НийгмийнСПОРТЯрилцлага

Б.Сумъяа: Холбооны хэрүүл, бусдын эрх ашгийн золиос болсон хамгийн сүүлчийн тамирчин би л байгаасай

Тэр гэнэт л нэг өдөр тэшүүрийн спортод цэг тавьсан. Олимпын аварга болох мөрөөдөл, зорилгодоо ч мөн адил. “Одоо хангалттай” гээд эргэж ч харалгүйгээр явсан. Монголын тэшүүрийн спортод олон жил бугшсан буглааг арилган, шударга, эрүүл өрсөлдөөнийг бий болгохын төлөө уйгагүй тэмцэж, дуу хоолой болж явснаа гэнэт бүхнийг орхисон. Тэр шантарсан бас цөхөрсөн. Тэгээд л бүхнийг орхисон, амьдралынх нь салшгүй нэг хэсэг байсан тэшүүрийн спортгүйгээр урагш алхсан.

“Олимпын аварга хаана явна аа” гэж хүмүүс асуухад, үгүйлэхэд ч тэр ил гараагүй. Бүхэл бүтэн дөрвийн дөрвөн жил тэшүүрийн спортгүйгээр амьдарсан, одоо ч хэвээрээ. Тэс өөр амьдралын хэмнэлээр, тэс өөр “ертөнцөд” амьдарч явна. Ингэж бичихээр манай уншигчид “Хэн юм бол” гэж гайхаж магадгүй.

Монгол Улсын өвлийн спортоор олимпын ганцхан аваргатай гэнгүүт “Аан, Б.Сумъяа юу” гэх нь ойлгомжтой. Манай улсад өвлийн спорт өндөр хөгжин, тамирчид олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргах, медаль хүртэх боломжтойг харуулсан, түүхэн амжилтын бол Буянтогтохын Сумъяа. “Монгол Улс өвлийн залуучуудын олимпын аваргатай боллоо” гээд улс даяараа баярлан, шуугиж байсан цаг саяхан.

“Өвлийн олимпод эрх авах, медаль хүртэх боломж байна” гээд түүний дээлийн захыг мушгиж суусан хүн олоон, олон. Монгол түмэн сэтгэлээрээ дэмжсэн, Б.Сумъяа ч хичээхийн дээдээр хичээсэн. Харамсалтай нь, бодит байдал тэс өөр байлаа. Монголын тэшүүрийн холбооны дотоод маргаан, тодорхой албан тушаалтнуудын эрх ашиг Б.Сумъяагийн өмнө хөндөлсөж байв. Тэмцээнд уралдаан, бэлтгэл гээд бүхий л үед холбооноос түүнийг шахан, хавчиж, “Амжилт битгий гаргаасай” гэж залбирах шахам байсан гэж спортын хүрээнийхэн шүүмжилдэг, одоо ч харамсдаг.

Ямар сайндаа Б.Сумъяаг залуучуудын олимпын аварга болоод ирэхэд нь Монголын тэшүүрийн холбоо угтаагүй, ганц удаа ч хүлээж авч уулзан, хүндэтгэл үзүүлээгүй гээд бодохгүй юу. Хэдийгээр тийм их үл хүндэлсэн хандлага, шахалт, хавчилтан дунд байсан ч Б.Сумъяа бууж өгөөгүй. Улам гүрийсээр байсан шалтгаан нь өвлийн олимп. 2018, 2024 оны олимпод оролцох, медаль хүртэхийн төлөө зүтгэсэн. Гэвч Пёнчаны өвлийн олимпод оролцох эрх авч чадаагүй. Үнэндээ түүнийг олимпын эрх авах хэмжээнд Монголын тэшүүрийн холбоо, улсаас дөмөгхөн дэмжсэн үү гэвэл үгүй.

Б.Сумъяагийн багш, Гавьяат тамирчин Л.Цэнд “Залуучуудын олимпын аварга, тэшүүрчин Б.Сумъяа, Я.Зоригтбаатар нарт Олимпын эрх авах боломж байсан. Тэдэн шиг тамирчин Монголд байхгүй. Гэтэл тэднийг ер дэмжсэнгүй, бүр олимпын эрхийн оноо олгох ганц ч тэмцээнд оролцуулаагүй. Ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр А.Зул гэдэг тамирчныг Европт хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэсэн. Нөгөөх нь олимпын эрхийн болзолд бараадсангүй. Би лав тэр охины дасгалжуулагч байсан бол гутна. Сумъяа, Зоригтбаатар гэлтгүй тэднээс ирээдүйтэй тамирчин хөдөө, орон нутагт байхыг үгүйсгэхгүй. Бүгдийг нь адил дэмжиж, ижил тордож байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш танил талаа бодолцон, өөрсдийн талын гээд дуртай тамирчнаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олимпод сойх нь шударга бус” гээд санаа алдаж байв.

Ингээд 2018 оны Пёнчаны олимпын дараа Б.Сумъяа тэшүүрийн спортод цэг тавьсан, бүхнийг орхихоор шийджээ. Тэр шийдвэртээ эргэлзээгүй, эргэж хургаагүй. Шууд л цэг тавьсан, одоо ч хэвээрээ. Уншигч таны өмнө тэс өөр зорилго, хүсэл тэмүүлэлтэй Б.Сумъяа сууж, илэн далангүй ийн ярилаа.

-Та саяхан болсон тэшүүрийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон. Гэнэт өрсөлдөхөөр шийдэв үү. Төлөвлөн, бэлтгэл хийж байгаад хурд сорив уу?

-Хоёрдугаар сарын сүүлээр болсон насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэлцэн ирэхийг Монголын мастеруудын холбооноос урьсан юм. 2022 он өвлийн олимпын жил. Тиймээс олимпод оролцсон тамирчдаа алдаршуулан, хүндэтгэл үзүүлэх гээд намайг урьсан. Тэнд очсоныхоо дараа л тэмцээнд оролцохоор гэнэт шийдлээ.

-Тэшүүрээр гулгахаа больсон 2018 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд бэлтгэл хэр хийж байв?

-Ганц ч удаа бэлтгэл хийгээгүй. Бүр гутлаараа ч жирийн мөсөн дээр гулгаагүй. Өнгөрсөн хугацаанд тэшүүрийн спортоос хөндийрч, сургуульд сурч, гадаад хэлний мэдлэгээ сайжруулан, өөрийгөө хөгжүүлсэн. Эл спортоос ор тас хөндийрч, тэшүүрчидтэй огт холбоо барилгүй явсаар өдий хүрээд байв. Ёстой нөгөө усанд хаясан чулуу шиг л амьдарч байлаа.

Дөрвөн жилийн дараа тэмцээнд оролцоход дахиад амжилтын төлөө зүтгэмээр, тууштай гулгамаар санагдсан.

-Дөрвөн жил гэдэг ямар ч спортын тамирчинд урт хугацаа. Спортоос хэр төсөөрсөн байна бэ?

-Нэлээд төсөөрсөн байна лээ. Эхлээд мөсөн дээр гарахад ёстой эвгүй байлаа. Яг л тэшүүр анх сурч байгаа хүн шиг байсан. 500 метрийн гарааны өмнө мөсөн дээр хоёр удаа гарч, давтлаа. Тэгээд л уралдсан. Эхэндээ ойрын зайнд л уралдъя гэж бодсон юм, уг нь. “Барианд л орчихвол бол оо” гээд оролцсон. Тэгсэн чинь бүр дөрвөн зайд уралдаад, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авлаа.

Би долоон настайдаа тэшүүрийн спорттой амьдралаа холбосон. 2018 онд, 19 нас хүртлээ гулгасан, амжилтын төлөө зүтгэсэн. Тэшүүрийн спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг байсан. Өвлийн олимпод түрүүлнэ, медаль хүртэнэ гэсэн том зорилготой байлаа. Харамсалтай нь,  түүндээ хүрч чадаагүй.

-2018, 2022 оны өвлийн олимпод оролцох боломж байсан. “Олимпын аварга Сумъяа хаана явна вэ” гэж хүмүүс одоо сурагладаг, үгүйлдэг. Тэшүүрийн спортыг орхиход, бүхнийг шинээр эхлэхэд юу нөлөөлөв?

-Хүмүүс намайг Япон руу сургуульд явсан гэж андуурсан байна лээ. Би БНСУ, Америкт амьдарч, сурч байгаад эх орондоо ирсэн.

2018 оны Пёнчаны олимпын үеэр манай аав хэвлэлд ярилцлага өгөхдөө “Мөнгөгүй гээд тамирчдаа олимпын тэмцээнд оролцуулж, бэлтгэл хийлгэдэггүй мөртлөө дарга нараа олноор нь олимпод явуулчихлаа” гэсэн юм. Монголын тэшүүрийн холбоо, Үндэсний шигшээ баг үүнийг дуулиан болгож, мэдэгдэл гаргасан. Үндэсний шигшээ баг миний талаар худлаа мэдээлэл тараасан нь үнэн. Энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаад би ялсан.

Би 2015 оноос залуучуудын Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон, 2016 оны залуучуудын олимпын эрх авсан. Тэр үеэр Монголын тэшүүрийн холбоо асуудалтай байсан, намайг бүх талаар шахсан, хавчсан. Нидерланд руу тэмцээнд оролцохоор очиход миний мэдүүлгийг илгээгээгүй байх жишээний. Хоёрхон тамирчин очсон байхад минийхийг явуулаагүй байсан. Залуучуудын олимпын аварга болоод ирэхэд Монголын тэшүүрийн холбоо намайг тосоогүй, ганц ч удаа хүлээж авч уулзаагүй. Холбооноос Үндэсний шигшээ багт “Сумъяа манай хамгийн муу тамирчин” гэсэн тодорхойлолт илгээсэн байвал яах вэ.

2017 онд Канадад болсон Дэлхийн цомын өмнө бил үү?

-Тийм ээ. Тэр жил би улсын аварга болсон. Шигшээ багийн тамирчин болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл Монголын тэшүүрийн холбооноос “Сумъяа манай хамгийн муу тамирчин” гэсэн тодорхойлолт Үндэсний шигшээ багт илгээсэн байсан. Тухайн үед шигшээ багт хэн, хэнийг авахаа Холбоод өөрсдөө шийддэг байв. Намайг шигшээ багаас хасах гэсэндээ тэгсэн байгаа юм.

Дэлхийн цомд оролцохоор Канад руу нисэхийн яг өмнөх өдөр Үндэсний шигшээ багаас “Холбооноос чинь чамайг “Тэшүүрийн хамгийн муу тамирчин” гэсэн байна. Чамайг тэмцээнд явуулахгүй гэнэ. Чи зардлаа өөрөө гарга” гэсэн. Яг өмнөх өдөр нь тэгэхээр чинь сандралгүй яах вэ. Д.Энхбаяр багш нэлээд хөөцөлдсөн. Тэгсэн чинь “Энэ жил улсын аварга болсон чинь хамаагүй. Холбооноос чинь чамайг ингэж тодорхойлсон тул бид яаж ч чадахгүй. Холбоонд чинь бүх эрх мэдэл байгаа. Энэ удаа зардлын чинь талыг гаргая. Улсын дээд амжилт шинэчилж ирэхгүй бол бүтэн жилийн хугацаанд шигшээ багаас гаргасан зардлыг чамаас гаргуулна” гэсэн. Тухайн үед би залуучуудын олимпын аварга болчихсон, тэр жил улсын аваргад түрүүлсэн байхад надад тэгж хандсан. Үндэсний шигшээ багийнхан тэгж хэлсэн нь үнэндээ дарамт болсон. Хэрвээ улсын дээд амжилт шинэчлэхгүй бол зөндөө мөнгө нэхэх нь гээд сандарсан. Ямартай ч хичээж уралдсаар оролцсон зай бүрдээ Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Тэндээс ирэхэд хэн ч юм хэлээгүй.

-2018 оны Пёнчаны өвлийн олимпод эрх аваад оролцох хэмжээнд таныг Монголын тэшүүрийн холбооноос, улсаас дөмөгхөн дэмжсэн үү?

-Зуны бэлтгэлийг тэгж хийнэ, олимпын эрхийн тэмцээнд ингэж, ингэж оролцоно гээд төлөвлөгөө танилцуулсан, тамирчдад. Тэгээд яг тэмцээн дөхөхөөр “Уучлаарай, төсөв мөнгөгүй. Тэмцээнд явуулж чадахгүй нь” гэсээр 2017 оны аравдугаар сар хүргэсэн. Ямар ч бэлтгэлгүй, тэмцээнд оролцоогүй тамирчид олимпын эрх авах боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс би “За, одоо гуравхан сарын дараа олимп боллоо. Ийм богино хугацаанд бэлтгэлээ нөхөж хийн, олимпын эрх авах боломжгүй. Яаж ч хичээгээд дөрвөн улирлын турш жигд бэлтгэлтэй байгаа тамирчдыг дийлэхгүй” гээд бэлтгэл хийхээ түр болив.  

2018 оны улсын аваргад оролцох хүсэл надад байгаагүй. Бэлтгэлээ ч хийхгүй байлаа. Гэтэл Д.Энхбаяр багш “Багийн дүн чухал байна. Нойллуулахгүйн тулд орчих” гэж гуйсан. Хэдэн сар бэлтгэл хийгээгүй тул тааруу уралдах нь ойлгомжтой. Гэтэл тэр нь намайг алдаа гаргахыг анаж байсан хүмүүст сайхан далим болсон. Монголын тэшүүрийн холбоо, Үндэсний шигшээ баг “Ийм муу тамирчин” гээд элдэв ташаа мэдээлэл цацсан. Тэгсэн нь надад үнэхээр хүнд туссан, намайг цөхрүүлсэн.

Монголын тэшүүрийн холбооноос миний бичлэгийг хийн, тухайн үеийн нарийн бичгийн дарга нь дуу оруулаад цахим орчинд зориудаар цацсан. Олон, олон хуурамч хаягнаас группүүдэд түгээн, намайг гутааж, харлуулсан.  Өнгөц харахад зүгээр л хэн нэгэн цацсан юм шиг. Гэтэл ард нь Монголын тэшүүрийн холбоо байсан, зохион байгуулалттайгаар цацсан байна лээ. Бүх насаараа би тэгж муу уралдсан, тааруу тамирчин юм шиг ойлголтыг олон нийтэд санаатайгаар хүргэсэн. Тэгсэн нь ганцхан зорилготой. Ерөөсөө өөрийн тамирчнаа дэмжих, амжилт гаргах замаас нь намайг зайлуулах.

-Тэр асуудлаар шүүхэд хандсан гэсэн. Шүүхийн шийдвэр гарсан уу?

-Шүүхэд хандсан нь үнэн. “Худал мэдээлэл тараасан. Нэр хүндэд халдсан” гэдэг талаас нь би гомдол гаргасан. Яагаад ч юм бэ, прокурор дээр очоод буцаад байв. Үндэсний шигшээ багийг шүүхэд өгөөд ялсан.

-Үндэсний шигшээ баг танаас уучлалт гуйсан уу. Ямар нэгэн залруулга гаргасан уу?

-Гаргаагүй. Юу ч болоогүй юм шиг л өнгөрсөн. “Амжилт гаргаад, бүгдэнд нь хүлээн зөвшөөрөгдөж чадвал эд нар намайг яаж ч чадахгүй” гэж би боддог байлаа. Залуучуудын олимпын аварга болоод миний сэтгэл ханаагүй. Улам хичээсээр байсан ч байдал огтхон ч өөрчлөгдөөгүй. Монголын тэшүүрийн холбооны хэрүүл, хэдхэн даргын эрх ашиг миний амжилтад хөндөлссөн. Хэвлэлийнхэн, хүмүүс “За юу болж байна” гэж асуугаад л. Тэр нь хүртэл надад дарамттай байлаа.

“Ер нь хэдхэн хүний бах тавыг ханган, ханган байж амжилтын төлөө зүтгээд яах вэ. Дуртай, хайртай тэшүүрийн спортоосоо кайф мэдрэхгүй байна. Хэдий болтол ингэж шахаж, хавчуулж, адлуулж явах вэ” гэж бодоод гэнэт нэг өдөр больсон. Ёстой эргэж хараагүй. Тэшүүрийн бүх хүнийг хүрээллээсээ гаргасан. Энэ спорт миний амьдралд огт байгаагүй юм шиг л одоо ч амьдарч байна.

-Тэр бүхэнд цэг тавихад, шинээр эхлүүлэхдээ эргэлзсэн үү, тэшүүрийн спортод хорогдсон уу?

-Огт хорогдоогүй. Хорогдох хэмжээний сайхан зүйл ч үлдээлгүйгээр намайг шархлуулж, гомдоосон байхгүй юу. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Дахиад гулгах уу, яах вэ” гэж ганц ч удаа бодоогүй. Харин ч эсрэгээрээ гүнзгий амьсгаа авсан, амар амгаланг мэдэрсэн. Тэгтлээ цөхөрч, шантарсан, би.

Бээжинд болсон энэ жилийн олимпод надтай хамт ана мана уралддаг байсан тамирчид оролцоно лээ. “Би үргэлжлүүлээд хичээсэн бол, шантраагүй бол ингээд олимпод өрсөлдөх байж” гэж надад бодогдоогүй, харамсаагүй. Тэшүүрийн спортоос хөндийрөөд дөрвөн жил болж буйдаа одоо ч харамсахгүй байна. Хэрвээ сая УАШТ-д очоогүй бол магад харамсах байсан байх.

-Дөрвөн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн, хөгжсөн, ахисан зүйл юу байна вэ?

-Ер нь дордсон уу л гэхээд дээрдээгүй байна лээ. Тавьсан мөсний чанар муу, тамирчид цөөн. 2000-аад онд овон товон болсон мөсөн дээр өрсөлдөөд, халаагч залгасан контейнарт тамирчид хувцсаа сольдог байсан. Одоо ч яг хэвээрээ байна лээ. Одоо 2022 он. Дэлхийд тэшүүрийн спорт хэчнээн өндөр хөгжөөд байгаа билээ. Монголд гэтэл улам ухарсаар.

Би дөрвөн жилийн дараа УАШТ-д очихдоо их баярласан, догдолсон. Үнэхээр урам хугарлаа. Дөрвөн жилийн хугацаанд ганц ч бэлтгэл хийгээгүй би уралдаад улсын аваргаас гурван медаль авж байна гээд бодохгүй юу. Тамирчдын амжилт, ур чадвар, Монголын тэшүүрийн хөгжил ийм л байна.

-Тэшүүрчид, эл спортынхон ямар үнэлэлт, дүгнэлттэй байгаа бол?

-“Тэшүүрийн спорт уналтад орж дууслаа. Яах вэ” гэж санаа алдсан тамирчид л байна лээ. Монголын тэшүүрийн холбоонд дарагдсандаа өширхөөд би тэгж хараагүй, ингэж хэлээгүй. Нийт тэшүүрчид, энэ спортынхонд харагдаж, үнэлэгдэж буй бодит байдал нь энэ.

-Нээрэн Асашёорюү Д.Дагвадорж аварга таныг Японы Биеийн тамирын дээд сургуульд сургана гэж 2018 онд амласан. Амлалтдаа хүрсэн үү?

-Аварга өөрөө надад тэгж амласан. Тэшүүрийн холбоо, Үндэсний шигшээ багийг шүүхэд өгсний дараа “Юу болоод байгаа юм бэ” гэж асуусан. Би тухайн үед юу болсныг хэлсэн. Тэгэхэд “За, ойлголоо. Шүүхийн хариу гарахаар хэлээрэй” гэсэн. Би шүүхийн хариу гарахаар нь хэлсэн ч Д.Дагвадорж аварга хариу хэлээгүй, таг болсон.

-Аваргатай дахиж уулсан уу. Энэ талаар асуусан уу?

-Уулзаагүй, асуугаагүй. Өөрөө хариу өгөхгүй байхад нь “Намайг Японд сургана гэсэн юу болсон бэ” гээд л чаргууцалдаад байлтай нь биш.

-Монгол Улс өвлийн залуучуудын олимпын аваргатай боллоо гээд улс даяар баярлаж, омогшиж, танаар бахархаж байсан цаг саяхан. Олимпын аварга болох үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- Олимпын аварга болсондоо үнэхээр их баярласан, догдолсон. Итгэж ядаж билээ. Шагналын тавцнаас буун, буутлаа үнэмшээгүй. Зүүдэлж байгаа юм шиг санагдаад л. Манай багийнхан нэг, нэгэн рүүгээ хараад, гайхан зогсож байсныг өчигдөр болсон мэт тод санаж байна. Багш минь бөөн баяр “Миний охин ингээд олимпын аварга боллоо” гээд намайг тэвэрсэн. Багштайгаа хамт баярлан зогссон мөчөө үргэлж дурсах дуртай.

Холимог багийн төрөлд дөрвөн тамирчныг нэг баг болгосон. Хоёр зайд уралдсан амжилтаар нь тамирчдыг баг болгон хуваарилсан юм. Д.Энхбаяр багш “Ёстой гоё мэдээтэй. Солонгос, Итали, Хятадын тамирчидтай миний охин нэг болж” гэсэн. Тэгэхэд нь “Багийн төрөлд тамирчин бүхний оролцоо чухал. Багаа хөөдчихвий дээ” гэж санаа зовж билээ. Багш манай багийг дасгалжуулсан нь бүр ч сайхан. Үнэнийг хэлэхэд тухайн үед “Шууд гараад л олимпын аварга болно” гэсэн итгэл надад байгаагүй. “Алдаа гаргахгүй, өөртөө итгэлтэй уралдъяа” гэж бодсон. Би алдаа гаргавал багаараа амжилт гаргаж чадахгүй. Тиймээс би зөвхөн өөрийнхөө бус багийнхаа гурван гишүүний, Монгол Улсынхаа төлөө уралдсан.

Монгол Улсын түүхэнд өвлийн залуучуудын анхны аварга болсондоо өөрөөрөө, багшаараа бахархдаг. Багш минь үнэхээр сайн дасгалжуулагч байсан.

-Тухайн үед Монгол даяараа Б.Сумъяагаар бахархсан, омогшсон. Дараагийн зорилго тань Пёнчаны олимп байв уу?

-Тийм ээ. 2016 оны залуучуудын олимпод түрүүлсний дараа “Пёнчан-2018” олимпод оролцох, өндөр амжилт гаргах итгэл надад төрсөн. 2018 оны олимдод өрсөлдөх хүсэл, тэмүүлэл дүүрэн байлаа. Даанч санаснаар болоогүй.

-Зорилгодоо хүрч чадаагүйд нь Монголын тэшүүрийн холбооны маргаан, шахалт хавчилт хэр нөлөөлсөн бэ?

-Маш их нөлөөлсөн. Намайг залуучуудын олимпын аварга болоод ирэхэд холбоо тосоогүй, угтаж аваагүй. Миний амжилтыг үргэлж үгүйсгэдэг байсан. “Наадах чинь холимог багийн медаль. Ганцаарчилсан төрөлд аваагүй” гэдэг байдлаар. Тийм мэдэгдэл хүртэл гаргаж байсан удаатай. “Бусад гурван гишүүн нь сайн байсан учраас Сумъяа медаль авсан” гэдэг хандлага надад их анзаарагддаг байсан. Бид багаараа олимпын аварга болоход миний оролцоо, гавьяа ч мөн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Би гаргах, үзүүлэх ёстой амжилтаа гаргасан.

Намайг залуучуудын олимпод амжилт гаргахад МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн агсан их туслаж, дэмжсэн. Олимпын аварга болж ирээд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Д.Загдсүрэн даргад, дэмжсэн хүмүүст баярлалаа” гэхэд Монголын тэшүүрийн холбооноос над руу утасдаад “Чи яагаад холбоогоо нэг ч дурсахгүй байгаа юм бэ” гээд намайг загнасан. Намайг дэмжээгүй холбоог би дэмждэг гээд худлаа ярилтай нь биш.

Холбооны маргаан, бусдын эрх ашгийн улмаас би ингэж хохирлоо, золиос боллоо. Дахиж өөр хэн ч битгий ингэж хохироосой. Сүүлчийнх нь би байгаасай л гэж хүсэж байна.

-Залуучуудын олимпын аварга болсных нь дараа улсаас хэр сайн урамшуулж, шагнасан бэ. Хүн бүхэн “Олимпын аваргатай боллоо” гэж омогшиж, баярласан шигээ шагнаж чадсан уу?

-Шагнаагүй. Дараа жил нь намайг “Алтан гадас” одонгоор шагнасанд талархаж, хүндлэлгүй яах вэ.  

-Яг амьдралын баталгаа болохуйц байр, автомашин ч юм уу бэлэглэсэн үү?

-Бэлэглээгүй.

-Ганцыг ч бэлэглээгүй гэж үү?

-Залуучуудын олимпод тэшүүрийн төрлөөр түрүүлсэн болохоор нэг их тоогоогүй байх. Топ спортын төрөл биш болоод ч тэрүү ер нь дэмжлэг тааруу байдаг. Ивээн тэтгэгч олддоггүй. Тэшүүр гэхээр олонх хүн цанатай андуурдаг.

-Улсаас, Холбооноос дөмөгхөн шагнаж, урамшуулах байх гэсэн хүлээлт танд хэр байв?

-Тухайн үед би 17 настай, жаахан байсан. Тийм хүлээлт байгаагүй. “Олимпод оролцох эрх авах хэмжээнд 2018 он хүртэл хангалттай дэмжээсэй” гэж хүсэж байлаа. Байр, машин ч юм уу амьдралын баталгаа болсон зүйлээр шагнасан бол улам их урамших байсан нь мэдээж.

-Одоо гомддог уу?

-Олимпын аварга болоод ирэхэд Монголын тэшүүрийн холбоо намайг, миний амжилтыг яагаад үгүйсгэв. Үндэсний шигшээ баг яагаад надад тэгж хандав. Энэ талаар бодохоор гомддог. Хэрвээ надад тэгж хандаагүй эсрэгээрээ дэмжсэн бол 2018, 2022 оны олимпод оролцох байсныг үгүй гэх аргагүй. Олимпод оролцоно гэдэг өөрөө том амжилт. Ийм боломжоо би ашиглаж чадаагүй.

-Б.Сумъяа одоо юу хийж байгаа билээ?

-Шинээр байгуулагдсан Монголын спортын корпорацын охин компани болох “Спок паблишинг”-д ажиллаж байгаа.

-Тэшүүрийн спортын төлөө зүтгэх, дасгалжуулагч хийх бодол бий юү?

-Би МУБИС-ийг тэшүүрийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Сая УАШТ-д очиход “Чамд нас байна. Гулга” гэдэг санал их ирсэн. Дасгалжуулагч хийх бодол одоогоор надад байхгүй. Холбооны шахалт, хавчилт дахиад үргэлжилвэл яах вэ. “Сумъяагийн шавь” гээд шавь нарыг минь шахаж, хавчвал яах вэ. Надаас болж хэн нэгэн хохирох, золиос болох учиргүй.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-21 08:33

мар гоё ярилцлага уншав аа

Зочин
Зочин
2022-03-21 08:38

Асатай зургаа авахуулжээ

Зочин
Зочин
2022-03-21 08:56
Reply to  Зочин

Аса гэж худ�##�ч,бас хулгайч

Зочин
Зочин
2022-03-21 08:50

Яг л монгол байна даа МАНин

Зочин
Зочин
2022-03-21 09:11

Хайран хүүхдийн ирээдүйгээр тоглож ээ
Тамирчин хүн юунаас болж шантардаг вэ.

1. Улс нь дэмжихгүй, эрхийг нь хаах
2. Улс орон нь дорой үед бусад том гүрэнд
дээрэлхүүлэхгүй үед

Тамирчин хүн сэтгэл зүй болоод бие махбодоороо ядарлаа гээд шантардаггүй. Маш хүн хүнд бэртлээс ч эргэж ирээд амжилт үзүүлдэг тамирчид их байдаг.

Зочин
Зочин
2022-03-21 09:40

Энэ их авьяас билэг, сэтгэл зүтгэлийг хөсөрдүүлж байдаг... Үнэхээр хүнийг ингэж болдог юм уу. Ямар их гомдол, ямар их тэвчээр вэ. Цаашдын бүх зүйлд нь амжилт хүсье

Зоч
Зоч
2022-03-21 10:24

Б.Сумьяад ажлын амжилт хүсьэ.Манай байгаа байд�##� нэг иймэрхүү.Биэийн тамир спортын улсын хороо л санаачлага гаргаж спорт холбоодоо цэгцэлмээр,болохгүй бол дүрэм журмаа өөрчилж болно..Сагс,чөлөөт ,бас тэшүүр юм байна,бүгд Хувиараа эрхлэх аж ахуй шиг ажиллаж байгаа,нөгөө Ганцаараа ярьж байв�##� г�##�зуурчихаж битгий бодоорой Хувиараа эрхлэх аж ахуй хурлаа хийж байгаа нь тэр гэдэг шиг

Зочин
Зочин
2022-03-21 11:18

З�##�уу тамирчдаа ингэж мохоож, туйлдуулах гэж. Цэндбаатар ч мөн холбооны, удирдлагуудын золиос болсон.

АРД ТҮМЭН
АРД ТҮМЭН
2022-03-21 11:38

Ер нь энэ тэшүүр, чөлөөт бөхийн холбоо, сагс гэх мэт ТББ нэртэй амбиц, �##�бан туша�##�, мөнгө хөөж тамирчдын эрх ашгийг хөсөрдүүлдэг явдлыг зогсоож төр холбоодыг өөртөө нэгтгэж нэгдсэн зохион байгуул�##�таар явб�##� зохимжтой. Сайн тамирчдыг санаатайгаар унагаж байгаа холбоодын удирдлага бол эх орноосоо урвасан, Монгол улсыг санаатай хорлож байгаа явд�##� гэж ойлговол зохилтой. Ийм хүмүүст эх орноосоо урвасан гэсэн ял төлөвлөж өгвөл зохимжтой гэж үзэж байна. Жишээ нь Чөлөөт бөхийн Орхон байна. Жиндээ босоо энэ бөхийг ямар санаатайгаар ийм байд�##�д чөлөөт бөхийн холбоо хүргэв. Арай өрсөлдөгч улс орнуудаас авилг�##� болгож мөнгө төгрөг авсан юм биш биз. Энэ тэшүүрийн холбоо ч ялгаагүй. АТГ ш�##�гах хэрэгтэй. Ийм эх орон ч бус шийдвэр гаргаж байгаа холбоод бол эргэлзээтэй. Боксын холбоо байна. Эдгээр холбоодын удирдлага сайн тамирчныг шахаж, хавчиж Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд гаргахгүй гэдэг санааны үүднээс ажилладаг юм биш биз дээ. Биеийн тамир спортын хорооны дарга хийж яваа тэр сагсчин нөхөр Шаравжамц юу бодож суунаа. Таны ажил зөв явж байгаа гэдэгт та итгэлтэй байна уу. Засгийн Газар, Яамны сайд нь ийм байдлыг юу гэж болгоож байдаг юм бол.

зочин
зочин
2022-03-21 11:56

Сайн тамирчин байна, сайхан ч охин байна амьдр�##�д нь сайн сайхныг хүсье. Ирэх олимп руу зүтгээд үзээсэй амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-03-21 13:34

Тэшүүрийн холбоо ч холбоо л юм даа чааваас . Бас Үндэсний шигшээ баг ч бас хажуугаар нь юу вэ . Лав тэшүүрийн төлөө бус тэшүүрийн нэрээр хоолоо олж иддэг гахайнууд нэг дор цуглажээ

Зочин
Зочин
2022-03-21 14:58

Хөөрхөн хүүхэн болжээ. Дарга болох байхаа

Зочин
Зочин
2022-03-21 15:19

тэшүүрийн холбооны нэг дарга Болормаа нь охиноо дэмжээд нөгөөх нь чадахгүй ингээд сайн тамирчиныг бас улсаа хорлоод дууслаадаа

Зочин
Зочин
2022-03-21 15:21

таимрчиндаа ээлтэй холбоо монголд байхгүй ээ

Zochin
Zochin
2022-03-21 16:23

Asaa abarga demjih baihaa

Zochi
Zochi
2022-03-21 16:38

Нутаграхдаг , ж�##�га дов , хамаатан садансаг ийм хогийн бодол ааш авир , дотоод мен чанаргуй Монголчууд 99% байгаа учир !!!! Тэшуур битгийхэл Улс орон маань дампуурч дууслаа !!! Хаана бол хаана тод харагдах Монгол орчин!!!

Зочин
Зочин
2022-03-21 17:21

Сайхан охин, тэшүүртэй тэшүүргүй өөр олон зүйлд амжилт гаргаж чадах охин шүү. Уха�##�аг сайхан шавиараа дандаа бахархдаг шүү.

Зочин
Зочин
2022-03-21 21:32

Neg ger bul orj ireed l samarsan daa teshuugiin holboog. Odoo 2 doh ni ger bul ni samarch bn lee.

guns
guns
2022-03-21 21:43

ene ulsad er n holboo gedeg nertei heden luivarchid l zoolood bh boljee ,buhiin holboo sagsnii holboo geed sayhan yriad bsn odoo teshuuriin holboo geh bolloo tuhain ued ene ohiniig holboo n hohirooj bsniig medeh hun bn uu? er n ali ch salbart holboo ,TUZ,birj gedeg ym zugeer l tejeeveruud zugeer ch tejeeveruud bish hort ,horduulagch tejeeveruud bugshij bn bish uu? zoliosond n jiriin irged ,nert tamirchid hohirch bn shuu! zasag tur uuniig anhaarah tsag n boljee!

Зочин
Зочин
2022-03-21 23:55

Бид энэ тамын тогооны үлгэрээс хэзээч с�##�ж чадахгүй юмаа даа Яасан ч их атаархуу юм муугаа мэдэхгүй хүний урдуур орох дуртай мангарууд монголоор дүүрэн.дүүрэн.дүүрэн.дүүрэн.дүүрэн.дүүрэн.дүүрэн.дүүрэн. Энэ хүүхдийг хайран харамсамаар. Дэмжиж тэтгэсэн бол бид олон удаагийн өвлийн олимпийн аврагатай болох байжээ

Зочин
Зочин
2022-03-22 05:44

Асаа хэлсэн амандаа хүрээгүй булай эмэгтэй хүний хөх горьдвол муу даа..

zochin
zochin
2022-03-22 10:06

Odoo urgeljluuleed gulguulaachee. Teshuuriin xolboo demjeechee. Daraagiin olimpiin avarga ch yum bil uu. Odoo moson ordontoi bolson shuu dee

Зочин
Зочин
2022-03-22 11:18

Том том дарга нар, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон нөхдүүд юу бодож байгаа бол, анзаарч байна уу, буруу зүйл үйлдсэн хүмүүст нь хариуцлага тооцсон уу, нөгөөдүүл дахиад л сонгогдоод л том холбооны ерөнхийлөгч дасг�##�жуулагчаа хийсээр л байна уу. Энэ бүхэнд хэн хариулах юм бэ. Маш харамс�##�тай.

Zochin
Zochin
2022-03-23 19:48

2026 on ch oirhon bn daa demjeed uguh hun mongold baihgui gej uu

Холбоотой мэдээ

Back to top button