"Израилд 200 монгол иргэн бий, одоогоор хүн гэмтэж бэртээгүй"

Израиль улс руу Хамас бүлэглэл пуужин, сөнөөгч онгоц, галт зэвсэг ашиглаж, довтолсноос хойш гурван хоног өнгөрлөө. Тус улсад манай улсын 200 гаруй иргэн оршин суудаг ажээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас тодруулсан юм.
Ингэхэд "Израил болон Палестинд үүсээд байгаа нөхцөл байдалд туйлын санаа зовниж байгаа бөгөөд эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж байгаад гүнээ харамсаж байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, цаашид таамаглашгүй үр дагаварт хүрэх эрсдэлтэй. Иймд талууд яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал байна.
Тус улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна.
Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.