Хотын гишүүд "амарч", Нийслэлийн бужигнаанд "бүлх залгив"

УИХ-ын 2023 оны намрын чуулган аравдугаар сарын 02-нд нээлтээ хийж, шинэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хаасан. Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа.
Чуулганаас онцолбол олны анхаарлыг татсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулсан. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж маргаан дагуулсан асуудлууд иргэд болоод улстөрчдийн дунд өрнөх болсон. Жишээлбэл, зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд жагссан бол зарим гишүүд, улстөрчид тодорхой заалтуудыг илтэд шүүмжлээд буй. Үүнээс онцолбол экс Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн тоглолт хийж зургаа хоногийн өмнө Төрийн ордонд мэдэгдэл хийн, тус хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.
Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хоёр удаа хойшилсон. Эхний удаад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар картаа сугалж хуралдааныг орхин гарснаар ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон бол үүний дараа АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаар дахин хойшилсон юм. Товчоор бол дээрх асуудлуудтай тулсан учир эл хуулийг хаврын чуулган руу шилжүүлсэн.
-Орон нутгаас сонгогдсон гишүүд тойргоо зорьж, Нийслэлийн гишүүд "амарч" байна-
Энэ долоо хоногт чуулган болоод намын бүлгүүд хуралдахгүй. Тиймээс орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахаар хөдөөг зорьж буй. Сонгуулийн жил учир энэ хэсэг хугацааг боломж хэмээн харж, тойрогтоо ажиллаж байгаа гэж харж болох юм. Жишээлбэл, жил бүрийн цагаан сарын өмнө улсын аварга малчдыг тодруулж, шагналыг нь очиж гардуулдаг. Энэ нь гишүүдийн тойрогтоо очих бас нэг шалтгаан болдог.
Харин Нийслэлээс сонгогдож УИХ-д суусан гишүүд нам гүм. Хот тойрсон, иргэдийг бухимдуулсан олон шийдвэрүүд гарсан ч таг дуугүй хэвээр. Тодруулбал, автобуснуудын зорчих чиглэлийг шууд шинэчилснээс үүдэж энэ амралтын хоёр өдөр нийтийн тээврээр зорчигчид бухимдлаа илэрхийлж асуудал өндрийг авав. Харин тэдний иргэнээ бодоогүй муйхраар гаргаж, хүчээр тулгасан эл шийдвэр бодит амьдрал дээр нийцийг ололгүй, буцаагдахаар боллоо. Сонирхолтой нь нийслэлийг иргэдийг төлөөлөх учиртай гишүүдийн нэг нь ч үүн дээр дугарсангүй өнгөрөв.
Харин зарим нь явган хүний гүүрэн гарц нээж, хувийн тоглолт хийж түүнийгээ том гавъяа мэт сошиалаар нэг сэвүүлсэн. Гэтэл тухайн гүүрийг нээсэн өдөр гүүрний доогуур том оврын ачааны машин багталгүй гацаж тэрхэн зуур хийсэн ажилд нь дүн тависан.
Өмнө долоо хоногт болж өнгөрсөн дээрх асуудлуудаас иргэдийг төлөөлөх учиртай гишүүд, шийдвэр гаргагчид сошиалд хөөс үүсгэж, яаж түүнийгээ бие бие рүүгээ үлээж тоглож байгааг харж болно. Тодруулбал, иргэдийн ажил амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, хөл залгуулдаг нийтийн тээврийн чиглэлийг тэднээс санал асуухгүйгээр шууд өөрчилсөн, түгжрэл бууруулах шийдэл ярихын оронд дугаарын хязгаарлалт хүчээр тогтоосон, 1072 хувьцааг олгох, олгохгүй дээр эргэлзээ үүсгээд орхисон зэргийг дурдаж болохоор байгаа юм. Угтаа бол гишүүд ийн чуулган хаагдмагц ард иргэдийн төлөөлөл байхаа больсон мэт төрөл арилжиж үүргээ умартаж боломгүй. Учир нь төлөөлөн дуугарч, эрх ашгийг нь хамгаалж чадахгүй байгаагаас үүдэж иргэд буруу шийдвэрүүдийн туршилт болоод байгааг анзаараасай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niisleliin irgediin xurliin tuluulugchid gej irgediinerh ashgiig hamgaslna geed bsan nuhud bgaa uy......zugataasan u