
Улаанбаатар хотод шинэхэн халаасны цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.
2018 оны байдлаар Монгол Улсын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөс хоёр дахин бага буюу 5.1 м2 байна. Өнөөдөр нийслэлийн 400,000 гаруй иргэн гэр хорооллын суурьшлын бүсэд амьдардаг. Ихэнх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн нь хотын төвд нягтаршсан байдаг.
Улаанбаатарт УСУГ-ын удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй худаг бий. Худаг нь ногоон байгууламжийг арчлахад нэн тохиромжтой байршил юм.
Иймд “Улаанбаатар Төгөл” төсөл нь худгийн дэргэдэх ногоон байгууламж, нийтийн амралтын газрыг бүтээж, үрэгдэл усны системийг ашиглан тогтвортой бичил эко системийг бүрдүүлэхийг зорьж байна. Гончигсумлаа Сан, Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг болон H.O.W Architecture хамтран төслийг хэрэгжүүлж буй аж.
Төслийн хүрээнд залуусын санаачилгаар БЗД-ийн 31-р хороонд байрлах ус түгээх цэгийг түшиглэн халаасны ногоон төглийг бүтээжээ.
Өмнө Дараа
Өмнө Дараа
Үүний нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 10-р сарын 7-ны өдөр болжээ. Хорооны иргэд, хамтран хэрэгжүүлэгч байгууллагын гишүүд болон залуус оролцсон байна. Намрын налгар эл өдөр нийт 55 ширхэг модыг хамтдаа тарьж халуун кофе, залуу DJ-ийн дулаан хөгжимтэй өнгөрөөсөн онцлогтой.







Ташрамд, энэхүү төсөл нь ямар нэгэн улс төрийн оролцоогүй хэрэгжиж байгаа бөгөөд цаашид илүү олон худаг тохижуулж, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэн орчноо сайжруулах зорилготой.
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэдний Instagram болон Facebook цахим хуудсаас авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.