг таарсан болгонтой яриад байхгүй, системтэй байж, үлдээх ур мөр нь сүүлд нь хайхад хэрэглэхэд ая тухтай байх зөв аргачлалаар хийх ёстой. Ганц бид хийх биш, нийслэлчүүд бид бүгд нийлсэн хамтын ажил, хүн бүрийн санаа оноо бидэнд ирээд байвал энэ төсөл өнөөгийн Улаанбаатарыг хойч үедээ зөв дүрслэн үлдээх ажил болох болов уу.

Өнөөдөр чи надтай ирж уулзаж байна гэдэг энэ төслийг амжилттай хэрэгжихэд оруулж буй том хувь нэмэр. Энэ ярилцлагыг уншсан, харсан хүн аль өнцгөөс нь Зоригоод, Бидний цөөхөн Монголчууд төслийнхөнд санаа өгөх вэ гэдгийг бодож эхэлнэ.

БНХАУ-ЫН ТӨРИЙН ТОМ ХЭВЛЭЛ МАНАЙ ГУРВАН Ч НОМЫГ ХЯТАД ХЭЛ ДЭЭР ГАРГАХААР БОЛЖ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮД НЬ ХИЙГДСЭН

-Гурван жилийн өмнө та хөдөө гарч ажиллана гээд л багийнхныхаа хувцсыг бэлдээд, нийслэлээс холгүйхэн гарч хонож туршилтаа хийгээд явж байж. Гэтэл одоо төсөл дараагийн шатанд хөгжих болж. Энэ хугацаанд Зоригоо өөртөө юу олж авч вэ?

-Явахын хэрээр хүн эх орондоо илүү хайртай, илүү эх оронч болдог юм байна. “Монголоос хамгийн эх оронч хүнийг заа” гэвэл би өөрийгөө л заах болов уу. Тэр олон сайхан хүмүүстэй уулзаж, тэр сайхан уудам нутгаар, тэр нутаг орныхоо сайхныг мэдэрч, барьж, амталж, үнэрлэж яваагийн хувьд эх орондоо илүү их хайртай болсон. Явахын хэрээр улс орноороо, ард иргэдээрээ, ёс заншлаараа бахархах бахархал асар их болдог. Явахын хэрээр Монголчууд бусад үндэстнээс хамаагүй илүү юм байна гэдгийг ойлгож мэдэрнэ. Монголчууд илүү гэхээр л өвөг дээдсийн үүх түүх, биед урсаж буй цус гээд л ярьж болно. Гэхдээ бидний Монголчууд төрөхөөсөө л байгаль дундаа өсөж өндийдөг, тэр утгаараа бидний бие чийрэг, нуруу өндөр, эрүүл саруул, сийрэг ухаантай, аливааг сэдэж сэтгэхдээ яах аргагүй чадварлаг байгааг мэдэрсэн. Нэн ялангуяа гадаадад амьдарч буй монголчуудаа харахаар “Нээрэн л бид мундаг юм” гэх бодол намайг ээрсэн. Тэр өндөр хөгжсөн Японд очоод л харахад барилга дээр ажиллаж буй 500 ажилтны дотор тав, арван Монгол байсан ч бүгд дарга, удирдагчид. Японд бид зөвхөн сумоч Монголчуудыг хараад байдаг. Гэтэл балетын урлагийнх нь 10 топ одын зургаа нь Монгол залуус. Японд сонгодог урлаг асар өндөр хөгжсөн, маш нарийн мэдрэмжтэй, гярхай үзэгчидтэй шүү дээ. Тэр зургааг би Орост сургууль төгссөн мундаг улс л байгаадаа гээд уулзахаар “Үгүй”, Хөгжим бүжгийн коллеж төгссөн нэг багшийн шавь нар байна. Хаана ч очсон Монголчууд манлай байна. Тэр бүрт би бахархсаар.

Анх хоббигоороо гэрэл зураг аваад л, жаргаад л, гоё гоё кадр буулгаад л явна гэж бодож эхэлсэн. Одоо ч тиймээрхээ. Гэхдээ хариуцлага харьцангуй нэмэгдсэн. Хүмүүс биднээс их зүйл харж, хүлээдэг болж. Ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй болчихлоо шүү дээ. Энэ хугацаанд биднийг ойлгож дэмждэг хүмүүс ч маш их болж. Үүн дотор дэмждэг, хамтардаг байгууллагууд ч олон тоогоор нэмэгдлээ. Энэ хэрээр төсөл ч илүү чанаржиж, чадавхжиж, техник хэрэгсэл мундаг болж, залуус ч нүдэн дээр өсөж байна. Гурван жил хоосон өнгөрөөгүй, зүгээр суусангүй. Явсан нохой яс зууна гэгчээр л явж байна.

-Өнөөгийн Монголчуудын дүр төрх, аж байдлыг энэ л хэвээр нь гэрэл зургийн хальс, дүрсэнд буулгах зорилготой нийслэлээс гарсан. Гэхдээ таван аймгаар олон сар хэрэн явж, хүн нэг бүртэй уулзаж явахад “Би амжихгүйдээ, гэхдээ л үүнийг хийчихсэн” гэх шинэ санаа таны дотор ургав уу?

-Хаана ч очсон эгэл сайхан баатрууд олон байх юм. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг цувралаар явж буйг монголчууд бид бүгд мэднэ. Үнэхээр бахдам хүмүүстэй яриа ярилцлага хийж түүхэнд үлдээж байна. Тэднээс ч дутахааргүй эгэл баатрууд сум, баг, хороо дүүрэг бүрт, бараг орц болгонд байна. Энэ хүмүүсийг ч бас Монгол түмэндээ танигдсан улсаас дутахааргүйгээр баримтжуулан авч үлдэхсэн гэх хүсэл сүүлийн үед бий болсон. Очсон сум болгондоо 2-3 эгэл баатрыг бэлдүүлж, очоод 1-2 хүнээр яг тийм хэмжээний нэвтрүүлэг 2-3 хоног дагуулж явж хийдэг болсон. Орчин цагт нийгмийн сүлжээ их хөгжсөн тул бидэнтэй хамт аяладаг хүмүүс ч их болж. Тэр хүмүүсийн хүсэлтээр зөвхөн түүхийн архив хийгээд авдар савандаа хадгалдаг биш, энэ цагийн Монголчуудад шууд хүрч байх ёстой юм байна гэж ойлгосон тул лайвууд, шууд нэвтрүүлгүүд, үзэсгэлэн, ном зэргийг гаргадаг боллоо.

Ном гаргадаг болсон гэснээс дэлхийд нэр хүндтэй “National Geographic” Монголд анх удаа ном гаргасан нь бидэнтэй хамтарч гаргасан манай анхны ном байлаа. Энэ бол олон улсын байгууллагын зүгээс, дэлхий судлалын зүгээс бидэнд өгч буй үнэлэмж гэж харж байгаа. Мөн БНХАУ-ын төрийн том хэвлэл манай гурван ч номыг хятад хэл дээр гаргахаар болж, өчигдөр /2019.09.10/ хэлэлцээрүүд нь хийгдэж дууссан. Хятад түмэнд эх хэлээр нь Монгол улсаа, монголынхоо үүх түүхийг сурталчилна гэдэг асар том боломж юм. Цаашид Орос, Англи хэл дээр ч хэвлэх хүлээлтүүд бий болж байна.

МАНАЙ ВЕБСАЙТ ХЯТАД, АНГЛИ, ОРОС, МОНГОЛ, МОНГОЛ БИЧГЭЭР, КАЗАК ХЭЛЭЭР ХӨТЛӨГДӨНӨ

-Энэ хугацаанд та бүхэн номоос гадна шинэ сувгаа хүртэл нээсэн байна. Үзэгч хэр их байна?

-Бага л байх. Гэхдээ шинэ цагийн монголчуудын шаардсанаар интернэт, фэйсбүүк ашигладаггүй өвөө, эмээ, Дорж гуай, Дулам гуайд зориулан шинэ сувгаа нээсэн. “Зоригоо миний хүү миний өгсөн яриа хаана явна вэ” гэхэд нь өнөөх нь МҮОНТВ-ээр аль хэдийнээ гараад өнгөрчихсөн байдаг. Бүтэн цаг ярилцлага өгсөн Дорж гуайн ярианаас ганц минут нь нэг нэвтрүүлгийн дундуур хавчуулагдаад ордог. Энэ нь шаардлагыг нь бүрэн дүүрэн хангадаггүй учир бид гар утас, интернэт ашигладаггүй хөдөөгийн настан буурлууддаа зориулан ДДИШ-ийн 77, Юнивишний 77, Лүүк тв-ийн 77 дугаар сувгаа гаргасан. Одоо бид вебсайт дээр ажиллаж байна. Дэлхийн Монголчуудын үүх түүхийн, соёлын урлагийн, нийгмийн харилцааны вебсайт байгаасай гэж бид хүсэж бэлдэж байгаа. Радио ярилцлага, телевиз нь ч явдаг, текстэн хэлбэрийн мэдээллүүд, фото, видео гээд үнэр л гарахгүй болохоос бүгд л байдаг хэлбэрийг сонгосон. Мөн дэлхийн Монголчууд маш олон хэлээр ярьж байна. Монголоор ярьж чаддаггүй олон Монголчууд бий. Тиймээс манай вебсайт Хятад, Англи, Орос, Монгол, Монгол бичгээр, Казак хэлээр гарна. Энэ бүгдийг зөвхөн “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг хийж чадахгүй, амжихгүй. Энэ бол олон улсын хамтын ажиллагаагаар хийгдэх ёстой. Тухайлбал, “Одон” тв вебсайтын хятад хэл, хуучин бичгийг хариуцах бол Казак сангийнхан Казак хэл дээрх мэдээллүүдийг бэлдэнэ.

-Танай төсөл цар хүрээгээ улам бүр өргөжүүлэхийн хэрээр “гаднаас” нь харахад супер техниктэй, багийн тэр олон гишүүн гадаад дотоодоор яваад л, тэр бүрийн хоол унд зардал их баймаар. Гоё л хүмүүс яваад байх шиг, болоод л байх шиг харагдаж байв ч цаана нь бэрхшээлүүд гарч ирдэг л байх. Тухайлбал, танайх санхүүжилтээ хэрхэн шийдэж ирэв, шийдэж байна?

-Манай төслийг хүн бүр мэддэг болж, тэр бүрт тус болчихсон гэх хүмүүсийн сэтгэлээр явдаг. Олон мянган хүн, олон зуун байгууллага биднийг дэмжиж байна. Бидний машины дугуйнуудыг л гэхэд дугуйны бизнес хийдэг Зоригоо гэдэг залуу улирал улиралд нь тааруулаад, хаашаа явахаас хамаараад солиод өгчихдөг. Нэг ч төгрөг биднээс авдаггүй. Хаана ч яваад очсон биднийг гудамжинд хонуулахгүй байна, хоосон хонуулахгүй байна. Тэр бүрт биднээс мөнгө цаас нэхээд байхгүй, яг л зочломтгой монгол зангаар биднийг угтана. Петровис ХХК л гэхэд бидний бензин тосыг гурван жилийн турш, хэдэн мянган км зам туулахад нэг ч төгрөг авалгүй дааж, дэмжсэн. Бид энэ хугацаанд Петровисоос өөр шатахуун түгээх станцаас бензин авч үзээгүй. Эднийх хамгийн зах хязгаарт, хүн хүрэхээргүй юм шиг газарт хүртэл ШТС-аа байршуулдаг. Энэ бол тэдний нийгмийн хариуцлага. Улаанбаатар хот руу орж ирэхэд жил бүр машинууд цасанд боогддог газар бий дээ. Зөвхөн цасанд боогдсон машинуудад зориулаад ШТС бариад өгчихсөн. Бусад үед тэр хэрэггүй. Ийм л хүнлэг. Мөн бидний ивээн тэтгэгч Энержи Ресурс ХХК. Төсөл эхэлсэн цагаас л биднийг мөнгө санхүүгээр дэмжиж ирсэн. Манай хамтрагч болох миний аавын “Мөнхчулуун сан”, МҮОНРТВ бий. Биднийг Япон явахад Нинжээ захирал “Айлд орохдоо хүүхдэд өгөөрэй гээд ууталсан чихэр, жимс, хүүхэлдэй, малгай” гээд хамаг байгаагаа л бүгдийг ууталж гаргаж өгсөн. Мөн хамтрагч Юнител групп бидний харилцаа холбоо, технологийн бүх асуудлыг шийдвэрлэж өгдөг.

Өнөөдөр бид нийслэл Улаанбаатарт ажиллана гэхэд л Худалдаа хөгжлийн банкны залуус угтаад л авсан. Цаашид ч биднийг дэмжинэ гэсээр 20 гаруй залуус бидэнтэй уулзсан, үнэхээр сайхан. Банкны залуус ямар ч үзэсгэлэнтэй сайхан юм, нуруулаг юм. Хамгийн хөөрхнүүдийг нь л аваад суулгачихдаг юм бишүү /инээв. сурв/. Тэдний араас дарга удирдлагууд нь ч хамт олныхоо саналыг дэмжээд л ороод ирж байх жишээтэй.

“Тэр суманд дөхөж явна, ороод гарах газар байна уу” гээд ганц жиргэхэд л хүмүүс тэнд, энд гээд ороод ирнэ. Нэг удаа яг ингэж жиргэчихээд явж байтал зам дээр нэг хүн гар өргөөд зогсож байх юм. Гэтэл Монгол тээвэр нэгтгэлийн кэмпийнхэн миний жиргээг харчихаад гурван машин дүүрэн хүмүүст бүгдэд нь мах чанаад, бууз жигнээд, хуушуур хайраад хүлээж байх нь тэр.

Мөн “Canon Mongolia” бидний дуран камер гээд бидний хамгийн үнэ цэнэтэй зүйлийг шийдэж өгчихөж байна. Видео зураглалыг “Panasonic”-ынхон хариуцаж, холливүүд кино хийдэг камераар биднийг хангаад өгч байна. Энэ жишгээр тал талаас нь дэмжээд өгдөг. Ингэж л асар их итгэл найдвар хүлээсэн бид ажиллаад л байхаас яалтай.

МОНГОЛЫН ПИАР, МАРКЕТИНГААР МЭРГЭШСЭН ТОП 10 ЗАЛУУ МАНАЙ ШИНЭ ӨНГӨ ТӨРХИЙГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

-Та төрийн ажлаа хүлээлгэн өгч, өөрийн хоббигоо хөөнө гэсээр энэ төслөө эхлүүлж байсан. Энэ гурван жилд хийж буй ажлаасаа хүссэн мэдрэмжээ авч чадав уу?

-Олон сар жилээр явахад ар гэр төвхөнсөн байх ёстой. Эхнэр бид хоёрын хувьд хүүхдүүд том болж, тусдаа гарч, сургууль соёл нь жигдэрсэн. Эхнэр ч маш завгүй. Би бол ар гэрээ шийдчихсэн гэсэн үг. Хамт явдаг залуус ч ялгаагүй, хүүхэд нь эхнэр нь гэртээ хүлээж байгаа, тэднийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа. Энэ бол асуудал. Гэвч өдөр бүр шинэ газар сэрж, өдөр бүр амьдралын сайхныг мэдэрч, өдөр бүр шинэ сайхан хүмүүстэй уулзаж, тэр сайхан энергийг нь авч, хамгийн гэсэн сайхан газруудаар явна гэдэг жаргал. Явахын хэрээр хотынхны хүзүү нуруугаар хатгадаг, хавантдаг гэх мэт суудлын өвчнүүдийг мартаж. Үргэлж л залуустай явсаар, дандаа сайхан хүмүүстэй харилцаж явсаар насыг ч мартаж. Залуучуудтайгаа хамт өөрийгөө залуухан гэж бодоод л яваад байдаг. Цаг хугацааны багцаагүй ч болж. Ер нь манай баг хамт олон, залуус минь, тэр дотроо би, бид хамгийн аз жаргалтай хүмүүс. Магадгүй хүн бүр бидний аз жаргалд цагаан атаархал тээдэг болов уу гэж боддог.

-Та ядарч байна уу? Өвөл, зун, хавар, намаргүй хөдөө гадаа яваад л..

-Хөдөө гарахаар л сайхан болчхоод, хот руу орж ирэхээр харин ядарчих гээд байх юм. Энэ түгжрээн дунд өдөрт 2-3 уулзалт л амжиж байна. Хотод орж ирэхгүй удчихаар хийх ажил ч их болчих юм. Бушуухан хотоос гарахын “түүс” болдог. Гэвч одоо яах аргагүй хотдоо ажиллаж эхлэхгүй бол болохгүй нь.

-Та шинэ гэртэй болоо юу даа?

-/инээв. сурв/ Энэ гурван жилийн хугацаанд жиптэй явлаа. Хөдөө гадаа явна гэхээр л машинынхаа туулах чадварыг нэмэгдүүлээд л, арзгар дугуйтай, өндөр болгоод л, моторыг нь нэмээд л, ачаа нэмээд л зөвхөн шавар шавхайнд явах юм шиг бэлдээд байдаг. Энэ нь ч өндөр зардалтай. Үүн дээрээ нэмээд асар их ачаа авч явдаг тул гурвын гурван чиргүүл чирнэ. Гэтэл өнгөрсөн жилүүдээ эргэн харахад бидэнд ердөө 2-3 удаа л тийм машины хэрэг гарсан. Бусад үед нь хажуугаар старекс, приүс машинууд давхиад л байна. Монгол орны 21 аймгийн бүх сумдад приүс, старекс очиж байна. Тиймээс хандлагаа өөрчилье гэж шийдсэн. Биднийг аль ч суманд яваад очоод “Хажуу уулан дээр гараад зураг авна” гэхэд Засаг дарга нь ч тэр, иргэн нь ч тэр бидэнд машинаа өгөөд л явуулчихдаг. Тиймээс бид сум, аймгийн төвдөө хүрэх л чухал, цаашаа асуудалгүй юм гэдгийг ойлгосон учир хэмжээ овроо нэмэгдүүлж, гурван автобустай болъё гэдэг консепт руу орж ажиллаж байна. Миний энэ автобусыг та бүхэн харж байна. Харин залуусын автобус арай өөр байна. Хотод байх хугацаандаа энэ бэлтгэлээ хангая гэж шийдсэн.

-Их л өөрчлөлтүүд хийх нь ээ янз нь?

-Тиймээ. Гурван жил явчихсан тул одоо бид “ребрендинг” хийж нүүр, өнгө зүсээ солимоор байгаа юм. Нөгөө л Зоригоо парвайчихаад үс гэзэг нь арзайчхсан, сахал үсэндээ баригдчихсан яваад байсан нь зөв ч юмуу, буруу ч юм уу. Бидний нийгэмд үзүүлэх нөлөө их боллоо, хүмүүс биднээс үлгэр дуурайлал авдаг боллоо, тэгэхэд нь ингээд яваад байж болохгүй. Монгол даяар парвайдаг болчихвол яана /инээв. сурв/ Цэгцтэй, өнгөтэй явах ёстой юм байна.

Олон улсын “Nomadic geographic” төслийг Монголчууд өөрсдөө эхэлж байна гэдэг нь сайхан. Тиймээс цаашид дэлхий даяар биднийг харах тул бренд бүүкээ ч хийлгэх ёстой юм байна. Одоо Монголын пиар, маркетингаар мэргэшсэн топ 10 залуу манай шинэ өнгө төрхийг гаргахаар ажиллаж байна. Бид эмбелемтэй болохоос эхлээд хийх ажил их бий.

Өнөөдөр “Зоригоо ахаа төслийг дэмжээд ядаж нэг футболка авчихмаар байна, ядаж нэг аяга, түлхүүрийн оосор, үзэг байна уу” гэхээр бидэнд байдаггүй. Иймээс Азхур, Мөнхийн үсэг компанийнханд бид санал тавихад сайхнаар хүлээн авсан. Бид яагаад “National Geographic” шиг өмд, цамц, футболка, малгай, үзэг гээд нэрийн зүйлстэй байж болохгүй гэж. “Бидний цөөхөн Монголчууд” гэдэг санааг маш олон Монголчууд өөрсдийн бие дээр авч явъя, тээе, бусдад хүргэе гэж байгаа тул тэр боломжийг олгоход буруудах зүйлгүй. Иймд бид гурван жилийн дараа хөгжлийн дараагийн шатандаа орлоо.

ОДОО БИ АРД ТҮМНИЙ ЗОРИГОО

-Аялаж, ажиллаж явахад харсан сонссон бүхнээсээ олонд хуваалцахыг хүсдэг, болдогсон бол шийдэхсэн гэж хардаг зүйлс бий юу?  

-Явсан газар бүрт Монголчуудад хэрэгтэй зүйл байдаг. Тухайлбал, 2-3 хүүхэдтэй айлд сурагчийн формоос болж айхтар их зардал гардаг. Гэтэл зарим суманд арай хялбар аргаар шийдсэн байдаг. Сурагчид жигдэрсэн үү гэвэл жигдэрсэн, жигдрэхдээ арай хямд төсөр аргаар жигдэрсэн. Гоё бас үндэсний хэв шинжээ хадгалж чадсан уу гэвэл “тийм”. Зарим суманд ийм сайн манлайлал байхад бусдад нь сурталчлаад өгөхөд л хийгээд, хэрэгжүүлээд эхэлдэг.

Мөн биднийг Увс аймагт ажиллаж байхад Монголчууд Эрээнийг хөгжүүлдэг шиг Тувачууд маань ирж Увсын зах дээрээс цагаан гутлыг нь бусад барааг нь авч байгааг харсан. Монгол улс яаж ч ядарсан Увсынхан сайхан аж төрөөд байх нь тэр. Тэдэндээ хайртай ч гэж жигтэйхэн. Харилцаа асар хурдацтай хөгжиж байна. Тэнд Тува олон улсын нисэх буудалтай болж байна, олон улсын эрх нь нээгдэж байна. Ийм байхад Увс ч бас хоцорч болохгүй шүү дээ. Бид үүнийг ойлгочихсон учир шийдвэр гаргагчидтай холбогдож олон улсын болгох, өргөтгөлийг нь хийлгэх зэрэг ажлуудад оролцдог болсон. Өмнөговь аймагт ажиллаж байх хугацаанд Ганцмод Гашуунсухайтын боомтын асуудлыг ойлгож эхэлсэн. Энэ асуудлаар төр засаг зөв шийдвэр гаргахад ойлголцох чиглэлд нь нөлөөлж эхэлсэн. Одоо бид Өвөрмонголын Баяннуур аймагт ажиллаж байна. Монголчуудад асар том боломж нээсэн газар нутаг. Ганцмодын боомтоор гараад 180 км хурдны замаар давхиад л Баяннуур аймгийн Линхэ хотод очино. Тэндээс төмөр зам Казакстан, Зүүн өмнөд Азийн бүхий л үсрэнгүй хөгжиж буй улс орнууд руу гарч байна. Бид Зүүн өмнөд Азийн тухай 40 орчим жил ярьж байна. Гэтэл нэг ч юм бүтсэн юмгүй. Ерөнхийлөгч хойшоо төмөр замтай болох талаар, эртээд З.Энхболд Цогоогоор лайв хийлгэж байгаад нэг юм зураад л ярьсан. Энэ олон жил нэг л болж өгөөгүй учрыг бодоход Орос, Япон хоёр улсын харилцаа ямар билээ? Хятад Японы асуудал ямар билээ, Солонгосын хойгийн асуудал гээд дэлхийн бүх проблемууд төвлөрчихсөн тэр цэг рүү л бид хараад байдаг аж. Тэнд хэн хөрөнгө оруулж, урт удаан хугацааны ажил хийх билээ дээ. Харин Зүүн өмнөд чиг рүү асар том боломж байна гэдгийг бид олж харсан. Үүнийгээ Монгол түмэнд та бүхнээр дамжуулж хүргэмээр, ойлгуулмаар санагдах юм.

-Түүхээ бүтээхээс гадна төрийн хүний “зангаа” хаяж чадахгүй л явна уу та?

-Төрийн хүний зан биш, нийгэмдээ идэвхтэй байр суурьтай, сайн иргэн гэдэг өнцгөөсөө шүү. Гэхдээ бас зүгээргүй Электрот хөдөлгөөн гэсэн юм хажуудаа тавьчхаад суугаад байгаа юм /цаас үзүүлэв. сурв/ Би өдөртөө хэдэн арван жирийн иргэдтэй уулзаж, ярилцдаг. Тэр эгэл хүмүүсийн санаа бодол надад нэвчээд, яах аргагүй л би тэдний дуу хоолой болж хувирчхаад байдаг. Яаж хулгайчдыг ирэх сонгуулиар ахин сонгуулахгүй, яаж ялгаж салгах вэ гэдгийг хүмүүст харуулах Электрот хөдөлгөөнд орчихсон явна. Нээрэн л хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа хэн нь хэн бэ гэдгийг хийдгээ хийчихсэн, яавч хойч үедээ муу монголыг үлдээхгүй, чин шударга олон хүнтэй нийлэн, нэгдэн туслахсан, нэмэр болохсон гээд явна. Энэ гэвч улс төрд орж байгаа гэсэн үг биш, иргэний идэвхтэй байр суурь гэж ойлгох нь зөв.

-Би танаас 2020 онд нэр дэвших үү гэж асуух гэж байлаа. Тэгвэл үгүй гэж ойлгох нь ээ?

-Үгүй. Гурван жилийн өмнө, төслөө дөнгөж эхэлж байхад надаас ярилцлага авахад чинь би нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн, одоо бүр ч итгэлтэй болсон. Өнөөдөр би гэр орны бараа харахгүй тэнэж яваа ч миний үг хэн нэгэн гишүүний үгнээс илүү үнэ цэнэтэй болчихож. Гишүүн Зоригт, сайд Зоригт, Бодийн Зоригт, Голомтын Зоригт, порно, дардаг гээд олон нэртэй байсан шүү дээ би. Харин одоо би ард түмний Зоригоо. Түмнийхээ дунд, хаана л бол хаана очоод, ямар ч айлын баруун орон дээр хоночхоод л явж байдаг. Ард түмний Зоригоо амьдрал илүү мэддэг болж, тэр хэрээрээ хүмүүс “Өө Зоригоогийн л зөв шүү дээ” гэж хүлээж авах болж. Тиймээс л би түмний үгийг түгээж байгаа. Саяхан намайг У.Хүрэлсүхийг долоолоо гээд л бичээд байсан санагдана. Яах аргагүй Батширээт сумынхан Хүрэлсүхийг дуудаад байсан юм шүү дээ. “Ирнэ гэж хэлчихээд ирэхгүй юм, тааралдвал хэлээрэй” л гэсэн. Аз болж тэр үед мөргөлдөөд “Чамайг дуудаад байна, чи очоочээ” л гэсэн. Хүмүүсийн үгийг л дамжуулж яваа минь тэр.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Гурван жилийн дараа ахин ярилцахад бидний ярилцлага илүү их амжилт, ололттой үргэлжлэх байх.

-Баярлалаа. Онгоцонд үргэлжлэх байхаа /инээв. сурв/

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-13 11:52

жаргацан �####� шүү, тэгэж бгаа уйдахаараа хаячаад нэр дэвшээд �##�га болох бх даа

Холбоотой мэдээ

Back to top button