Нийгмийн

"ҮХНӨ бол хулгай" VS "Ирэх 30 жилийн эхлэл"

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор улс төрийн хүрээнийхэн амьхандаа л бужигналдаж байна. Сүүлийн нэг долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ оруулах талаар ард иргэдэд танилцуулга хийхээр явсан гишүүд эргэн ирсэн.

Улмаар энэ долоо хоногт улс төрийн халуухан сэдвүүд өрнөх байх. ҮХНӨ оруулах  УИХ-д суудалгүй жижиг намуудаас эхлээд сөрөг хүчин АН, эрх баригч МАН, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүгд өөрийн эрх, ашгийг Үндсэн хуульд оруулахаар "амь тэмцэн" гүйлдэж байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Үндсэн хуульдаа байсхийгээд гар хүрэх нь хэр нийцтэй вэ. Энэ асуудлын талаарх байр суурийг хүргэж байна.

Ж.ГОМБОЖАВ: МАНААЧИД НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР ХУЛГАЙ ХИЙХ ГЭЭД БАЙНА

/Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч/

Үндсэн хуульд ийм арга замаар өөрчлөлт хийхийг эсэргүүцэж байна. Үндсэн хуулийг боловсронгуй болгож сайжруулах талаар эсэргүүцэх хүн байхгүй. Харин одоо энэ яригдаж байгаа гишүүдийн тоог нэмнэ, жагсаалтаар гишүүдийг сонгодог, холимог тогтолцоогоор сонгоно гэх мэтээр төлөвлөж байгаа нь ард түмний төлөө биш зөвхөн өөрсдийнхөө төлөө, байнга УИХ –ын гишүүн байх юм шиг бодож л хийж буй алхам.

Хууль санаачлагчийн төсөл нь хаана байна. Хэдэн намын дарга нар гарын үсэг зурж хуйвалдааны замаар шийдвэрлэж байгаа нь ҮХНӨ оруулах журмын тухай 2010 оны хуулийг зөрчиж байгаа юм. Энэ хуулиас гадуур ҮХНӨ оруулахыг завдах, хуйвалдахыг үндсэн хуульд халдсан гэж үзнэ гэж заачихсан шүү дээ. Манаачид нь мэдэгдэхгүйгээр л хулгай хийх гээд байна.

Т.ДОРЖХАНД: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ЭХЛҮҮЛНЭ

УИХ-ЫН ГИШҮҮН

“Бүх улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн үндэсний намын зүгээс Сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Энэ бол Монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо”

Ж.БЯМБАДОРЖ: ҮХНӨ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БУСАРМАГ ҮЙЛДЛЭЭ ЗОГСОО

/ХЭҮК-ийн дарга асан/

"2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Учир нь Үндсэн хуулийг тогтвортой мөрдөх ёстой байдаг. Үндсэн хууль гэдэг бол суурь хууль. Байшингийн суурь гэсэн үг. Хундаамаа ойр ойрхон оролдоод байвал байшин хэзээ ч босохгүй. Болж бүтэхгүй бүхнийг амьгүй Үндсэн хууль руу чихээд байх юм.

34-р тогтоол Үндсэн хуулийн заалт зөрчиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гурван ноцтой заалт бий.

Нэгдүгээрт: "1.2 дахь хэсэгт: Энэ хуулиас гадуур Монгол Улсын ҮХНӨ оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд завдсан хэрэг гэж үзнэ" гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа төсөл нь тодорхойгүй байна.

Хоёрдугаарт: "Үндсэн хуулийн 25.2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно" гэсэн заалт бий. Одоо "Ковид-19"ийн хууль арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ.

Гуравдугаарт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол найман жил дахин өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчиж байгаа хэрэг.

Н.ЧАДРААБАЛ: ҮНДСЭН ХУУЛИЙГ ЭНЭ УДАА БАС ХУУЛЬ БУС АРГААР ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА

Монгол Улсын гавьяат хуульч “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал эрчимтэй яригдаж, УИХ-ын гишүүд сурталчилгаа хийхээр тойрог руугаа яваад ирцгээж байх шиг байна. Хууль санаачлах эрх бол Ерөнхийлөгч, УИХийн гишүүн, Засгийн газарт байдаг болохоос биш улс төрийн нам хууль санаачилдаггүй юм. Гэтэл энэ удаа УИХ-д ХҮН намаас сонгогдсон Т.Доржханд гэдэг гишүүн талбай дээр очиж зогсоод 200-д мянган иргэний санал авлаа,  (Залуучууд Үндсэн хуулиа өөрчилье гэлээ) гэж орж ирээд л МАН дэмжиж, олон намын дарга нарын Тунхаг бичиг гаргуулан Үндсэн хуулиа өөрчлөх юм гэнэ. Монголын ард түмний оюун санааны цөм, ард түмэн төр хоёрын хооронд байгуулсан хамгийн дээд гэрээ, ард түмний эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуулийг ийм арга замаар өөрчилж, хэсэг бүлэг хүмүүс дураараа хандаж болохгүй. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийг 1999 онд нэг л өглөө УИХ-ын 57 гишүүн санаачилж оруулж ирж гар өргөөд баталсан юм. Үүнийг ҮХЦ-ийн бага, дунд, их суудлын хуралдаанаар хэлэцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн боловч УИХ 2000 онд яг тэр заалтаар нь дахин баталсан байдаг. Үндсэн хуультай зөрчилдсөн дордохын долоо  нэртэй тэр заалтуудыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 20 жил мөрдсөн. Дараагийн өөрчлөлтийг 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль” нэртэй  органик бус хууль баталж уг хуулийнхаа 4-р зүйлд Үндсэн хуулийг энэ хуулиар өөрчилнө гэсэн заалт оруулж байж хийсэн юм. Ингэхдээ санамсаргүй тохиолдын арга гэдгээр Статистикийн Үндэсний хороогоор зохион байгуулж 1500 хүний нэр гаргаад, зориуд бэлтгэсэн төслөө танилцуулан 2 өдрийн дараа хүмүүсээ дахин цөөлж 750 болгон тэднийхээ тархийг угааж олон хүнээр дэмжүүлсэн нэрийдлээр анхны 22 заалт бүхий хуулийн төсөл бэлтгэсэн юм. УИХ тамгын газрын ажилтнуудад энэ төслөө бариулж орон нутагт явуулан (орон  нутгийн төрийн албан хаагчдыг) шахаж байж тийм үгүй гэсэн хоёрхон сонголтой хэвэлмэл маягт бөглүүлж хагас сая шахам хүн зөвшөөрлөө гэсэн баримт бүрдүүлээд 2019 оны 11 дүгээр сард хоёрдахь өөрчлөлтөө хийсэн. Зүй нь УИХ тамгын газрын ажилтнууд төрийн мэрэгжсэн төрийн жинхэнэ албан хаагчид учраас хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиа чанд мөрдөх ёстой болохоос биш уг хуулийнхаа эсрэг суртчилгаа хийж явах эрхгүй хүмүүс. Үүнийг “Төрийн албаны тухай хууль”-р хориглосон байдаг. Харин энэ удаад УИХ гишүүд суртчилгааг өөрсдөө хийж байх шиг байна. Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй. Хэрэв өөрчлөх шаардлага зайлшгүй байгаа  юм бол ач холбогдолыг нь  өөрсдөдөө зориулсан, сандал ширээ эрх мэдлийн шалгуураар биш ард түмний эрх ашигт тулгуурлаж, нийгмийн шударга ёсонд  нийцүүлэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль”, “Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль”-н зохицуулалтын хүрээнд авч үзэх ёстой. Үндсэн хуулийн 25-р зүйлийн 16-д зааснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх УИХ хадалагдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 1995 онд анх батлагдсан “Ард нийтийн санал явуулах тухай хууль”-д 2016 онд нэмэлт өөрчлөлт орсон боловч бараг 30-иад жил огт салхи ороогүй байна. Энэ бол Үндсэн хуулиас гаралтай органик хууль нь юм. Түүнчлэн 2010 онд УИХ баталсан “Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль” гэж бий. Тэр хуулийн 2-р зүйлд энэ хуулиас өөрөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Үндсэн хуульд халдсан халдлага гэж үзнэ гэж заасан байдаг. Мөн энэ хуулийн 7,8,9,10-р зүйлийн заалтуудад Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, УИХ гишүүдийн тоог нэмэх, сонгуулын бүрэн эрхийн хугацааг нь уртасгах, Засгийн газрын эрх мэдлийг өрөгжүүлэх, шүүх засаглалын эрх мэдлийг хумих зэргийг хориглоно гэсэн зохицуулалтууд бий. Хэвлэл мэдээлэлээр цацагдаж байгаа дээдсүүдийн ярианаас хархад эдгээр хуулиудын нэрийг барьж түмэн олны чихэнд нь цэцэг ургуулаад байгаа болохоос биш хуулиа уншиж судалсан эрхэм байхгүй юм шиг байна. Тэгэхээр өмнөх 2 өөрчлөлтийг нь хууль зөрчиж хийсэн шигээ энэ удаа ч хууль бус аргаар өөрчлөх гэж байна. Ард түмнээ дорд үзэж байгаа нь энэ шүүдээ. Ийнхүү хууль тогтоогчид Үндсэн хуульд нэмэлт өөрчилөлт оруулах хувилбараа гаргаж ард түмэнд ойлгуулж сурталчилж чадахгүй болох нь тодорхой байна. Үүнийг амтай болгон нь ярьж байна. Телевизийн сувгаар хүмүүсээс Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар санал асуухад өөрчилөх нь зөв гэсэн талд нь ярьж байгаа хүмүүс бол юуг үндэслээд ингэж дүгнэж байгааг тайлбарлаж чадахгүй учраас сурвалжлагчын асуултанд хөтлөгдөхөөс гадна мэдэхгүй гэж хэлэхээс нэрэлхэж дээдсүүдийн тархи угаалтанд автагдаж аялдан дагалдаад байна. Тэгээд ч зориуд бэлтгэгдсэн  хүмүүсээс сонголт хийж яриулаад төрийн сүлдээ өөрчлөх нь зөв үү гэж асуухаар монгол хүний морио дээдлэх сэтгэлээр л өөрчилье гээд байх шиг байна. Ийм нөхцөлтэй байхад ахмад хуульч миний бие Үндсэн хуулиа суртчилах нь зөв гэж үзэж байгаа. Ойрын үед  үүнийг хэрэгжүүлснээр иргэдийнхээ эрх зүйн боловсролд нэмэр болж нүдийг нээхэд тусалхаас гадна хойч үеийнхэндээ замыг нь засаж өгөхөд ч  дэм болно байх.

Д.АМАРБАЯСГАЛАН: БОЛОМЖ НЬ БАЙХАД ТАТГАЛЗАХ ЭРХ АЛЬ Ч УЛСТӨРИЙН ХҮЧИНД БАЙХГҮЙ

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэж яриад байна. Дүгнэлт хэлэхэд өрөөсгөл. Хэрэв боломж нь одоо олдож байгаа бол "Хүлээж бай, бид 7 жилийн дараа боломжтой болно" гэж хэлэх эрх аль ч улстөрийн хүчин, төрийн институцид байхгүй болов уу.

Өмнөх 2000 оны өөрчлөлт нь иргэдийн хүлээлтэд хүрээгүй учир “Дордохын долоон өөрчлөлт” гэдэг нэр авсан. Дараа нь 2019 онд хийсэн өөрчлөлт нь олон нийтийг хамарсан хэлэлцүүлгүүд хийж, өмнөх өөрчлөлтөөсөө илүү болсон. Гэхдээ дутуу зүйлс үлдсэн. Улстөрийн үл ойлголцол, зарим улстөрчдийн ашиг сонирхлоос болоод өөрчлөлтүүд хийгддэггүй.

/ЭХ СУРВАЛЖ: MPRESS.MN/

НЭМЭЛТ: Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр,

Хүний эрхийг үндсэн хуулиар хамгаалах хүрээнд;

  • Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах
  • Иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулдаг байх, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх байна гэжээ.

Харин иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд;

  • Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх
  • Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
  • Сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмж, УИХ-ын гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах гэжээ. 

Мөн нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, төрийн сүлдийг шинэчлэх хүрээнд:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах
  • Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-28 09:37

Тогтолцоогоо өөрчилье гээд үглээд байдаг одоо ямар хөдөлгөөн хийхийг нь харж л байя. Дэмжиж байгаа хүн байна дэмжихгүй байгаа хүмүүс ч цөөнгүй байх шиг байна шүү

зочин
зочин
2022-06-28 19:05
Reply to  Хэн

Төрийн тогтолцоог өөрчилөж байж хулгайчуудаас с####на, худлаа ярихаа болино гэж ярьдаг хүн зөндөөн байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хулгай хийх хүсэл нь хэвээрээ хүмүүс нь өөрчлүүлэх сонирхолгүй байгаа юм бишүү.

Зочин
Зочин
2022-06-28 10:05

ИРгэд л их дургүй байна даа

Зочин
Зочин
2022-06-28 10:23

Харинээ хө

сонгогч
сонгогч
2022-06-28 11:23

Холимог тогтолцоо байх ёсгүй, Авилг######## бүр ихдэнэ. Жагса####таар орох гэж намдаа хандив өргөнө, ард түмэний сонгоогүй хүн орж ирнэ. Жагса####таар нэг л удаа орно гэж хугацаа зааж өгөх хэрэгтэй. Ард түмнээс сонгогдож чадахгүй хүмүүс жагса####таар орж насаараа их хурлын гишүүн байхыг санаархаж байна

zochin
zochin
2022-06-28 12:07

demjij bna. 30 jiliin ene ylzralaas salmaar bn. Zaluuchuud oroh heregtei, 20-25 hun huuli batalj bna, bolij uz.

зочин
зочин
2022-06-28 19:07

Худлаа ярьдаггүй мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийдэг болчих тогтолцоотой болвол болжил байна энэ чигээрээ явб#### болохгүй гэдгийг сайн бат####ж нотлох шаардлага байгаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x