ЯРИЛЦЛАГА

П.Должинсүрэн: Олон хүнд сайныг ерөөж явсан минь эргээд надад байшин болж ирлээ

Цамбагарав даяар тусч, хөдөлмөрч нэгэн гэдгээрээ хүндлэл хүлээдэг П.Должинсүрэн гуайн байшин өнгөрсөн долоодугаар сарын 21-нд шатсан юм. Гал авалздаг тэр өдөр П.Должинсүрэн үүр цайтал юм оёж хоноод, оёулсан эзэнд нь өөрөө хүргэж өгч ирчихээд ядрахдаа түр зүүрмэглэсэн байж. Гэнэт л өвгөн нь “Гал гарлаа! Гал!” хэмээн чанга дуу хадаахад тэр сэржээ. Ингэхэд бошигтой ус буцалж, энд тэндгүй гал маналзсан дүр зураг угтсан гэдэг. Гарах гарцаа олохгүй эргэлдэж ядан амь тэмцэж байхад нь үл таних нэгэн залуу улаан гараараа өрөөнийх нь цонхыг хага цохиж, түүнийг эсэн мэнд гаргаж авсан. Мөн азаар П.Должинсүрэн гуайн өвгөний амь насанд аюул учирсангүй. Хоёул гагцхүү амь гарсандаа баярлаж, шатаж буй байшингийнхаа дэргэд инээлдэж зогссон гэдгээ тэр бидэнд нэгэнтээ хуваалцаж байлаа.

Түүний насан туршийн хобби ерөөс юм оёх. 100 төгрөгөөр ч хамаагүй сэтгэлээрээ хүний хувцсыг оёж, засаад өгдөг нь түүний нүнжигтэй мөс чанар. Тийм ч учраас байшиндаа биш, үнс болсон оёдлын машиндаа нэг харамсаж нулимс дуслуулснаас өөр тэр гашуудсангүй, уйтгарлаж гуньсангүй. Шатсан байшингийнхаа буурийг шүүрдэнгээ, “Өдөр шөнөгүй юм оёод ч болтугай байшингаа босгоно оо” хэмээн ярьж байсан нь саяхан.

Өнөөдөр сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар хоёрхон сарын дотор П.Должинсүрэн гуай цоо шинэ байшинтай болоод байна. Тэр ч бүү хэл мэргэжлийн хоёр ч оёдлын машин хажуу өрөөндөө байршуулаад авч. Нүүр дүүрэн мишээсээр биднийг угтаж, шинэхэн оёдлын машинаараа даавуу эмжээрлэж үзүүлэх түүний баярын мишээлээс ийн хуваалцсан юм.

-Өчигдөрхөн /2019.11.04/ та шинэ байшингийнхаа найрыг хийлээ. Хандивын аянд гар бие оролцсон олон хүмүүс ирсэн байсан. Олны хөлд их дарагдав уу?

-Өө, зөндөө олон хүн ирлээ. Хандивын аяныг зохион байгуулсан НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон байшинг 100 хувь өөрийн зардлаар барьсан н.Эрдэнэхүү тэргүүтэй олон хүн ирж, байшингийн маань найранд оролцлоо. “Тод Хийц” компани дөрвөн том цонхыг хандивлаж өгсөн. Бас “21 000” нэвтрүүлэгт оролцож байсан С.Дэлгэр найрын зоогийн асуудлыг бүрэн хариуцсан, дээрээс нь өвлийн түлшийг маань бэлдэж өгье гэж байна билээ. Би “Өө, ийм их юм бэлдүүлчихээд яах юм бэ?” гэж нэрэлхсэн. Дурьдаад барахгүй зөндөө олон хүн намайг байшинтай болоход тусаллаа.

-Шинэхэн оёдлын машинтай болсон харагдана.

-Харин тийм ээ. “Exclusive” брэндийн Г.Майцэцэг надад бэлэглэлээ. Сониноос, С.Мөнхчулууны хамт Г.Майцэцэг дээр очиж оёдлын чадвараа шалгуулсан. Би тэнцсэн, тэнцэнэ ч гэж бодож байсан. Ингээд “Exclusive” брэндийн оёдлын ажилд гар бие оролцох сайхан боломж атгалаа. Оёдлын машинаа шатаачихсан надад мөрөөдлийг маань биелүүлж өглөө.

-Хоёулаа зун ярилцаж байхад та болсон үйл явдлын талаар нулимс дуслуулан байж ярьж байлаа. Одоо эргээд харахад энэ дурсамж ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Амьд гарах ямар ч боломжгүй нөхцөл байдлаас өвгөн бид хоёр эсэн мэнд гарсан шүү дээ. Өвгөн маань гараа түлэн барин урд талын цонхоор үсэрч гарсан. Харин намайг нэг үл таних залуу нүцгэн гараараа цонх хагалж, гаргаж авсан.

Гэхдээ хүн давруу байдаг юм байна. Амьд гараад баярласан хэрнээ юу ч үгүй хуйхлагдчихсан оёдлын машинаа хараад уйлсан. Тэгээд ч болоогүй байшин мөрөөдөж эхэлсэн.

Надад хэлэхгүйгээр С.Мөнхчулуун хандивын аян өрнүүлээд эхэлчихсэн байсан юм билээ. Үүнийг надад албан ёсоор хэлэх хүртэл би айлын мухарт суугаад ч хамаагүй оёдлын машинаар юм оёж, хэд гурван цаас цуглуулаад ядаж байшингийнхаа үнсийг ачуулна даа гэж бодож байлаа. Амьтан хүний тусламжаар нэг муу амьдарч л байв. Саахалт айлын хүн түр хэрэглээрэй гээд оёдлын машинаа өгөхөд нь цэцэрлэгийн хүүхдийн хувцасны уут энэ тэр оёсон, ганц ч зүгээр суугаагүй. Өнөөдрөөс л нэг амьсгаа авахтайгаа болж байна.

-Нэг л өдөр байшингийн шав тавихаар хүрээд ирэхэд нь та хэр гайхаж хүлээж авав?

-Нэг хандивын аян өрнөөд байгаа тухай сураг мэр сэр дуулдаад л байсан. Гэхдээ өвгөн бид хоёр нэг л итгэж өгөхгүй яваад байлаа. Гэтэл есдүгээр сарын 3-нд С.Мөнхчулуун, н.Эрдэнэхүү тэргүүтэй 10-аад хүн хүрч ирээд, “За, маргааш таны байшингийн шавыг тавина аа. Хэрэгтэй зүйлсээ бэлдээрэй” гэж хэлдэг юм байна. Тэр шөнө сэтгэл хөдлөөд бараг л унтаж чадаагүй. Ингээд маргааш нь Жовоолон хийдийн лам нарын хамт тэд хүрэлцэн ирж, байшингийн маань шавыг тавилаа.

Ердөө хоёр сарын дотор яг манай хуучин байшингийн хэмжээгээр бариад л босгочихлоо. Сайхан байна аа.

-Таныг аварсан мөнөөх залууг заавал олж уулзана гэж та хэлж байсан. Сураг ажиг тавьсан уу, талархснаа илэрхийлж чадав уу?

-Гарах гэтэл хаалганы тэндээс гал маналзаж ирээд, ёстой л амь тэмцэж байхад хаанаас ч юм нэг залуу гарч ирэн нүцгэн гараараа цонх хагалаад намайг аварсан даа. Тэрнээс хойш дахиж ганц ч уулзалдсангүй. Би дээд доод айлын хүмүүс, дэлгүүр мухлагийн худалдагч нараас асууж, сураг ажиг тавиад л байгаа. “Ороод ирвэл миний дугаарыг өгөөрэй” гээд доод дэлгүүрийн хүнд захиж үлдээсэн. Тэр хүн даруу, нэрэлхүү байж магад. Хүний аминаас үнэтэй зүйл гэж юу байх вэ. Өөрийнхөө хэмжээнд тав, 10 цаасаар шагнаж, баярласан сэтгэлээ илэрхийлмээр л байх юм. Олж уулзана гэсэн бодолтой хэвээр л сууж байна.

-Түрүүчийн удаа та цусан төрлийн холбоогүй олон хүнд ээж нь, эмээ нь юм шиг тусалж ирсэн тухайгаа дурсаж байсан. Ер Цамбагарав даяар таныг тусч, сайхан сэтгэлтэйгээр нь андахгүй гэдэг. Энэ бүхний цагаан мөр эргээд таны байшинг хурдан босгох, тэр ч бүү хэл оёдлын цехтэй болоход нөлөөлөв үү гэж бодох юм.

-Би одоо өөрийгөө сайн хүн гэж хэлэх нь ч хаашаа юм. Угаас хүн бие биедээ чадах чинээгээрээ тусалж л амьдрах хэрэгтэй юм чинь. Ерөөс хүнд сайн санаж явбал үүний үр нь хэзээ нэгэн цагт ирдэг шүү дээ. Иймээс хүмүүст сайн санаж явсны минь үр дүн ирэв үү дээ л гэж бодож байна.

Би ганц ч хүнд муу санаж явдаггүй. Ганц доголон нохой байсан ч өрөвдөх юм. Аав, ээж минь намайг багаас өрөөл бусдын амьдралыг ойлгодог, энэрдэг болгож хүмүүжүүлсэн гэж боддог.

Миний мөрөөдөл бол оёдлын цехтэй болох. Даавуу шажигнаж, хайч унаж байна гэж би шөнө зүүдэлдэг гэж та яриад нулимс дуслуулж байсан. Таны мөрөөдөл өнөөдөр бараг л биелж эхлээ юу даа?

-Бараг биш ээ, биелээд эхэлчихлээ хүү минь. Одоо надад дахиад хэдэн оёдлын машин авчирч өгнө гэсэн. Дахиад 10 насаар залуу байсан бол… гэж бодож сууна. Хийх, бүтээх асар их тэмүүлэлтэй болчхоод байж байна даа.

П.Должинсүрэн гуай ингэж яриад оёдлын машинаа түчигнүүлсээр үлдэв.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ


ӨМНӨХ ЯРИЛЦЛАГА:

П.Должинсүрэн: Өдөр шөнөгүй юм оёод ч болтугай шатсан байшингаа босгоно

…-Таны бие зүгээр байгаа юу? Байшин өдрийн цагаар шатсан гэж дуулсан. Яаж эсэн мэнд гарч чадсан бэ?

-Бие хаа зүгээр ээ.

Надаар юм оёулж байсан хүмүүс “Маргааш өглөө 11 цагаас захиалгаа авна” гэсэн учраас шөнөжингөө үүр цайтал оёж дуусаад 5-8 цагийн хооронд гурван цаг унтсан юм. Өглөө хүргэж өгчхөөд 12 цагийн үед гэртээ ирсэн…

Үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close