Гадаадын хэвлэлд: Францын гадаад хэргийн сайд Монголд айлчлахдаа уран олборлох гэрээг хэлэлцэв

Reuters агентлагт нийтэлсэн манай улсын талаарх нийтлэлийг орчуулан хүргэе
Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт айлчилсан билээ. Энэ үеэр Монгол Улсад уран олборлох тухай цөмийн технологийн “Orano” компанийн гэрээний талаар Монголын эрх баригчидтай хэлэлцсэн байна. Уг асуудлыг хэлэлцэхээр болсон талаар Францын дипломат эх сурвалжууд лхагва гарагт мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон тавдугаар сард Японд болсон “Их долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Үүний дараа Монголд богино хугацааны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд тус улсаас нэн чухал металлуудыг нийлүүлэх замаар Францын эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон гэдгээ мэдэгдсэн юм.
Дипломат эх сурвалж “Монгол бол нөөц ихтэй улс. Бүх орд газрын нөөцийг нь хараахан эцэслэж, тогтоогоогүй. Мөн ашиглаагүй байгаа юм. Ураны орд газруудыг ашиглах зорилготой томоохон төслүүдийн нэг нь “Orano” компанийн төсөл. Энэхүү төслийг нэг тэрбум гаруй еврогоор үнэлж байгаа. Мөн их хэмжээний уран олборлох боломжийг нээнэ" гэж К.Колоннагийн айлчлалын өмнө хэлэв.
Уг төсөл ахицтай байгаа бөгөөд талууд гэрээг ирэх намар байгуулахыг зорьж байгаа аж.
“Orano”-гийн цахим хуудсанд гарсан мэдээллээр, тус компани нь түнш компани болох төрийн өмчит “Мон-Атом”-ын хамт Монголын эрх баригчидтай Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцэж байгаа аж.
Тус компаниас “Reuters” агентлагт цахим шуудангаар илгээсэн хариу мэдээлэлдээ, хэлэлцэж буй төсөл нь Зөөвч-Овоо гэдгийг батлаад, Монголд анхны ураны орд газрыг ашиглах бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байгаагаа мэдэгджээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.