СПОРТ

М.Уранцэцэг: Тэмцээнээс ганзага хоосон ирж, монгол түмнийхээ итгэлийг алдах эрх надад байхгүй

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл хошой хүрэл медальт, Гиннесийн дээд амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөөдөр Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэн, дутуугаа гүйцээлээ. Ингэснээр тэрбээр олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, олимп, ДАШТ-ийн таван медаль өвөртлөв.

2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд нь түүнтэй ярилцсанаа СЭРГЭЭН НИЙТЛЭВ.

ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авсан Монголын анхны, дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн улсынхаа хоёр дахь (Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа) жүдоч, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй ярилцлаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Жи мобайл” компани, “Хүч” спорт хорооны тамирчин тэрбээр энэ жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Өдгөө 29 настай М.Уранцэцэг жүдогийн спортоос мэндэлсэн Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга.

Бид ярилцагынхаа цагийг товлоход тэрбээр “Хотоос зайдуухан салхинд гарч явна. Орой хотод орохоороо яръя. Тэгээд тухтай ярилцъя” гэв. 20.00 цаг өнгөрлөө. Би ч дотроо “За, ажил нь амжихааргүй болсон бололтой. Ийм орой юу гэж ярилцлага өгөөд суух вэ. ДАШТ-д оролцоод их ядарсан, ирэнгүүтээ амрах байх” гэж бодож суутал М.Уранцэцэг гавьяат утсаар холбогдон “Харьж явна, манайд хүрээд ир” гэлээ. ДАШТ-ээс ирээд удаагүй, их ядарсан мөртлөө 21.00 цагт цааргалалгүй ярилцлага өгөөд суудаг тамирчин хэд бол. Ялангуяа түүн шиг нэлээд жин дарах амжилт гарган, дэлхийн шилдгүүдийн өнгөнд яваа тамирчдын дунд бүр ч ховор.

Зарим тамирчин амжилтдаа эрдэн, буруу замаар ордог. Тэгэхгүй юм гэхэд амжилтын үзүүрээс хагас дутуу атгангуутаа хамраа сөхөн, биеэ тоох нь цөөнгүй. Жүдо бөхөд хөл тавин, уналт, өнхрөлт заалгахдаа ч, дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулахдаа ч М.Уранцэцэг гавьяат нэг л зангаараа байсан. Одоо ч хэвээрээ. Энэ нь түүний амжилтын төдийгүй олны хүндлэлийг хүлээдгийн нэг үндэс болов уу. 

Зорилгодоо хүрч чадаагүйдээ монгол түмнээсээ хүлцэл өчье

-ДАШТ-ий иж бүрэн медальтай Монголын анхны жүдоч болж, бас нэгэн шинэ хуудас нээсэн танд баяр хүргэе. Та маргаашнаас (өнөөдөр) бэлтгэлдээ орно гэж дуулсан. Эх орондоо ирээд нэлээд хэд хонолоо. Хангалттай амарч амжив уу?

-Баярлалаа. ДАШТ-д зодоглосон Монголын жүдочид есдүгээр сарын 2-нд эх орондоо ирсэн. Ажил амжуулах гээд ирснээсээ хойш нойргүй шахам явлаа. Тухтай амрах сөхөө ер гарсангүй. За, тэгээд болох байх аа (инээв).

-Сая аав тань гавьяаттай цуг яваа харагдсан. Охиноо ДАШТ-ээс медаль хүртлээ гээд тосохоор хөдөөнөөс ирсэн бололтой.

-Тэгсэн. Аав минь Баянхонгорт мал маллаж амьдардаг. Намайг тосохоор хөдөөнөөс ирсэн юм.

-Хөдөөний ажил мундахгүй, барагдахгүй. Амжилт гаргах бүрт нь таныг тосож амждаг уу?

-Гайгүй ээ, амждаг. Ер нь завчилж байгаад охиноо тосдог. Аав миний араас сүү өргөн, хүлээгээд л суудаг юм.

-ДАШТ-ий шагналын тавцанд зогсож байхад түүхэн амжилтын эзэн боллоо гэх бахдал, өмнөх амжилтаа ахиулж, дэлхийн хошой аварга болж чадсангүй гэх харууслын аль нь илүү төрөв?

-Хүссэн тамирчин бүхэн ДАШТ-ээс медаль авч чадахгүй. Бэлтгэл, сургуулилалт сайтай, өмнө нь дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, үзүүрлэж байсан болохоор энэ удаа амжилтаа давтах, хошой аварга болохын төлөө зүтгэлээ. Харамсалтай нь, түүндээ хараахан хүрч чадсангүй. Монголын ард түмнээсээ хүлцэл өчье.

Гэхдээ юу гэж хүрэл медалиа чамлах вэ. Баяртай байна аа. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны жүдоч болчихоод зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө, төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий ааваараа их бахархлаа.

Дараа учраа таарахдаа Д.Белодидыг заавал ялна

-Та хагас шигшээд Украины бөх Дариа Белодидэд дийлдсэн. Дэлхийн хошой аварга тэрбээр танаас бусад шилдгийг ялсан, тантай анх удаа учраа таарсан шүү дээ. Барилдаан богино хугацаанд өрнөсөн, тэгнэ гэж таамагласан хүн ховор байх.

-Харин тийм ээ. Би 48 кг-ын тамирчин бүхэнд өөр, өөр тактик, мэх боловсруулсан юм. Д.Белодидтэй хэрхэн барилдахаа ч мөн сайтар төлөвлөсөн. Даанч санаснаар болсонгүй.

-Д.Белодид нуруулаг, чацтай. Таныг түүнийг хэвтээ барилдаанаас илүүрхэх болов уу гэж таамагласан. Гэтэл харин та эсрэгээрээ өчүүлээд ялагдлаа.

-Ёстой богино хугацаанд болоод өнгөрсөн барилдаан. Нэгэнт ялагдчихаад юу ч гэх вэ дээ. Өөрийгөө өмөөрсөн болно, миний л буруу. Бид дахиад олон тэмцээнд учраа таарна. Дараа барилдахдаа түүнийг заавал ялж, даагаа нэхнэ дээ.

-Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгтэй хийсэн барилдаан бас чухал байсан. Учир нь та өнгөрсөн жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнд дийлдсэн шүү дээ. Энэ удаа алдаагаа хэрхэн засав?

-Энэ удаа өмнөх алдаагаа сайтар дүгнэн, хэрхэн барилдах төлөвлөгөөгөө зөв боловсруулаад дэвжээнд гарсан. Түүнийхээ дагуу барилдаад л яллаа.

-Та холимог багийн барилдаанд 57 кг-д өрсөлдсөн. Яалт ч үгүй 10-аад кг-ын зөрүү их гарна лээ.

-48 кг-д барилддаг тамирчин 57 кг-д хүч сорих шаггүй юм байна. Жингийн зөрүү ихтэй болохоор өрсөлдөгчөө хөдөлгөх, мэх хийхэд хүртэл лагс. Би чадлаараа л өрсөлдлөө. Энэ жил ДАШТ-д өрсөлдсөн Л.Энх-Отгон тохойны бэртэлтэй байсан. Тиймээс намайг 57 кг-д өрсөлдүүлсэн юм.

Багш нар минь надад их итгэдэг. Тэднийгээ, төдийгүй монгол түмнээ үргэлж баярлуулахыг би хүсдэг. Итгэлийг нь алдах эрх надад байхгүй. Гэхдээ тэр бүр санаснаар болохгүй нь гачлантай.

-Энэ жил Монголын жүдочид ДАШТ-д тааруу амжилт гаргалаа. Та бусад тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би энэ тухай юу хэлэх вэ дээ. Монголын жүдо бөхийн холбооныхон маргааш (өнөөдөр) хуралдаж, ДАШТ-д гаргасан алдаа, оноогоо дэнсэлнэ. Тэгэхээр би бус шигшээ багийн дасгалжуулагч нар энэ талаар ярьж, дүгнэвэл илүү зохистой, ончтой байх.

Өвдөг бэртэн, гурван сар эмчлүүлэхдээ юм юм л бодлоо

-ДАШТ-ий өмнө өвдгөө бэртээсэн гэж дуулсан. Бэртэл нь таны барилдаан, амжилтад хэр нөлөөлөв?

-Нөлөөлөөгүй, яг санасныхаа дагуу барилдсан. ДАШТ-ий өмнө өвдөг бэртэн, гурван сар эмчлүүлсэн юм. Тамирчин хүнд бэртэх шиг хэцүү зүйл үгүй. Өдий хүртэл зүтгэчихээд тамирчны замнал минь ингээд дуусах вий, ДАШТ-ийг өнжих нь, монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэх нь энэ тэр гээд юу эсийг бодох вэ. Хүмүүс мэс засалд орохыг зөвлөхөд нь би зөвшөөрөөгүй. Надад Ерөнхийлөгч Х.Баттулга ах их тусалсан.

Гурван сарын хугацаанд их юм бодсоон. Бэлтгэл хийж чадахгүй байх их хэцүү юм билээ. Би бэртчихлээ гээд нурмайгаад уначихвал юу болох вэ. Тиймээс би аль болох өөдрөг байж, эерэгээр хүлээж авсан. Би ер нь жүдогийн спортоор хичээллэснээсээ хойш аажуу амарч үзээгүй юм байна лээ. Анх удаа гурван сар амарлаа. Жүдогоос өөр зүйлд төвлөрөн, йогт явахаар их сонин бөгөөд содон санагдсан.

Хөлөөрөө үргэлж зөөлөн дасгал хийн, эдгээх гэж уйгагүй оролдсон. Тэгсний үр дүнд сайхан эдгээсээн. Би ДАШТ-ий өмнөх цугларалтад бэлтгэлээ үнэхээр сайн хийн, дутуугаа нөхөж, формдоо орлоо.

-Одоо ямар нэгэн зовиур бий юү?

-Гайгүй ээ, сайхан эдгэсэн. Тэмцээний үеэр бэртлээ сэдрээчих вий гэж ер санаа зовоогүй. Гэмтээгүй юм шиг л барилдсан.

-48 кг олон шилдэгтэй, ундарга сайтай. Өрсөлдөөн арай сул байсан болоосой гэж бодогдох юм уу?

-Ёстой тийм бодол төрдөггүй. Хөнгөн жинд угаасаа өрсөлдөөн ширүүн. Харин ч тэр хэрээр намайг хурцалдаг юм. Би 48 кг-д барилдаад сурчихсан. Заримдаа би 52 кг-д зодоглоод медаль авчихдаг.

Риогийн олимпын дараа амьдрал утгагүй ч юм шиг санагдаж билээ

-Та одоогоор зорьсон амжилтынхаа хэдэн хувьд нь хүрээд байна вэ?

-40 хувь л юм уу даа.

-Амжилтаа чамлаж байгаагийн, 60 хувь дутуу байгаагийн гол үзүүлэлт нь олимпын медаль болов уу. “Рио-2016”-д оролцсоныхоо дараа сэтгэлээр нэлээд унасан байх. Хүнд үеийг даван туулж, бүхнийг шинээр эхлэх эрч, хүчийг юунаас авав?

-(Толгой сэгсрэв). Энэ тухай бодох бүртээ харамсдаг. Олимпоос медаль хүртэнэ, аваргална гэсэн зорилготой, тэгнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан хүн чинь ганзага хоосон хоцрохоор тэр хэрээрээ сэтгэлээр унадаг юм билээ. Илүү өндрөөс газар унасан л даа. Амьдрах утгагүй ч юм шиг санагдаж билээ. Дараа нь “Их балай юм бодож” гээд өөрийгөө дооглосон.

Риогийн олимпод их сонин барилдаанууд болсон шүү. Одоо хүртэл гайхаад байдаг юм. Хагас шигшээд л гэхэд БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдчихсөн. Уг нь түүнийг ялаад л аваргын төлөө барилдах байлаа. Дагах тойрогт олимпын аварга С.Менезесийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дархан мэхэнд нь ороод, дийлдчихдэг байгаа.

Тэр үед тэнгэр хөмөрчих шиг л болсон. Хүнд үеийг шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмээр даван туулсан даа. Риогийн олимп надад том сургамж болсон. Түүнээс хойш тэгж сэтгэлээр унаж, хэр баргийн юманд гундахаа байсан.

ДАШТ-ий мөнгөн медаль надад бүхнийг шинээр эхлүүлэх урам өгсөн

-Дараа жил нь та ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь бүхнийг шинээр эхлэх урам, эрч хүч өгсөн үү?

-Яг тэгсэн, арай дээрдсэн.Учир нь би 2013 онд дэлхийн аварга болсноосоо хойш ДАШТ-ээс медаль хүртэлгүй олон жил болоод байсан юм. Жил жилийн ДАШТ-д жаахан аз дутан, медалийн үзүүрээс атгаад алдаад байлаа.

“Рио-2016” олимпод тааруу амжилт гаргасны дараа үнэхээр хүнд байв. Хэсэг хугацаанд шоконд орсон шүү. Бразилаас эх орондоо ирснийхээ маргаашнаас бэлтгэлээ хийж, 2017 онд дэлхийн дэвжээнд түрүүлнэ гэж хамгийн ойрын зорилгоо тодорхойлон хөдөлмөрлөсөн юм. Тэгж зүтгэсээр дэлхийн дэд аварга болохдоо үнэхээр баярласан, урамшсан. Тухайн үед “Өмнөхөө бүгдийг нь мартъя, зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнийг шинээр эхлүүлье, одооноос зөвхөн урагшаа харъя” гэж бодсон юм.

-ДАШТ-ий хос медальтан болно гэдэг том амжилт ч хошой аварга болж чадсангүй гэж харамсах сэтгэл тухайн үед таныг нэлээд зовоосон болов уу?

-Шагналын тавцанд зогсож байхад “Хэрвээ түрүүлсэн бол гоё байхгүй юү” гэж бодон, зөндөө харамссан.

-Таны медалийг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан. Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа Ерөнхийлөгчөөрөө зүүлгэнэ гэдэг яахын аргагүй ховор тохиолдол.

-Тийм шүү. Үүнээс илүү хувь заяа, аз завшаан гэж юу байх вэ. Үнэхээр сайхан санагддаг юм билээ. Тамирчин бүхэнд олдохгүй ховор тохиолдол л доо. Сайхан дурсамжаас гадна түүх болон үлдэх байх. Ерөнхийлөгчөөс мөнгөн медалиа гардаж авах мөчид “Түрүүлж, алтан медаль хүртсэн бол...” гэж бүр их харамссан.

Ерөнхийлөгч маань ДАШТ-ийг очиж үзэн, тамирчдаа дэмжсэн нь бидэнд их урам хайрлаж билээ. Бидний ур чадвар дэлхийн жүдо бөхийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрсэн нь яахын аргагүй Х.Баттулга ерөнхийлөгчийн гавьяа.

-2017 онд ДАШТ-ээс Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, хоёр монгол жүдоч шагналын тавцанд зогсож байхыг харах сайхан байлаа. Ер нь Г.Отгонцэцэг та хоёрын өрсөлдөөн спорт сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн. Түүнийг иргэншлээ солих шийдвэр гаргахад та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би энэ талаар юу хэлэх вэ дээ. Түүний сонголтыг хүндлэлгүй яах вэ. Отгоотойгоо хамт ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэх сайхан байсан шүү.

Ямар ч тэмцээнд эх орноо, монгол түмнээ төлөөлөн барилдахаас илүү жаргал үгүй

-Томоохон тэмцээнд таныг оролцуулаад Г.Отгонцэцэгийг өрсөлдүүлдэггүй байсны улмаас иргэншлээ сольсон гэж зарим хүн шүүмжилж байсныг нь нэг бус удаа сонссон юм л даа.

-Зөв ажигласан байна. Ийм буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг нь үнэн. Гэхдээ огт тийм биш. Г.Отгонцэцэг Монголд байхдаа бусад тамирчны адил тэмцээнд оролцон, шигшээ багт бэлтгэл хийж ирсэн. Бид хоёрыг тэмцээнд яг адилхан оролцуулдаг байсан. Отгоо амжилт гаргах хэмжээнд хүрэх үедээ иргэншлээ сольсон шүү дээ. Монголынхоо шигшээ багт бэлтгэл хийн, дасгалжуулагчдаасаа суралцсан нь түүний өнөөгийн амжилтад ташуур өгч байгаа болов уу.

Г.Отгонцэцэгийн гаргасан шийдвэр, өөрийнх нь сонголт. Түүнд хэцүү байдаг байх. Тэгэхгүй байх боломж Г.Отгонцэцэгт байсан. Надад иргэншлээ солих, бусад орны өмнөөс тэмцээнд оролцох бодол огт байхгүй, хэзээ ч зөвшөөрөхгүй. Ямар ч тэмцээнд эх орноо, монгол түмнээ төлөөлөн барилдахаас илүү жаргал үгүй, нэрийн төрийн хэрэг. За, тэгээд тэмцээнд түрүүлээд, Төрийн дууллаа эгшиглүүлбэл бүр ч сайхан. Би мөнгө, хүрэл медаль авсан үедээ ч шагналын тавцанд төрийн дууллаа амандаа аялдаг юм.

Өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпын медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог

-Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин таны төдийгүй бусад жүдочийн амьдралд хангалттай хүрдэг үү?

-Одоо цагт тулгамдаж буй асуудлын нэг нь энэ яах аргагүй мөн. Тамирчид амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулахын зэрэгцээ гэр бүлээ тэжээхийн төлөө нойр, хоолоо умартан хөдөлмөрлөдөг. Тэгэхийн тулд амжилт гаргах нөхцөл, боломжоор хангах чухал.

Гэтэл үндэсний шигшээ багийн цалин маш бага. Бид сард 350-400 мянган төгрөгний цалин авдаг. Хэдээр нь уураг, витаминаа аваад, хэдээр нь ар гэрээ тэжээх вэ. Өнөөдөр амжиргааны өртөг ямар өндөр байгаа билээ. Тамирчин бүхэн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахыг хүсдэг. Тиймээс үндэсний шигшээ баг нэр хүндтэй, өндөр цалинтай байх учиртай. Яалт ч үгүй амьдрахын эрхэнд олон авьяастай тамирчин спортоо орхиж байна. Тэдэнд үнэхээр харамсдаг. 400 мянган төгрөг амьдралд хүрэхгүй юм чинь тэгэхээс өөр аргагүй болчихоод байна.

Хэрвээ өндөр цалинтай бол тамирчид зөвхөн бэлтгэл, сургуулилалтдаа санаа тавина шүү дээ. Гэтэл тэгэх боломж өнөөдөр алга. Ядахдаа 800 мянган төгрөгний цалинтай болчихвол өөр шүү дээ. Тамирчид энэ талаар бүгд ярьдаг, санаа нь зовдог. Яг ингээд хэлдэг нь ховор. Тиймээс тамирчдынхаа дуу хоолой нь болж, тэднийг төлөөлөөд хэлж байгаа юм шүү.

-Та зөвхөн тамирчин бус хүнийхээ хувьд ч өдгөө монгол түмний хамгийн хайртай тамирчдын нэг болжээ. Хүн бүхэн хүндэлж, хайрлахын зэрэгцээ амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?

-Өмнө нь хэцүү байдаг байсаан, юуг нь нуух вэ. Одоо дассан, сэтгэл зүйгээ удирдаж сурсан. Би монгол түмнээ үргэлж баярлуулахыг хүсдэг. Түүндээ хүрч чадаагүй үе надад зөндөө бий. Би ДАШТ-д олон, олимпод хоёр удаа өрсөлдсөн. ДАШТ-ий гурван медальтай, олон тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч өөрийгөө чамладаг. Өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпын медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог. Гэхдээ яах вэ. Токиогийн олимпод дутуугаа гүйцээх боломж надад бий. Улам хичээж, өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаад Токиогийн дэвжээнд зодоглоно оо.

Токиогийн олимпод зорилгодоо хүрчихээд ханийнхаа хүслийг биелүүлнэ

-Ур чадвар, бэлтгэлээс гадна бусдаас юугаар илүү байсныхаа хүчинд өнөөгийн амжилтад хүрсэн гэж боддог вэ, та?

-Олон хүчин зүйл бий. Юуны түрүүнд миний гэр бүл. Тэд минь намайг амжилт гаргах бүхий л нөхцөл боломжоор хангаж, ард минь үргэлж асаалттай танк шиг байдаг. Бас жүдогийн баг, хамт олон, дасгалжуулагч нар. Би ганцаараа хэчнээн зүтгээд ч амжилтад хүрэхгүй. Манай жүдогийн шигшээ багийнхан “Хамтын хүч амжилт” гэсэн сайхан уриатай. Зөвхөн би бус хэн нэгнийгээ амжилт гаргахад урианыхаа үнэ цэнийг бүр их мэдэрдэг юм.

Үүний сацуу би өөрийгөө сэтгэл зүй сайтай юм болов уу гэж дүгнэдэг. Бас хийе гэснээ тултал нь гүйцэтгэхийг эрмэлздэг, дуусгасныхаа дараа л сэтгэл амардаг. Чадна гэсэн бол чадахын төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг нь миний давуу тал юм болов уу.

Намайг өнөөгийн амжилтад хүрэхэд жүдогийн спортын дэг жаяг, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн. Ээж минь надад “Хүнд хар буруу санаж болохгүй. Буруутныг уучилж, зөв бодолтой, цагаан мөртэй яв. Бусдад үргэлж тусалж, дэмжиж бай” гэж үргэлж захидаг.

-Таны хань таеквондогоор хичээллэдэг байсан. Тамирчны жаргал, зовлонг амсаж явсан тул таныг бүр сайн ойлгодог байх, тийм үү?

-Ёстой тийм шүү. Ханийг минь Г.Төрмөнх гэдэг. Таэквондогийн тамирчин байсан, намайг хамгийн сайн ойлгодог. Ийм сайн ханьтай учирсан би их азтай хүн. Ханиараа бахархдаг. Заримдаа ханийгаа өрөвддөг юм. Би эмэгтэй хүн. Үрийн зулай үнэрлэн, ханийгаа баярлуулъя гэж бодолгүй яах вэ. Спортын төлөө, амжилтын төлөө гэсээр хувийн амьдралаа хойш нь тавин зүтгэсээр өдий хүрлээ.

Хэрвээ хань минь намайг ойлгодоггүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Риогийн олимпын дараа ч юм уу хүүхэд гарган, спортоос хөндийрчихсөн явах ч байсан юм бил үү. Токиогийн олимпод зорилгодоо хүрчихээд ханийнхаа хүслийг биелүүлнэ дээ. Хүүхэдтэй болох, сурахаас авхуулаад төлөвлөсөн зүйл олон бий.

-Та эхээс хэдүүлээ билээ?

-Би эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг дүүтэй. Дунд ах (Бат-Эрдэнэ) минь надад мэх заадаг, тэг ингэ гэж зөвлөнө. Манай гэрийнхэн намайг их дэмжиж, тэмцээнд оролцоход аль болох очиж үзэн, дээлийн минь захыг мушгихыг илүүд үздэг юм. Гэр бүлийнхэн минь дэмждэггүй, ойлгодоггүй байсан бол надаас амжилт гарахгүй нь тодорхой. Би жүдо барилдахын хажуугаар “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг.

Намайг үргэлж дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хороо, БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, “Жи мобайл” компани, “Хүч” спорт хорооны хамт олон, “Хамтын хүч амжилт” уриан доор нэг нэгнээ ирлэж, хурцлан, түшиж явдаг жүдогийнхон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Ш.Цэвэлмаа багшдаа, сэтгэл зүйч багшдаа, гэр бүлийнхэн, аав, ээж, найз нөхөд, ханьдаа, монгол түмэндээ, баянхонгорчууддаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Та 2005 онд дасгалжуулагч Ж.Баярсайханаар жүдо бөх заалган, энэ спорттой амьдралаа холбосон. Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд олонх эцэг, эх дургүйцдэг юм билээ. Таныг 15 настайдаа жүдоч болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би хоёр талаасаа бөхийн удамтай. Ялангуяа аавын талд аймгийн цолтой олон хүчтэн бий. Аав минь ч бас аймгийн начин цолтой. Би багын эршүүд. Аав минь өхөөрдөөд эрэгтэй хүүхдүүдтэй барилдуулахаар давчихдаг байлаа (инээв). Намайг хичээллэж эхлэхэд Монголд жүдо өнөөгийнх шиг өндөр хөгжөөгүй байсан болоод ч тэр үү, спорт сонирхогчид эмэгтэй жүдочдыг Х.Эрдэнэт-Од багшаар л төсөөлдөг байлаа. Зарим нь бүр эмэгтэй хүн жүдогоор барилддаг гэхээр итгэдэггүй байсан гэнэ лээ.

Ээж “Эмэгтэй хүн жүдогоор барилдана гэж юу байсан юм бэ” гээд эрс дургүйцсэн. Би ч жүдоч болно гээд л гүрийчихсэн. Жүдогоор бэлтгэл хийж эхлэхэд надад хэцүү санагдаагүй. Харин ч өмнө нь хийгээд сурчихсан зүйлээ давтаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. 2006 онд “Женко” клубийн тамирчин болсноосоо хойш Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, арга ухаанаас нь суралцаж яваагаараа бахархдаг.

Чөлөөт цагаараа хийл тоглох дуртай

-Та хэвтээ, орооцолдсон барилдаанд илүү дадамгай, богино хугацаанд ухаалаг шийдвэр гаргах чадвар сайтай. Энэ чадвараа амьдралд тохиосон чухал мөчид бүрэн ашиглаж чаддаг уу?

-Чаддаг шүү. Ерөөсөө төлөвлөөгүй байсан ажлаа хүртэл гэнэт шийдчих нь энүүхэнд.

Бусдад үргэлж тусладаг ч түүнийгээ аль болох мэдэгдэхгүй байхыг хүсдэг

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Энэ үгийг бараг мартаж байна (инээв). Хийл хөгжим тоглох дуртай. Одоохондоо дөнгөж сурч байгаа. Бас байгалийн сайханд аялангаа амрах дуртай. Даанч тийм зав ер гарахгүй юм.

-Сайн үйлсийн аян зохион байгуулж, бусдад туслах бодол бий юү?

-Тэгэхийг үргэлж хүсдэг. Би ер нь тусархуу. Манай гэрийнхэн над шиг. Би аль болох бусдад туслаж, баярлуулахыг хичээдэг. Гэхдээ түүнийгээ бусдад мэдэгдэн, өөрийгөө рекламдах дургүй. Зүгээр л туслах дуртай.

Би өөрийгөө зунтай зүйрлэнэ

-Та өөрийгөө улиралтай зүйрлэвэл алийг нь онцлох бол?

-Зунтай л зүйрлэнэ. Намайг уян, зөөлөн ааштай гэж хавь ойрынхон маань ярьдаг, тэгэхээр энэ улиралтай төстэй болов уу.

-Хамгийн том ах тань Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнай гэдгийг хүмүүс андахгүй. Танд ер нь жүдо барилдахаас өөр авьяас бий юү?

-Ээ, дээ, маруухан даа. Ер нь байхгүй юм байна аа. Спортын л авьяас бий (инээв). Бокс, гимнастикийн спортод дуртай. Би нээрэн чөлөөт цагаараа гимнастик хийдэг.

-Боксоор ер нь хичээллэж байв уу?

-Би уг нь багадаа боксоор хичээллэх бодолтой, илүү хорхойтой байлаа. Спортын төв ордонд анх очиход боксын заал хаалттай, жүдогийнх нь нээлттэй байсан юм. Тэгээд жүдогийн заал руу шагайсаар байгаад эл спортод татагдан, өнөөг хүртэл амжилтын төлөө зүтгэж явна.

-Хувь тавилан гэж сонин шүү. Та өөрийгөө хэрвээ боксоор хичээллэсэн бол гэж төсөөлж байв уу?

-Бас л дэлхийн аварга болчихсон л яваа байх. Би их шартай, дайчин. Наашаа харж инээгээд, цаашаа хараад уйлдаг. Ямар ч спортоор амжилт гаргана гэдэгтээ итгэдэг. Мэдээж яг анхнаас нь жүдо шиг хичээллэвэл шүү дээ.

Би аяга цуглуулах дуртай, шувуунд их хайртай

-Таныг аяга цуглуулах хообийтой гэж сонссон. Ер нь юуг нь чухалчилж цуглуулдаг вэ?

-Хэлбэр, хийц, үзэмж, эсвэл эртнийх байх нь чухал биш. Зүгээр өөрт таалагдсан аягаа л худалдан авч, цуглуулгаа арвижуулдаг. Намайг ийм хообийтойг мэддэг найз, танилуудын минь бэлэглэсэн аяга зөндөө бий. Бас шувууны дүрстэй шаазан цуглуулах дуртай, шувуунд их хайртай.

-Шувуу тэжээх бодол бий юү?

-Уг нь тоть тэжээхийг хүсдэг. Даанч бэлтгэл, тэмцээн гэсээр зав муутай болохоор тэгэх боломж, зав төдийлөн гарахгүй байна.

Томоохон тэмцээний өмнө юм уу дараа нь нутагтаа заавал очин, мөргөдөг

-Нэлээд завгүй байдаг бололтой. Гэр бүлдээ хангалттай зав гаргаж амждаг уу?

-Өө, ёстой чаддаггүй. Гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Зодог тайлсныхаа дараа л завтай болох байх.

-Танд олимпоос өөр түрүүлж үзээгүй тэмцээн бий юү?

-Байхгүй. ДАШТ, Их дуулгууд, Азийн наадам, Азийн АШТ гээд бүх л томоохон тэмцээнд түрүүллээ. Өдий хүртэл оролцсон тэмцээнээс хамгийн дурсамжтай нь 2013 оны ДАШТ. Алтан медалиа энгэртээ гялалзуулан, Төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа өөртөө итгээгүй. “Нээрэн үү, зүүд биш байгаа” гэж бодож билээ.

Одоо надад олимпын аварга болох туйлын ганцхан зорилго үлдсэн. Токиогийн олимпод зорилгоо биелүүлэхийн төлөө бүхий л нөөц, боломжоо дайчлаад зүтгэнэ дээ. Ямар ч байсан Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш нь тавьсан. Нөхөр минь ч дэмжиж, ойлгож байгаа. Өдий болтол зүтгэхдээ ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай гэж бодохоор заримдаа чамламаар санагддагаа нуугаад яах вэ. Риогийн олимпоос медаль хүртэх боломжоо алдсан. Гэхдээ дэлхийн аваргын төлөө хоёр удаа барилдан, нэг хүрэл медаль авсан амжилтаа чангаас чанга атгалгүй яах вэ. Хэн дуртай нь ийм амжилт гаргах амаргүй л болов уу.

Би хувьтай, азтай хүн. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. Намайг таван настай байхад манайх Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Томоохон тэмцээний өмнө юм уу дараа нь нутагтаа заавал очин, мөргөдөг. Түүнээс илүү жаргал гэж юу байх вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголоо
Монголоо
2019-09-09 14:53

Олимпод түрүүлэх болтугай. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-01-03 10:36

Olimpiin altan medali hurteh boltugai

Зочин
Зочин
2020-01-03 11:27

Аз хийморьтой байх болтугай.

Зочин
Зочин
2021-01-12 05:19

Үнэхээр мундаг. Гацхан Монгол хүний амнаас л “Ерөнхийлөгч Баттулга ах” гэж гарна. Үнэхээр та�##�агдлаа—гоё мэдрэмж төрлөө

гайхалтай
гайхалтай
2021-01-12 08:48

АРГАГҮЙ л ясны бөх байна. Баяр хүргъе

Zochin
Zochin
2021-06-07 05:45

Boltugai :))

баяр хүргэе
баяр хүргэе
2021-06-07 07:42

АРГАГҮЙ агуу тамирчин юм даа. ОДОО олимпийн мед�##�ь авч ардуудаа баярлуулаарай. ЧИ чадна.

Холбоотой мэдээ

Back to top button