Гадаад мэдээДЭЛХИЙ

Мароккод 6.8 магнитудын газар хөдөлж, 296 хүн амиа алдлаа

Баасан гарагийн шөнө Мароккод 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 300 орчим хүн амиа алдлаа. Улмаар олон мянган оршин суугчид гудамжинд хонохоос аргагүйд хүрчээ. Тус бүс нутагт болсон эл газар хөдлөлтийг АНУ-ын Геологийн алба Хойд Африкт тохиолдсон хамгийн хүчтэй чичирхийлэл хэмээн тэмдэглэсэн байна.

Тухайн бүс нутагт ийм хэмжээний газар хөдлөлт болох нь ховор бөгөөд 1900 оноос хойш зургаан балл ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болоогүй ажээ.

Газар хөдлөлт Мароккогийн Өндөр Атлас нуруунд 23.00 цагийн орчимд болжээ. Нийт 840 орчим мянган хүн амтай аялал жуулчлалын алдартай хот болох Марракеш хотоос баруун өмнө зүгт 72 км-ийн зайд 18.5 км-ын гүнд газар хөдлөлтийн голомт байсан аж.

Одоогийн байдлаар 296 хүн амиа алдаж, 153 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь уулархаг нутагт нас барсан гэж орон нутгийн албаныхан Ройтерс агентлагт мэдээлжээ.

Powerful earthquake hits Morocco, killing hundreds | CBC News

Мароккогийн хааны зэвсэгт хүчин оршин суугчид газар хөдлөлтөд өртөх эрсдэлтэй хэвээр байгааг анхааруулсан байна. АНУ-ын Геологийн алба "Их хэмжээний хохирол амсах магадлалтай. Гамшгийн хэмжээ өргөн тархах эрсдэлтэй байна. Оршин суугчид газар хөдлөлтийн чичиргээг тэсвэрлэхгүй барилга байшинд амьдарч байна" хэмээн мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох Асни уулын тосгоны дийлэнх байшин эвдэрсэн хэмээн оршин суугчид хэвлэл мэдээллүүдэд мэдээлэл өгчээ. Үүний улмаас нурангин дор олон арван иргэн дарагдаж, тосгоны иргэд боломжит хэрэгслээрээ тэднийг аврахаар ажиллаж байгааг тодотгожээ.

Powerful earthquake kills 'at least' 296 in Morocco, govt says | Reuters

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Марракеш хотын зарим хуучин байшингууд нурсан байна. 1000 орчим жилийн түүхтэй, эзэн хааны эл хот нь дундад зууны үеийн ордон, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн, хөл хөдөлгөөн ихтэй захуудаар дүүрэн билээ. Эл хотын хуучин төв нь улаан шороон хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд улаан элсэн чулуугаар барьсан барилгуудаар дүүрсэн нь тус хотыг "улаан хот" хэмээн олон нийт нэрийдэхэд хүргэсэн байдаг. Газар хөдлөлтийн улмаас 12 дугаар зууны үед босгосон хана хэрмүүд ч нуржээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button