ЯРИЛЦЛАГА

У.Эрдэнэтуяа: Бохир усны шугамын засварчнаар завсаргүй 37 жил ажиллаад гавьяат боллоо

“Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. УСУГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны Бохир усны шугамны хэсгийн засварчнаар завсаргүй 37 жил ажилласан эрхэм бол Уртнасангийн Эрдэнэтуяа. Улсдаа хоёргүй сэтгэлээр, олон жил уйгагүй, тууштай зүтгэсэн түүний хөдөлмөрийг хэдхэн хоногийн өмнө Төрөөс үнэлж үйлчилгээний гавьяат ажилтан цол олгосон. Тэгснээр бохирын шугамын засварчдаас мэндэлсэн Монгол Улсын анхны Гавьяат цолтон болсон юм. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат түүнтэй ярилцлаа.

ГАВЬЯАТ БОЛОХЫН ӨМНӨХ ШӨНӨ ДОГДЛООД НОЙР ХҮРЭЭГҮЙ

-Юуны өмнө Гавьяат цол хүртсэнд тань баяр хүргэе. Нийслэл хотын 380 жилийн ойн өдөр хэний ч өмнө хэлэх үг, хийсэн гавьяатай эрхмүүд Гавьяат цолоор энгэрээ мялаалаа, шагнал эзнээ оллоо гээд олон хүн ам сайтай байна.

-Баярлалаа. Надад ч бас анзаарагдсан. Би ч бас тэгж бодож байна. Хог тээврийн машины жолоочоор 42 жил ажилласан Д.Шаравдорж гуай, Нийслэл хотын зам, талбайг 37 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал, орон сууц, нийтийн аж ахуйн удирдлагын газрын машинистаар 34 жил хөдөлмөрлөсөн Ж.Сүхбаатар, нийтийн тээврийн жолоочоор 32 жил ажилласан Э.Очирхуяг гэх мэт Улаанбаатар хотыг өнгөтэй өөдтэй байлгах, иргэддээ үйлчилдэг эрхмүүдтэй хамт Гавьяат болсноороо бахархаж байна. Бусад салбараас мөн адил олон шилдэг Гавьяат цол хүртэнэ лээ. УСУГ-ын түүхт 60 жилийн босгон дээр Гавьяат цол хүртсэндээ бүр ч их баяртай байна. Миний амжилт булган сүүлтэй байж, манай байгууллагаас олон гавьяат цолтон төрөх болтугай.

-Уржигдар Д.Шаравдорж гуайгаас ЯРИЛЦЛАГА авахад Гавьяат болохоо шагнуулахынхаа өглөө нь мэдсэн гэсэн. Танд ер нь Ерөнхийлөгчийн Тамгийн газраас хэзээ баярт мэдээ дуулгасан бэ?

-Шагнал гардуулахын өмнөх орой нь. Тэр орой би нэг дүүгийнхээ хөшгийг нь тогтоож байсан юм. 21.30 минутын үед нэг хүн залгав. Танихгүй дугаар байна, ажлаас яаралтай дуудаж байгаа юм болов уу гээд авлаа. Тэгтэл Ерөнхийлөгчийн Тамгийн газраас холбогдож “Танд Үйлчилгээний гавьяат ажилтан цол олгох боллоо. Баяр хүргэе” гэсэн.  Баярласан гэж жигтэйхэн. Итгэж яддаг юм билээ. Гавьяат болсноо ханьдаа, ээждээ, ажлынхандаа бушуухан хэлэх гээд их яарсан.

УСУГ-ынхан хэзээний мэдчихсэн над руу залгаад баяр хүргэдэг юм байна. Оройжиноо утасны дуудлагад “булуулсан”. Тэгээд л хөөрчихсөн.

ГАВЬЯАТ БОЛОХДОО ААВЫГАА ИХ ҮГҮЙЛЛЭЭ

Шагнуулахынхаа өмнөх шөнө нойр хүрээгүй, их догдолсон. Маргааш хурдан болоосой гэж яараад л. Өглөө болонгуут гялс босож үсээ засуулсан. Тэгээд яарсаар Төрийн ордонд очлоо. Уртнасангийн Эрдэнэтуяа гээд аавынхаа нэрийг дуудуулан, Ерөнхийлөгчийн зарлиг сонсох хамгийн сайхан байлаа. Тэр үед ямар гоё мэдрэмж төрснийг үгээр илэрхийлэх аргагүй. 

Гавьяат цолоо гардаж авах мөчид хамгийн түрүүнд аав, ээж хоёр минь бодогддог юм билээ. Аав минь бурхан болоод 10-аад жил болж байна. Амьд сэрүүн байсан бол их баярлан, хүүгээрээ бахархах байсан даа. Аавын минь орон зай, нөмөр нөөлөг их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа.
-Та ээжийгээ баярлуулж чадлаа шүү дээ.
-Ингэж бодохоор л сэтгэл минь жаахан тайтгарч байна. Гавьяат цолоо энгэртээ зүүгээд Төрийн ордноос гарч ирэхэд ээж минь, ажлын хамт олон, ах дүү нар, гэр бүлийнхэн маань угтаад баяр хүргэсэн. Гавьяат болчихоод ээждээ үнсүүлэхээс илүү жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байлаа. Ээж бөөн баяр. “Хүүгээрээ бахархаж байна. Ямар сайхан юм бэ” гэсэн. Гавьяат болсны дараа УСУГ-ынхан намайг хүлээж авсан. Дараа нь ажлынхандаа хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлчихээд шууд ээжийндээ очиж, хамт хонолоо. Өглөө нь галыг түлж, сайхан цай чанаж өгчихөөд ирсэн.

БИ УСУГ-аас МЭНДЭЛСЭН ЗУРГАА ДАХЬ ГАВЬЯАТ

-Та бохирын шугамын засварчдаас гавьяат цол хүртсэн анхны эрхэм юм билээ. УСУГ-аас мэндэлсэн хэд дэх Гавьяат вэ?

-Зургаа дахь нь юм билээ. УСУГ-ын ажилчдаас өмнө нь цэвэр усны засварчин, гагнуурчин хүн гавьяат болж байсан. Бусад нь удирдах албан тушаал хашиж явсан эрхмүүд энэ эрхэм болоор энгэрээ мялаасан юм билээ.  Улсад завсаргүй 37 жил зүтгэлээ, хоёр жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн. Тиймээс Гавьяат цол олгож магадгүй гэх бодол, ямар нэгэн хүлээлт надад байгаагүй.

ЭНД ХАМГИЙН ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА, АХМАД НЬ БИ

-УСУГ-т танаас олон жил ажиллаж байгаа хүн бий юү?

-Ер нь хуруу дарам, хамгийн ахмад ажилчдын тоонд орох байх. Шугамын ашиглалт, засварын албаныхаа хамгийн ахмад, хамгийн олон жил ажиллаж байгаа нь би. Манайхан хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тиймээс эмэгтэйчүүд 50, эрэгтэйчүүд 55 нас хүрээд Гавьяаныхаа амралтыг эдэлдэг. Би ч бас хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарч болох л байсан. Одоо ч тэгэх эрх нь нээлттэй. Хамт олонтойгоо бужигнаад, хөдөлмөрлөж явах сайхан. Гэртээ зүгээр сууж үнэндээ чадахгүй. Ийм олон жил ажиллачихаад гэнэт болиод яах вэ. Гэртээ зүгээр суух гэхээр төсөөлөгддөггүй.

-Байгууллагадаа засваргүй 37 жил ажиллаж байгаа гэж дуулсан. Нэг ажлыг тууштай ийм олон жил хийх амаргүй. Яалт ч үгүй мэргэжилдээ хайртай, ажилдаа дуртайгийн тань илрэл байх.

-Тийм шүү, би ажилдаа үнэхээр дуртай, хайртай. Ажлаа хийгээд, хамт олныхоо дунд явах их сайхан. Хоёр дахь гэр минь энэ. Намайг ТМС төгсөөд ажилд ороход манай ажил яг энэ цагаан байшинд байрладаг байсан юм. 37 жил болоход одоо ч хэвээрээ. Амьдрал минь УСУГ-тай, энэ цагаан байшинтай салшгүй холбоотой.

ЦЭРЭГТ ХҮРТЭЛ УС ХАНГАМЖИЙН АНГИД АЛБА ХААСАН

-Та Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул юм билээ. Ер нь багаасаа засаж, сэлбэх юманд дүйтэй, авьяастай байв уу?

-Би багадаа хөдөөний бусад хүүхдийн адил хурга, ишиг хариулж, хурдан морь унаж өссөн. Бага насны минь хамгийн сайхан дурсамж бүхэн Цагаанчулуут сумтай салшгүй холбоотой. Тэнд би дэгдэж дэрвэн, саахалтын айлын хүүхдүүдтэй барилдаж өссөн. Би эхээс 11-үүлээ, долоо нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Одоо долоо нь Улаанбаатар хотод, бусад нь Завхан аймагт амьдардаг. Бүгд эсэн мэнд амьдарч байгаад нь баярладаг. Тэрсхэн 11 хүүхэд төрүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх амаргүй байсан болов уу. Олон эрэгтэй хүүхдийн идэж, уух нь дийлдэхгүй, хувцас тэсгээхгүй. Аав, ээж хоёр минь биднийг ёстой сайн хүн болгож хүмүүжүүлсэн. Би ер нь багын юм засах, сэлбэх дуртай байсан. Цаг засварчин болно гэж боддог байлаа. Наймдугаар анги төгсөхдөө Алтанбулагийн техникумын хуваарь авсан юм, уг нь. Түүнийгээ солиод тухайн үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний ТМС-д элсэв. Цаг засварчны анги байгаагүй тул нэлээд бодож, гэрийнхэнтэйгээ зөвлөж байгаад ус хангамж, ариутгал татуургын мэргэжлээр сурсан юм. Тэгээд сургуулиа 1982 онд төгссөн. Миний амьдрал ус сувагтай салшгүй холбоотой. Юм гэдэг их учиртай. Цэргийн алба хаахад хүртэл намайг Налайхад, 014 дүгээр ангийн ус хангамжийн батлионд албанд илгээсэн шүү дээ.  

-Тэгэхээр та цэргийн алба хаахдаа ч ус сувагтай холбоотой байж.

-Харин тийм ээ. Ерөөсөө ТМС төгссөнөөсөө хойш ус сувагтай амьдралаа холбож явна.

-Таныг УСУГ-т томилж байв уу, та өөрийн хүсэлтээр орсон юм уу?

-Шугамын ашиглалт, засварын албанд томилсон. ТМС-ээс надтай хамт 11 оюутанг энд томилсон юм. УСУГ биднийг ямар сайхан хүлээж авсан гэж санана. Автомашинаар очиж аваад цэцэг барин угтаж билээ. Одоо тэднээс надтай нийлээд гурав нь ажиллаж байна. Бусад нь тэтгэвэрт гарсан. Би Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хариуцдаг. Энд (Шугамын ашиглалт, засварын алба “Blue mon”-ы урд байрладаг)-ээс Долоон буудал, Хайлааст хүртэл алхаж яваад шугмаа шалгана, засна. Өдөрт хэчнээн ч дуудлагад явж магадгүй, тухайн өдрийн ачааллаас шалтгаална. Утсаа унтраах эрхгүй, хэзээд шуурхай дуудаж магадгүй. Тэнд шугам эвдэрлээ л гэхэд бэлэн байх үүрэгтэй. Шөнө, үүрээр гээд хэзээ ч дуудахад ажиллах нь бидний үүрэг.

МИНИЙ АМЬДРАЛЫГ УС СУВАГГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ

-УСУГ-ын Бохир усны шугамны хэсгийн хэдэн засварчинтай вэ. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Яг манай хэсэг 39 засварчинтай. Ачаалал тухайн өдрөөсөө л шалтгаална. Гайгүй үедээ гайгүй. Ачаалалтай үедээ ёстой тэвдүүлнэ.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Танай мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Улаанбаатар хотынхоо гудамжаар өдөржингөө шугам шалган, засаж явах сайхан. Сүүлийн үед УСУГ-аас бидний ажлын орчин, нөхцлийг их сайжруулж байгаа. Сүүлийн үеийн техник, хэрэгслээр бид ажиллаж байна. Бохир усанд янз бүрийн зүйл урсана. Тэр бүхнийг соруулдаг, цэвэрлэдэг зориулалтын машинтай болчихлоо. Монголд шугам хоолойны усыг шахдаггүй, өөрөөр нь урсгадаг. Тэгэхээр хэрвээ бөглөрвөл халих эрсдэл ихтэй. Үүний сацуу газар хөдлөлтөд шугам хоолой үргэлж хугарч, доошоо суудаг. Тэр бүхнийг засаж янзалдаг. Бөглөрсөн, хагарсан шугмыг олон цаг, олон өдөр зассан тохиолдол зөндөө. Нэг удаа гуравдугаар сургуулийн урд талын шугам задрахад долоо хоногийн турш өдөр, шөнөгүй гүрж байгаад зассан. Тачигнасан хүйтэнд олон цаг шугам засах амаргүй. УСУГ-аас дулаахан хувцас, устэй, дотор хувцас, гутал, хэрэгслээр хангадаг болохоор бас ч аргатай байдаг. Ер нь тэгээд ажилдаа улайраад даарч буйгаа ч анзаардаггүй юм аа.

Засвар хийж байх явцад бэртэж, гэмтэж эрсдэлтэй. 4-5 метрийн гүнд ухаж суурилуулсан шугамны ойролцоох шороо сул байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах их чухал. Тэгэхгүй бол гар, хуруугаа хавчих, шороо нурах эрсдэл их.

-Та ер нь ажлаа хийж яваад бэртэж байв уу?

-Бэртэж байгаагүй. Худгийн тагийг гараараа бус зориулалтын дэгээгээр татаж онгойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол 50 кг тагийг гараараа онгойлгох гээд хавчуулвал яана. Тэр бүхэнд хянуур, болгоомжтой, мэргэжлийн түвшинд ажиллах нь чухал.

-Мэргэжлийг нь өвлөн, үргэлжлэл тань болж яваа хүүхэд бий юү?

-Байхгүй ээ. Би гурван охинтой. Бүгд өөр мэргэжилтэй. Манай мэргэжил эмэгтэй хүн хийхэд хүнд ажил л даа. Би гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Амралтын өдрүүдэд хамт байж, салхинд гарахыг чухалчилдаг. Миний хань, хүүхдүүд намайг их сайн ойлгодог. Гал голомтоо бадраасны дараа анхандаа миний ажлыг ойлгохгүй, маргалдах үе байсаан. Төд удалгүй тэгэхээ ойлгодог болсон. Өнөөдөр би Гавьяат болж, олонд хүндлэгдэж яваад ханийн минь гавьяа их бий. Намайг ойлгохгүй, өөр ажил хий, цаг наргүй хэцүү юм байна гээд дургүйцсэн бол би өнөөдөр юу ч хийж явах байсан юм билээ. Эхнэр минь залуудаа монгол гутлын үйлдвэрт ажилладаг байсан. Одоо хувиараа юм хийдэг.

УСУГ-ЫН 60 ЖИЛИЙН ТҮҮХИЙН ТАЛААС ИЛҮҮГ НЬ БҮТЭЭЛЦСЭНЭЭРЭЭ БАХАРХДАГ

-УСУГ-ын 60 жилийн ой энэ онд тохиож буй. Улаанбаатар хотын амин зүрх болсон энэ байгууллагын түүхийн талаас илүүг нь бүтээлцэж, гар бие оролцож яваагаараа бахархдаг байх.

-Тэгэлгүй яах вэ. Их сайхан асуулт байна. Үүгээрээ би их бахархдаг. Нэг байгууллагад, нэг мэргэжлээр, тэгээд бүр яг нэг байшинд ийм олон жил ажилласан хүн ховор байх.

-Хүнд нөхцөлд ажилладаг тул хүмүүс тэтгэвэртээ эрт гардаг гэж та түрүүн хэлсэн. Танд ажил, мэргэжлээс шалтгаалсан ямар нэгэн зовиур бий юү?

-Байхгүй. Байнга чийгтэй орчинд, усны гуталтай ажиллахаар нуруу өвддөг болчихдог юм байна. Сүүлийн жилүүдэд улсаас бидний эрүүл мэндэд их анхаардаг болсон. Хор саармагжуулах сүү, артишок өгдөг.

ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ Ч ХЭЗЭЭ Ч ШАНТАРЧ, БОЛЬЁ ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ

-Өнөөгийн залуус оффист, биеийн хүчний бус ажил хийх сонирхолтой. Бохир усны засварчнаар ажиллах залуусын сонирхол хэр байна вэ?

-Яг тийм болчихоод байгаа. Өвөө, аавынхаа мэргэжлийн өвлөн, тууштай ажиллаж байгаа залуус олон бий. За, яах вэ юу ч гэсэн ажиллаад үзье гээд ордог юм уу яадаг юм бэ. 4-5-хан хоног ажиллаад халшраад явдаг нь ч бий. Лав манайд сүүд ажилд орсон 2-3 залуу тэглээ. Манай мэргэжил хүнд л дээ. Бохир усны шугам засны гэдэг хүн бүхэн дурлах ажил биш. Хүний өтгөн шингэн урсана, үнэрээс нь авхуулаад ажиллахад хэцүү шүү дээ. Би ийм ажил хийж яваадаа бусдаас ичиж, шантарч байгаагүй. Хэн хүний баас, шээстэй ноцолдохыг хүсэх вэ дээ. Биед амар, аятайхан нөхцөлд ажиллахыг л бодно шүү дээ. Гэхдээ ажлыг сайхан, муухай гэж гололгүй хийх хэрэгтэй. Залуу үедээ зөвлөж, сургаж яваагаараа бахархдаг.

-Та ер нь анхандаа шантарч, халширдаг байв уу?

-Ер нь дасахад амаргүй байсаан. Хүний өтгөн шингэн яг л урсаад байж байдаг. Тийм нөхцөлд ажилладаг ч ер шантарч, больё гэж бодож байгаагүй. Хөдөө хар бор ажилд нухлагдаж өссөн минь үүнд их нөлөөлдөг.

ОН ГАРГААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙСАН НАДАД ГАВЬЯАТ ЦОЛ УЛАМ ХИЧЭЭХ УРАМ ӨГЛӨӨ

-Гавьяат цол олгосон нь танд их урам, эрч хүч өгсөн байх. Ер нь дахиад хэдэн жил ажиллах бодолтой байна вэ?

-Яг тэглээ. Улам ихийг хийж, бүтээх, хөдөлмөрлөх урам авлаа. Үнэнийг хэлэхэд би он гаргаад тэтгэвэртээ гаръя гэж бодож байсан юм. Нуруу өвдөг боллоо, УСУГ-ын түүхт 60 жилийн ойг тэмдэглэчихээд гавьяаныхаа амралтыг эдлэх бодолтой байв. Одоо түүнийгээ өөрчилсөөн. Ямар ч байсан 60 нас хүртлээ ажиллан, залуусдаа зөвлөж, үлгэрлэчихээд тэтгэвэрт гарна аа.

-Төрсөн нутагтаа ойрын хугацаанд очих бодол бий юу?

-Нутагтаа очоогүй нэлээд хэдэн жил болж байна. Ээж Улаанбаатарт ирснээс хойш за, дараа жил явъя гээд хойшлуулсаар өдий хүрлээ. Ирэх зун ямар ч байсан ажлаа зохицуулаад явах санаа байна. УСУГ-ын түүхт 60 жилийн ой энэ сарын 19-нд болно. Энэ сайхан байгууллагад ажиллаж яваа бүх хамт олон, гэр бүлд нь 60 жилийн баярын мэнд хүргэе. Намайг үргэлж дэмжэг УСУГ-ын удирдлага, хамт олон, ханьдаа, гэр бүлийнхэндээ, хамаатан садан, ах, дүү нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close