Ярилцлага

Д.Шаравдорж: Нийслэл хотоо цэмцийтэл нь цэвэрлэчихээд хөлсөө арчаад суух мөн ч сайхан шүү

“Гавьяат цолоор энгэрээ мялаагаад Төрийн ордноос гарч ирэхэд хэчнээн сайхан байсан гэж санана. Сүхбаатарын талбайг цэвэрлэж байсан манай ажлын хамт олон яарсаар ирж баяр хүргэхэд сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Бүр хөөрчихсөн. Улсад 42 дахь жилдээ ажиллаж байгаа ч ямар нэгэн шагнал авах талаар ер бодож байгаагүй. Нийслэл хотоо л өнгө үзэмжтэй байлгахын төлөө зүтгэсээр өдий хүрсэн. Би 64 настай. Дахиад хэдэн жил ажиллах биеийн болоод сэтгэлийн хүч надад бий. Залуучуудтай хамт ажиллаад, тэднээс суралцаад, үлгэрлээд явахаас илүү жаргал гэж юу байх вэ” хэмээн Нийслэлийн Хот тохижилтын газрын Авто баазын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж гуай инээмсэглэн өгүүлэв.

Нийслэл хотын 380 жилийн ойн босгон дээр үйлчилгээний Гавьяат ажилтан болсон таван эрхмийн нэг нь тэр. Салбараасаа мэндэлсэн анхны гавьяатын нэг (нөгөө нь Д.Баянжаргал), хүн аливаа зүйлийг хоёргүй сэтгэлээр хийн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрдгийг үлгэрлэсэн түүнтэй ярилцлаа. Д.Шаравдорж гуай Улаанбаатар хотын болон Нийслэлийн хот тохижилтын газрын тус бүр хоёр удаагийн хөдөлмөрийн аварга юм.

ГАВЬЯАТ БОЛСНОО ШАГНУУЛАХЫНХАА ӨГЛӨӨ НЬ МЭДСЭН

-Юуны өмнө үйлчилгээний гавьяат ажилтан болсонд тань баяр хүргэе. Ерөнхийлөгч өчигдөр шагнал гардуулахдаа таныг ихэд онцолно лээ, хог тээврийн машины жолоочоор 42 жил ажиллаж байгаа гээд. Хог тээврийн машины жолооч Гавьяат болсон анхны тохиолдол гэж сонссон, үнэн үү?

-Баярлалаа, үнээн. Юуны өмнө Монгол Улсын Гавьяат хэмээх эрхэм цолоор шагнуулсандаа туйлын баяртай яваагаа илэрхийлье. Өдийг хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн, сайхан хамт олны дунд ажиллаж байгаагийн л өгөөж болов уу. Миний өчүүхэн хөдөлмөр, амжилтыг Төр засаг  маань үнэллээ. Энэ бол зөвхөн миний бус хамт олны маань амжилт юм шүү. Та нарын минь л ач, буян. Надаар төсөөлүүлж та нарыг минь шагнасан юм шүү. Бүгдэнд нь баярлалаа.

Гавьяат болсны дараа манай ажлынхан надад баяр хүргэхдээ “Та Хот тохижилтынхноос төрсөн анхны Гавьяатын нэг нь” гэсэн. Өчигдөр (уржигдар) надтай хамт Хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал Үйлчилгээний гавьяат ажилтан болсон. Салбараасаа мэндэлсэн анхны Гавьяат нь бид хоёр юм билээ. Төр засаг, ард түмэн маань бидний хөдөлмөрийг үнэлдэгийг өөрийн биеэр мэдэрлээ.

-Аливаа зүйлийн анхдагч байх сайхан. Гавьяат цол хүртэх болсноо шагнуулахаасаа хэдхэн цагийн өмнө мэдсэн гэж дуулсан. Баярт мэдээгээ ойр дотныхондоо дуулгах, Ерөнхийлөгчөөс шагналаа гардахаар очихдоо өмсөх хувцсаа бэлдэх гээд юм юм давхцан, тэвдсэн байх. Тухайн үед юу бодогдож байв?

-Тэгсэн, шагнуулахынхаа өглөө нь 08.00 цагийн үед мэдсэн. Өчигдөр (уржигдар)  шөнийн ээлжинд гарчихаад өглөө нь ажлаасаа буух гэж байтал Ерөнхийлөгчийн Тамгийн газраас утсаар холбогдон “Танд үйлчилгээний Гавьяат ажилтан цол олгох боллоо. Баяр хүргэе. Өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд бэлэн байгаарай” гэдэг юм байна. Шоконд орсон, нэг хэсэг юу гэх, юу хийх учраа олоогүй. Гэнэт тэгж хэлэхээр итгэж яддаг юм билээ, магнайгаа хагартал баярласан. Гэртээ яарсаар очив. Хувцас хунарыг хань минь бэлдэж өгсөн.

Ер нь манай ажил ачаалал ихтэй, цаг наргүй. Заримдаа гэрээ мартах шахна. Урдах ажлаа хурдан дуусгах сан гэж улайрсаар яваад гэрийнхэндээ зав гаргаж амжихгүй байх цөөнгүй. Өглөө 05.00 цагт ажил эхэлнэ, орой дуусна. Заримдаа ач зээтэйгээ уулзалгүй зөндөө удчихсан байдаг. Тэр бүхэнд хань минь бүхнийг зохицуулдаг, гэрт орж эм, гадаа гарч эр болдог. Намайг Гавьяат болоход хань, хүүхдүүд, ажлын хамт олон, ах дүү нар, ойр дотныхон минь их баярласан. Энэ миний амьдралд тохиосон хамгийн баяртай мөчүүдийн нэг байлаа.

Гавьяат цолоор энгэрээ мялаагаад Төрийн ордноос гарч ирэхэд хэчнээн сайхан байсан гэж санана. Сүхбаатарын талбайг цэвэрлэж байсан манай ажлын хамт олон яарсаар ирж баяр хүргэхэд сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Бүр хөөрчихсөн. Олонтой явах, хамт олонтой байхын жаргалыг тэгэхэд бүр их мэдэрлээ. Тэр үед ханиараа, ажлын хамт олноороо, хүүхдүүдээрээ их бахархлаа. Хүн аливаа зүйлийг хоёргүй сэтгэлээр хийн, уйгагүй хөдөлмөрлөвөл хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртдэгийг мэдэрлээ.

АЖЛАА Л САЙН ХИЙЕ, УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЕ ГЭЖ БОДОЖ ЯВСААР ӨДИЙ ХҮРСЭН

-42 жил завсаргүй, тууштай ажиллаж, хөдөлмөрлөнө гэдэг богино хугацаа биш. Ер нь Гавьяат цол олгох болов уу гэх хүлээлт танд байсан уу?

-Байгаагүй ээ. Ажлаа л сайн чанартай хийж, тууштай хөдөлмөрлөе гэж бодож явсаар өдий хүрсэн. Түүнээс биш дахиад хэдэн жил ажиллаад Гавьяат больё, одоо тийм, ийм шагналын болзол хангасан байх энэ тэр гэж ер бодоогүй. Би ямар нэгэн гавьяа, шагналын төлөө хөдөлмөрлөөгүй. Тэгэх ч сөхөө байсангүй ээ.

Нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг. Ганц ширхэг цэцгийг ч болтугай сайхан ургуулж, хотдоо өнгө нэмэхээс бидний ажил эхэлдэг. Би насаараа тээврийн байгууллагад ажиллаж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Нэг мэдэх нь ээ 42 жил болчихож.

-Та Төв аймгийн уугуул юм билээ. Ямар мэргэжилтэй вэ?

-Би Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, механик инженер мэргэжилтэй. Аав минь агрономич мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажилладаг байсан. Би багадаа Өвөрхангай аймагт өссөн. Сүүлд манайх Улаанбаатар хотод шилжиж ирсэн, энд 40 гаруй жил амьдарч байна.

Би нийслэлийн 33 дугаар сургуулийг төгсөөд Политехникийн сургуульд элссэн. Тэгээд тус сургуулийг механик инженер мэргэжлээр дүүргэв. Их сургуулиа төгсөөд л хуучнаар Тээврийн яамны харьяа Нэгдүгээр баазын Бензин тээврийн газарт ажилласан. Тэнд засварчин, жолооч, механикч, инженерээс авхуулаад даргаас бусдыг нь хийсэн дээ.

-Тус газрыг 1995 онд хувьчлахад нь та Нийслэлийн хот тохижилтын газарт ажилд орсон юм уу?

-Яг тэгсэн.

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ, ДУРЛАЖ БАЙГААД ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАРТ АЖИЛД ОРСОН

-Тухайн үед хувийн бизнес эрхлэх, өөр газарт ажиллах боломж танд байсан нь мэдээж. Одоогийн ажилтайгаа амьдралаа холбоход юу нөлөөлөв?

-Хэн нэгний ятгалгаар, за, яах вэ юу ч гэсэн ажлаад үзье гэж бодоогүй. Би энд ажиллахыг үнэхээр хүссэн, дурлаж байгаад орсон. Нөгөө талаар механик инженер мэргэжил маань их нөлөөлсөн. Сонголт маань зөв байсныг өдий хүртэл ажиллахдаа олон удаа мэдэрсэн, хэзээ ч харамсаж байгаагүй. Одоо би 64 настай, тэтгэврээ тогтоолгосон. Гавьяаныхаа амралтыг эдэлж болох л байсан. Тэгэхийг би хүсээгүй. Хамт олноосоо, ажлаасаа их эрч хүч авдаг. Шижигнэсэн сайхан залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж, бужигнаж явах үнэхээр сайхан байдаг. Залуу насныхаа ид хав, жавхааг мэдэрдэг юм.

Ярилцлагадаа дурдахгүй байж боломгүй нэг зүйл бий. Тэр нь Нийслэлийн Хот тохижилтын газраас ажилчдынхаа нийгмийн асуудлыг үнэхээр сайн шийдэж өгдөг. Нормын хувцас, хоол унднаас авхуулаад ажиллах боломж, нөхцлөөр бүрэн хангадаг. Хамгийн наад зах нь ажилчдаа байгууллагын автобусаар зөөдөг. Тийм учраас би гэлтгүй бусад ажилчид ар гэртээ санаа зовох юмгүйгээр ажлаа хийж чаддаг, ажилдаа их дуртай, хайртай. Тэгж ажиллах боломж нөхцлөөр хангадаг том давуу тал. Нийслэлийн Хот тохижилтын газрын даргыг Б.Бямбадорж гэдэг. Хар бор амьдралд өссөн, жаргал, зовлонг их сайн ойлгодог мундаг залуу бий. Б.Бямбадорж даргатай ажлын хамт олондоо, ханьдаа, хүүхдүүддээ, монгол түмэндээ баярлаж явдаг.

ШӨНӨ, ҮҮРЭЭР ГЭЭД ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

-64 насандаа залуусаас дутахгүй хөдөлмөрлөж яваагаар тань олон хүн бахархдаг, үлгэрлэдэг юм билээ. Хот тохижилт ачаалал ихтэй, цаг наргүй, амаргүй ажил. Шөнийн ээлжээр, олон цагаар ажиллаад хэр ядардаг вэ?

-Гайгүй ээ. Залуучуудтай ажиллах сайхан. Ядарч, цуцаж буйгаа ер анзаардаггүй. Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Тийм болохоор харин ч надад дасгал болдог. Ер нь Нийслэлийн хот тохижилтын газрынхан 24 цагаар, тасралтгүй ажилладаг. Мэдээж бид өглөө, оройны ээлжтэй. Голдуу хоёр ээлжээр, графикийн дагуу ажиллана.

Зөвхөн жолооч, цэвэрлэгчид бус инженер, техникийн ажилтнууд ч мөн адил хоёр ээлжээр ажилладаг. Машин эвдрэх тохиолдол бий. Тэгэхэд засварчид бэлэн байх учиртай. Дулааны улиралд ногоон байгууламж, усалгаа, далан суваг гаргах, нохой, муур устгахаас авхуулаад ажил мундахгүй. Хүйтний улиралд заман дээр давс цацах, цас цэвэрлэх том ажил нэмэгддэг. Давсаа ачина, цацна. Зарим ачаалалтай үед ганцхан шөнө 100 тонн давс цацах энүүхэнд.

Үүрээр жавар тачигнаж байхад ажилдаа явах сайхан шүү. Бэрхшээлтэй, шантармаар зүйл мэдээж бий. Одоо ажлаа хийгээд бүр сурчихсан, дасчихсан. Хэр баргийн бэрхшээлийг юман чинээ тоодоггүй. Манайхан хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг. Хэзээд бэлэн байх үүрэгтэй, утсаа унтраах эрхгүй. Хэзээ ч яаралтай ажил гарч магадгүй. Шөнө, үүрээр гээд хэзээ ч ажил гарахад бэлэн байх учиртай. Гялс хувцсаа өмсөөд л ажилдаа явдаг. Энд тэнд халдварт өвчин гарах, шугам хоолой задрах, зам даваа хаагдахаас авхуулаад яаралтай ажил мундахгүй. Тэр бүхэнд бэлэн байх  чухал.

Одоогоос хоёр бил үү гурван жилийн өмнө байсан юм уу даа. Лав өвөл байсан юм даг, жавар ид тачигнаад л. Тэр жил Баянмонгол хорооллын ойролцоо шугам задраад ус нь заман дээгүүр хальсан. Тэгэхэд бид 48 цагийн турш ажилласан. Өвлийн хүйтэнд шагайгаар татсан усан дотор тийм олон цаг ажиллах чанга байсан шүү. Энэ бол бидний хийдэг ердийн л ажил. Иймэрхүү ажлыг бид өдөр бүхэн хийдэг.

-Шүүр хийх дэрснээс авхуулаад түүхий эдээ ажилчид өөрсдөө бэлтгэдэг юм билээ. Бас л овоо цаг, хөдөлмөр зарцуулдаг байх даа.

-Бид жилд 30 мянга гаруй шүүр бэлтгэдэг. Тийм олон шүүр бэлтгэхэд овоо их дэрс шаардлагатай. Бид өөрсдөө дэрс түүгээд, дараа нь шүүрээ боодог. Энэ бол бидний ажлын нэгээхэн хэсэг нь. Нэг удаа бид сар гаруй хугацаанд дэрс түүсэн.

ХОГНЫ МАШИНАА АМЬ ШИГЭЭ ХАЙРЛАЖ, ГАМНАДАГ

-Тууштай, хөдөлмөрчөөс гадна техникт дүйтэй, гамтай гэж танай ажлынхан таныг их магтдаг юм билээ. Нийслэлийн Хот тохижилтын газарт ажиллах болсноосоо хойш хэчнээн автомашин элээгээд байгаа вэ?

-Хог тээврийн хоёр дахь автомашинаа унаж байна. Ер нь улсын биш миний машин гэж бодож л арчилж, гамнадаг. Ерөөсөө би машиныхаа буянаар л амьдарч яваа хүн. Тиймээс аль болох гамтай эдэлж, нямбай унахыг хичээдэг. Хамаагүй давхиад, гамгүй унавал юу болох вэ. Би л зовно, засаж янзлах гээд цаг алдана. Монгол хүн мориндоо хэчнээн хайртай, гамнаж унадаг билээ. Түүн шиг би машинаа амь шигээ хайрлаж, гамнадаг.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу бол?

-Тийм, ийм гээд тоочвол асар их. Хот маань цэвэр цэмцгэр, иргэд сэтгэл тэнүүн алхаж явахыг харах сайхан. Түүнээс ч бидний ажлын үр дүн харагддаг. Нийслэл хотоо цэмцийтэл цэвэрлэн, төлөвлөсөн ажлынхаа ард гарчихаад хөлсөө арчаад суух  мөн ч сайхан шүү. Ажлын хамт олноороо тойрч суучихаад ганц нэг аяга цай оочилсон шигээ суух ёстой кайфтай.  

АЖЛААРАА ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

-Хот тохижилтын газарт ажиллаж байгаагаараа, мэргэжлээрээ хэзээ хамгийн их бахархаж байв?

-Өө, ер нь үргэлж л ажлаараа бахархдаг. Ажлынхаа буянаар би үр хүүхдээ өдий зэрэгт хүргэн, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, бусдаас дутахгүй амьдарч явна.

-Замын түгжрээ, утаа, агаарын бохирдол гээд бухимдах зүйл олон. Яалт ч үгүй бухимдах үе мэр сэр гарах юм уу?

-Тэр болгонд бухимдвал тэсэхгүй байх. Залуудаа бухимддаг, шантардаг байлаа. Одоо тэгэхээ больсон, бүр дасчихсан. Юу ч болоогүй юм шиг аль болох тайван байхыг хичээдэг.

-Зарим хүн хот тохижуулахад ажиллах, угаагч, цэвэрлэгч хийх дургүй байдаг. Тийм ажил хийхээсээ, бусдад хэлэхээсээ ичдэг нь ч бий. Ер нь өөр ажил хийх талаар бодож байв уу?

-Тийм бодол огт төрж байгаагүй. Залуудаа “Бусдын адил голоод байвал энэ ажлыг хэн хийх билээ” л гэж боддог байлаа. Тиймээс энд би ажилд орсон. Түүгээрээ бахархаж явдаг. Хөдөлмөрлөхөөс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Тэр сайхан, энэ муухай гэж ажлыг голж, ялгах нь өрөөсгөл ойлголт. Зүгээр л хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх, урам, эрч хүч авах л чухал.

ХӨДӨЛМӨРЛӨЖ, ХӨЛСӨӨ ДУСЛУУЛАН БАЙЖ ОЛСОН МӨНГӨ ХАМГИЙН АМТТАЙ

-Өнөө цагт ямар нэгэн ажлыг тууштай, чин сэтгэлээсээ хийдэг хүн олох амаргүй болсон. Хот тохижилтын газарт ажиллах залуусын сонирхол хэр байдаг вэ?

-Дээхнэ үед залуус манайд ажиллах тийм ч сонирхолтой байгаагүй. Бохир заваан, цаг наргүй гээд голдог байв. Одоо тэр үе ард хоцорсон. Өнөөгийн залуус өөрчлөгдсөн, ухамсартай, аливаа зүйлийг өөр өнцгөөс хардаг болж. Хот тохижилтын газарт орохоор 3000 гаруй хүн анкет бөглөсөн тухай саяхан нэг хүнээс сонссон. Хүн ажлыг голохоос ажил хүнийг голдоггүй. Хөдөлмөрлөөд, хөлсөө дуслуулан байж олсон мөнгө хамгийн амттай.

-Нэг үеэ бодоход иргэд ухамсартай, адаглаад хогоо хогийн саванд хийгээд хэвшиж байгаа нь сайшаалтай. Иргэдийн эерэг хандлага танд мэдрэгддэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Их сайхан болж байгаа. Махийтал цэвэрлэж байхад иргэд хогоо, тамхины ишээ хогийн саванд хийх бидний ажлыг их хөнгөвчилдөг. Тэгэхгүй бол өнөөх хог хаясан газрыг нь дахиад л цэвэрлэх шаардлага гарна. Хүн бүхэн гудамж талбайд нус, цэрээ хаяхгүй, хогоо хогийн саванд хийгээд хэвшчихвэл бидний ажилд нэмэртэй, хотын өнгө үзэмжинд ч оруулж байгаа том хувь нэмэр юм шүү.

Бид явган хүний зам, цэцэрлэгжүүлэлтээс авхуулаад олон зүйлийг өөрсдөө хийдэг. Тэр бүхэнд бидний хөдөлмөр, хөлс шингээстэй. Тордон, тойглон байж тарьсан зүлгэн дээгүүр зарим хүн тоосон шинжгүй алхан, машинтайгаа давхих нь дэндүү хайран. Өмнөх өдөр нь нямбайлан байж янзалж цэвэрлэчихээд маргааш нь ирэхэд хогийн сав, гудамжинд суурилуулсан сандал эвдчихсэн байх энүүхэнд. Тэр бүхнийг бид дахиад хийхийн тулд зөндөө цаг хугацаа, мөнгө зарцуулдаг. Иргэдийн татварын мөнгө, улсын хөрөнгө л урсаж байгаа хэрэг. Тэгэхээр иргэд маань нийтийн эзэмшлийн зүйлд, бүтээн байгуулалтуудад ариг гамтай ханддаг, хайрлаж, хамгаалдаг байгаасай.

ЯМАР Ч АЖЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ, ҮНЭНЧ, ШУДАРГА ХИЙХ НЬ МИНИЙ АМЬДРАЛЫН ГОЛ ЗАРЧИМ

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Тэдэндээ ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Би гурван хүү, нэг охинтой. Бүгд тусдаа гарсан, ханьтайгаа хамт амьдардаг. Хүүхдүүддээ “Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ, үнэнч, шударга хийж байгаарай. Ажлыг хар бор гэж голж болохгүй” гэж захидаг. Энэ миний амьдралын гол зарчим.

Ах нь өнөөдөр эрүүл, чийрэг байгаа нь архи уудаггүйтэй холбоотой. Өдий хүртэл наслахдаа ганц ч удаа архи уух нь битгий хэл амсаж үзээгүй.

-Залуудаа дэггүйтээд ч юм уу бүр ганц ч удаа амсаж үзээгүй гэж үү?

-Тийм ээ, ах нь юу гэж худлаа ярих вэ. Ингэж хэлэхээр зарим хүн худлаа хэлж байна гэж бодох байх. Үнэн шүү.

-Гавьяат цол олгосон нь танд улам хичээх урам өгсөн байх. Дахиад хэчнээн жил ажиллах бодолтой байгаа вэ?

-Би өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Ер нь дахиад нэлээд хэдэн жил ажиллах биеийн болоод сэтгэлийн хүч надад бий. Би хөгшин, тэтгэврийн хүн гээд өөрийгөө голвол санаснаа хийж, бүтээж чадахгүй. Залуучуудтай хамт ажиллаад, тэднээс суралцаж, үлгэрлээд явахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Гавьяат боллоо гээд байгууллагаас надад гурван хоногийн чөлөө өгсөн. Ирэх долоо хоногийн нэгдэхээс ажилдаа орно. Ойрын хэд хоногоос цас орж, хүйтэрч магадгүй нь. Тэгвэл ч бидний ажил ёстой ундарна даа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
2019-10-31 09:40

Танд баярл�##�аа, баяр хүргэе!

zochin
zochin
2019-10-31 09:44

Өглөөний сайхан мэдээ байна эрүүл энх сайн сайхныг хүсэе

zochin
zochin
2019-10-31 13:42

Хар з�##�уугаасаа бидний амьдрах орчныг тав тухтай, цэвэр цэмцгэр байлгах гэж зүтгэсэн байна ш дээ. Энэ буурайд эрүүл энх байж урт удаан наслахыг ерөөе. Мөн эрхэм дээд шагн�##� хүртсэнд баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button