НИЙГЭМНийгэм мэдээ

"Буйр нуурт хорогдсон загасны өвчнийг тогтоохоор БНХАУ-аас багаж захиалсан"

Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн нөхцөл байдал энэ оны зургаадугаар сарын 4-ны өдөр үүсжээ. Шалгалтын ажиллагааг зургаадугаар сарын 6-ны өдөр буюу хоёр хоногийн дараагаар мэргэжлийнхэн эхлүүлсэн байна. Тодруулбал, БОАЖГ, УЦУОШТ, Буйр Мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллажээ. Энэ талаар тодруулахаар Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга, тус багийн ахлагч А.Гантулгатай холбогдлоо. 

-Буйр нуурын эрэг дагуу загас ихээр үхсэн байна. Нуурын бүх хэсэгт хамаарах уу. Ихэвчлэн ямар төрлийн амьтан хорогдсон бэ? 

-Тус нуурын эрэг дагуу үхсэн загасны 90 хувийг “Хэлтэг” загас, үлдсэн хувийг нь бусад усны амьтад эзэлж байна. Нуурын бүх хэсэгт хамаарахгүй. Яагаад гэвэл “Хэлтэг” загас Баяннуур орчимд л нүүдэллэдэг. Тус газарт л загастай холбоотой бохирдол үүссэн юм. 

-Шалтгааныг нь тогтоож чадсан уу? 

-Бид шинжлэх ухааны академийн харьяа биологийн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж урьдчилсан байдлаар дараах дүгнэлтийг хийгээд байна.  

Дөрвөн шалтгааныг нэрлэж болохоор байна. Үүнд, 

  • Хар галууны нүүдэл дайрсан байж болзошгүй.  
  • Тухайн шөнө салхины хэмжээ их байсан нь нөлөөлсөн байж болно.  
  • Хэлтэг загас өөрөө нуурын эрэг бараадаж биеийнхээ тал хэсгийг уснаас гаргаж түрсээ шахдаг амьтан билээ. Энэ үеэрээ салхинд аль эсвэл галууны нүүдэлд дайруулсан байж мэднэ.   
  • Мөн хорогдлын шалтгаан нь өвчлөл байж мэднэ. Яагаад гэвэл загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, биеийн гадаргуу хайрс хооронд улаан толбо үүссэн байна. Энэ нь вирусийн өвчлөл байх боломжтой. Яагаад гэвэл гадны зарим орнуудад тус өвчлөл бүртгэгдсэн байдаг. 

-Өмнө нь ийм тохиолдол гарч байв уу. Мэргэжлийнхэн хэрхэн дүгнэж байна?  

-Жил бүрийн энэ үеэр түрсээ шахаж буй хэлтэг загаснууд үхэх тохиолдол гардаг. Энэ удаад тухайн жилүүдээс олон тооны загас үрэгдсэний улмаас шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна. 

Хар галууны талаарх судалгааг хийж байсан багийнхан, “Хар галуу байгалийн салхийг тооцоолж довтолдог. Довтолно гэдэг нь идэш хоолоо бүсэлж байгаад эрэг рүү шахаж байгаа хэлбэр. Энэ үед ихэнх загас эрэг рүү гарч улмаар үхсэн байж болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлээд буй. 

Үүнээс гадна хэлтэг загасыг ан агнуурын зориулалтаар ашигладаггүй. Тиймээс байгалийн шалгарлаараа ийнхүү хорогдсон байж мэднэ. Энэ талаар зарим судлаачид хэлж байна.  

-Нуурын уснаас авсан дээжээс өвчин илэрсэн гэсэн. Ямар өвчин юм бол? 

-Загас ихээр хорогдсон хэсэг болох Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авсан. Ингэхэд нэг грамм хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн байв. Мөн гэдэсний бүлгийн савханцар, өвчин үүсгэгч илэрсэн тул хөрс нь бохирдол ихтэй гэх урьдчилсан дүгнэлт гарсан. 

Тухайн дүгнэлтээс хойш бараг өдөр бүр хөрс болоод уснаас дээж авч шинжлүүлж байна. Одоогоор загасны хорогдол дууссан. Нуурын ус болоод ойр орчмын хөрсний элементүүд хэвийн түвшинд очоод байна.  Гэвч загасны өвчнийг тодорхойлж чадаагүй. 

-Загасны өвчнийг бүрэн тогтоох боломжтой юу? 

-Загасны өвчлөлийг нарийвчлан тогтоож чадахуйц багажийг БНХАУ-аас захиалсан. Тухайн багаж энэ долоо хоногт багтаж ирэх төлөвтэй байна. Шинжилгээний хариуг гармагц олон нийтэд танилцуулна. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mонгол тусгаар улс мөн үү?биш юм шигээ ямар нэг юм болбол Хятадаас ийм ч юм тийм ч юм авна гэх юм урьд нь юугаа хийж байсан байнаа булайнууд

Зочин
Зочин

Монгол эрдэмтэн, судлаачиддаа дунд зэргийн лаборатори байгуулаад өгчих, жил тутам технологийн сайжруулалт хийх хэрэгтэй. Монголчууд чадна, тендер цавчаа моодноос гарсан одоо боль.

Холбоотой мэдээ

Back to top button