Улс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Оюутнуудад тулгамддаг 10 асуудлыг тодорхойлж, заримыг нь өнөөдөр шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэрбээр “Ерөнхий сайд төрийн болон хувийн хэвшлийн их дээд, сургуульд суралцаж буй оюутнуудын төлөөлөлтэй уулзсан.

Уулзалтаар оюутны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдэл гаргах зорилго тавьж, урьдчилан бэлтгэсэн. Энэ хүрээнд оюутнуудад хамгийн ихээр тулгамдаг 10 асуудлыг тодорхойлсон.

Үндсэндээ,

  1. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж муу
  2. Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийн хүртээмж болон ил тод байдал муу
  3. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүртээмж муу
  4. Оюутны дотуур байрын чанар стандарт муу
  5. Багш нарын ёс зүйн асуудал техникийн болон мэргэжлийн сургуульд муу
  6. Цагаар хөдөлмөр эрхлэхэд тодорхой мөлжлөг явагддаг
  7. Номын сангууд 24 цагаар ажилладаггүй
  8. Автобусны картын хүрэлцээ муу
  9. Сайн дурын хөдөлмөр эрхлэхэд нь кредит тооцдоггүй зэрэг асуудлыг оюутнууд нэрлэж байна.

Ерөнхий сайдын уулзалтын үеэр энэ 10 асуудалд шийдэл гаргаж, долоо хоногийн хугацаатай бусад яамдуудад холбогдох чиглэл өгөхөөр боллоо” гэлээ.

Түүнчлэн “E-Mongolia систем E-Student гэдэг цонхтой болсон. Төрөөс оюутнуудад үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг үүгээр дамжуулан авах боломжтой.

ЗГ-ын тогтоол гарч энэ цонхны үйлчилгээний нэр төрлийг нэмье, БЗС-гийн тэтгэлгийг энэ платформоор бүртгэе гэдэг санаачилгыг дэмжлээ” хэмээсэн юм. Эрүүл мэндийн үйлчилгээ, автобусны картын бүртгэл ч энэ платформоор хийгдэх аж.

Харин оюутнуудад тулгамддаг дээрх 10 асуудалд ямар шийдвэр гаргасан талаар:

Нэгт, Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 0-18 насанд нь төр хариуцдаг, 18 хүрээд өөрөө төлөх ёстой болдог. Ийм учир оюутнууд төлж чаддаггүй. 140 мянган оюутны 10 хүрэхгүй хувь нь ЭМД-аа төлсөн байна. ЭМД төлөөгүй тул эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд хамрагдаж чаддаггүй том бүлэг үүсжээ. Иймд БШУ-ы болон ЭМ-ийн сайдад үүрэг өгөгдсөн. Оюутнуудыг нэг удаа үзлэгт оруулах ажил зохион байгуулах боллоо.

Хоёрт, БЗС-гийн зээлийн мэдээллийг нийтээр ил болгосон байгаа. Нийт хугацаанд 1 сая гаруй хүүхдэд тэтгэлэг олгосон байна. Гол нь эрх мэдэлтнүүдийн, мэдээлэлд ойр хүүхдүүдэд давуу эрх олгогдсон уу, сонгон шалгаруулалт хуулийн дагуу болсон уу, тэтгэлэг авагсад гэрээний үүргээ биелүүлээгүй юу гэдэг асуудлыг голчлон ярьж байна.  

Гадаадад суралцахаар 2000 оюутан зээлд хамрагдсан байгаагаас 230 оюутан зөрчил гаргаж, улсад 10 тэрбум төгрөгийн эрсдэл учруулсан байна.  Иймд хууль хяналтын байгууллага руу шилжүүлье.

Мөн Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хүрээнд ЭЕШ-ын шалгалтаар өндөр оноо авсан хүүхдүүдийг нэг жил хэлний курст сургаж, гадаадын их дээд сургуульд явуулж байгаа. Хоёр дахь жилдээ үргэлжилнэ. Ерөнхий сайдын тэтгэлэг дотоодын болон гадаадын магистр, докторт олгогддог. Мөн хоёр дахь жилдээ үргэлжилнэ.

Хамгийн хардлага дагуулдаг нь дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад өгдөг тэтгэлэг. Энэ хүрээнд 600 орчим оюутан явсан. Тэдний асуудлыг л үнэн мөнөөр нь шүүмээр байна. Сүүлийн 3 жил энэ тэтгэлэг хэрэгжээгүй. Журам нь шинэчлэгдэж 100 биш 50 болсон.

Гуравт, тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг өнөөдөр шинэчлэн баталлаа, энэ мэдээлэл ил тод болно.

Дөрөвт, “Оюутан цэрэг” хөтөлбөр. Энэ хөтөлбөр арын хаалгаар шахуу явдаг байсан. Цахимаар бүртгэж эхэлснээс хойш ил тод болсон. Улсын төсөвт энэ жилийн тухайд 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан. Тэгвэл 1500 болгож квотыг нэмэхээр боллоо. Иймд ирэх жилээс 1500 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.

Тавт, оюутны байрны асуудлаар тодорхой шийдэл гаргаж ЗГ-т танилцуулах үүрэг өгөгдсөн.

Зургаад, багш нарын ёс зүйн асуудлаар, сургууль бүрд ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Үүнд оюутнуудын оролцоог илүү хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Долоод, оюутнуудын тухайд хөдөлмөрийн мөлжлөг байгаа юу гэвэл байгаа. Хөдөлмөрийн гэрээ хийгддэггүй, аман гэрээ хийгээд найман цаг ажиллах нөхцөл тавьдаг. Иймп оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмыг өөрчилж, МҮХАҮТ-тай хэлцэлд орж, цагийн хуваарь, хөлсийг сайжруулах чиглэл өгөгдлөө.

Наймд, төрийн өмчийн зургаан их дээд сургуулийн номын сан 24 цаг ажиллана. Д.Нацагдоржийн номын сан мөн хамаарна. Ингэснээр Нийслэл дэх бүх номын сан 24 цаг болох асуудал үе шаттай хэрэгжинэ.

Ест, автобусны картаар оюутан сард 22 удаа зорчих квоттой байсан бол 44 болгож нэмлээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
tunga
tunga
2023-03-29 22:44

ish huurhii jijig asuudal. oyutanyud uursdunduu asuudaltai bgaa zuilee medehgui shunde

Холбоотой мэдээ

Back to top button