УЛС ТӨР

“ЗГ, Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл хэвээр үлдлээ, дахин арилжааны бонд гаргахгүй”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.07.05/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн үед Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авч, газар орноо барьцаалах гэж байна гэсэн буруу ташаа, улс төрийн зорилго агуулсан мэдээллийг явуулж байна. Маш харамсалтай зүйл болж байна. Бараг 300 их наяд төгрөгийн зээлийг БНХАУ-аас авах нь гэж ямар ч үндэслэлгүй мэдээлэл түгээж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид гадаад өрийн стратегийн биелэлт, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн. Бид сайн сахилга баттай явж байгаа. Өрийн эрсдэл харьцангуй тогтворжиж, зээлжих зэрэглэл ахисан байсан. Харин энэ оны хагас жилийн байдлаар Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахисан чигээр нь, хэвээр үлдээлээ.

Мөн зургадугаар сарын 30-ны байдлаарг Хөгжлийн банкны баланс сайн гарсан. 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан байна. Улмаар тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс хамгаалж чадсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр “Самурай бонд”-ыг төлөхөд нэг алхам урагшилсан. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлд ч өөрчлөлт ороогүй.

Засгийн газрын өрийн тухайд, ойрын хоёр жилд Хөгжлийн банкны эх үүсвэрийг санхүүжүүлсэн хоёр бондын л асуудал байгаа.

Нэмж зээл авах тухайд бид УИХ-аар өрийн удирдлагын стратегиэ хэлэлцэн, батлуулсан. Үүгээр арилжааны зориулалттай бонд нэмж гаргахгүй гэж тогтсон. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан байдаг. Анхны “Чингис” бондоос бусад нь арилжааны бус. Өөрөөр хэлбэл “Чингис”-ээс бусад зургаа нь өмнөх бондуудынхаа өрийг төлөхийн тулд гаргасан бондууд. Цаашид энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Зээлийн хэмжээнээс илүүтэй ашиглалтад онцгой анхаарах ёстой” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button