Бусдыг хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгөөд, өөрөө шийтгүүлжээ
Шүүгдэгч нь ... гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүхээс, шүүгдэгчийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Мөрдөгч нь шүүгдэгчээс шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй бөгөөд шүүгдэгчийг согтуу, өөрийн үйлдлийг ойлгож, мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авч, өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Гомдлын дагуу хяналтын шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд “Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах бодит аюулыг хойшлуулшгүй тохиолдол гэх бөгөөд тухайн тохиолдолд гэрчээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй болно. Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн боловч хэвийн байдалтай биеэ авч явсан болохыг гэрчлэн мэдүүлсэн байх тул согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй байдалтай гэрчийн мэдүүлэг өгсөн гэх гомдол үндэслэл муутай байна.
Түүнчлэн мэдүүлсэн нотлох баримт гаргах эрх бүхий этгээд худал мэдүүлсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч нь “М.Г-г гэмт хэрэг үйлдсэн” талаар мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “... би хүнд зодуулсан асуудал байхгүй, ...ийм зүйл болоогүй, согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан ...” гэж мэдүүлсэн бөгөөд М.Г нь тухайн хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгчийг “... бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж гүтгэсэн ...” гэм буруутай болохыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна” хэмээн дүгнэж шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.