Адуундаа яваад 5 хоног сураггүй болсон иргэнийг 2 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймагт адуундаа явсан нэг иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, тухайн аймгийн Улаанхус сум, Даян 6 дугаар багийн “Унаганы гатлага гэх газар энэ сарын есний өдрийн 11.00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.
Түүний унаж явсан морийг нь энэ сарын буюу есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь хоёр км-т Ховд голын эргээс олсон байна. Улмаар тухайн иргэнийг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 10.15 цагт албаныхан хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдрийн 09.10 цагаас 20.20 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Ингэдээ Ховд голын-Эх гэдэг газраас баруун урд зүгт 19 км-т “Зээрийн гарам” гэх газар хүртэл Ховд голын усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.