Марокко: Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2122-д хүрсний дийлэнх нь хүүхдүүд байна

Марокко улсад өнгөрсөн баасан гарагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, сүүлийн 60 жилд тохиогоогүй гамшиг нүүрлээд байна.
Өнөөдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо нэг шөнийн дотор 122-оор нэмэгдэж, 2122-д хүрсэн хэмээн Засгийн газраас мэдээлсэн юм. Харин хүн бэртэл авсан иргэдийн тоо 2421 болж нэмэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас олон мянган байшин, барилга нурж, иргэд гудамжинд хоног төөрүүлж байгаа бөгөөд хоол хүнсний хомсдолд орж эхэлжээ.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Марракешийн хуучин хот бүрэн сүйрсэн байна.
Одоогоор албаны хүмүүс нурсан барилгын доороос аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амиа алдсан хийгээд хүнд бэртэлтэй иргэдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Тус улсад гурван хоногийн гашуудлыг энэ үеэр зарлаад байна.
Эмнэлгийн барилга байгууламж нурах эрсдэлтэй хэмээн тооцоолж, бэртсэн иргэдийг эмнэлгийн талбайд майханд эмчилж байгаа ажээ. Албаны хүмүүс гурван хоногийн турш нойргүй ажиллаж байгаа юм. Эмнэлэгт авч ирж буй цогцсуудын дийлэнх нь хүүхдийн цогцос байсан гэдгийг эмнэлгийн алба хаагчид хэвлэл мэдээллүүдэд мэдээлжээ.
Түүнчлэн олон улсууд аврах ажиллагаа, буцалтгүй тусламж илгээсэн байна. Их Британийн зүгээс аврах мэргэжилтнүүд, эмнэлгийн баг, эрэлч нохой, тоног төхөөрөмж зэрэг яаралтай тусламжийн багуудыг илгээх саналыг Мароккогийн талаас хүлээн авчээ.
Мөн Испани, Катар улсуудаас албан ёсны хүсэлт илгээснээр эрэн хайх, аврах багаа илгээсэн байна. Харин Францын зүгээс туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн хэдий ч Мароккогийн албан ёсны хүсэлтийг хүлээж байгаа ажээ.
АНУ-ын зүгээс эрэн хайх, аврах ажиллагааны багаа илгээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Япон улсын зүгээс ч Марокко руу тусламж илгээх хүсэлтээ өгсөн байна.
Учир нь нурангин доор буй хүмүүсийн амьд үлдэх магадлал 72 цаг байдаг бөгөөд алтан хугацаа дуусахаас өмнө яаралтайгаар аврах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nogoo aguu tsoriin gants allah burhan n yagad awraagui yum boloo?
Бүр байшингийн давхрын шалууд дээр дээрээ давхарласан байсан. Гэртээ байсан хүмүүс шууд няц дарагдсан гэсэн үг. Манай улс энэ олон нурахад амар байшингуудаа яах вэ ?