“Унгар, БНСУ-аас хоёр иргэн өөрсдөө ирж, шалгуулж байна. Мэдээлэл өгсөн хүнийг $10,000-оор урамшуулна”

Авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газраас “Шувуу” ажиллагаанд дэм тус болох үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах шийдвэр гаргасан.
Оргон зайлсан, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн талаар өгсөн мэдээлэл нь хэрэв батлагдвал 10 мянган ам.доллароор урамшуулна гэсэн үг.
“Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авсныг та бүхэн мэдэж байгаа.
Саяхан АТГ-ын ажилтан н.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдож, хэргээ шалгуулахаар ирсэн. 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж буй хүн.
Мөн иргэн Х.Болортуяа өөрөө БНСУ-аас холбогдон ирж, хэргээ шалгуулж байгаа.
Тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавьсан байгаа.
Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүнийг албадан ирүүлэхээр ажиллаж байна. Нэр, усыг нь хэлэх боломжгүй байна” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-“Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргалыг Аргентинд байгаа гэх мэдээлэл явсан, үнэн үү. Түүн дээр ямар ажиллагаа явагдаж байгаа вэ?
-Албаны мэдээлэл бол яваагүй. Хэвлэлээр ингэж гарсан. Хууль сахиулах байгууллага, АТГ, ЦЕГ, ЭЦА энэ чиглэлээр холбогдох улс орнуудтай хамтран ажиллаж байгаа. Тодорхой шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн тохиолдолд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
-Мэдээлэгчийг урамшуулна гэснээр чулуу хөөлгөж, хуулийн байгууллагын хүчийг тарамдуулах асуудал гарах юм биш биз?
-Хуулийн байгууллага тухайн мэдээлэл үнэн эсэхийг тухайн улс оронтой эрх зүйн журмаар харилцаж, нягтлах нь мэдээж. Өмнө нь АТГ байгуулагдаад 20-иод жил болоход ийн шилжүүлэн авч байсан тохиолдол үгүй. Урьдын харилцаанаас их өөр дэвшлүүд гарчээ. 20 гаруй улстай л харилцан туслалцах гэрээтэй учир яах бол гэж санаа зовж байсан. Яг тулаад ажиллаад ирэхээр улс орнуудын хуулийн байгууллага их нааштай, идэвхтэй ажилладаг болжээ. Зөвхөн авлигын хэргээр биш бусад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс дээр ч ажиллаж буй.
-Ч.Сайханбилэг АНУ-ын иргэн болсон гэж үнэн болов уу?
-Бид хүн бүрд ялгамжгүй, адил тэгш зарчим баримталж байгаа. АНУ-ын аюулгүй албаны хүмүүстэй удаа дараа уулзаж, энэ талын хүсэлтүүдээ тавьж байгаа. Бусад хүмүүс дээр авч буй арга хэмжээгээ л авч байгаа. АНУ-д хямд зардлаар амьдарч чадахгүй. Тэгэхээр хаанаас санхүүжүүлж буйг шалгаж байгаа. Үр дүнгүүд гарна гэж итгэж байна.
-БНСУ-аас хэд хэдэн хүн авчирна гэсний дотор УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат багтах уу?
-Үгүй байх. Өөрөө хугацаандаа ирнэ гэж мэдүүлсэн гэсэн.
-Т.Бадамжунайн хэрэг ямар шатандаа явж байна?
-Би ер хэрэг ярихгүй. Прокурорын зөвшөөрлөөр мөрдөх байгууллага өөрөө өгөх ёстой.
-Д.Кёкүшюзанбатбаяр нарыг цагаатгасан шүүгчийг та Шүүхийн сахилгын хороонд өгнө гэж мэдэгдсэн, өгсөн үү?
-Шийдвэр албажиж гарсны дараа энэ асуудлыг тавина. Энэ бас л нөгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон кэйс. Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлж авах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс гэж би лав дуулаагүй. Ирэх долоо хоногт Hyundai эмнэлэгт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Чингэлтэй дүүрэгт Макс Жонсонтой холбоотой хэрэг удахгүй шүүхэд шилжих байх. Гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон хүрээнд 50 гаруй гомдлоос найм нь шийдэгдээгүй, 42 нь прокурор болон шүүхийн шатанд шилжээд байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
????????????????????????
Нямбаатар Оюунэрдэнэ хуогайчтай үнээр шудрага тэмцэж бгаад ардтүмэн маш талархаж бна о ТАХ- ыг больж шууд шудрага 100 залууг хууль шүүхийн даргаар тавь
Суруга Монголын Солонгос эзнийг хульхдаж үхүүлсэн хэрэг бас бна.Ер нь но багатай нөхдүүд л өөрсдөө ирж шалгуулна шүү дээ.Сайханбилэг ирэхгүй л бгаа биз дээ.