Japan Times: Өвөрмонголын цөлжилтийн эсрэг Такеши Сакамото 20 жилийн турш тэмцэж, үр дүнд хүрч байна

“Japan Times” агентлаг ӨМӨЗО-д багшилдаг байсан Япон иргэн Өвөрмонголын цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулан хүргэе.
Нэгэн цагт БНХАУ-ын ӨМӨЗО-ы сургуульд багшилж байсан Япон гаралтай бизнес эрхлэгч сүүлийн хорин жилийн турш тус улсад цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалсан байна. Тэрбээр Өвөрмонголыг хоёр дахь гэрээ гэж үздэг учир ногоон байгууламжийн төслөөр дамжуулан цөлжилттэй тэмцэхэд нутгийн иргэдэд тусалж байгаа юм.
57 настай Такеши Сакамото БНХАУ-ын хойд хэсэгт оршин суудаг нэг сурагчийнх нь гэр элсэнд дарагдсан гэдгийг сонсоод ногоон байгууламж бүтээх зорилго тавьж байсан аж.
Сакамото “Өвөрмонголд шуурсан элс, тоос шороо Японд хүрч байгаа нь манай орны байгаль орчинд тулгараад буй асуудлуудын нэг болсныг би мэдсэн. Үүнийг мэдсэний дараа би цөлжилттэй тэмцэх ёстой гэж бодсон” хэмээсэн байна.
Тэрбээр 1990-ээд оны эхээр Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагт (JICA ) сайн дурын ажил хийж байхдаа орон нутгийн ахлах сургуульд багшилж байсан юм. Одоогийн байдлаар Сакамото нутгийн иргэдтэй хамтран Бээжингээс баруун зүгт 600 км-ийн зайд орших Ордос хотод 700 га талбайг зүлэгжүүлж чаджээ.
Харин одоо тэрбээр Японы Сага мужид амьдардаг. Сакамото Өвөрмонголын нуураас давс олборлон зарж олсон ашгаараа ногоон байгууламж бүтээх ажлаа санхүүжүүлдэг юм. Тэрбээр орлогынхоо 10 орчим хувийг тус ажилдаа зарцуулдаг. ӨМӨЗО-ы иргэд уламжлалт амьдралын хэв маягаар нүүдлийн аж ахуй эрхлэн аж төрдөг байсан ч “JICA”-ийн сайн дурын ажилтнаар Ордос хотод ирэхэд ихэнх малчид нүүдэлчин амьдралаа орхисон байсан аж.
“1990-ээд онд уур амьсгалын өөрчлөлтийн даамжирсны улмаас хур тунадас багасаж мөн мод тайрч, ноолуурын бизнесээс ашиг олохын тулд хонь, ямаа хэт их үржүүлж эхэлснээс үүдэн цөлжилт хурдассан" гэж Сакамото хэлсэн байна. Үүнтэй холбогдон орон нутгийн эрх баригчид 2000-аад оноос эхлэн мод тарих томоохон төслүүд хэрэглүүлэх болсон. Харин Сакамото 2004 онд давсны бизнесээ эхлүүлсний дараа ногоон байгууламж бүтээх ажилд ханцуй шамлан оржээ.
Ногоон бүтээн байгуулалын төслүүд эхэлсэнтэй холбогдон орон нутгийн удирдлагууд хонь, ямааны тоо толгойд хязгаарлалт тавьж, малчдыг хотын орчинд нүүж ирэхийг дэмжсэн бодлого явуулж эхэлсэн юм.

Сакамотогийн хэлснээр эдгээр арга хэмжээ нь үр дүнгээ өгсөн аж. Гэвч нөгөө талд оршин суугчид төрөөс тэтгэмж авахаа боливол амьжиргаагаа залгуулах асуудалтай тулгарч, дээрээс нь нутгийн иргэдийн амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөх магадлалтай юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сакамото бидэнтэй цахимаар ярилцахдаа "Миний зорьж байгаа зүйл бол иргэд уугуул нутагтаа амьдарч, мал маллан, газар тариалан эрхэлж үүнээсээ ашиг олдог уламжлалт амьдралын хэв маяг бий болгох явдал юм. Би энэ зорилгынхоо төлөө хуучин шавь нартайгаа хамтран ажиллахаар шийдсэн" гэсэн юм.
Одоо тэрбээр ногоо мод тарьж сэргээсэн нутагт тогтвортой газар тариалан эрхлэх боломж гаргаж өгөх зорилготой ажиллаж байна. “Хэрэв ойжуулсан талбайг арчлалгүй энэ хэвээр нь үлдээж, хүмүүс мал хэт их хэмжээгээр үржүүлбэл дахин цөлжиж магадгүй юм. Экосистемийг нөхөн сэргээх ажлыг үргэлжлүүлэхийн тулд ногоон байгууламж үүсгээд сэтгэл ханаж болохгүй. Байгаль орчин, эдийн засагт ээлтэй газар тариалангийн шинэ загвар бий болгох шаардлагатай" гэж тэр хэллээ.
2011 оноос хойш Сакамото Ордос хотын ойролцоох "Му Ус" цөлд органик тариалангийн туршилт хийж иржээ. Тус цөлийн дахин сэргээж, ногооруулсан хэсэгт Сакамото жимсний мод тарьсан. Энэ намар шар эвэрт мод тарих төлөвлөгөөтэй байгаа юм. Шар эвэрт мод бол хуурай газар ургах чадвартай, самрыг нь тос гаргахад харин навчийг нь цай хийхэд ашиглаж болдог аж.
Тэрбээр өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Монголд ирсэн байна. Ингэхдээ Сакамото тариалан эрхлэхэд шаардлагатай ус, бордооны хэмжээг бууруулах жимсний хальс зэрэг органик материалаар хийсэн ус сайн шингээдэг полимерыг туршжээ. Үүний талаар тэрбээр “Хэрвээ химийн бордоо ашиглавал хөрс хатах аюултай. Ийм учраас тогтвортой газар тариалан эрхлэхийн тулд органик бордоо ашиглах нь дээр” гэсэн юм.
Сакамото 19 жилийн турш цөлжилттэй тэмцэн, ой модыг нөхөн сэргээхийн тулд гаргасан хүчин чармайлтаа эргэн дурсахдаа алдаа оноотой байсан ч эцэст нь эерэг үр дүн гарсан гэжээ.
Түүнтэй зэрэгцэн орон нутгийн эрх баригчид болон цөлжилттэй тэмцэж байгаа билээ. Тухайлбал “Elion” групп Өвөр Монголын Кубуки цөлийг нөхөн сэргээх ажлыг дэмжин ажиллаж байгаа. Кубуки нь "Му Ус" цөлөөс хойд зүгт оршдог, БНХАУ-ын долоо дахь хамгийн том цөл юм. Тус группийн явуулж буй нөхөн сэргээх ажлын үр дүнд Кубуки цөлийн 65 хувь нь ургамлын бүрхүүлтэй болсон байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 6-р сарын эхээр Өвөрмонголд айлчлахдаа цөлжилтийн эсрэг тууштай хүчин чармайлт гаргахыг уриалсан юм. Ши Жиньпин Хятад улс цөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг гэдгийг онцлоод өнгөрсөн 40 жилийн хугацаанд гайхалтай амжилтад хүрсэн гэсэн билээ.
Эх сурвалж: Japan Times
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хятад хөрш маань ногоон бүтээн байгуулалт хийж цөлжилтийг бууруулж байхад монголчууд бид нүүрс, ХБ, ЖДҮ, төрөл бүрийн сангуудыг ёроолыг нь гартал хулгайлж байна, дээр дооргүй л хулгай. За тэгээд баахан казиночин, бөх, танк оруулан элс гоожуулагч, спиртийг ус болгогч мэтийн ид шидтэй хүмүүсээ тахин шүтээд дарга болгоно. Үр дүнд нь төмөр зам ч үгүй, хулгай нүүрлэсэн нүүрсний баахан орд нэртэй газартай, хэдэн хөдөлмөрийн баатрууд төрж тэдгээр нь хүн алж, хулгай хийн гадаад руу зугтан одно. Монгол ялна.