Танд хэрэгтэй: Хуучин хувцсаа хандивлах "Чика" хайрцгийн байршлууд "Google Maps"-д орлоо

"Зориг" сангаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Залуу Манлайлал” хөтөлбөрийн 21 дэх удаагийн оролцогчдын дундаас санаачилсан “ЧИКА” төсөл нь тогтвортой хөгжлийн 12-р зорилго болох хариуцлагатай хэрэглээг дэмжих үүднээс хувцас үйлдвэрлэлийн байгаль орчинд үүсгэдэг хорт нөлөөллийг олонд таниулж, нэг хүнд ногдох хог хаягдлыг багасгахад нөлөөлөхөд чиглэсэн.
2024 оны хоёрдугаар сараас эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь олон нийтийн дунд хувцасны зохисгүй хэрэглээ ба үүний байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөний тухай олон нийтэд сонирхолтой байдлаар мэдлэг мэдээлэл түгээх, хуучин хувцасны хэрэглээг дэмжих, үүнтэй холбоотой сөрөг ойлголтыг эвдэхэд чиглэсэн мэдээ, контентийг өөрсдийн Фэйсбүүк болон Инстаграм хуудсаар дамжуулан тогтмол хүргэсээр байгаа нь одоогоор давхардсан тоогоор 1.5 сая хүнд хүрээд байна.
Мөн төслийн хүрээнд хэд хэдэн биет ажлыг хийж гүйцэтгэсний дунд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Тойрогдъё 2024” өдөрлөгийг "Тойрог" хуучин хувцасны дэлгүүр ба бусад хэд хэдэн газруудтай хамтран амжилттай зохион байгуулсан байна.

Төслийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төслийн гишүүд хуучин хувцас хандивлах хрёр ширхэг хайрцгийг "Jack’s Coffee" сүлжээ кофе шопийн Баянгол, Орчлон зэрэг салбарууд дээр хаягжуулан байршуулсан бөгөөд хэрэглэдэггүй боловч дахин ашиглах боломжтой хувцсаа хандивлах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй юм. Хайрцагт цуглуулсан хувцсыг цаашид Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хурцын болон Хуулийн тасгийн хэрэгцээ шаардлага бүхий өвчтөнүүдэд хандивлана.
Тус хайрцгуудыг google.maps дээрээс “хувцас хандивлах хайрцаг” гэж хайгаад олох боломжтой.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.