Э.Эрдэнэбаяр: Туул, Тэрэлж болон Хэрлэнгийн усны түвшин 22-35 см нэмэгдсэн

Өнгөрсөн бямба гарагаас хойш үргэлжлэн орж буй борооны улмаас нийслэл усанд автаад байна. Нийслэлийн онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар болсон билээ.
Тэгвэл нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаяр дээрх асуудалтай холбоотойгоор тодруулга өгсөн юм. Тэрбээр "Үргэлжилсэн бороо орсны улмаас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу усны түвшин нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар
- Туул - 30
- Тэрэлж - 35
- Хэрлэн - 22 см-ээр голын усны түвшин нэмэгдсэн мэдээлэлтэй байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбай, Баянгол дүүргийн Нарны гүүрний урд хэсэг буюу зорчих замын хөдөлгөөний хэсэг болон төмөр замын вокзалын хойд талын тойрог, авто замын зорчих хэсэг дээр их хэмжээний ус тогтсон нөхцөл байдалтай байгаа. Нийслэлийн геодиз усны барилга байгууламж буюу мэргэжлийн байгууллагаас ус соруулах, ус зайлуулах арга хэмжээг авч байна.
Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд долоон удаагийн дуудлага мэдээлэл ирлээ. Үүнд,
- Баянгол - нэг
- Сүхбаатар - хоёр
- Сонгинохайрхан - хоёр
- Баянзүрх - хоёр удаагийн дуудлага мэдээлэл ирсэн" хэмээсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "БГД-ийн долоодугаар хороо 42-р байрны В1 давхарт ус орсон дуудлагын дагуу тус дүүргийн 18-р ангийн онцгой байдлын хэлтсээс албан хаагчид үүргийг гүйцэтгэж ус зайлуулах арга хэмжээ авч ажиллалаа.
БЗД-ийн 29-р хорооны зоорийн давхар усанд автсан дуудлагын дагуу 63-р ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн дуудлага мэдээллийг ихэвчлэн иргэдийн гэр, хашаа, байшинд ус урссан, гэрээр нь орсон, хашаанд нь ус тогтсон гэсэн мэдээлэл эзэлж байна.
Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлаас холбогдох бүрэлдэхүүн хор уршиг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллав. Цаашдаа Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас энэ долоо хоногийг дуустал үргэлжилсэн бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна" гэсэн юм.
Ц.ДАВААСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.