Тооцоолол: Алаг цоог түймрийн бодит хохирол 1.5 тэрбум төгрөгт хүрэв

Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй байгаатай холбоотойгоор зүүн таван аймгийн 12 сумыг хамарсан ой хээрийн түймэр гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр "Архангай, Дорнод, Дундговь аймагт гарсан галыг цурамд оруулж унтраасан. Харин Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан ой хээрийн түймрийг хараахан унтраагаагүй, цурамд оруулж унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн ба хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна" хэмээсэн юм.
Тэгвэл дээр дурдагдсан түймрийн хохирлыг зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцоолон үзэхэд 1.5 тэрбум болж байна.
- 38 монгол гэр - 380 сая
- дөрвөн чингэлэг- 60 сая
- дөрвөн автомашин- 32 сая
- хоёр мотоцикл- 12 сая
- 48 хашаа, саравч- 384 сая
- 3706 бог мал-556 сая
- 48 бод мал- 38.4 сая
- 3509 боодол өвс-52 сая
Дээрх үнэлгээнд гэрийн дотор тавилга, бусад эд зүйлсийн үнийг багтаагаагүй болно.
Харин түймэр гарах болсон шалтгааныг "Хогийн цэг, айлын яндангийн цог, айлын өвөлжөө бууцыг санаатайгаар шатааснаас болсон" хэмээн ОБЕГ-аас мэдээлэл өглөө.
Ой хээрийн түймэр үргэлжилж буй Сүхбаатар болон Хэнтий аймгийн Онцгой байдлын газартай холбогдон одоогийн нөхцөл байдлыг тодруулахад "Үргэлжилж буй ой хээрийн түймрийн эзлэх талбай өргөн, салхи шуурга намдахгүй байгаа учир цурамд оруулан унтраахад их хугацаа шаардагдахаар буй. Мөн галд өртсөн га талбай болоод хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Сүүлийн зургаан жил гурван сарын хугацаанд Улсын хэмжээнд 757 ой, хээрийн түймэр гарсан байна.
Монгол Улсын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хаврын улиралд хуурайшилт их, үүнийг дагаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Ялангуяа ой хээрийн түймрийн 60 гаруй хувь нь 4, 5 дугаар сард гардаг юм байна. Манай Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг аж.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Хуурайшилтын үед аялал зугаалгаар явахдаа гал түлэхгүй байх
- Тамхи татахдаа ишийг сайтар унтрааж хаях
- Хог хаягдал, хуурай өвс шатаахгүй байх
- Ойн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд мөрдөх
- Гал түймэр гарсан тохиолдолд яаралтай 101 дугаарын утсанд мэдээлэх
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Тиймээс анхаарал болгоомжтой байж, байгаль орчноо хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай байна