Нийгмийн

С.Минжин: СТА О.Ууганчимэг надаас уучлалт гуйсан тул уучиллаа, ойлголцлоо

Монгол түмний дуулах дуртай, хайртай уран бүтээлийн нэг нь “Амин нутаг дуу. Аяыг нь хөгжмийн зохиолч Л.Балхжав зохион, үгийг нь Төрийн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдорж тэрлэсэн тус дууг Ардын жүжигчин Д.Самбуу 1979 онд анх дуулсан түүхтэй.

1990-ээд оны үед “Камертон” хамтлаг дуулснаар нь мөн сайн мэдэх “Амин нутаг” дууг Д.Самбуугийн охин, Соёлын тэргүүний ажилтан Нинжин шинэчлэн дуулж, клипжүүлсэн юм.

Булган аймгийн ЗДТГ, аймгийн Соёл урлагийн газар санаачлан уржигдар зохион байгуулсан “Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа” тоглолтын үеэр СТА О.Ууганчимэг С.Нинжингийн дуулсан хувилбар дээр ам барьж дуулсан гэх шүүмжлэл гараад буй.

Цахим орчинд олон, олон хүн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн, “Бусдын дуун дээр ам барьж дуулсан анхны хүн Булганых боллоо” гэж буй. Үүний сацуу “Адилхан л дуулсан болохоос С.Нинжингийн хувилбар дээр нь ам бариагүй. Өөрийнхөөрөө  дуулсан” гэж буй нь ч бий.

Энэ талаар СТА, дуучин С.Нинжин цахим хуудсандаа “Миний дуулсан дуун дээр ам барьчихлаа. Тэр нь бүр Булган аймгийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, СТА Ууганчимэг гэдэг хүн. Төрд ажиллаж байгаа дарга, СТА арай ичгэвтэр биш үү. Бүр шоконд орчихлоо” гэж бичин, О.Ууганчимэгийн дуулж буй бичлэгийн хамт нийтлэжээ.

Бид энэ талаар дуучин С.Нинжинтэй холбогдон, байр суурийг нь сонирхлоо.

ЯГ МИНИЙ ХООЛОЙ, МИНИЙ ДУУ МӨН

-Энэ талаар та хэзээ мэдсэн бэ?

-Өчигдөр мэдлээ. “Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа” тоглолтыг шууд дамжуулсан лайвын доор намайг нэг хүн mention хийсэн юм. “Энэ яг өөрийн чинь дуун дээр дуулаад байна. Яг чиний хоолой” гэлээ. Би гайхаад сонсох нь ээ яг миний хоолой, миний дуу мөн байсан.

-СТА О.Ууганчимэг таны дуун дээр ам барьж дуулсан гэдэгт та бүрэн итгэлтэй байна уу?

СТА О.Ууганчимэг

-Тийм ээ. Огт эргэлзэхгүй байна. Ямар ч дуучин, уран бүтээлч хүн өөрийнхөө хоолойг, дуулсан дуугаа андахгүй.  Би өөрийнхөө хоолойг, дуулсан дуугаа танихгүй, андуурна гэж юу байх вэ. “Амин нутаг”-ийг клипжүүлээд гаргасан хувилбар, миний хоолой яг тэр чигээрээ мөн байна лээ.

Анх намайг mention хийсэн хүнээс “Энэ хэн гэдэг дуучин бэ” гэхэд “Мэдэхгүй. Соёлын төвийн дарга нь юм уу уран бүтээлч нь байх” гэсэн. Тоглолт дууссаных нь дараа тухайн лайвыг ухрааж үзээд Булган аймгийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, бүр СТА цолтой хүн гэдгийг нь мэдсэн юм. Жирийн нэгэн хүн ингэж дуулсан бол би “За, яах вэ. Дахиж ийм алдаа битгий гаргаасай” гээд л өнгөрөх байсан. Гэтэл төрийн албан хаагч, Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, Соёлын тэргүүний ажилтан цолтой хүний хувьд бүр ч байж боломгүй алдаа, зохисгүй үйлдэл. Энэ нь миний эгдүүцлийг илүү их хүргэсэн.

Намайг үгүйсгэсэн үйлдэл.Өөрийнхөө бус бусдын дуун дээр ам бариад тоглолтон дээр дуулж, олон түмнийг хуурна гэсэн чинь одоо юу гэсэн үг вэ. Санаанд ч багтахгүй юм.

ЯМАР Ч ДУУЧНЫ НУГАЛАА, ХАРАКТЕРЫГ ДУУРАЙХ БОЛОМЖГҮЙ

-Энэ нэг талаараа оюуны өмч, нөгөө талаараа бусдын нэр хүндтэй холбоотой асуудал. Хэрвээ О.Ууганчимэг өөрийнхөөрөө дуулсныг нь та андуурсан байвал яах вэ гэдэг асуудлыг орхиж боломгүй. Яг таны дуулсан дуун дээр ам барьсныг нь та яаж нотлох вэ?

-Энэ ёстой чухал асуудал. Би шууд л “Миний дуун дээр ам барьчихлаа” гээгүй. Андуурч, бусдын нэр хүндэд халдчих вий гэж эхэндээ болгоомжилсон. Нэлээд бодож, дууг нь дахин, дахин сонссон. Яалт ч үгүй миний дуу, миний хоолой мөн. Надад эргэлзэх зүйл огт байхгүй.

Дахиад хэлэхэд “Энэ яг миний дуу мөн үү. Би андуурсан байх вий” гэж би огт эргэлзэхгүй байна.

Надтай адилхан хоолойтой хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дуучны үг хэллэг, нугалаа дахин давтагдашгүй. Хэчнээн авьяастай элэглэгчийг ч “Ёстой төстэй болж” л гэдэг. Түүнээс биш тухайн хүнтэй шууд андуурдаггүй. Яг үүнтэй адил. Хэчнээн адилхан хоолойтой байлаа ч тухайн дуучны нугалаа, характерыг дуурайх боломжгүй. Маш олон хүн “Минжингийн дуу яг мөн байна. Болиоч ээ, ичээч” гэж бичсээр байна.

"АМИН НУТАГ" ДУУНЫ ЭРХИЙГ БИ ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ АВСАН

-“Амин нутаг” дууг та хэзээ шинэчилж дуулсан билээ?

-“Амин нутаг” дууг миний аав ( Ардын жүжигчин Самбуу) анх дуулж, хит болгосныг монгол түмэн сайн мэднэ. Би энэ дууны эрхийг гурван жилийн өмнө Балхжав ахаас авсан. Тэгээд клипжүүлээд, олон түмэнд цацсан маань гурван сарын өмнө. СТА О.Ууганчимэг гэдэг хүн ам бариад дуулсан нь яг энэ хувилбар. Хүссэн хүн бүхэн “YouTube” хуудаснаас харьцуулаад сонсох боломжтой. 

-О.Ууганчимэгтэй холбоо барьсан уу?

-Өчигдөр (уржигдар) би энэ талаар цахим хуудсандаа бичиж, байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа над руу маш их дайралт ирсэн. Түүний төрсөн дүү болон бусад хүн чатаар, комментоор элдэв юм бичсэн. “Ийм дуучин байдаг юм уу. Ямар дуутай юм бэ. Яаж яваад СТА болсон юм бэ. Чи олонд танигдах, хандалт авахын тулд ингэлээ” гэх зэргээр зөндөө юм бичсэн.

“Юу хийж, бүтээсэн юм бэ” гэж буй хүмүүст хандаж хэлэхэд, “Малчин” телевизийг 2013 онд үүсгэн байгуулсан цагаас өнөөг хүртэл би телевизийн салбарт ажиллаж байгаа. “Талархал” ток шоу нэвтрүүлгээр минь үзэгчид намайг сайн мэднэ.

Санаачилж хийсэн төсөл, хөтөлбөр, нэвтрүүлгүүд, ажлыг минь улсаас үнэлж надад СТА цол олгосон. Аавынхаа тоглолтон дээр СТА болж байлаа.

-Уран бүтээлдээ түлхүү анхаарсан нь хэдэн оноос вэ?

-Өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сараас хойш дууны уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа. Өнөөг хүртэлх хугацаанд цөөнгүй уран бүтээл хийсний нэг нь “Амин нутаг” дуу.

Асуудлын гол нь С.Нинжин юу хийж, бүтээсэн нь бус миний дуун дээр амь барьсан эсэх. Түрүүн та надаас “Холбоо барьсан уу” гэж асуусан. Үүнд хариулахад, миний эргэн тойрны хүмүүсээр дамжуулж, надтай холбоо барих гэж оролдсон. О.Ууганчимэгийн төрсөн дүү нь, олон хүн над руу дайрч, элдвээр доромжилсон учраас би “Над руу сошиалаар дайрсан, элдэв юм бичсэн хүмүүсээр уучлалт гуйлга” гэсэн.  Би зүй ёсны л шаардлага тавьсан. Яагаад би тэдэнд ингэж хэлүүлж, доромжлуулах ёстой гэж.

-Тэдгээр хүмүүс танаас уучлалт гуйсан уу?

-Гуйгаагүй. Хэн нь ч эргэж холбогдоогүй. “Би та нарыг цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өгнө, шалгуулна. О.Ууганчимэгийн дуулсан бичлэгийг өөрийнхөө дуутай хамт хоолойны бичлэгийг нь шинжлүүлнэ. Шүүхэд хандана” гэснээс хойш элдэв юм бичих нь багассан.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ ЭСЭХЭЭ ХАРААХАН ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

-Та ер нь Оюуны өмчийн газар, хуулийн байгууллагад хандах уу?

-Одоогоор “Тэгнэ, ингэнэ” гэж хараахан шийдээгүй байна. Өнөөдөр (өчигдөр) ням гариг, амралтын өдөр. Энэ бол яалт ч үгүй Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, төрийн албан хаагч, СТА цолтой хүний хувьд ёс зүйгүй үйлдэл. Байж боломгүй зүйл мөн үү гэвэл мөн. Төрсөн дүү гээд нэг эмэгтэй над руу зурвас илгээсэн, бичлэгэн доор янз бүрийн сэтгэгдэл бичиж сүрдүүлсэн.

-Юу гэсэн утгатай зурвас тан руу илгээсэн бэ?

-“Маргааш цагдаа дээр уулзъя. Чи өөрийнхөө хоолойг ч танихгүй байна” гэсэн. Надаас уучлалт гуйгаагүй, уучлалт гуйх ухамсаргүй байгаад нь би гайхаж, эгдүүцэж байна. Асуудал цааш хурцдан, хуулийн байгууллагад шалгуулах хэмжээнд хүрвэл надад айж, эмээх, эргэлзэх асуудал байхгүй.

-Тэгэхээр та одоогоор хуулийн байгууллагад хандах эсэхээ шийдээгүй байгаа юм байна. Дуучин нь, тан руу элдэв юм бичсэн хүмүүс уучлалт гуйвал уучлах уу?

-Уучилна. Уучлалт гуйхгүй, алдаагаа ухамсарлахгүй дахиад сүрдүүлвэл энэ асуудлыг өөрөөр ярина. О.Ууганчимэгийн дүү нь томоохон албан тушаалтны туслах гэнэ лээ. Хэвлэл мэдээллийг нь хариуцдаг юм уу даа. Албан тушаал, эрх мэдэл, танил талаараа намайг сүрдүүлнэ гэж бодоод байх шиг. Би тэднээс айхгүй. Би өөртөө итгэлтэй байна.

Би хуулийн байгууллагад хандвал энэ маш том асуудал болно. Дуулсан хүн, төрсөн дүү, над руу элдэв юм бичсэн хүмүүсийн хувьд ч мөн адил. Алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйх ухамсар байгаа байлгүй дээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд СТА О.Ууганчимэгтэй, Булган аймгийн Соёл урлагийн газартай холбогдох гэж оролдсон ч утсаа авсангүй.

НЭМЭЛТ: Энэ ярилцлагыг өгснийх нь дараа СТА О.Ууганчимэг болон түүний дүү дуучин С.Нинжингээс уучлалт гуйжээ.

Энэ талаар С.Нинжин "Миний хоолойн дээр өөр хүн ам барьж байхыг үзэх ёстой эвгүй доромжлол шиг мэдрэмж төрдөг юм билээ шүү. Чи хоолойгоо таньдаггүй юм уу, цагдаа энэ тэр гэхээр бүүр их дургүй хүрдэг юм байна.

Одоо нэрийг нь бичээд яах вэ. 2-уулаа залгаж надаас уучлалт гуйлаа, ойлголцлоо. Уг нь эрт ойлголцчих л байсан юм. Надад уучлах сэтгэл их байлаа. Даанч энэ чинь бас миний олон сарын хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулсан чадан ядан хийсэн уран бүтээл минь, дээрээс нь доромжлуулж байсан болохоор яаж ч чадсангүй.

Тэр эмэгтэй үнэхээр өөрөө гоё дуулдаг эмэгтэй бна лээ. Хүн нэг алдаа л биз дээ, гэхдээ ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг олон хүнд сануулсан байх. Би албан ёсоор уучилсан. Ямар ч сайт сонинд ярилцлага өгөхгүй. Одоо бүгдээрээ нэгэндээ сайн сайхныг хүсье тэгэх үү. Намайг ч бас уучлаарай" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ам барих хэрээс хэтэрч бна уучлалт гуйх хэрэгтэй ш дээ

ҮҮР
ҮҮР

ХҮНИЙ ХООЛОЙГООХ АМ БАРИНА ГЭДЭГ БОЛ ИЧГЭВТЭР ШҮҮ. нИНЖИНГЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Далан давхарт дуулцгаа

Zochin
Zochin

Zuv,ogoh heregtei

guns
guns

Za bas l bulganiih er n A.bazar airagnii urguu gehiin orond sn lam zalaad zasal hiilgeed uzvel yanavdee?

Зочин
Зочин

Арай л ичмээр юмаа. Бас дарга гэсэн үү тэгвэл даргаа л хийгээч...

Зочин
Зочин

bulganiihan ch sain muu buh l yumnii anhdagchuud shuudee

Холбоотой мэдээ

Back to top button