Нийгэм мэдээ

Сурагчид дээрэмддэг иргэдийг илрүүлж, таван хүүхдийн гар утсыг олж өгчээ

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд өчигдөр /2023.10.16/-ны 13:00 цагийн үед сэжигтэй 4 этгээд хичээлээсээ тараад явж байсан 5 сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Тус хэргийг "Г" нарын 4 этгээд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон, тэднээс сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгөх, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 92 хувийг гар утас эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан тэдний гар утсыг хулгайлах тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ үнэтэй гар утас авч өгөхгүй, зузаан хувцасны гадна халаасанд эд зүйлсээ хийхгүй байх, анхаарал болгоомжтой явах талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Тус гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ба хөл хөдөлгөөн ихтэй газруудад /сургуулийн орчим, зах, худалдааны төв, автобус/, өглөө оройны оргил цагаар анхаарал сарнисан агшинг олзолдог байна. Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнуудыг онцлон эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан эд зүйлс, гар утсыг дамлан худалдаалдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан /ченж гэх/ иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна. Тиймээс хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас худалдан авч байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр юм.

Халаасны хулгайч нар хэрхэн ажилладаг вэ?

  • Хохирогчийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглах
  • Хүн ихтэй газар
  • Хохирогчийн анхаарлыг өөрт зүгт сарниулан хулгайлах
  • Үүргэвчнээс хулгайлах
  • Өмдний арын болон хувцасны гадна халааснаас хулгайлах
  • Олон нийтийн газар ил задгай эд зүйлсээ орхих үед хулгайлах
  • Халаасны хулгайчид ихэвчлэн ганцаараа биш бүлэг, зохион байгуулалттай, автомашинтай явж байдаг
  • Ажил, сургууль эхлэх, тарах үе бол тэдний боломжит үе, энэ үед хүмүүс, хүүхдүүд дандаа яарч явдаг.
  • Баяр ёслолын үе бол халаасны хулгайч нарын оргил үе
  • “School police” буюу сургуулийн эргүүл нь хариуцлагагүй ажилладаг сургуулийн орчин
  • Кафе, зоогийн газарт ширээн дээр утас, сандлын түшлэгт цүнхээ өлгөх энэ боломжийг ажиглаж байдаг.
  • Тэд таны халаасанд байгаа юу ч хамаагүй авна, юу ч голохгүй
  • Гудамжинд олон хүнгүй ганцаараа явж байхад чинь хүртэл алхааг чинь тааруулж алхаад анхаарал сарних мөчийг анзаардаг

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button