Улс төрийн мэдээ

“Ондо”: Үнэнч хэрэглэгч нартаа хоёр жил төлсөн дүнтэй нь дүйцэх хувьцаа бэлэглэнэ

“Ондо” компаниас хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Stakeholder Economy буюу хамтын эзэмшлийн компанийн хэлбэрийг Монголд төдийгүй бүс нутагтаа анх удаа төлөвшүүлэх алхам хийж буйгаа үүгээр зарласан юм.

Энэ хүрээнд, хоёр жилийн турш үнэнч хэрэглэсэн хэрэглэгчдэдээ уг хугацаанд “Ондо”-д төлсөн төлбөрийнх нь хэмжээнд дүйцэхүйц хувьцааг бэлэглэх юм байна. Одоогийн байдлаар 100 мянган хэрэглэгч энэ шаардлагыг хангаж, хувьцаа авах боломжтой хэмээн тооцоолж буй.

Энэ үеэр “Ондо”-гийн Стратеги хариуцсан захирал Б.Баттүшиг,

“Stakeholder Economy гэж юу вэ.

Бид хамтын өмчит эдийн засаг гэж орчуулж байгаа. Өөрөөр хэлбэл компанитай холбоотой хүмүүс буюу ажилтнууд нь, хэрэглэгч нар нь ч мөн өгөөж хүртдэг хэлбэр. Бүх талууд нийлж, хамтдаа үнэ цэнээ бүтээж, өгөөжөө хүртэнэ гэсэн үг. Өмнө нь манай компаниудад ашиг олох нь гол зорилго байж ирсэн. Бидний үндсэн зорилгын нэг хэсэг ашиг олох. Харин бусад хэсэг нь өгөөжөө хамтдаа хүртэх юм.

Гадаадын хөгжилтэй орнууд ч үүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Бид бүс нутагтаа үүнийг хэрэгжүүлнэ гэж зарласан анхны компани болж байна” гэлээ.

Мөн “Ондо”-гийн Хууль эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа,

“Яагаад компани хэрэглэгчидтэйгээ үнэ цэн, өгөөжөө хуваалцах ёстой вэ.

Аливаа компани ашиг олж, зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болоход хэрэглэгч маш том үүрэгтэй. Үнэ цэнийг хэрэглэгч бүтээлцдэг. Иймд өгөөжөө хэрэглэгчидтэйгээ эргээд хуваалах нь зүйтэй. Зах зээлд шилжсэн 30 жилд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдэд нь өгөөж хүртээж ирсэн. Харин бид хаана хүрэв. Олуулаа өмчилж, бүгдээрээ өгөөжөө хүртдэг байж урагшилна.

Яг яаж?

Бидэнд үнэнч байж, тогтвортой хэрэглэх юм бол тэр хугацаанд манайд төлсөн үнийн дүнтэй дүйцэх хэмжээний хувьцааг үүсгэн байгуулагч нар хоёр жилийн дараа бэлэглэх юм” гэж тайлбарлалаа.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ, бусад үүрэн телефоны компаниуд өнөөг хүртэл “Ондо”-д харилцан холболт хийж өгөхгүй байгаа талаар дурдсан юм.
Энэ талаар Ц.Одмаа,

“Харилцан холболтын асуудал маш чухал. Олон улсад  ч харилцаа холбооны салбарт монополь шинжтэй ААН хурдан гарч ирдэг. Улмаар хэрэглэгчдэд ашигтай, илүү чанартай бүтээгдэхүүн үзүүлэх шинэ ААН-ий зах зээлийг хааж байдаг. Иймд олон улсын ITO байгууллагаас, харилцаа холбооны салбарт  шинээр гарч ирж буй компанид харилцан холболт хийх үүрэгтэй гэж журам баталсан. Тэр журмыг хэрэгжүүл гэж албадах эрх нь Харилцаа холбооны зохицуулах  хороонд бий.

Бид үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил боллоо. Байнга үүрэн телефоны бусад компаниудаас харилцан холболт хийж өгөөч гэж хүсдэг. Хуулинд заасан үүргээ биелүүлээч гэдэгш. Биелүүлээгүй. Иймд бид шүүхэд хандсан. Шүүх “Мобиком”, “Юнител” зэрэг компаниуд хууль зөрчсөн гэж дүгнээд, ХХЗХ-нд хандсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч одоог хүртэл харилцан холболт хийхгүй байна.

Иймд дахиад шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгөөч гэж хүсэлт гаргасан. Улмаар ШШГЕГ-т албадан гүйцэтгэхийг даалгасан.

Шударга ёсонд нийцэх энэ үйлдлийг хийхгүй байгаад харамсаж байна. Харилцан холболт хийнэ гэж найдаж байна” гэлээ.

Энэхүү харилцан холболтыг хэрэв хийвэл ямар өөрчлөлт гарах талаар тодруулахад,

“Одоо манай компанийг дата авдаг байдлаар л хэрэглэж, таниад байна. Гэтэл “Ондо” бол оператор компани. Бусад операторуудын дугаар луу залгаж ярих, мессеж бичих ёстой. Одоо тэгэхгүй байгаа.

Харилцан холболт хийчихвэл тэгнэ. Манай үйлчлэгч нар “Юнител” рүү, “Мобиком” руу ярьдаг болно гэсэн үг.

Шинээр орж ирж буй ААН-үүдийг шахах, боох асуудал энд үүсэж буй гэж хардаг. Үүнтэй тэмцэх алхмыг ШӨХТГ, ХХЗХ хийдэггүй.

Тэмцэх өөр нэг арга нь олуулаа болох юм байна. Олуул болох хэрээр бусдын нөлөөнд автахгүйгээр манай хэрэглэгч нар хоорондоо үнэгүй ярьдаг, мессеж бичдэг болох юм байна гэж үзсэн. Энэ ч үүүднээс хамтын өмчит компанийн хэлбэр лүү шилжиж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
2023-11-27 12:50

Net chn heterhi ydaan bolson. Bur orohoo bsn. Shunu l ajilladag kk

Холбоотой мэдээ

Back to top button