ВИДЕО КОНТЕНТ

О.Цэрэндолгор: Шүүхээр дөрвөн хүүхдийн ээж гэдгээ нотолж, “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаалаа

Иргэн Э.Цэрэндолгор өмнө минь сууж байна. Цэнхэр үс, цэнхэр хумс. Үсээ донжтой гэгч нь босгож, хагалжээ. Энгэр дээр нь гурав хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс гардаж авсан “Эхийн алдар” одон гялалзана. Хувь амьдралыг мэдэхгүй хэн бүхэн гэнэтхэн одон авах болсонд нь гайхаж байсан билээ. Одоо тэгвэл эргэлзээгээ тайлцгаая.

-ОХИНЫГ МИНЬ ТАВАН НАС ХҮРТЭЛ НАДАД ҮРЧЛҮҮЛЭЭГҮЙ-

-Юуны өмнө “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе.

-Намайг дэмжиж, талархлын захидал илгээж байгаад маш их баярлаж байна. Бас маш олон хүнээс утсаар мэндчилгээ авсан. Бүгдэд нь баярлалаа. Би 15 жилийн өмнө дөрвөн хүүхдийн ээж болсон. Зарим хүмүүс намайг ганцхан Нямка гэдэг хүүтэй гэж бодож байсан юм шиг байна. Харин зарим нь яахаараа энэ олон жил Алдарт эхийн одон аваагүй юм хэмээн гайхаж байх шиг байна. Гайхах олон шалтгаан байгаа нь манай хуульд байх шиг ээ. Би яах аргагүй дөрвөн хүүхэд өсгөсөн. Нарийн тайлбарлах юм бол, шүүхээр дөрвөн хүүхдийн ээж гэдгээ нотолж, “Эхийн алдар” одон авлаа.

-Охин өргөж авсныг тань хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь яагаад хүүхэд үрчилж авах шийдвэр гаргасан юм бэ?

-2005 оны нэгдүгээр сарын 10-нд гудманд хаягдсан дөрвөн сартай охиныг өргөж авч байлаа. Бичиг баримт, захидал гээд бүх юмтайгаа л байсан. Ээж нь аргагүйн эрхэнд охиноо орхисон талаараа захидалд бичсэн байдаг.

Тэр үед миний хоёр дахь хүү Далайхүү ой хүрэх гэж байсан. Би ч Далайхүүгийн маань дагуулж ирсэн Далайхишиг байна гэж бодсон. Учир нь би Далайхүүгээ тээж байх үедээ хоёр ихэр хүүхэд олжээ гэж зүүдэлж байсан юм. Тэр ч утгаараа ингэж л ирэх учиртай байсан юм байна гэж бодсон. Тэгээд гэртээ авч ирээд хоол өгч, усанд оруулаад, цагдаад мэдэгдсэн. Үүний дараа өргөж авах процесс эхэлсэн дээ. Эхлээд ямартай ч цагдаагаас тодорхойлолт авсан. Тухайн үед нөхөр маань гадаадад байсан тул ганцаараа үрчилж авч болдоггүй. Эмнэлэгт үзүүлж, хэсэг хугацааны дараа дахин хөөцөлдтөл гадаад хүнтэй суусан тул хүүхэд үрчлүүлэхгүй гэх асуудал яригдсан. Үрчилж авч чадахгүй байхтай зэрэгцээд охины маань бие тааруу байлаа. Зүгээр байж байгаад л хөхрөөд уначихна. Би учрыг нь ойлгохгүй. Тэгээд ой өнгөрч байхад нь охиноо, ахтай нь хамт цэцэрлэгт өгсөн юм. Харин нэг өдөр цэцэрлэгээс нь залгаад, “Танай охин ухаан алдаад уначихлаа. Тэгэхээр танай охиныг цэцэрлэгт дахиад авахгүй” гэсэн. Нөхөр бид хоёр охиноо аваад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн. Охинд минь 7-8 төрлийн зүрхний гажиг хавсарсан, зүрх нь биенийхээ нөгөө талд байна гэсэн. Дээрээс нь зүрхний цоорхойтой, ховдол нь асуудалтай юм байна хэмээн миний ойлгохгүй их олон юмыг эмч хэлсэн. Эрүүл мэндийн асуудалтай гэдгийг нь ой дөнгөж гарч байхад мэдсэн. Эмч нар шаталсан 2-3 хагалгаанд орох ёстой, нэн даруй гадагшаа явах ёстой гэсэн зөвлөгөө өгсөн. Тухайн үед манай улсад энэ төрлийн хагалгаа хийгддэггүй байсан. Тэгээд нөхөр зүрхний хагалгаа гадаадад хийгддэг юм байна. Их өндөр төлбөртэй байдаг юм байна. Бид хоёр бараг дийлэхгүй юм байна гэдгээ мэдсэн. Улмаар гаднын ивээн тэтгэгч байгууллага хайсан.

Ер нь бол тухайн үед зүрхний хагалгааг ой зургаан сар дотор хийх ёстой гэж байсан. Даанч охины маань нас хоёр гарч байхад нэгэн клубээс “Зүрхний хагалгаанд орох хүүхдийн тоонд танай хүүхэд багтлаа” гэсэн мэдээ ирүүлсэн. Нөхөр бид хоёр оройтсон байсан ч хамаагүй хагалгаанд оруулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Охин маань эхнийхээ хагалгаанд орсон. Хагалгаа нэлээн хүнд болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа зүрх нь зогсоод, механик ажиллагаа хийсээр байгаад охиныг сэхээ оруулсан. Охин маань 14 хоног 40 хэм халуураад мөсөн дотор унтаж байгаад гарч ирсэн. Түүнээс хойш өнчин тархи нь үхжээд, хүний хараат болсон.

Хүмүүс мэддэггүй. Ер нь бол хүмүүс, биенийхээ амьдралыг мэдэхгүйгээр маш их шүүдэг. Хүмүүс миний тухай мэддэг гэдэг. Гэхдээ намайг охин өргөж аваад, охиныхоо төлөө явж байсныг мэдээгүй.

Гэхдээ энэ асуудал биш. Хамгийн гол асуудал нь би охиноо үрчилж авч чадаагүй. Охиныг таван нас хүртэл нь надад үрчлүүлээгүй шалтгаан нь би гадаад хүнтэй суусанд л байсан. Эд эрхтнийг нь зарчих вий гэсэн болгоомжлол байсан юм шиг байна лээ. Над дээр шалгалт хийсэн гэх юм билээ. Тэгээд таван настайд нь маш их хөөцөлдөж байж , өөрийн нэр дээр болгосон. Цэрэндолгорын Далайхишиг нэртэй болсон гэсэн үг. Энэ хугацаанд бид хоёрыг хүлээж авдаг эмнэлэг байгаагүй. Яагаад гэвэл овог нь зөрдөг. Энэ хугацаанд миний охин хүүхдийн тэтгэмж гэж юм авч үзээгүй. Охиныг асарсны тэтгэмж гэж авч үзээгүй. Тэгээд охин маань 2013 оны арванхоёрдугаар сард есөн настайдаа нас барсан.

-Эцсээ хүртэл явсан байна нь ээ.

-Ухаангүй болчихсон хүүхдийг асрах маш хэцүү. Энэ хүүхдийг хаа нэгтээ аваачаад орхих, хүүхдийн асрах газар хүргэж өгөх ёс зүй, ухамсар надад байгаагүй.

Охиныгоо олсноос хойш би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай их ярьдаг болсон. Тэр үед ихэнх эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ил гаргадаггүй байсан. Ихэнхдээ ээжийг нь буруутгадаг учраас. Хувь заяагүй, сав муутай, удмын өвчинтэй гэх мэтээр хүмүүс хоорондоо талцаад хүүхдийн хувь заяаг шууд хөсөр хаядаг. Охин минь миний нэр дээр шилжээгүй олон жил болсон ч гэсэн, албан ёсоор гэр бүлд минь ирээгүй ч гэсэн бид орхиогүй. Болохоос болохгүй хүртэл явсан.

 -“ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Одон аваад зогсож байхдаа та охиноо бодов уу. Тэр мөчид яг юу бодогдсон бол?

-Болох ёстой юм л болж байна гэж бодсон. Их хоцорч авч байгаа юм шиг санагдсан. Би баярласан. Нөхөр маань ч баяр хүргэсэн. Харин одонгоо авах гээд оронд төрийн дууллаа сонсоод сууж байхдаа огшсон, догдолсон. Уйлчих гээд байгаа юм шиг. Гарч ирсний дараа нөхөр маань “Их гоё гялалзаж байна” гэж хэлсэн.

Ер нь одон авахад хамгийн түрүүнд ээжийгээ боддог юм байна. Ээж минь мэдсэн бол гэж. Бас дээрээс нь охиныгоо бодсон. /уйлав/ Гэхдээ инээд хүрээд л байсан. Гарч ирчхээд тачигнатал инээд алдаад байсан. Хүн чинь тэгээд их сонин байдаг юм байна.

-Охиноо дөрвөн сартайгаас нь хойш өсгөсөн гэдгээ шүүхээр нотолж байж одонгоо авсан гэж ойлголоо. Энэ процессын талаар дэлгэрүүлбэл?

-23 жил ажиллачихсан хэрнээ дөрвөн хүүхэд өсгөсөн гэдгээ нотолж чадахгүй болохоор улсад хадгалуулсан мөнгөө ч буцааж авч чадахгүй болох юм. Тэр нь тэтгэвэр нэрээр ирж байгаа. Дөрөвхөн сартайгаас нь өсгөсөн охиныг маань монголын хууль миний хүүхэд биш гээд буй тул эцэст нь шүүхэд хандсан. 2021 онд шүүх хурал болж, дөрөвдүгээр сард намайг Далайхишигийн ээж мөн гэдгийг шүүх баталсан. Охиноо дөрвөн сартайгаас нь хойш өсгөж буй гэдгээ би гэрчүүдээр, зургуудаар, нотолсон доо.

-Таныг одон авсны дараа адил төстэй кэйстэй ээжүүд холбогдсон гэсэн. Тэгэхээр алдаа яг хаана байна вэ?

-Эхчүүдийг алдаршуулаад “Эхийн алдар” одон өгч буй нь сайхан хэрэг. Гэхдээ дөрвөн хүүхэд гаргасан, өсгөсөн эхэд энэ одонг шууд өгдөг байх хэрэгтэй. Гурван настай хүүхдийг үрчилж аваад хүн болгож байгаа ээж бол хөдөлмөрөө тэнд зарж байгаа. Тэгэхээр гурав хүртэлх насанд нь үрчлэн аваагүй учир одон олгохгүй гээд тэр хүнийг хохироож болохгүй.

Өнөөдөр над руу нэг ээж бичсэн байна лээ. Хүүхэд нь 16 насандаа хүүхэд нь золгүйгээр бусдын гарт нас барсан. Хүүг нь нас барах үед бага хүүхэд нь гараад ой хүрээгүй байсан учир хүсэлтийг хороо нь хүлээж аваагүй. Заавал хэн нэг нь эрстэх ёстой юм уу. Энэ ээж хүүхдээ 10 сар тээгээд өсгөсөн байна шүү дээ. Тэгээд энэ хүн надаас “Би яах вэ эгчээ” гэж асуусан. Танай хүүхэд нас барчихсан юм чинь гээд ээжийг нь тавлаж болохгүй ээ.

Монголд одон медалиас гадуур үлдээд байгаа тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгож чадахгүй байгаа олон ээжийн өмнөөс хууль боловсруулж байгаа хүмүүст хэлмээр байна. Энэ асуудлыг яаралтай анхаараач ээ. Нэн ялангуяа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэдэг хүнд хэлэхэд хөрснөөс тасарсан сансрын юм яриад байхын оронд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг эргэж харж, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ эмэгтэйчүүдийн байдлыг сайн хараач ээ. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд гаргачхаад 23 жил ажиллах боломжгүй. Энэ хугацаанд нийгмийн даатгалаа тодорхой хэмжээнд төлөөд байх юм бол 55 настайдаа тэтгэвэрт гарч болох л байх. Гэхдээ өнөөдөр хүмүүс Нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх ч боломжгүй байна. Монголын нийгмийн амьдрал ямар болж байгаад хар л даа. Төрөөс ээжүүдэд 50 мянга өгч байна. Яг үнэндээ 50 мянга сарын хэрэглээний живх ч авч хүрэхгүй мөнгө. Ийм байхад яаж Нийгмийн даатгалын мөнгө улсад тушаах юм. Тэгэхээр эргэж харах хуулиуд байна аа.

Бидний амьдрал богинохон. Өөр шиг чинь залуу байхдаа тэр тухай боддоггүй зүгээр л урдах ажлаа гялалзтал хийдэг байсан. Юун тэр тэтгэвэр, тэтгэмж. Юун Алдарт эх гэж боддог давлиун явлаа. Гэтэл энэ чинь миний амьдралын цаашдын хоёр дахь үеийг шийдэх маш чухал асуудал болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би шүүхээр ороод үнэнээ нотолсон. Нотолж чадахгүй, учраа олохгүй хорооны хаалга мөргөөд явж байгаа маш олон ээж байна. Ээжүүд минь та бүхэнд боломж байгаа шүү гэж хэлмээр байна.

-ЦЭНХЭР ӨНГӨ НАДАД ХҮЧ ӨГӨӨД БАЙГАА ЮМ ШИГ...-

-Та хүүхдүүдийнхээ тухай яриач. Хаана, хаана явна?

-Миний хамгийн том хүү Нямдорж Финланд улсад сурсан. Олон улсын хөтөч нэртэй олон улсын аврах ажиллагааны багийн мэргэжилтэн гэсэн үг. Монголд байхгүй онцгой мэргэжилтэй хүн. Тэр бүр холбоотой биш байна. Том хүү маань хоёр охинтой. Харамсалтай нь би тэдэнтэйгээ уулзаж байгаа юм алга. Амьдралын янз бүрийн ээдрээнээс болоод охидтой уулзахгүй байгаа. Гэсэн ч тэд миний зүрх сэтгэлд үргэлж байдаг. Цаг хугацаа бидэнд уулзах, хэн хэнийгээ зөвөөр ойлгох боломжийг олгох байх. Одоохондоо надад бол тийм боломж нь алга. Миний дунд хүү Нидерланд улсын урлагийн сургуульд сурахаар бэлдэж байгаа. Удахгүй шалгалт өгнө. Шалгалт өгөх эсэхийг мэдэхгүй байна. Гурав дахь хүү маань “Ecu” гээд Англи сургуульд сурдаг. Энэ хоёр хүүгийн дунд охин маань байсан юм. Тэр маань өнөөдөр байсан бол 17 настай, гялалзсан хөөрхөн охин явж байх ёстой сон.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг хичээдэг. Харин та одоо эсрэгээрээ. Том хүүгээсээ хол хөндий байх өөрт тань хэцүү байдаг уу?

-Үгүй. Хүн үзэх ёстой юм үзнэ. Туулах ёстой юмаа туулна. Мэдээж шаналах үе байна. Бүх юм ухамсартай, далд сэрэхүйтэй холбоотой. Хүн хэзээ ч үүссэн үндсээ үгүйсгэж болохгүй. Цэцэг нь хөөрхөн шүү гээд үндсийг нь цавчаад байж болохгүй. Ерөөсөө л энэ. Цэрэн гэдэг хүнийг муухай харагдуулах ажиллагаанд миний гэр бүл маш их ашиглагдсан.

-Та цэнхэр өнгөнд их дуртай юм байна. Нөхөр тань хүртэл одон аваад гарч ирэхэд тань цэнхэр өнгийн цэцгийн баглаа өгсөн байсан. Энэ өнгөнд хэзээнээс тэгтэл сэтгэл татагдах болов?

-Цэнхэр их хүчтэй өнгө. Зарим хүмүүс хүйтэн өнгө гээд байдаг юм. Хүн яаж харахаас л шалтгаална. Надад хүчтэй өнгө санагддаг. Уйдахгүй байна. Надад цаанаасаа хүч өгөөд байгаа юм шиг санагддаг. Бас дээрээс нь энэ өнгө надад их зохидог.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-28 10:02

Khuchtei emegtei bayr hurgie amjilt

Зочин
Зочин
2022-05-28 10:07

Анлрей Ким байна гэж харлаа ш дээ

Зочин
Зочин
2022-05-28 10:08

Айлын ха##ганы цаана ямар аж амьдр## өрнөж байдлыг хэн ч мэдэхгүй, энэ бүх зовлон шан####аа олон түмэнд харуулаагүй учир хүмүүс дандаа муугаар хардаг, үнэхээр хүчирхэг эмэгтэй юм аа

Зочин
Зочин
2022-05-28 10:10

Эх хүний үнэ цэнэ ##дар гавъяаг мэдэхгүй үнэлэхгүй хүмүүс их байна .Эрэг ганганаас унаж эрээн цэцэгнээс дэлгэрсэн зарим нэг заримдагууд бас байна аа . Тэдэн дундаас эм сүвтэй хэрнээ илжигнээс тэнэг хүмүүс байх нь голдуу төрийн байгууллагад , шүүх цагдаад , шийдвэр гаргагсад дотор байх нь гайхмаар . Эхээс унаагүй цэцэг мэт үр унагаагүй сувай мэт юмнууд энд тэндгүй байх юм . Бод Сэр Ухаар . Цэнхэр үст Цэрэн бол энэ муухайгийн эсрэг дуу хоолойгоо өргөж яваа сайхан эмэгтэй сайхан ээж сайн төрийн зүтгэлтэн гэж би хувьдаа үнэлж хүндэлж явдаг

Зочин
Зочин
2022-05-28 10:33

Эхийн одонг Бузарлачихлаа. Шулмас хөгжлийн бэрхшээлтэй охин чинь өөрийн чинь хүүхэд биш биздээ

Зочин
Зочин
2022-05-28 18:34
Reply to  Зочин

Хүүхэд өргөж авахаараа одон авч авч болдоггүй юмуу? Юу ч мэдэхгүй байж дуугаа амаа хамх

Зочин
Зочин
2022-05-28 14:23
Reply to  Зочин

Зочин

Буяа
Буяа
2022-05-28 13:59
Reply to  Зочин

M#l ve chi.gudamjind haygdsan huuhed urguj avch usguhuus iluu buyan Haana bgaan

Зочин
Зочин
2022-05-28 11:51
Reply to  Зочин

Өөрийгөө хичээ м##аа

Зочин
Зочин
2022-05-28 11:04

Mash muuhai setgeltiig SHATAJ UHSEN EMEGTEI NI EEJ BICHSEN Bna.

Зочин
Зочин
2022-05-28 11:17

Охиноо өргөж авсан гэхэд л энэ эмэгтэй хүндэлж эхэлсэн дээ. Дахиад баяр хүргье ээ! Мундаг хүнлэг санагддаг

Зочин
Зочин
2022-05-28 11:33

Хүчтэй эмэгтэй. Бидний хэний маань ч
зориглож чадахгүй нялх өвчтэй хаягдсан хүүхдийг үрчилж авч мөн ч их асарсан. Энэ бол маш их энэрэнгүй өрөвч сэтгэл . Чамаар бахархахгүй байхын аргагүй.

Зочин
Зочин
2022-05-28 12:09

T1 m#l avgai

zochin
zochin
2022-05-28 13:54

Mongoliin niigemd baigaa eedreetei asuudal notstoi zuiluudiig zorigtoigoor il gargan niitiin erx ashgiin telee temtsej yavdag mundag emegteichuudiin neg gej xundelj yavdag Tand aldart exiin enexuu xundtei odong xurtsend bayar xurgei

Цэцэгцэцэг
Цэцэгцэцэг
2022-05-28 14:40

Сайн хүн болж нэрээ цэвэрлэх гэж үзэж байх шив дээ . Ямархуу хар сэтгэлтэй харгис гэдгийг нь бодитоор монголчууд үзсэн дээ .ярьж хэлэх нь нэг өөр хийж боддог нь ш## өөр аймшигтай з##ьжин нэр төр хөөсөн з##ьхай хоёр нүүртэй этгээд . Хөархий хүү нь өнчин хзүхдүүд нь мөн ч хэцүүеэ

Зочин
Зочин
2022-05-28 20:23

bas l zorigtoi mundag shuu harhaar hair hureed baidgiin

Туяа
Туяа
2022-05-28 21:00

Үнэн шүү Үнэхээр сайн асарч байсан шүү тэр охиныг

Зочин
Зочин
2022-05-31 14:48

Одоо бэрээ дарамт##ж ##сан хэргээр нь шоронд суулгах хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button