УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Туваан: Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй олгож эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан газрын ховор элементийг талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байдаг "Монголросцветмет" компанийн нэрийг орчин үеийн уул уурхайн чиглэлийн тэр дундаа чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болгож “Эрдэнэс критикал минерал" нэртэй болгох шийдвэрийг гаргалаа.

Мөн сүүлийн үед уул уурхайн чиглэлийн дэлхийн томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож, уул уурхайu тэргүүлэх салбараа болгодог орнуудтай яамны түвшинд уулзалт хийхэд ярилцаж, хэлэлцэж байгаа зүйлсийн 60 хувь нь газрын ховор элемент байдаг. Иймд манай яамны хувьд энэ чиглэлийн хэлтэстэй болсон. Мөн ашигт малтмал газрын тосны газартаа энэ чиглэлийн хэлтэс байгуулсан. Бас миний бие газрын ховор элементийн чиглэлээр зөвлөх авч ажиллуулж байгаа. Тиймээс бид төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг авч хэрэгжүүлнэ. Мөн ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаан дээр газрын ховор элементтэй холбоотой асуудлыг танилцуулна.


Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талаар танилцуулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лицензтэй. Үүний 900 гаруй нь хайгуулынх байдаг. Харин олон улсын практикт ямар байдаг вэ гэвэл хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин олон байдаг. Ингэж байж хайгуулын үйл ажиллагаа явагдаж, хайгуул хийсэн талбай дээр нь орд бий болдог. Гэтэл манай улсад энэ харьцаа нь урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон бусад сонгуультай холбоотой шалтгаануудаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нэлээд гацаатай явсаар ирсэн.

Харин одоогоос Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журмыг баталж Хууль зүйн сайд, яаманд хүргүүлж, нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдэж байгаа гэж ойлгож болно.


Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар алтны олборлолттой холбоотой асуудлыг танилцууллаа. 2024 онд бид 20 тонн алт олборлоно. Улмаар үүний орлогоос улсын төсөвт тушаана гэсэн зорилт тавьсан. Харин 2024 оны дүнгээр бид улсын хэмжээнд 16.5 тонн алт олборлож, зорилтоосоо 3.5 тонноор бага олборлосон дүнтэй байна. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэн дээд ханшинд хүрч байгаа. Тиймээс бид Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх болон улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх. Мөн Монгол Улс өөрөө улсынхаа хувьд Төв банкандаа алтны тодорхой нөөцтэй байх зэрэг шалтгаанууд дээр алтны олборлолтыг хэрхэн хийх талаар Засгийн газар хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлийг салбарын сайд надад өглөө" гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button