Танилцуулсан шийдвэрээ цагийн дараа туршдаг ТЦА

Өчигдөр /2024.03.12/ Тээврийн цагдаагийн албанаас зарим замын хөдөлгөөний зохион багуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулсан. Энэхүү туршилтаа нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилготой гэж тайлбарласан.
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулсан.
Харин энэхүү шийдвэрээ иргэдийн ажил тарах цагаас цагийн өмнө буюу 17 цагийн үед цахим хуудсаараа дамжуулан тус алба танилцуулсан. Өөрөөр хэлбэл ихэнх иргэд мэдээлэл бүрэн аваагүй учир замын ачаалал нэмэгдэж, түгжрэл урт хугацаанд үргэлжилсэн гэж хэлж болно. Хэрэв иргэд мэдээлэл бүрэн авах боломжтой буюу хамгийн багадаа нэг хоногийн өмнө дээрх зохицуулалтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн бол иргэд явах зам, маршрут, зорчих цагаа тооцоолох боломжтой байсан.
Эргэн санабал, Нийслэл автобусны шинэ чиглэлийг туршихдаа үүнтэй адил алдаа гаргаж, иргэдийн шүүмжлэлээр буцаан татсан. Тодруулбал, "нэгдүгээр сарын 19-ний орой маргаашаас эхлэн автобуснууд шинэ чиглэлээр зорчино" хэмээн мэдэгдэж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн юм.
Иймд иргэдийн ажил, амьдралтай салшгүй холбоотой чухал шийдвэр гаргаж байгаа бол холбогдох мэдээллээр сайн хангаж, гэнэтийн биш байдлаар хэрэгжүүлэх чухал байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.